Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 838

 

 

 

 

 

 

                                                           

2019          8            20                                                2019/ДШМ/838                                                                                                                  

 

        Ж.Бөд холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор П.Даваасүрэн,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/581 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1809023040535 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Дархад овгийн Жавзангийн Б, 1973 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Дархан-Уул аймгийн Шарын гол сум, 1 дүгээр баг,  тоотод оршин суух хаягтай, /РД: Т/,   

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1990 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Дархан хотын ардын шүүхийн эрүүгийн шүүхийн 1993 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 44 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 7 cap 19 хоногийн зарим хэсгийг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1997 онд хугацаа дуусаж суллагдсан,

Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, урьдах таслан шийдвэрлэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 01 жил 5 cap 18 хоногийн ял дээр нэмж нэгтгэн 02 жил 11 cap 18 хоногийн хорих ялаар оногдуулж, 1997 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 225 дугаар зүйлийн 3, 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар нийт 11 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэн, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож байсан, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 433 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаа гэх;

 

Ж.Б нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамж 401 тоотод байрлах С.Оюунтунгалагийн эзэмшлийн хүн байнга амьдардаг байшингийн цонхоор 2018 оны 5 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн үед нэвтэрч эмэгтэй хүний гоёлын ээмэг, зүүлт, хүрэн бор өнгийн иштэй хутга, савхин куртка зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 283.899 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар Ж.Бийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 /найман/ жилийн хорихоос ялаас эдлээгүй үлдэх 3 /гурав/ жил 9 /есөн/ сар 26 /хорин зургаан/ хоногийн хорих ял дээр энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 5 /таван/ жил 9 /есөн/ сар 26 /хорин зургаан/ хоногийн хугацаагаар нийт эдлэх ялын хэмжээг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бөд оногдуулсан 5 /таван/ жил 9 /есөн/ сар 26 /хорин зургаан/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бөөс нийт 167.000 /нэг зуун жаран долоон мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Оюунтунгалагт олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Жавзангийн Б миний бие анхан шатны шүүхэд 2018 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ баригдаж, эргүүлийн цагдаагийн ахмад Р.Ганболд, ахлах ахлагч С.Ганбаяр нар нь ...үзлэг хийж хулгайлсан бүх зүйлийг хураагаад авахад хөөрөг, 24.000 төгрөг гарч ирээгүй, ...Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр аваачин дахин биед үзлэг хийхэд хөөрөг болон 24.000 төгрөг гарч ирээгүй байхад хохирогч С.Оюунтунгалаг хөөрөг болон 24.000 төгрөгийг нэхэмжилж байгаа, хэрэв би авсан бол 2 удаагийн үзлэгээр гарч ирэх байсан. Гэтэл гарч ирээгүй, эдгээрийг зүйлсийг нэхэмжилж байгаад гомдолтой байна. ...хөөрөг болон бэлэн мөнгө зэргийг эргүүлийн цагдаа нар авсан байж болзошгүй, эсхүл хохирогч С.Оюунтунгалаг худал, илүү зүйл нэхэмжилж байгаа байх. Ийм д үнэн зөвийг олж шийдэж өгнө үү. ...Мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 459 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэх үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтэст 2018 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө үйлдсэн хэргийг нэмж нэгтгүүлэх талаар хэлсэн боловч прокурор нэмж нэгтгүүлэх хэрэг байхгүй, бүх дүүрэгт тоот явуулсан. Ж.Бөд холбогдох хэрэг байхгүй гэсэн хариу мэдэгдэх хуудас ирсэн байгаа гэж хэлж байсан. ...2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэж, урьдны оногдуулсан ялыг нэмж нэгтгэн миний эрх зүйн байдлыг дордуулж байна. ...Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа хулгайн үйлдүүдийг нэгтгүүлэн шалгуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч прокурор нэгтгэн шалгахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасныг зөрчиж байгаад гомдолтой байна. ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй...” гэсэн байхад миний эрх зүйн байдлын дордуулж, дахин 2 жил нэмж байгаад гомдол байна. ...Одоо надад хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээгээд шалгагдаж байгаа буюу яллагдагчаар татсан хэргүүд байсаар байхад дахин дахин ял нэмж байгаа нь хууль зөрчиж байна. үүнийг үнэн зөв, хуулийн дагуу шийдэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Бийн үйлдсэн нийт 46 удаагийн үйлдэлд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хулгайн үйлдэлтэй бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн. Өөрөөр хэлбэл сүүлийн хулгайн үйлдэлд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнөх үед үйлдсэн бөгөөд тусад нь ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон. Шүүгдэгч Ж.Бийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Учир нь шүүгдэгч Ж.Бөд оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан. Тогтоол гарсны дараа шинэ үйлдэл илэрсэн тохиолдолд ялын хэмжээг нэмж нэгтгэх асуудлыг зохицуулаагүй. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг учраас нэг удаа ял шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Мөн ялыг нэмж нэгтгэсэн асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид ялын хэмжээнээс хэтэрч байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлж байгаа учир Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэсэн нь үндэслэлтэй. Учир нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн шийтгэх тогтоолоор ял эдэлж байхдаа 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Ж.Б нь:

2018 оны 5 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамж 401 тоотод байрлах С.Оюунтунгалагийн эзэмшлийн хүн байнга амьдардаг байшингийн цонхоор нэвтэрч эмэгтэй хүний гоёлын ээмэг, зүүлт, хүрэн бор өнгийн иштэй хутга, савхин куртка зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 283.899 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

хохирогч С.Оюунтунгалагийн “...манай гэрээс алдагдсан эмэгтэй хүний олон давхар сунадаг бугуйвч, энгэрийн зүүлт, эмэгтэй хүний бугуйвч, бугуйн цаг, шаргал өнгийн бөгж, дөрвөлжин хэлбэрийн шаргал өнгийн бөгж, хос ээмэг, кулонтой утсан зүүлт, 50 гэх цифртэй тэмдэг, оосортой түлхүүр, жижиг кулон, үсний хавчаар, хутга, хар өнгийн савхин куртка зэрэг эд зүйлсээ хүлээн авсан. Хар өнгийн савхин курткийг манай гэрт орсон хулгайч өмсчихсөн байж байгаад баригдсан гэж сонссон, хүн өмсөхийн аргагүй болгоод ураад хаясан байсан. Савхин куртка, хөөрөг, бэлэн 24000 төгрөгөө нэхэмжилнэ, гомдолтой...” /хх 141/,

 

гэрч Р.Энхбаярын “...Цагдаагийн машины гэрлийг тэр хулгайч харсан байх байшингийнх нь хойд талын жижиг цонхоор нь гараад хашаагаар нь дамжаад Оюунтунгалагийн байшин дээр гараад цаашаа тойрч зугтаах гэхээр нь амдаж очоод бариад авсан. Хулгайч гартаа 30 см урттай балиус хутга барьчихсан байсан. Тэр хүн баригдахдаа огт айж гэмшсэн шинжгүй, тоох ч үгүй байсан. Саравчтай малгай өмсчихсөн, гадуураа бараан өнгийн савхи өмсчихсөн байсан, 40 гаруй настай, бараан бордуу царайтай, дунд зэргийн нуруутай хүн байсан. Тэр хүн ганцаараа явж байсан...” /хх 160-161/,

 

гэрч С.Ганбаярын “...Энхбаяр гэдэг хүн "хулгайч гараад зугтааж байна" гэж хэлэхээр нь би байшингийн ард тал руу тойрч гүйсэн, ахмад Р.Батболд урд талын хаалга цонхыг сахиад үлдсэн. Хулгайч байшин дээр гарчихсан хашаа давж үсрэх гэж байхад нь барьж авсан. Гартаа хутга барьчихсан байсан, ...Биед нь нэгжлэг хийхэд халааснаас нь эмэгтэй хүний шар өнгийн хүзүүний зүүлт, шар өнгийн ээмэг, бөгжний хослол, шар өнгийн бугуйн цаг, бор өнгийн бариултай хутга зэрэг эд зүйлс гарсан. Ж.Б хулгай хийж байгаа баригдсан. Хэргийн газрыг хамгаалалтад авч хашаа болон байшинд үзлэг хийхэд өөр хүн байгаагүй...” /хх 163-164/,

 

гэрч Р.Батболдын “...Энхбаяр гэдэг хүн "хулгайч гараад зугтааж байна" гэх үед цагдаа жолооч Ганбаяр байшингийн ард тал руу тойроод гүйсэн, Ганбаяр тухайн этгээдийг баривчилсан ба бүрэлдэхүүн иртэл хэргийн газрыг хамгаалалтад авсан. ...Биед нь нэгжлэг хийхэд халааснаас нь эмэгтэй хүний шар өнгийн хүзүүний зүүлт, шар өнгийн ээмэг бөгжний хослол, эмэгтэй хүн шар өнгийн бугуйн цаг, бор өнгийн бариултай хутга зэрэг эд зүйл гарч ирсэн...” /хх 166-167/,

 

Ж.Бийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг 2 давхар улаан тоосгон байшингийн цонхоор орж эмэгтэй хүний ээмэг зүүлт, хар өнгийн савхин куртка зэрэг эд зүйлс хулгайлсан. Яг байшин дотор хулгай хийж байсан чинь гадаа хүн дуугарах шиг болохоор нь цонхоор гадагшаа харсан чинь цагдаагийн машины гэрэл харагдахаар нь байшингийн цонхоор буцаж гараад би цагдаа нарт баригдсан. Би эмэгтэй хүний ээмэг бөгж, хар савхин куртка, чинжаал хутга авсан, өөр ямар ямар эд зүйл авснаа тодорхой санахгүй байна...” /1-р хх 157-158/ гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 8-14/,

 

“Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний СБ2-19-193 дугаартай тайлан /1-р хх 39-40/ зэрэг баримтуудаар нотлогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг тогтоосон буюу шүүгдэгч Ж.Б нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Ж.Бийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж шүүх хэргийн бодит байдлыг хэрхэн тогтоох арга замыг тодруулан хуульчилсан байдаг. 

 

Хэрэгт авагдсан Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 5 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамж 401 тоотод байрлах С.Оюунтунгалагийн эзэмшлийн хүн байнга амьдардаг байшингийн цонхоор нэвтэрч эмэгтэй хүний гоёлын ээмэг, зүүлт, хүрэн бор өнгийн иштэй хутга, савхин куртка зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 283.899 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ.

 

Шүүгдэгч Ж.Бийн гаргасан “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэж, урьдны оногдуулсан ялыг нэмж нэгтгэн миний эрх зүйн байдлыг дордуулж байна...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Учир нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоолд “шүүгдэгч Ж.Бөөс Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамж 401 тоотод байрлах С.Оюунтунгалагийн эзэмшлийн хүн байнга амьдардаг байшингийн цонхоор 2018 оны 5 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн үед нэвтэрч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн болохоо мэдүүлсэн тухай баримт алга.

Шүүгдэгч Ж.Б Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хорих ял шийтгүүлэхээс өмнө мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийгөө илчилж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход туслах боломжтой байжээ.

Ингэсэн тохиолдолд тухайн үед шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах зэргээр Эрүүгийн хуульд зохицуулан хуульчилсан байхад шүүгдэгч Ж.Б эдгээр боломжийг эдлээгүй байна.

Үүнээс гадна шүүгдэгч Ж.Б өөрийгөө илчилж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход туслаагүй явдлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэсэн эрхэд хамаарна гэж ойлгохгүй.    

 Шүүгдэгч Ж.Бийн үйлдсэн гэмт хэргүүд нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭнэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж  заасантай нийцэж байгаа болно.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Бөд ял шийтгэл оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, түүний эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлд хамаарахгүй.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.