Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 466

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Хохирогч Б.Батхосбаяр, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

Шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч А.Нацагдорж нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гучид овогт С.Т-д холбогдох эрүүгийн 1809045420224  дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Тэсүйлэн” ХХК-ний ерөнхий захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 802 дугаар байрны 102 тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, Гучид овогт С.Т /регистрийн дугаар УХ91011834/.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч С.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Чоко" баарны үүдэнд иргэн Б.Б-ын нүүрэн тус газар нь цохиж, түүний биед баруун ухархайн доод ханын хугарал, баруун дээд, доод зовхи, баруун алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр эхнэр болон найзынхаа хамт “Чоко” бааранд орсон. Бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад ирэхэд бидний байсан текэн дээр Б болон эхнэр нь гэх хүн зогсож байсан. Манай эхнэр уух зүйлээ авах гэхэд хохирогчийн эхнэр нь манай эхнэртэй маргалдаад эхэлсэн. Тэгэхэд нь би салгах гэж Б-т хэдэн үг хэлээд бид хоёр гар бариад салцгаасан. Гэтэл хохирогчийн эхнэр “би энэ хүний эхнэр байна, би та нарыг яаж ч хорлож чадна” гэж хэл үгээр доромжилоод давшлаад байсан. Баарны хамгаалагч хохирогч түүний эхнэр хоёрыг гадагш гаргасан. Бид нар гарах гээд үүдэнд очиход хохирогч эхнэртэйгээ зогсож байсан. Тэгээд дахин хэл үгээр дормжилоод байсан. Надад  ямар нэгэн байдлаар маргалдсан зүйл байхгүй. Автомашины зогсоол дээр ирэхэд бас л араас ирчихээд хэрүүл хийгээд байсан. Эхнэр гэх хүн надруу салаавч гаргахаар нь би гарыг нь түлхэж холдуулахад Б эхлээд миний зүүн хацарруу цохихоор нь баруун гараараа нэг удаа цохьсон. Би хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ажил дээрээ нэг шил архи уучихаад гэррүү явж байхад манай дүү Баярмаа залгаад “Чоко” бааранд байна, тооцоо хийх гэтэл мөнгө дутаад байна, ирээд тооцоо хийгээд өг гэхээр нь очсон. Би мөнгө өгчихөөд гарах гэтэл текэн дээр шүүгдэгчийн эхнэр, манай дүү Б нар маргалдаад байсан. Би шүүгдэгчийн хамт явж байсан залууд миний дүү наад хүмүүсээ салгаарай гэж хэлчихээд гараад явсан. Би гадаа гарч такси барих гээд тамхи татаад зогсож байхад араас гарч ирээд дахин маргалдаад байсан. Би Т-тэй маргалдах ямар нэгэн зүйл болоогүй. Гар барьсан гэдэг нь худлаа. Т эхнэрээ салгаад авахаар нь би машины урд хаалган дээр очиход намайг цохьсон. Би газар унахад намайг өшиглөсөн. Тэгээд эд нар зугтаачихсан. Би гэмтлийн эмнэлэг орсон. Шүүгдэгчийн ярьж байгаатай санал нийлэхгүй байна. Би шүүгдэгчийг цохьсон зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө ганцаараа Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоко” бааранд орж үйлчлүүлсэн. Тэнд танидаг хоёр дүү охин Солонго, Маагий нартай тааралдсан. Тэр хоёртой уулзаад мөнгө өгчихөөд, хоёр пиво уучихаад гарсан юм. Гэтэл баарны үүдэнд үл таних өндөр шар залуу "энэ юун пизда вэ" гээд надруу хэл амаар дайрсан. Би "миний дүү уусанаа шингээ согтуу байна, чи хүн андуураад байна гэж хэлээд шатаар буух гэхэд араас татсан. Би түүний мөрлүү нь түлхсэн чинь гараараа миний нүүрлүү нэг удаа цохисон. Би газар унасан чинь нүүрлүү өшиглөсөн. Би ухаан алдаад сэрсэн чинь баарны хамгаалагч ирчихсэн байсан. Тэр хамгаалагч намайг лифтэнд суух гэхэд намайг цохидог залуу гүйцээчихье гээд дайрсан. Би баарнаас гараад таксинд суух гэж байтал тэр залуу араас гарч ирээд гудамжинд миний нүүррүү цохиж унагаагаад нүүррүү, цээжрүү хэд хэдэн удаа өшиглөсөн...хацрын яс цуурсан байна гэж хэлсэн. 190 см орчим өндөртэй шар царайтай 30 орчим насны залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

           Гэрч Г.Х-ийн “...би тухайн өдөр ажлын байрандаа байсан. ...бичлэг дээр гарч байгаа хар юүдэнтэй цамцтай өндөрдүү нуруутай халимаг үстэй гар утсаараа ярьж байгаа залууг танина. Манай эхнэр Э-гийн найз эмэгтэй У-гийн хуучин найз залуу Тэмка байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

           Гэрч Г.Б-ийн “...Б-тай “Чоко” бааранд таарсан. Баарны текний дэргэд бид хоёр ярилцаад зогсож байх үед үл таних эмэгтэй ирээд намайг маажиж надруу дайрсан. ...Б бид хоёр лифтэнд суусан чинь тэр эмэгтэй дахиж надруу дайрсан. ...бид хоёр машинд суух гэж байх үед араас нэг залуу Б-ыг үсэрч ирээд нүүррүү нь өшиглөсөн. Тэр залуу өөр үйлдэл хийснийг анзаараагүй. Тэр залуу гүйгээд яваад өгсөн. Б-ын нүдний орчмоос цус гарсан. Тэгээд би найз охины хамт Б-ыг Гэмтлийн эмнэлэгрүү хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

           Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр С.Тгийн өгсөн “...тэр өдөр эхнэр Э-ын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоко” бааранд үйлчлүүлэхээр орсон. …манай эхнэр "уучлаарай уух юмаа аваадахъя" гэхэд нэг эмэгтэй "зайл цаашаа" гэж хэлсэнээ араас нь "муу янхан гичий, мөнгөгүй, арчаагүй юмнууд, би нөхөртэйгээ явж байна, та нарыг яавал ч яана, хаана ч байсан хамаагүй хүн явуулаад алуулчихна шүү" гэж хэлсэн. Би гайхаад хамт байсан эрэгтэйд нь "уучлаарай ахаа, танай эхнэр чинь нилээн муудсан юмуу бид нарруу агсараад байна, та болиулчихаач" гэхэд тэр ах "харин тиймээ уучлаарай" гээд надтай гар барьсан... баарны үүдэнд байхад нөгөө хүүхэн манай эхнэрийг үснээс зулгааж хоёр удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

          Гэрч П.А-гийн “…2019 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө би “Чоко” бааранд хамгаалагч хийж байсан. Ажлаа хийж байтал сая үзүүлсэн зурган дээр байсан Б гэх залуутай цуг явж байсан эмэгтэй Т-тэй цуг явж байсан эмэгтэйтэй маргалдсан. Би тухайн хүмүүсийг лифтэнд суулгаад доошоо буулгаад гадагшаа гаргачихаад араас нь гараад очтол Т гэх залуу Б гэх залуугийн нүүр хэсэгрүү нэг удаа цохисон. Би очоод Тэмүүжинг салгаж, маргааныг таслан зогсоосон. ...Б-ын баруун хацар хэсэг нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

              Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11691 дугаартай Б.Батхосбаярын биед баруун ухархайн доод ханын хугарал, баруун дээд доод зовхи, баруун алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 25-28 дугаар хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа / хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /46-48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч С.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Чоко" баарны үүдэнд иргэн Б.Батхосбаярыг нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун ухархайн доод ханын хугарал, баруун дээд доод зовхи, баруун алиманд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Тгийн гэмт үйлдлийг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Батхосбаяр шүүгдэгчээс “Окулопластик клиник” эмнэлэгт баруун нүдний ухархайн доод ханын хугарлыг суулгац тавьж нөхөн сэргээх мэс засал хийлгэсний төлбөрт 2.000.000 төгрөг, “Люкс мед” толгойн комьютерт томографийн шинжилгээнд харуулсаны төлбөрт 120.000 төгрөг, бусад эм эмчилгээнд 612551 төгрөг, нийт 2.732.551 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч С.Тгээс нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс нийт 2.732.551 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батхосбаярт олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч нь цаашид өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Тгээс нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

            Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.   

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Гучид овогт С.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Тг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч

С.Тд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Т шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Тгээс нийт 2.732.551 /хоёр сая долоон зуун гучин хоёр мянга таван зуун тавин нэгэн/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батхосбаярт олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.Батхосбаяр өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Тгээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

             8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.ОДОНЧИМЭГ