Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 19

 

 

Б.Ядамсүрэнгийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 374 дүгээр шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 03 дугаар  багт оршин  суух, Шангас овогт Батаагийн Ядамсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ядамсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 5.160.552 төгрөг  гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А\37, А\38 дугаар тушаалаар ажлаас халагдсан билээ. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр дээрх тушаалуудыг хүчингүй болгож, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Хариуцагч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх бүрэлдэхүүн хянаад 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221\МА2016\0787 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингээд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б\06 дугаар тушаалаар Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар эгүүлэн томилсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс ажилд томилох тухай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын тушаал гарсан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны /ажлын 76 өдрийн/ цалин, нэмэгдлүүдтэй тэнцэх олговор 5.160.552 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Б.Ядамсүрэнг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0787 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагчийн зүгээс гомдол гаргаагүй тул 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Ингээд нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрх үүсэж байгаа. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын додор шүүхэд хандах ёстой. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасны дагуу 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргах байтал хуульд заасан хугацааг 17 хоногоор хэтрүүлж 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл юм. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү .” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 374 дүгээр шийдвэрээр: “11. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 4.888.962 /дөрвөн сая найман зуун наян найман мянга есөн зуун жаран хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ядамсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 271.590 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Ядамсүрэнгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97.519 /ерэн долоон мянга таван зуун арван ес/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 93.173 /ерэн гурван мянга нэг зуун далан гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ядамсүрэнд олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцоолохдоо нэхэмжлэгчийг "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гардаж авсан хэмээн үзэж, магадлалыг гардан авснаас хойш талууд магадлалд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй байсан, мөн үеэс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийи 129.1-д заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг тоолно" гэж үзэж нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан гэж үзсэн байна. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болох журмыг зохицуулсан байхад иргэний хэргийн анхан шатны шүүх уг зохицуулалтыг анхаарч үзээгүй байна. Түүнчлэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бичгээр үйлдэж шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах ёстой 14 хоног, гардан авснаас хойш хяналтын журмаар гомдол гаргах 14 хоногуудыг бүгдийг нь нэмж хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг тооцоолж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь дээрх хугацаанууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь процессын хугацаа болохоос магадлал хуулийн хүчин төгөлдөр болохыг тооцоолдог хугацаа биш юм. Хэрэгт давж заалдах шүүхийн магадлал хэзээ, хэдэн сарын хэдний өдөр бичгийн хэлбэрт орж албажсан, нэхэмжлэгч магадлалыг хэзээ гардаж авсан зэрэг баримтууд авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийн шаардлагад нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд үүссэн эрхзүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ эрхзүйн харилцааны төрлийг үндэслэлтэй тодорхойлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулжээ.

Ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдтэй тэнцэх олговор 5.160.552 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгч Б.Ядамсүрэн гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр “нэхэмжлэл гаргах хугацааг 17 хоногоор хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхэд хандсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг хэрэглэх боломжтой гэж анхан шатны шүүхээс дүгнэж, мөн нэхэмжлэгчийн А 0522797 улсын дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 555 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг үндэслэн Б.Ядамсүрэнгийн 3 сар, 09 хоног ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 4.888.962 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, илүү нэхэмжилсэн 271.590 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан  шатны шүүхийн шийдвэр  хуульзүйн үндэслэлтэй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дэх хэсэгт тус тус зааснаар ажил олгогч нь ажилтанд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг үүрэг болгосон хуулийн зүйл хэсгийг шүүх зөв хэрэглэжээ.    

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 374 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 374 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газар нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК 

                                   

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН