Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 342

 

 

 

 

 

 

Б.Чинбат, Г.Ганзориг, Л.Ариунбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

ялтан Б.Чинбат /цахим сүлжээгээр/,

ялтан Л.Ариунбаяр /цахим сүлжээгээр/,

ялтан Г.Ганзоригийн өмгөөлөгч У.Сайнбилэг,

хохирогч Б.Баярсайхан,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Чинбат, Г.Ганзориг, Л.Ариунбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад болон прокурор Д.Агарын бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 5/15 тоот улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Б.Чинбат, Г.Ганзориг, Л.Ариунбаяр нарт холбогдох 201201022961 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Халзан овогт Бадарчийн Чинбат, 1991 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, газарчин 5-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: МЮ91032837/,

2. Боржигон овогт Гансумын Ганзориг, 1989 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 75-5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЕЙ89011216/,

3. Боржигон овогт Лхамын Ариунбаяр, 1986 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 282 тоотод оршин суух,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлсэн,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /регистрийн дугаар: ЖЭ86121775/.

Б.Чинбат нь бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр:

- 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагдагч Э.Батжаргал, яллагдагч Г.Ганзориг нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын Батлан хамгаалах Их сургуулийн урд талд насанд хүрээгүй Б.Төрболдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “Самсунг Галакси Гео” загварын гар утсыг, 82 дугаар цэцэрлэгийн орчим насанд хүрээгүй Г.Хосбаярын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “ССТВ” загварын гар утсыг дээрэмдсэн,

- 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун алтан өлгийн 35-582 тоотод оршин суух иргэн Галбадрахын өвлийн орон сууцны хаалгыг хөшин орж 32 инчийн “Самсунг” загварын зурагт, хөөрөг, эртний судар зэргийг хулгайлж 505.000 төгрөгийн,

- 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 10б-631 тоотод иргэн С.Нарантуяагийн байшингийн цонхоор орж Нөүтбүүк, хонины мах, бэлэн мөнгө, бугуйн цаг, аяны майхан зэргийг хулгайлж 829.200 төгрөгийн,

- 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дэнжийн 1-27а тоотод оршин суух иргэн Б.Бэгзжавын гэрийн хаалганы цоожыг эвдэн орж мөнгөн аяга, монетон бөгж, савхин хүрэм, зураг зэргийг хулгайлж 824.000 төгрөгийн,

- 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун-Өлгийн 25-416 тоот иргэн О.Баярсайханы гэрийн хаалгыг эвдэн орж зурагт, дунд гарын мөнгөн аяга хулгайлж 1.050.000 төгрөгийн,

- 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Жалгын задгай тоотод оршин суух Т.Отгонжаргалын гэрээс бөөгийн эд зүйл, хэрэгсэл хулгайлж 485.000 төгрөгийн,

- 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр яллагдагч Э.Батжаргалтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 44-111 тоотод оршин суух иргэн Ш.Амарын монгол гэрийн цоожыг эвдэн орж “Фунай” загварын 32 инчийн зурагт, гар утас зэргийг хулгайлж 770.000 төгрөгийн,

- 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 32-07 тоотод оршин суух иргэн Д.Өлзийсайханы байшингийн цоожийг хөшин орж 32 инчийн Эл Си Ди зурагт хулгайлж 865.000 төгрөг,

- 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 4 дүгээр хэсэг 10-267 тоот хашаанд байрлах иргэн Г.Үүрийнцолмонгийн байшингийн цонхоор орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, “Эеч-Пи” загварын суурин комьютерыг, Г.Үүрийнтуяагийн гэрийн хаалганы цүүг эвдлэн орж 3 ширхэг Чоно, Хангарьд, Луугийн дүрстэй мөнгөн бөгж хулгайлж 725.000 төгрөгийн,

- 2013 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг Сургуулийн 14-200 тоотод байрлах З.Бат-Энхийн сууцны вакум цонхоор орж 2 ширхэг хөөрөг, 27 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 730.000 төгрөгийн,

- 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр яллагдагч Э.Батжаргалтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчдын Г-894 тоотод иргэн Ч.Оюунцэцэгийн гэрээс 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, мөнгөн бөгж, хөөрөг хулгайлж 710.000 төгрөгийн,

- 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр яллагдагч Э.Батжаргалтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 31-302 тоотод Ч.Алтаншагай, Б.Гантулга нарын гэрээс эд зүйл хулгайлж 1.900.000 төгрөгийн,

- Яллагдагч Э.Батжаргалтай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Дэнжийн 3-75 тоот Б.Бат-Эрдэнийн гэрээс 32 инчийн “Скайворт” загварын хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 450.000 төгрөгийн,

- 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 19-20 цагийн хооронд Цайзын 57 дугаар гудамжны задгайд оршин суух А.Байгалмаагийн гэрээс 32 инчийн “Скайворт” загварын зурагт хулгайлж 250.000 төгрөгийн,

- Яллагдагч Л.Ариунбаяртай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 44 дүгээр гудамж 795 тоот Чинзоригийн гэрээс 32 инчийн зурагт, индукцин плитка, корсет 1 ширхэг, түрийвч 1 ширхэг зэргийг хулгайлж 300.000 төгрөгийн,

- 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 16-19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын 19-427 тоотод оршин суух иргэн Ч.Ёндоншаравын өвлийн сууцны цонхыг түлхэн орж бурхан, мөнгөн бүс зэргийг, Д.Отгонсүрэнгийн гэрт орж зурагт, гар утас, ээмэг, бөгж, мөнгө зэргийг хулгайлж 1.205.000 төгрөгийн,

- 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зээлийн 28-33 тоот иргэн С.Төрмөнхийн гэрээс бага бус хэмжээний эд зүйл хулгайлж 814.000 төгрөгийн,

- Яллагдагч Г.Ганзориг, Гансайхан нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейт улсын Монголд туслах сангийн байрны нэг давхарын цонхоор орж цүнхтэй бичиг баримт, дрон аппарат, камерын хэрэгсэл, богино долгионы станц болон бусад эд зүйл хулгайлж 5.970.000 төгрөгийн,

- 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 21а-529а тоот Б.Намчиндоржийн байрны цонхны салхивчаар орж 32 инчийн “Шарп” загварын хавтгай дэлгэцтэй зурагт, “Делл” загварын нөүтбүүк, шинэ цагийн шүрэн толгойтой бага гарын халтар манан хөөрөг зэргийг хулгайлж 680.000 төгрөгийн,

- 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 34-550 тоотод суух Р.Мөнхбаясгалангийн гэрээс “Хаиер” загваын 32 инчийн зурагт хулгайлж 300.000 төгрөгийн,

- 2015 оны 12 дугаар сарын 29-ний шөнө яллагдагч Г.Ганзоригтой бүлэглэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 29-659 тоотод оршин суух Б.Чилхаажавын байшингийн цонхоор орж 32 инчийн зурагт, эрэгтэй, эмэгтэй шинэ дээл, мөнгөн бугуйвч, бүс, ээмэг, бөгж, халтар манан хөөрөг, үнэртэй ус зэргийг хулгайлж 1.367.500 төгрөгийн,

- Яллагдагч Г.Ганзоригтой бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 13-178 тоотод байрлах иргэн Ц.Эрдэнэчулууны байшингийн хаалганы цоожийг эвдлэн орж 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 550.000 төгрөгийн,

- 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 7-123 тоотод оршин суух иргэн М.Мөнхзулын сууцны хаалгыг эвдлэн орж 42 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, 2 ширхэг виски хулгайлж 350.000 төгрөгийн,

- 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 32-07 тоот иргэн Д.Өлзийсайханы байшингийн цоожийг хөшин орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 972.000 төгрөгийн,

- 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 19-269 тоот иргэн Т.Дарийгийн байшингийн цонхоор орж, цагдаагийн ёслолын хувцас, мөнгөн ээмэг, монетон бөгж, эрэгтэй эмэгтэй хуримын бөгж зэргийг хулгайлж 1.228.128 төгрөгийн,

- 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 73-1146 тоот иргэн С.Тэргүүнжаргалын байшингийн цонхоор орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, нөүтбүүк, хос мөнгөн ээмэг, бөгж, кулон, бугуйн цаг хулгайлж 750.000 төгрөгийн,

- 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо шархад 20-329-10 тоот гэрээс 40 инчийн зурагт, гар утас зэргийг хулгайлж 740.000 төгрөгийн,

- 2016 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 5-121 тоот иргэн Цодоогийн гэрээс, 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, бэлнээр 180.000 төгрөг хулгайлж 660.000 төгрөгийн,

- 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 9 цагаас 13 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-798А тоотод оршин суух иргэн Ц.Чанцалнямын сууцны хаалганы цүүг эвдлэн орж эд зүйл хулгайлж 380.000 төгрөгийн,

- 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрхан 2А хэсэг 993 тоот байшинд нэвтрэн орж, “Панасоник” загварын 42 инчийн зурагт, мөнгөн аяга зэргийг хулгайлж 700.000 төгрөгийн,

- Яллагдагч Э.Батжаргал болон Баярсайхантай бүлэглэн 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын задгайд оршин суух Д.Мөнхбаатарын гэрээс зурагт, хөгжим зэргийг хулгайлж 860.000 төгрөгийн,

- Яллагдагч Э.Батжаргалтай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 13а-371 тоот Ц.Оюунцэцэгийн байрны хаалганы цоожийг эвдлэн орж 40 инчийн “Самсунг” загварын зурагт хулгайлж 700.000 төгрөгийн,

- Яллагдагч Э.Батжаргалтай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Жаргалантын 13а-149 тоотод оршин суух Д.Жаргалмаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Тошиба” загварын зурагт, шаазан эвтэй 4 амьтан 1 ширхэг, хос морь 2 ширхэг, түрийвч зэргийг хулгайлж 1.244.000 төгрөгийн,

- Яллагдагч Г.Ганзоригтой бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 8 дугаар гудамжны 330 тоот иргэн Ч.Очбаярын гэрээс эд зүйл хулгайлж  2.640.000 төгрөгийн,

- 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан өлгийн17-223 тоот С.Ариунжаргалын гэрээс эд зүйл хулгайлж 675.000 төгрөгийн хохирол, нийт 27.467.328 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

-Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 2013 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 19-ний хооронд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт,

Г.Ганзориг нь бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр:

- 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагдагч Б.Чинбат, яллагдагч Э.Батжаргал нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын Батлан хамгаалах Их сургуулийн урд талд насанд хүрээгүй Б.Төрболдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “Галакси Гео” загварын гар утсыг, 82 дугаар цэцэрлэгийн орчим насанд хүрээгүй Г.Хосбаярын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “ССТВ” загварын гар утсыг дээрэмдсэн,

- 2012 оны 9 дүгээр сарын 19-ний орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цайзын автобусны баруун гар талд нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, ямар нэгэн шалтгаангүй иргэн С.Анхбаярыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

- 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамба 1-28 тоотод хүргүүлж ирээд таксины мөнгөний асуудлаас болж иргэн С.Отгонбаяртай маргалдаж толгойн тус газар нь цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

- 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө яллагдагч Б.Чинбаттай бүлэглэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейт улсын Монголд туслах сангийн байрнаас эд зүйл хулгайлж 5.970.000 төгрөгийн,

- 2015 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Б.Чинбаттай бүлэглэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 29-659 тоотод оршин суух Б.Чилхаажавын байшингийн цонхоор орж эд зүйл хулгайлж 1.367.500 төгрөгийн,

- 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 13-178 тоотод байрлах иргэн Ц.Эрдэнэчулууны эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн орж 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 550.000 төгрөгийн,

- 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд багийн 55-6 тоот Р.Ганзоригийн гэрт хууль бусаар нэвтрэн орж “Тошиба” загварын 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 460.000 төгрөгийн,

- 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 5-48 тоотод оршин суух иргэн М.Баяраагийн гэрийн хаалганы цүүг эвдэн орж зурагт, нөүтбүүк зэргийг хулгайлж 762.000 төгрөгийн,

- 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 1-ний хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн Булгийн 2-48 тоотод оршин суух иргэн Ч.Хүрэлбаатарын эзэмшлийн байшинд хууль бусаар орж 39 инчийн “Хитачи” загварын зурагт хулгайлж 900.000 төгрөгийн,

- 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны хооронд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дэнжийн 1-23б тоотод байрлах иргэн П.Мөнхтуяагийн байшинд хууль бусаар нэвтэрч зурагт, үнэгний арьс зэргийг хулгайлж 1.085.000 төгрөгийн,

- 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Түмэнхүүтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Ногоон талбайн 5-2 тоотод оршин суух иргэн Д.Шоовдорын байрны хаалгыг эвдлэн орж 42 инчийн “Тошиба” загварын зурагт хулгайлж 950.000 төгрөгийн,

- 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр яллагдагч Б.Чинбаттай бүлэглэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаагийн 8 дугаар гудамжны 330 тоот иргэн Ч.Очбаярын өвлийн сууцны цонхоор орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй “Эл-Жи” загварын зурагт, “Делл” брендийн нөүтбүүк хулгайлж 2.640.000 төгрөгийн,

- 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Түмэнхүүтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 13 хороо Ногоон талбайн 2-18 тоотод оршин суух иргэн Б.Баттулгын байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн лед дэлгэцтэй зурагт, 4 ширхэг мөнгөн аяга хулгайлж 760.000 төгрөгийн,

- 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 9-289б тоотод оршин суух Я.Хажидын сууцны цонхыг хагалан орж, компьютер, принтер, хөөрөг, мөнгөн аяга, тоос сорогч, ногоо холигч, тогоо, гар утас, цахилгаан өрөм зэргийг хулгайлж 1.550.000 төгрөгийн,

- 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 36г байрны 3 дугаар орцонд байрлах эм найруулах цехийн хаалгыг эвдэн орж, эд зүйл хулгайлж 645.000 төгрөгийн,

- 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 36г байрны 3 дугаар орцонд байрлах хэвлэлийн цехийн цонхоор орж хавтгай дэлгэцтэй компьютер, чипний хамт хулгайлж 2.970.000 төгрөгийн,

- 2014 оны 2 дугаар сарын 9-ний шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо хангайн 17-669 тоотод оршин суух иргэн Буянжаргалын гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж эд зүйл хулгайлж бусдад 1.360.000 төгрөгийн,

- 2014 оны 2 дугаар сарын 9-ний шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо хангайн 17-711 тоотод оршин суух иргэн Цэвээнравдангийн байшингийн цонхоор орж цахилгаан дрилл, цахилгаан зүлгүү, үхрийн мах хулгайлж 305.000 төгрөгийн,

- 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо хангайн 8-292а тоотод оршин суух иргэн Ц.Батсүхийн байшинд орж 42 инчийн зурагт, шарах шүүгээ, “Самсунг” загварын гар утас, орос бакал, зуны гутал зэргийг хулгайлж 695.000 төгрөгийн,

- 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр яллагдагч Б.Чинбаттай бүлэглэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан өлгийн 17-223 тоотод оршин суух С.Ариунжаргалын гэрээс 32 инчийн “Пунай” загварын хавтгай дэлгэцтэй зурагт, “Самсунг” загварын зурагт, жижиг нөүтбүүк хулгайлж 675.000 төгрөгийн,

- 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан өлгийн 19-277 тоотод байрлах иргэн Б.Бямбасүрэнгийн сууцны цонхны салхивчаар орж “Эч-Ки-Эс” загварын 46 инчийн зурагт хулгайлж 600.000 төгрөгийн,

- 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр давтан үйлдлээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 84 задгай тоотод оршин суух иргэн А.Ганцэцэгийн орон байранд нэвтэрч 32 инчийн “Панасоник” загварын 32 инчийн зурагт, “Эм эн би си” хүлээн авагч зэрэг зүйлийг хулгайлж 320.000 төгрөгийн,

- 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр давтан үйлдлээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 911 дүгээр байрны 77 тоотод оршин суух иргэн Б.Баасандоржийн гэрт нэвтэрч “Мини ай пад”, “Сони” загварын камер, 25 хайрцаг “Парламент” тамхи, 130 хайрцаг “Улаан шонхор” тамхи, 8 хайрцаг “Эссэ” тамхи, 2 хайрцаг “Рич” тамхи зэргийг хулгайлж бусдад 2.372.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол буюу нийт 23.052.000 төгрөгийн буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Л.Ариунбаяр нь ялтай байх хугацаандаа бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр:

- 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 4 дүгээр хэсэг 267 тоот хашааны хажууд иргэн О.Дулмаагийн толгой руу цохиж амь биед аюултайгаар хүч хэрэглэн, цүнхийг нь дээрэмдэн авч 67.000 төгрөгийн,

- 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр яллагдагч Б.Чинбаттай бүлэглэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 44 дүгээр гудамж 795 тоотод байрлах хохирогч Ч.Чинзоригийн гэрийн хаалгыг эвдэж “Самсунг” загварын 32 инчийн зурагт, “шарп” загварын индукцин плитка, корсет 1 ширхэг, түрийвч 1 ширхэг болон бусад эд зүйлс хулгайлж 300.000 төгрөгийн,

- 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр яллагдагч Э.Батжаргал, Б.Чинбат нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын 19-427 тоотод оршин суух иргэн Ч.Ёндоншаравын өвлийн сууцны цонхыг түлхэн орж бурхан, мөнгөн бүс зэргийг, Монелын 19-427б тоотод оршин суух Д.Отгонсүрэнгийн гэрийн цоожийг эвдэн орж зурагт, гар утас, ээмэг, бөгж, мөнгө зэргийг хулгайлж нийт 1.205.000 төгрөгийн,

- 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 28-364 тоотод оршин суух иргэн А.Рэгзэдмаагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн зурагт, 2 ширхэг хөөрөг, гуулийн бурхан зэргийг хулгайлж 4.500.000 төгрөгийн,

- 2016 оны 4 дүгээр сарын 8-ны 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 7-176 тоотод оршин суух иргэн Цолмонгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн зурагт, “Могул” брендийн нөүтбүүк зэргийг хулгайлж 620.000 төгрөгийн,

- 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр бага Дарь Эхийн 1499 тоотод оршин суух иргэн Р.Жадамбаагийн гэрт хууль бусаар орж 21 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, сиди тоглуулагч зэргийг хулгайлж 290.000 төгрөгийн,

- 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улиастайн гүүрний баруун талд Юни газын харалдаа задгайд оршин суух иргэн Б.Баярсайханы гэрээс 43 инчийн зурагт, гитар, аккумлятор, антень зэргийг хулгайлж 820.000 төгрөгийн, нийт 7.735.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 24-635 тоотод иргэн К.Армангултэй маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар, Г.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар, Л.Ариунбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 1. Халзан овогт Бадарчийн Чинбатад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож,

2. Халзан овогт Бадарчийн Чинбат, Боржигон овогт Гансумын Ганзориг нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, Боржигон овогт Лхамын Ариунбаярыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэрэг үйлдсэн,

Халзан овогт Бадарчийн Чинбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч давтан үйлдлээр үйлдсэн,

Боржигон овогт Гансумын Ганзоригийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч давтан үйлдлээр үйлдсэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн, бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Боржигон овогт Лхамын Ариунбаярыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч давтан үйлдлээр үйлдсэн, бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож,

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Чинбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Б.Чинбатаас 100.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Г.Ганзоригийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Г.Ганзоригоос эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Л.Ариунбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Л.Ариунбаяраас эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Л.Ариунбаярыг 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж,

4. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар  Г.Ганзоригт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

5. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Б.Чинбат, Г.Ганзориг, Л.Ариунбаяр нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас тус бүр хоёр жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус биечлэн эдлүүлж,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Чинбатад мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Б.Чинбатаас 100.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд бичлэн эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

Г.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож,

Л.Ариунбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялын 4 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялын 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоож,

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Чинбат, Г.Ганзориг, Л.Ариунбаяр нарт тус бүр оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Чинбатын цагдан хоригдсон 640 хоногийг, Г.Ганзоригийн цагдан хоригдсон 663 хоногийг, Л.Ариунбаярын цагдан хоригдсон 351 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож,

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

11. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Э.Батжаргалын эзэмшлийн 86-68 УБР улсын дугаартай “Ниссан блүеберд” загварын автомашиныг улсын орлогод оруулж,

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Чинбатаас 22.044.200 төгрөг, Г.Ганзоригоос 18.299.000 төгрөг, Л.Ариунбаяраас 8.659.000 төгрөг тус тус гаргуулж нэгдүгээр хавсралтаар хохирогч нарт тус тус олгож,

13. Б.Чинбат, Г.Ганзориг, Л.Ариунбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Г.Ганзориг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Г.Ганзориг миний бие дээрхи хэргийг таслан шийдвэрлэхээс өмнө Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч дэслэгч Алтангэрэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шалгагдаж байсан. Уг хэргийг 201201022961 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэж шийдвэрлээгүй нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд хэргийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Ялтан Б.Чинбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б.Чинбат 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч А.Амарбат дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж эхэлсэн. Шалгагдаж байх хугацаандаа бусадтай нийлж хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон Нийслэлийн цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, хошууч Чимэддагва дээр шилжсэн. Ингээд 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 6 жил 6 сарын хорих ял шийтүүлсэн. Миний бие Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Алтангэрэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар хэлсээр байхад прокурор Агар, мөрдөн байцаагч Чимэддагва нар нь хэргийг нэгтгээгүй. Мөн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтэсийн мөрдөн байцаагч Давганям дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж байсныг хэрэгт нэгтгээгүй. Тус хэрэгт холбогдолтой Гансайхан, Энхтайван, Болор-Эрдэнэ нарыг ямар учраас гэрчээр байцаасан, миний үйлдээгүй хэрэг болох Э.Батжаргал, Ариунбаяр нарын үйлдсэн хэрэгт давхар яллаж, хэт яллах талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, бусадтай үйлдээгүй хэргээ хянуулж, нэгтгүүлэх хүсэлтэй зүйл ангийг нэгтгэж өгөхийг хүсэж байна...” гэв.

Ялтан Л.Ариунбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Алтангэрэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр татагдаж 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр цагдан хоригдсон. Шүүх хуралдааны үеэр шүүгч Пүрэвсүрэн, улсын яллагч Д.Агар, өмгөөлөгч Ганбат нарт удаа дараа Баянзүрх дүүргийн 22, 24 дүгээр хороонд гарсан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд үйлдсэн хулгайн хэргүүдийг нэмж нэгтгэх тухай хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй. Иймд миний дээр дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг нэмж нэгтгэн үнэн зөвөөр хянан шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Танхайрах /Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2, 181.3 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна" гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 4 дэх заалтаараа шүүгдэгч Г.Ганзоригт холбогдох “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан хэрэг”-ийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг шүүх “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг буруу хэрэглэлээ гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын 3 дахь заалтаар ... шүүгдэгч Г.Ганзоригт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ... эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар ... гэж заасан байтлаа шийтгэх тогтоолын 7 дахь заалтанд ... Г.Ганзоригт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялыг ... гэж заасныг шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээний талаар эргэлзээ төрөхөөр бичигджээ гэж үзэхээр байна.

Шийтгэх тогтоолын 3 дахь заалтаар ... шүүгдэгч Б.Чинбат. Г.Ганзориг. Л.Ариунбаяр нарт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ... эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар ... гэж заасан байтлаа шийтгэх тогтоолын 5 дахь заалтанд ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас ... гэж бичсэн байна.

Мөн шийтгэх тогтоолын 3 дахь заалтаар ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ариунбаяраас эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар ... гэж заасан байтлаа шийтгэх тогтоолын 7 дахь заалтанд Л.Ариунбаярт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын ... гэж бичсэн байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолын 7 дахь заалтын зарим заалт үг, найруулгын хувьд давхацсан байна.

Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Г.Ганзоригийн өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ганзориг гаргасан давж заалдах гомдолдоо “өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа, үүнийгээ нэгтгэн шийдвэрлүүлэхийг хүсэж байна” гэсэн байна.  Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

Хохирогч Б.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан эсэхийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-т зааснаар гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч …шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасан.

Гэтэл Б.Чинбат, Г.Ганзориг, Л.Ариунбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгч нарыг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 Мөрдөн байцаалтын шатанд энэхүү хэргийг шалгах, байцаан шийтгэх ажиллагааны явцад дараах зөрчлүүдийг гаргасан байна. Үүнд:

-Шүүгдэгч Г.Ганзоригт холбогдуулсан “2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Б.Баттулгын байшингийн цонхоор нэвтэрч 760.000 төгрөгийн”, “2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө иргэн Я.Хажидын сууцны цонхоор нэвтэрч 1.550.000 төгрөгийн”, “2014 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд эм найруулах цехийн хаалгыг эвдэн 645.000 төгрөгийн”, “2014 оны 2 дугаар сарын 16-ны шөнө хэвлэлийн цехийн цонхоор орж 2.970.000 төгрөгийн”, “2014 оны 2 дугаар сарын 9-ний шөнө иргэн Буянжаргалын гэрийн хаалганы цоожийг эвдлэн 1.360.000 төгрөгийн”, “2014 оны 2 дугаар сарын 13-ны шөнө иргэн Ц.Батсүхийн байшинд орж 695.000 төгрөгийн” тус тус хохирол учруулсан нийт 6 үйлдлүүдэд холбогдох нотлох баримтыг тусгаарласан хэргээс хуулбарлан авч 201201022961 дугаартай эрүүгийн хэрэгт хавсаргасан байх боловч уг нотлох баримтууд хэзээ, хэн, аль хэргээс хуулбарласан нь тодорхойгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

-Шүүгдэгч Б.Чинбатад холбогдуулсан “2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын задгайд оршин суух Д.Мөнхбаатарын гэрээс зурагт, хөгжим зэргийг хулгайлж 860.000 төгрөгийн”, “2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 13а-371 тоот Ц.Оюунцэцэгийн байрны хаалганы цоожийг эвдлэн орж 40 инчийн “Самсунг” загварын зурагт хулгайлж 700.000 төгрөгийн”, “2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Жаргалантын 13а-149 тоотод оршин суух Д.Жаргалмаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Тошиба” загварын зурагт, шаазан эвтэй 4 амьтан 1 ширхэг, хос морь 2 ширхэг, түрийвч зэргийг хулгайлж 1.244.000 төгрөгийн” тус тус хохирол учруулсан гэх гурван үйлдэлд холбогдох нотлох баримтууд хавтаст хэрэгт огт авагдаагүй байна.

-2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай яллах дүгнэлтийн “Тэмдэглэх нь” хэсэгт шүүгдэгч нарын үйлдэл холбогдолыг бичихдээ Б.Чинбатын “Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 2013 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 19-ний хооронд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн” үйлдэлийг орхигдуулж бичсэн.

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлд заасныг зөрчиж эрүүгийн хэргийг дутуу нэгтгэжээ. Тухайлбал, “201201022961” дугаартай эрүүгийн хэрэгт 201526031223, 201625030070, 201525010866, 201625010813, 201525020631, 2014250000185, 2014250000324, 2014250000193, 2014250000732, 201625010813, 201625022002 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

-Шүүгдэгч Гансумын Ганзоригийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгахдаа “Гансүмийн Ганзориг” нэрээр шалгасан байна /хэргийн 9 дүгээр хавтасны 185 дахь тал/.

-Яллах дүгнэлтэд хохирогч Д.Отгонтөгсийн нэрийг “Д.Отгонсүрэн”, хохирогч Д.Төмөрхуягийн нэрийг “Д.Өлзийсайхан”, хохирогч П.Мандахтуяагийн нэрийг “П.Мөнхтуяа” гэх зэргээр буруу бичсэн, хохирлын үнийн дүн, алдагдсан эд зүйлсийг буруу, дутуу бичсэн, зарим эд зүйлсийг үнэлээгүй зэрэг зөрчлүүдийг гаргажээ.

Шүүгдэгч Г.Ганзоригийн холбогдсон “иргэн С.Отгонбаярыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан“ үйлдлийн сэдэлтийг дахин шалгаж тодруулах замаар хэргийг зөв зүйлчлэх шаардлагатай байна. Тухайлбал, хохирогч С.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр өөрийн автомашинаар таксинд явж байгаад хоёр согтуу залууг хүргэж өгөөд “таксины мөнгө 14.000 төгрөг гарлаа” гэтэл Г.Ганзориг гэх залуу “юун сүртэй юм бэ” гээд автомашинаас буугаад хашаа руу яваад орохоор нь дагаж ороод “мөнгөө авъя” гэсэн чинь “юун сүртэй п... вэ” гээд миний цээж рүү цохихоор нь түлхсэн чинь газар унасан. Гэрийнхээ цаанаас монгол гэрийн унь авч ирээд миний толгой руу 2 удаа цохиход толгой хагарсан. Тэгээд би хашаанаас гараад цагдаа дуудсан...” гэж мэдүүлэг өгч байжээ.

Иймд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны дээрх зөрчлүүдийг арилгах замаар хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нэг мөр шалгаж тогтоох, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан ялтан Б.Чинбат, Г.Ганзориг, Л.Ариунбаяр нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор Д.Агарын бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 5/15 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг тус шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Чинбат, Г.Ганзориг, Л.Ариунбаяр нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн шүүхээр дамжуулан тус дүүргийн прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Б.Чинбат, Г.Ганзориг, Л.Ариунбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                            Ц.ОЧ