Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 599

 

 

 

 

 

 

 

 

    2019       06         13                                    2019/ШЦТ/581

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч: П.Бямбасүрэн,

            Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-д холбогдох эрүүгийн  хэргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Дархан-Уул аймгийн Шарын гол сум, 1 дүгээр баг, 13-29 тоотод оршин суудаг гэх,

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1990 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

-Дархан хотын ардын шүүхийн эрүүгийн шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 44 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 7 cap 19 хоногийн зарим хэсгийг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жил, 07 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1997 онд хугацаа дуусаж суллагдсан,

-Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1995 оны          

03 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, урьдах таслан шийдвэрлэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 5 cap 18 хоногийн ял дээр нэмж нэгтгэн 2 жил 11 cap 18 хоногийн хорих ялаар оногдуулж, 1997 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 225 дугаар зүйлийн 3, 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар нийт 11 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэн, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож байсан, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 433 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаа,  Ж.Б /

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Ж.Б нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, С.О-ийн эзэмшлийн хүн байнга амьдардаг байшингийн цонхоор 2018 оны 05 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн үед нэвтэрч эмэгтэй хүний гоёлын ээмэг, зүүлт, хүрэн бор өнгийн иштэй хутга, савхин куртка зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 283899 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...байшингийн зүүн талын вакум цонхны салхивч түлхэгдэн онгойсон халдлагатай байна, цонхны хүрээнд эвдлэгч багажийн мөр үүссэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан, цонхны дунд хэсгийн хөндлөн хүрээнээс бээлийний мөр илэрсэн, халдлагатай цонхны гадна талын тавцан дээрээс 1 ширхэг гутлын мөр илэрснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн..." талаар тусгасан, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10, 11-14 дүгээр хуудас/,

 

Хохирогч С.От 14 нэр төрлийн эд зүйлсийг хүлээлгэн өгсөн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст ирүүлсэн “... 96990108 дугаарын утаснаас манай хажуу айлд хулгай орж байна, манай нөхөр гадаа нь сахиж байна гэх дуудлага 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23 цаг 47 минут 45 секундэд ирүүлсэн мэдээлэл, дуудлага хүлээн авсан албан хаагч цагдаагийн ахмад гэх жагсаалт /хх-ийн 154 дүгээр хуудас/,

Хохирогч С.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... манай гэрээс алдагдсан эмэгтэй хүний олон давхар сунадаг бугуйвч, энгэрийн зүүлт, эмэгтэй хүний бугуйвч, бугуйн цаг, шаргал өнгийн бөгж, дөрвөлжин хэлбэрийн шаргал өнгийн бөгж, хос ээмэг, кулонтой утсан зүүлт, 50 гэх цифртэй тэмдэг, оосортой түлхүүр, жижиг кулон, үсний хавчаар, хутга, хар өнгийн савхин куртка зэрэг эд зүйлсээ хүлээн авсан. Хар өнгийн савхин курткийг манай гэрт орсон хулгайч өмсчихсөн байж байгаад баригдсан гэж сонссон, хүн өмсөхийн аргагүй болгоод ураад хаясан байсан. Савхин куртка, хөөрөг, бэлэн 24000 төгрөгөө нэхэмжилнэ, гомдолтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 141 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... гэртээ амарч байхад цагдаагаас утасдаад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамж 401 тоот гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тус тоот нь манай аав, ээж хоёрын гэр, гэртээ ирээд үзэхэд манай гэрийн хойд урд цонхыг онгойлгочихсон, байшин доторх тавилгуудыг минь уудлаад хамаг юмыг эмх замбараагүй болгоод хаячихсан байсан, манай гэрээс ээжийн ээмэг, зүүлт, гинж бөгж алдагдсан байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

            Гэрч Р.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамжны 404 тоотод амьдардаг бөгөөд Оюунтунгалаг гэдэг хүн манай яг өөдөөс харсан хашаанд амьдардаг. 2018 оны 05 дугаар сарын дундуур шиг санагдаж байна нэлээн орой шөнө дунд болж байх үед би машинтайгаа гэр рүүгээ харих гээд гудамжаар явж байсан, өөдөөс бараан өнгийн хувцастай дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн манай гудамжинд явж байсан. Тухайн үед манай ойр хавиар хулгай их гараад байсан болохоор сэжиглээд хулгайч байж магадгүй гэж бодож байсан ба машинтайгаа хашаандаа ороод хаалгаа хаачхаад байж байтал нөгөө хүн Оюунтунгалагийн хашааны гадаа очоод зогсоод байсан. ...нохой боргож хуцаад байхаар нь хашааныхаа завсраар сэмхэн харсан юм. Намайг хараад зогсож байтал нөгөө хүн гудамж тойроод яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа ирээд хашаа руу нь орсон, тэгэхээр нь цагдаагийн 102 дугаар руу залгаж цагдаа дуудсан. Би цагдаа нарыг тосож уулзаад хулгайч орсон байшинг зааж өгсөн. Цагдаа нар хашаанд нь машинаа оруулчихъя гэхээр нь би хашааных нь хаалгыг нээж өгөөд оруулсан. Цагдаагийн машины гэрлийг тэр хулгайч харсан байх байшингийнх нь хойд талын жижиг цонхоор нь гараад хашаагаар нь дамжаад Оюунтунгалагийн байшин дээр гараад цаашаа тойрч зугтаах гэхээр нь амдаж очоод бариад авсан. Хулгайч гартаа 30 см урттай балиус хутга барьчихсан байсан. Тэр хүн баригдахдаа огт айж гэмшсэн шинжгүй, тоох ч үгүй байсан. Саравчтай малгай өмсчихсөн, гадуураа бараан өнгийн савхи өмсчихсөн байсан, 40 гаруй настай, бараан бордуу царайтай, дунд зэргийн нуруутай хүн байсан, тэр хүн ганцаараа явж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 160-161 дүгээр хуудас/,

Гэрч С.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамжны 401 тоотод хулгайч орчихлоо" гэсэн дуудлага ирсэн ба дуудлага мэдээлэлд очиход хөрш айлын хүн гэж хэлсэн Энхбаяр гэх иргэн хулгайч орсон айлыг зааж өгсөн, хашаа болон байшин нь харанхуй байсан

учир хашааных нь хаалгыг онгойлгоод машин оруулж гэрэл тусгасан, ...Уг айлын байшин 2 давхар улаан тоосгон байшин байсан ба урд талын онгорхой байсан вакум цонхоор дотогш харахад гэнэт байшингийн хойноос Э гэдэг хүн "хулгайч гараад зугтааж байна" гэж хэлэхээр нь би байшингийн ард тал руу тойрч гүйсэн, ахмад Р.Б урд талын хаалга цонхыг сахиад үлдсэн. Хулгайч байшин дээр гарчихсан хашаа давж үсрэх гэж байхад нь барьж авсан. Гартаа хутга барьчихсан байсан, өөрийнхөө нэрийг Ж.Б нэг бол Б гээд хоёр янзаар хэлж байсан. Уг этгээдийг нэрээр нь цагдаагийн АСАП санд шүүж үзэхэд урьд олон удаа ял шийтгэл эдэлж байсан этгээд байсан. Уг хулгайч хар өнгийн савхи, саравчтай малгай саарал өнгийн даавуун өмдтэй байсан. Биед нь нэгжлэг хийхэд халааснаас нь эмэгтэй хүний шар өнгийн хүзүүний зүүлт, шар өнгийн ээмэг, бөгжний хослол, шар өнгийн бугуйн цаг, бор өнгийн бариултай хутга зэрэг эд зүйлс гарсан. Байшингаас Ж.Б хулгай хийж байгаа баригдсан. Хэргийн газрыг хамгаалалтад авч хашаа болон байшинд үзлэг хийхэд өөр хүн байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 163-164 дүгээр хуудас/,

 

Гэрч Р.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...цагдаа жолооч, ахлах ахлагч С.Г-ын хамт Бэлх 112 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 23 цаг 47 минутад "Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамжны 401 тоотод хулгайч орчихлоо" гэсэн дуудлага ирсэн. Тус айлын хашаа руу орж машинаар гэрэл тусгасан, урд талын вакум цонх түлхэгдэн

онгойсон байсан. Тэгтэл байшингийн хойноос Э гэдэг хүн "хулгайч гараад зугтааж байна" гэх үед цагдаа жолооч Г байшингийн ард тал руу тойроод гүйсэн, Г тухайн этгээдийг баривчилсан ба бүрэлдэхүүн иртэл хэргийн газрыг хамгаалалтад авсан. Ж.Б гэх урьд 8 удаагийн ял шийтгэл эдэлж байсан этгээд байсан. Биед нь нэгжлэг хийхэд халааснаас нь эмэгтэй хүний шар өнгийн хүзүүний зүүлт, шар өнгийн ээмэг бөгжний хослол, эмэгтэй хүн шар өнгийн бугуйн цаг, бор өнгийн бариултай хутга зэрэг эд зүйл гарч ирсэн. Тэр хулгайч хоёулаа юм уу өөр хүнтэй хамт явж байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 166-167 дугаар хуудас/,

“Дамно” хөрөнгө үнэлгээний газраас “... 12 нэр төрлийн үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 283899 төгрөгөөр үнэлэгдэв..." гэх тайлан /хх-ийн 39 дугаар хуудас/,

 

Яллагдагч Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүчингийн хэргээр шалгагдаж байгаад суллагдсан, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг 2 давхар улаан тоосгон байшингийн цонхоор орж эмэгтэй хүний ээмэг зүүлт, хар өнгийн савхин куртка зэрэг эд зүйлс хулгайлсан. Яг байшин дотор хулгай хийж байсан чинь гадаа хүн дуугарах шиг болохоор нь цонхоор гадагшаа харсан чинь цагдаагийн машины гэрэл харагдахаар нь байшингийн цонхоор буцаж гараад би цагдаа нарт баригдсан. Би эмэгтэй хүний ээмэг бөгж, хар савхин куртка, чинжаал хутга авсан, өөр ямар ямар эд зүйл авснаа тодорхой санахгүй байна, би саарал өнгийн цамцтай байсан, доогуураа бараан хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, тэр айлаас хулгайлсан хар өнгийн савхин курткийг өмсчихсөн байж байгаад цагдаад баригдсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 157-158 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, гэрчүүдийн орон зай, цаг хугацаа, үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг үнэн зөв, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.  

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Бөд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Б Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамж 401 тоотод байрлах С.Оийн эзэмшлийн хүн байнга амьдардаг байшингийн цонхоор 2018 оны 05 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн үед нэвтэрч эмэгтэй хүний гоёлын ээмэг, зүүлт, хүрэн бор өнгийн иштэй хутга, савхин куртка зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 283899 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Хохирогч эд хөрөнгөө алдагдсаныг мэдүүлж, гэрч нар хэрэгт ач холбогдолтой зүйлүүдийг тодорхой мэдүүлсэн, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тус тус тусгагдаж, учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүх шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ж.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч С.Оийн эд хөрөнгийг буцаан өгсөн нь мөрдөгчийн тэмдэглэлээр /хх-ийн 17 дугаар хуудас/ тогтоогдож байна. Гэвч хохирогч шүүгдэгч Ж.Бөөс төлөгдөөгүй хохирол болох бэлэн 24000 төгрөг, хөөрөг, куртка зэргийг нэхэмжилнэ гэж мэдүүлжээ. Иймд “Дамно” хөрөнгө үнэлгээний газраас үнэлсэн хөөрөг 35000 төгрөг, куртка 108000 төгрөг, бэлэн 24000 төгрөг нийт 167.000 /нэг зуун жаран долоон мянган/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч С.От олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх шүүгдэгч Ж.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

Шүүгдэгчийн энэхүү гэмт хэргийн улмаас 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс цагдан хоригдсон нийт 56 /тавин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч   Ж.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар Ж.Б-ийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 /найман/ жилийн хорихоос ялаас эдлээгүй үлдэх 3 /гурав/ жил 9 /есөн/ сар 26 /хорин зургаан/ хоногийн хорих ял дээр энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 5 /таван/ жил 9 /есөн/ сар 26 /хорин зургаан/ хоногийн хугацаагаар нийт эдлэх ялын хэмжээг тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-ийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 5 /таван/ жил 9 /есөн/ сар 26 /хорин зургаан/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-өөс нийт 167.000 /нэг зуун жаран долоон мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч С.О-т олгосугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ