Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 732

 

 

 

 

 

 

 

 

 

 

 С.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Ж.Энх-Амгалан,

          шүүгдэгч С.Т-гийн өмгөөлөгч А.Нацагдорж,

          нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 424 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Т-гийн өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлоор С.Т-д холбогдох эрүүгийн 1809045420224 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Г овгийн С-ын Т, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “.........” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл .., эхнэр, хүүхдийн хамт .......... дүүргийн .. дугаар хороо, ........ дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УХ................./,

         

          С.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чоко” баарны үүдэнд иргэн Б.Батхосбаярын нүүрэн тус газар нь цохиж, түүний биед баруун ухархайн доод ханын хугарал, баруун дээд, доод зовхи, баруун алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г овгийн С-ын Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Т-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Т шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Т-гээс нийт 2.732.551 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Батхосбаярт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.Батхосбаяр өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар С.Т-гээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

          Шүүгдэгч С.Т-гийн өмгөөлөгч А.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр С.Т эхнэр болон найзын хамт “Чоко” бааранд орсон. С.Т бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад буцаж явах үед лангуун дээр хохирогч Батхосбаярын эхнэр гэх эмэгтэй С.Т-гийн эхнэрээс хэрүүл өдөж маргаан үүсгэсэн. Энэ маргааныг үргэлжлүүлэхгүй байх үүднээс Т Батхосбаярт хандаж энэ хоёрын маргааныг болиулъя гэж хоорондоо яриад гар барьж, тэднийг салгасан. Гэтэл хохирогчийн эхнэр гэх эмэгтэй улам хэрүүл өдөж, дайрч доромжлон давшиж байсан тул баарны хамгаалагч хохирогч Батхосбаяр, түүний эхнэр хоёрыг баарнаас гадагш гаргасан. Баарны гадаа дахин хэрүүл өдөж, эхнэр рүү нь нөгөө эмэгтэй салаавч өгөхөд түүний гарыг түлхэж зайлуулах үед Батхосбаяр нь Тгийн нүүр рүү цохиход баруун гараараа хариу цохисон. Хохирогч Батхосбаяр нь “баарны гадаа би машины урд хаалган дээр очиход намайг цохиж өшиглөсөн. Би Т-г цохиогүй” гэж мэдүүлдэг. Энэ үйл явдал болохын өмнө болон хойно Т эхнэртэйгээ гэр бүл болж, өрх тусгаарлахад бэлтгэл ажил хийж байсан. Дараа нь хурим найр залгаад болсон зэргээс хамаарч хохирогч Батхосбаярын өөрийг нь цохиж гэмтэл учруулсан байдлыг бусдад үзүүлэх сонирхол байгаагүй, хэл амны нэмэр гэж хойш тавьж өнгөрөөсөн байдаг. Гэрч Алтанхуягын мэдүүлэгт “2019 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө би “Чоко” бааранд хамгаалагч хийж байсан. Ажлаа хийж байтал сая үзүүлсэн зурган дээр байгаа Батхосбаяр гэх залуутай цуг явж байсан эмэгтэй Ттэй цуг явж байсан эмэгтэйтэй маргалдсан. Би тэдгээр хүмүүсийг лифтинд суулгаад баарнаас гадагшаа гаргасан” гэх мэдүүлгээс үзэхэд бааранд маргаан гарах болсон шалтгаан нь Батхосбаяртай хамт явж байсан эмэгтэй хэрүүл маргаан өдсөнтэй холбоотой Т, Батхосбаяр хоёрын хооронд бие биенээ үл ойлголцсон үйлдэл гарсан байна. Шүүгдэгч С.Т нь үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Батхосбаяр нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй байгаад шүүх хурал дээр гаргаж өгсөн. Хохирогч Батхосбаярын шүүх хурал дээр гаргаж өгсөн баруун нүдний ухархайд мэс засал хийсний 2.000.000 төгрөг, томографийн шинжилгээнд харуулсны 120.000 төгрөг, бусад эм эмчилгээнд зарцуулсан 612.551 төгрөг нийт 2.732.551 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулахаа шүүгдэгч С.Т илэрхийлсэн. Болсон үйл явдал нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, боловсрол эзэмшсэн байдал, хувийн төлөвшил зэргийг харгалзан С.Т-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ялын доод хэмжээ буюу 450.000 төгрөг болгон өөрчилж өгнө үү.” гэв.

 

          Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайн хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд оногдуулсан торгох ял шийтгэл тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

С.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чоко” баарны үүдэнд иргэн Б.Батхосбаярын нүүрэн тус газар нь цохиж, түүний биед баруун ухархайн доод ханын хугарал, баруун дээд, доод зовхи, баруун алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Батхосбаярын “...баарны үүдэнд үл таних өндөр шар залуу “энэ юун п... вэ” гээд над руу хэл амаар дайрсан. Би “миний дүү ууснаа зөв шингээ, чи согтуу байна, хүн андуураад байна” гэж хэлээд шатаар буух гэсэн чинь араас татсан. Би түүний мөр рүү түлхсэн чинь гараараа миний нүүр рүү нэг удаа цохисон. Газар унасан чинь нүүр рүү өшиглөсөн. ...гараад таксинд суух гэж байтал тэр залуу араас гарч ирээд гудамжинд миний нүүр рүү цохиж унагаагаад нүүр, цээж рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. ...” /хх 13-14/,

 

гэрч Г.Баярмаагийн “...бид хоёр машинд суух гэж байх үед араас нэг залуу ирээд Батхосбаярыг үсэрч ирээд нүүр рүү нь өшиглөсөн. Тэр залуу өөр үйлдэл хийснийг анзаараагүй. Тэр залуу гүйгээд яваад өгсөн. Батхосбаярын нүдний орчимоос цус гарсан. ...” /хх 17/,

 

гэрч П.Алтанхуягийн “...араас нь би гараад очтол Т гэх залуу Батхосбаяр гэх залуугийн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд би очоод Тг салгаад маргаан таслан зогсоосон. ...” /хх 20/ гэх мэдүүлгүүд,

 

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 9-11/, гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 25-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11694 дугаартай дүгнэлт /хх 30/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

             Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч С.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч С.Т-г иргэн Б.Батхосбаярын нүүрэн тус газар нь цохиж, түүний биед баруун ухархайн доод ханын хугарал, баруун дээд, доод зовхи, баруун алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ялын доод хэмжээ буюу 450.000 төгрөг болгон өөрчилж өгнө үү.” гэсэн шүүгдэгч С.Т-гийн өмгөөлөгч А.Нацагдоржийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 424 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Т-гийн өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 424 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Т-гийн өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Н.БАТСАЙХАН

 

                         ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

                          ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ