Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/01414

 

Б.Я-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Д.Цолмон, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 374  дугаар шийдвэр,

Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Я-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдүүлсэнтэй тэнцэх олговор 5 160 552 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлөхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаярын гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэдээ:

Миний бие нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А\37, А\38 дугаар тушаалаар ажлаас халагдсан билээ. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр дээрх тушаалуудыг хүчингүй болгож, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Хариуцагч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх бүрэлдэхүүн хянаад 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221\МА2016\0787 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингээд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б\06 дугаар тушаалаар Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар эгүүлэн томилсон.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс ажилд томилох тухай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын тушаал гарсан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны /ажлын 76 өдрийн/ цалин, нэмэгдлүүдтэй тэнцэх олговор 5 160 552 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Б.Я-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0787 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагчийн зүгээс гомдол гаргаагүй тул 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Ингээд нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрх үүсэж байгаа. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд хандах ёстой.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргах байтал хуульд заасан хугацааг 17 хоногоор хэтрүүлж 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дүгээр сарын 08-ны өдрийн 374 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 4 888 962 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Я-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 271 590 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Я-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97 519 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 93 173 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Я-д олгож шийдвэрлэжээ.

Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 374 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газар нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т “Давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119.2-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй” бол уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болохоор зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болох журмыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан зохицуулсан байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийг хэрэглэсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Ийм байхад давж заалдах шатны шүүх уг нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Түүнчлэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бичгээр үйлдэж шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах ёстой 14 хоног, талуудад гардуулах 14 хоног, гардан авснаас хойш хяналтын журмаар гомдол гаргах 14 хоногуудыг бүгдийг нь нэмж хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг тооцоолж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь дээрх хугацаанууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь процессийн хугацаа болохоос магадлал хуулийн хүчин төгөлдөр болохыг тооцоолдог хугацаа биш юм. Талууд хяналтын журмаар гомдол гаргаагүй бол магадлал гарсан өдрөөсөө буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу хүчинтэй болсон өдрөөс эхлэн хуулийн хүчин төгөлдөр болох ёстой. Аль ч шатны шүүхийн шийдвэр нь иргэдэд ойлгомжтой, тодорхой, хоёрдмол утгагүй бичигдсэн байх ёстой. Хэрвээ шүүхийн магадлалыг хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүдийн тооцоолсон шиг процесс ажиллагааны хугацааг бүгдийг нэмж тооцоолдог бол шүүхэд хандаж байгаа энгийн иргэн хүн тухайн шүүхийн магадлалыг хэзээ хүчин төгөлдөр болсныг мэдэх боломжгүй, ойлгомжгүй, тодорхойгүй байдал бий болж байна. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т заасан “хяналтын журмаар гомдол гаргаагүй бол магадлал хуулийн хүчин төгөлдөр болно” гэсэн заалтыг магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй бол магадлал гарсан үеэсээ хуулийн хүчин төгөлдөр болохоор зохицуулсан гэж ойлгож байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий байх хуулийн шаардлага тавигддаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл хэрэгт давж заалдах шүүхийн магадлал хэзээ, хэдэн сарын хэдний өдөр бичгийн хэлбэрт орж албажсан, нэхэмжлэгч магадлалыг хэзээ гардаж авсан зэрэг баримтууд авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Мөн үнэхээр магадлалыг хуулийн хүчин төгөлдөр болсон хугацааг процесс ажиллагааны хугацаануудыг нэмж тооцоолж байгаа бол магадлал хэзээ албажсан, хэзээ талууд магадлалыг гардаж авсан, хяналтын журмаар гомдол гаргах хугацаа нь яг хэзээ дууссан гээд бүх баримтыг хэрэгт авсны үндсэн дээр тооцоолох ёстой. Гэтэл энэ бүхэн тодорхойгүй байхад хуульд заасан процесс ажиллагааны хугацааны эцсийн өдрөөр бүх хугацааг нэмж нийт хугацааг гаргаж байгаа нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ бүх нөхцөл байдлыг анхаар үзэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Иймд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.  

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Я-г Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоохоор  шийдвэрлэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221\МА2016\0787 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Нэхэмжлэгч Б.Я- Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б\06 дугаар тушаалаар Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар эгүүлэн томилогджээ.

Нэхэмжлэгч Б.Я- нь хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс ажилд томилох тухай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын тушаал гарсан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан  ажлын 76 өдрийн цалин, нэмэгдлүүдтэй тэнцэх олговорт 5 160 552 төгрөгийг, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, баталгаажуулахыг шаарджээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн  буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байна.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221\МА2016\0787 дугаартай магадлал 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр болсон гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогч 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр биелүүлсэн байна. Нэхэмжлэгч Б.Я- 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2.-т зааснаар хэргийн оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 167.1.1.-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээсэн ба магадлалд хяналтын журмаар гомдол гараагүй бол шийдвэр ч, магадлал ч хүчин төгөлдөр болдог.

Мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.3., 167.4.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр бус харин хүчинтэй болдог бөгөөд магадлал ийнхүү хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурдаг. Мөн зүйлд зааснаар  магадлалыг шүүх хуралдаанд оролцсон тал  дээрх 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хэргийг  зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг 14 хоногийн хугацаанд зохигчид гардуулах ёстой байна.

Мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болдог байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гараагүй байх нь хуульд заасан дээрх хугацааг тоолохгүй байх, улмаар шүүхийн магадлалыг гарсан өдрөөс нь хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 374  дугаар шийдвэр, Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

      ШҮҮГЧ                                                             Ц.АМАРСАЙХАН