Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 55

 

                                            ****т холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай  

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, Д.Гомбо нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр магадлалтай,  ****т холбогдох 2226002060139 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. ****, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын инженер мэргэжилтэй, “ **** ****” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, **** аймгийн ******** с************* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  

2.Шүүгдэгч **** нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр **** аймгийн ****- **** сумын 4 дүгээр багийн “ ****” гэх газар тариалангийн талбайд тариалангийн услалтын системд ашиглахаар байрлуулсан тус сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 50,000 литрийн хэмжээтэй усны нөөцийн төмөр савыг машин механизм ашиглан хулгайлж, **** аймгийн ****- **** сумын Засаг даргын тамгын газарт 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос ****ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч ****ыг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ****, иргэний нэхэмжлэгч ****, **** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, 50,000 литрийн багтаамжтай усны нөөцийн савыг **** аймгийн ****- **** сумын ЗДТГ-т буцааж өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 250,000 төгрөгийг Цагдаагийн Ерөнхий газарт төлсөн болохыг тус тус дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ****- **** УНО улсын дугаартай “Daewoo” маркийн автомашины үнэ болох 45,000,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. 

4. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар **** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа ****ыг суллаж, **** нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 49 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. 

5.Прокурор Ц.Нэргүй хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчилгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тухайлбал, хэрэгт авагдсан хохирогч ****, гэрч ****, ****, ****, ****, ****, **** нарын мэдүүлэг, 2016 оны гэрээ, төрийн сангийн гүйлгээ хийсэн баримтууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч **** нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр **** аймгийн ****- **** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлуулсан тус сумын Засаг даргын Тамгын газрын өмчлөлийн 50,000 литрийн хэмжээтэй ус хадгалах зориулалт бүхий төмөр савыг машин механизм ашиглан хулгайлсны улмаас 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжих, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтээс түшиглэн үнэлж чадаагүй. Хэрэг гарсан бодит байдал, оролцогч бүрийн гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлалгүй, хэргийн талаарх дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулан хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгч ****т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэрэг маргаан шийдвэрлэхдээ шударга ёсыг тогтоох шүүгч хараат бус байх зарчмыг алдагдуулсан гэж үзэхээр байна. Учир нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцогддог гэмт хэрэг юм. Шүүгдэгч **** нь **** аймгийн ****- **** сумын Засаг даргын Тамгын газартай 2016 онд 50 тонны усны нөөцийн сав нийлүүлэхээр гэрээ байгуулж, гэрээний дагуу тус сумын Засаг даргын Тамгын газраас төрийн сангийн 7 удаагийн гүйлгээгээр “ **** ****” ХХК-ийн дансанд төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар уг 50 тонны усны нөөцийн сав нь тус аймгийн ****- **** сумын Засаг даргын Тамгын газрын өмчлөл, эзэмшилд шилжсэн байна. Гэтэл шүүгдэгч **** нь ****- **** сумын өмчлөл, эзэмшилд шилжсэн 50 тонны усны нөөцийн савыг бусдын өмчлөл эзэмшилд шилжсэн болохыг мэдсээр байж өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар машин механизм ашиглан авч, зарж борлуулан захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4-т “мөрдөгч нь энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж тус тус заасан байхад давж заалдах шатны шүүх нь мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж шалгаж бэхжүүлсэн нотлох баримтад дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн хуульд заасан арга замаар нотлох баримт цуглуулах, шалгах, бэхжүүлэх журмыг зөрчсөн нотлох баримтыг үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж дүгнэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Гэм буруугийн хэлбэрийг тогтоохдоо гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь бодитойгоор дүгнэх шаардлагатай. Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч ****ын гэмт үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс үнэлж тогтоосон, гэмт хэрэг үйлдсэн шалтгааныг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т заасан илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Системийг бүхэлд нь 24,000,000 төгрөгөөр гэрээ байгуулж нийлүүлсэн боловч маргаан нь 4,000,000 юм уу, 8,000,000 юм уу гэдэг нь өмнөх засаг даргаас шалтгаалж байгаа маргаан юм. Анх 4,000,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулаад явъя гэсэн боловч орон нутгийн өмчийн бүртгэлтэй бол 8,000,000 төгрөгөөр бүртгэж авна гэж тохироод 4,000,000 төгрөгийг ямар нэгэн байдлаар орон нутгийн өмчөөс гаргаж өгье, үүнийгээ нийлүүлээч ээ гэдэг яриа тохироо хийгдсэн. Үүний дараа засаг даргаас **** үлдэгдэл 4,000,000 төгрөгөө өгөөч ээ гэж удаа дараа шаардсан байдаг. Гэвч тухайн үеийн удирдлагууд солигдсон бөгөөд дараагийн эрх бүхий албан тушаалтнуудад албан ёсоор шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй л үйл баримт юм. Шат шатны шүүх үүн дээр тодорхой дүгнэлтийг хийсэн. ****ын хувийн байдлын хувьд хулгайлах гэмт хэрэг үйлдээд байх хүн биш. Санаа зорилгын хувьд нууц далд аргаар хулгайлсан гэх субьектив байдал нь тогтоогддоггүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв. 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “ ****ын үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д заасан “гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийн хувьд гэмт хэрэг гэж үзэх боломжгүй байгаа. Очиж авах цаг хугацааг тодорхой хэлж мэдэгдээд дараа нь авдаг ийм зүйл гэж байхгүй. Прокурор эсэргүүцэлдээ гэмт хэргийн сэдэлт, зорилгын талаар тодорхой бичээгүй байна. Мөн прокурорын хэлж байгаа шиг өмгөөлөгч баримт гаргаж өгөөд, уг баримтыг давж заалдах шатны шүүх үнэлээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зүйл байхгүй. “Хулгайлах” гэмт хэргийн шинж нь нууц далд аргаар авсан байхыг шаарддаг. Гэтэл ****т холбогдох хэргийн тухайд энэ шинж буюу субьектив байдал үгүйсгэгддэг. Өөрөөр хэлбэл нийтийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдах маргааныг эрүүгийн эрх зүй болгон хувиргаж байгаа нь учир дутагдалтай. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв. 

8. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч **** нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр **** аймгийн ****- **** сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 50 тонн хэмжээтэй усны нөөцийн төмөр савыг машин механизм ашиглан хулгайлсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд ****- **** сумын Засаг даргын тамгын газраас зарласан тендерийн сонгон шалгаруулалтад “ **** ****” ХХК шалгарч, 2016 оны 05 дугаар сарын 04-нөөс 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 24,500,000 төгрөгийн үнэ бүхий усалгаатай газар тариалангийн тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулж ажилласан. Тус ажлыг “ **** ****” ХХК 1 сарын хугацаанд хийж дуусгасны дараа тус сумын Засаг даргын тамгын газраас 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн гүйлгээгээр 24,191,063 төгрөгийн санхүүжилтийг олгож, дээрх тоног төхөөрөмжүүдийг тамгын газрын өмчлөлд бүртгэсэн байна. Гэтэл дээрх өмчийг **** нь өөрийн өмчлөлийн хөрөнгө байсан, сумын Засаг даргын тамгын газартай тооцоо дуусаагүй байсан учраас буцааж авсан гэж маргаж, үүнтэй холбоотой баримтыг анхан шатны шүүхэд өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан гаргаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлснийг давж заалдах шатны шүүх үнэлж, ****т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “мөрдөгч нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах” ажиллагааг хийхээр хуульчилсан байхад эх сурвалж нь тодорхойгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй нотлох баримтыг үнэлж, давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн нотлох баримтыг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх тул тус магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Прокурорын бичсэн эсэргүүцлийг бүрэн дэмжиж оролцож байна.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

9. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд  прокурор Ц.Нэргүйн бичсэн эсэргүүцлийгУлсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул ****т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв. 

10. Анхан шатны шүүхээс шүүгдэгч ****ыг **** аймгийн ****- **** сумын 4 дүгээр багийн “ ****” гэх газар тариалангийн талбайд тариалангийн услалтын системд ашиглахаар байрлуулсан тус сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 50,000 литрийн хэмжээтэй усны нөөцийн төмөр савыг машин, механизм ашиглан хулгайлж **** аймгийн ****- **** сумын Засаг даргын тамгын газарт 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэж хянаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр ****т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахаар шийдвэрлэжээ. 

11. Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай, хортой үр дагавар бүхий хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог учиртай. 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй. 

12. Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч ****т холбогдох хэргийг хянан хэлэлцээд үйл баримтын эхлэл өрнөл, шүүгдэгчийн үйлдэлдээ болон үүссэн үр дагаварт хандаж буй хандлага, илрэлийн талаарх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь тогтоох, түүнд эрх зүйн дүгнэлт хийх эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ хэрэгт холбогдсон болон хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас зөвхөн хэрэг маргааны төгсгөл, үр дагаварт тулгуурласан байдлаар үйл баримтыг буруу тогтоож, хулгайлах гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. 

Давж заалдах шатны шүүх хохирогч ****, гэрч ****, ****, ****, **** нарын мэдүүлгийг зөв үнэлэн гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийвчлан тогтоож, анхан шатны шүүх шүүгдэгч ****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйл баримт, хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөж, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч **** 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр **** аймгийн ****- **** сумын 4 дүгээр багийн “ ****” гэх газар тариалангийн талбайд тариалангийн услалтын системд ашиглахаар байрлуулсан тус сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 50,000 литрийн хэмжээтэй усны нөөцийн төмөр савыг машин механизм ашиглан хулгайлж **** аймгийн ****- **** сумын Засаг даргын тамгын газарт 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж дүгнэж, түүнийг цагаатгасан нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

13. Тодруулбал, Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран ялгагдан зүйлчлэгддэг бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан тохиолдолд хулгайлах гэмт хэрэгт тооцдогоос гадна  тухайн этгээд хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэж бодсон байдаг онцлогтой. 

14. Шүүгдэгч **** “ **** ****” ХХК-ийн захирал ба **** аймгийн ****- **** сумын Засаг даргын тамгын газартай тус компани нь усалгаатай газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулж уг 50 тонны усны нөөцийн сав болон бусад усалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлсэн нь шүүгдэгч ****, хохирогч ****, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, төлбөрийн хүсэлтүүд, төлбөрийн нэхэмжлэх, барааны жагсаалт, бараа нийлүүлэх хуваарь, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг хүлээлцсэн хурлын тэмдэглэл зэргээр нотлогджээ. 

Хэрэгт авагдсан шүүгдэгчийн мэдүүлэг, **** аймгийн ****- **** сумын Засаг даргаас гаргаж өгсөн төлбөрийн хүсэлт, төлбөрийн нэхэмжлэхээр **** аймгийн ****- **** сумын Засаг даргын тамгын газар нь уг гэрээний төлбөрийг дутуу барагдуулсан байхаас гадна тус сумын Засаг даргаас усны нөөцийн савны үнэ 4,000,000 төгрөгийг шилжүүлэх, шилжүүлээгүй тохиолдолд нийлүүлсэн усны нөөцийн савыг буцааж авахыг мэдэгдэж байсан нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/25 тоот албан бичигт тусгагдсан байна. 

 “ **** ****” ХХК-ийн дээрх албан бичгийг **** аймгийн ****- **** сумын Засаг даргын тамгын газар гэмт хэрэг гарсан гэх өдрөөс 1 хоногийн өмнө буюу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч ажилтан ****д шилжүүлсэн болох нь тус сумын “хуулбар үнэн” гэсэн лавлагаагаар тогтоогджээ. 

**** аймгийн ****- **** сумын засаг дарга **** “ **** ****” ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/175 тоот албан бичгээр хариу өгөхдөө ёмкостны үнийг нэмэгдүүлэх нэмэлт гэрээ байгуулагдаагүй, аман яриа төдийгөөр яригдаж өнгөрсөн гэж байр сууриа илэрхийлж байсан зэргээс дүгнэвэл Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулсан, түүний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан байх тул шүүгдэгч ****ын үйлдэлд бусдын эд хөрөнгийг нууцаар авсан болохыг нотлон харуулахуйц баримт хэрэгт авагдаагүй, хулгайлах гэмт хэргийн шинжид хамаарах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

15. Энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан магадлалыг хэвээр үлдээж, прокурор Ц.Нэргүйн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. **** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, прокурор Ц.Нэргүйн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

  

                           ДАРГАЛАГЧ                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                            ШҮҮГЧИД                                               М.ПҮРЭВСҮРЭН 

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                           Ч.ХОСБАЯР 

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН