Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 35

 

         МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Мөнхжаргал

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар  сарын 01-ний өдрийн “Д.Мөнхжаргалд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны үр дүнгийн гэрээг аймгийн Засаг дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, Эрдэнэбулган сумын Засаг дарга, тухайн сургуулийн захирал гэсэн 4 талт гэрээ байгуулсан. Үр дүнгийн гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр дүгнэж, Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж сахилгын шийтгэл ногдуулсан Б/22 дугаар захирамжийг гаргасан. 

Би тухайн 4 талт гэрээнд тусгагдсан үйл ажиллагаа болон 2016 онд сургуулийн хэмжээнд хийгдсэн нийт ажлуудыг гэрээний хөтөлбөрийн дагуу нэмэлтээр тайлагнаж дээрх 3 газарт 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүргүүлсэн. Үүнд Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан үнэлгээ, Боловсрол, соёлын газрын даргын гаргасан үнэлгээ, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн үнэлгээ нийлж, надад 67.6 хувь буюу хангалтгүй гэсэн үнэлгээ өгч аймгийн Засаг дарга надад сахилгын арга хэмжээ авсан. 

Дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дөрвөн талт гэрээнд тусгагдсан үйл ажиллагаа нь нэгдүгээрт манлайллын зорилт, хоёрдугаарт нийт захиалгат арга хэмжээ, гуравдугаарт тусгай захиалгат үйл ажиллагаа орж байгаа. Манлайллын зорилт, тусгай захиалгат үйл ажиллагаа нь аймгийн Засаг даргаас захиалж оруулж өгсөн байдаг. Харин нийт захиалгат үйл ажиллагаа нь тухайн сургуулийн жилийн туршид хийсэн үйл ажиллагааны тайлангаар нотлогддог. Надад арга хэмжээ авсан шалтгаан нь надад нийт захиалгат үйл ажиллагаа буюу сургуулийн үйл ажиллагааг журмын хавсралтаар заасан хүснэгтээр тайлагнаагүй гэж 0 оноо тавьснаар миний авбал зохих оноо дутаж 67.6 хувь буюу “D” үнэлгээтэй дүгнэгдсэн. Би нийт захиалгат үйл ажиллагаанд ажлын байрны чиг үүргийн дагуу ерөнхий үйл ажиллагаагаа тусгаж өгсөн. Мөн гэрээний хавсралтаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын 199 дүгээр тушаалын хавралт болох боловсролын байгууллагын үйл ажиллагааг 5 үзүүлэлтээр дүгнэдэг. Тухайн 5 үзүүлэлтэнд үйл ажиллагаагаа хувааж бичиж, илтгэх хуудсаар тайлагнасан. Гэтэл миний нийт захиалгат үйл ажиллагааг огт хийгээгүй мэтээр 0 үнэлгээ өгч байгаад гомдолтой байна.

Миний бие нь үр дүнгийн гэрээгээ хангалттай биелүүлж 1 дүгээр улиралд 92 хувьтай дүгнүүлж, 2 дугаар улиралд 88 хувьтай дүгнүүлж, 39 хувийн урамшуулал, 3 дугаар улиралд 92 хувьтай дүгнүүлж, 15 хувийн урамшуулал авч байсан. Мөн сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсгийг үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байдаг болохоос үр дүнгийн гэрээгээр сахилгын шийтгэл ногдуулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэх хууль эрх зүйн бүрэн үндэслэл байна. Тухайн маргаан бүхий актыг гаргахдаа үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж гаргасан.  Уг үр дүнгийн гэрээ нь гэрээний шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ болсон. Учир нь Төсвийн байгууллага, удирдлага санхүүжилтийн тухай хуульд “Төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн байгууллага болон бусад этгээдээс нийлүүлэх бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхойлон гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтанг хэлнэ гэсэн байгаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчтай гэрээг яаж байгуулах ёстой юм бэ гэхээр мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д зааснаар эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагын ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулна, 12.1.7-д эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх санхүүгийн үр дүнг хянаж дүгнэх гэсэн байгаа. Хянаж дүгнэх эрх нь төсвийн ерөнхийлөн захирагчид байгаа. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна”, 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх талаар тусгасан байна”, 40.3-т “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”, 40.4-т “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна” гэсэн байгаа. 

Гэтэл тухайн үр дүнгийн гэрээ нь төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч нарын хооронд байгуулагдах 2 талт гэрээ байсан. Энэ гэрээ нь холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн гэрээ байгуулагдсан. Уг хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж Д.Мөнхжаргалд арга хэмжээ авсан. Тухайн хийгдсэн ажлууд дээр голчилж анхаарлаа хандуулахгүй байгаа. Яагаад гэвэл үр дүнгийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ. Хэзээ ч 4 талт гэрээ байхгүй. Хууль тогтоомжийг зөрчиж хийсэн гэрээг үндэслэж үр дүнгийн гэрээг дүгнэсэн. Үүнд үр дүнгийн гэрээг дүгнэх журам байгаа. Тухайн журмын 1.4-т гэрээг дор дурдсанаар байгуулна, 1.4.1-д Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 болон 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагын төсвийн шууд захирагч нь шууд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулна гэж заасан байгаа. Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга болон орон нутгийн хэвтээ удирдлагатай төрийн байгууллагын төсвийн шууд захирагч нь тухайн шатны Засаг даргатай гэрээ байгуулна, 1.5-д гэрээг Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө байгуулж, гэрээний хугацаа нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэсэн. Хоёр дахь хэсэгт талуудын хүлээх эрх, үүрэгт 2.2-т төсвийн ерөнийлөн захирагч нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төсвийн шууд захирагчид шаардлага тавьж хэрэгжилтийг хангах эрхтэй, 2.3-т төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө нь гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж дараа оны гэрээг байгуулах үүрэгтэй гэж заасан.

Төсвийн шууд захирагч буюу Д.Мөнхжаргалийн үр дүнгийн гэрээг 4 талтай байгуулаад, гэрээг байгуулсан газрууд нь дүгнэсэн, гэтэл аймгийн Засаг дарга дүгнээгүй. Хуульд зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч нь үнэлэлт, дүгнэлтээ өгөөгүй байна. Тийм учраас хууль, тогтоомж, заавар, журмыг ноцтой зөрчиж арга хэмжээ авагдсан нь үүгээр харагдаж байна. 

Иймд арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна. Үр дүнгийн гэрээгээ биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авдаг. Д.Мөнхжаргалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан үндэслэлээр арга хэмжээ авсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан байдаг. Энэ заалтад үр дүнгийн гэрээг үндэслэж хариуцлага тооцоно гэсэн заалт байхгүй. Энэ нь мөн Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өнгө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу аймаг, сумын Засаг дарга, Боловсрол, соёлын газрын дарга нартай байгуулсан сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын  2016 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд тэднээс ирүүлсэн гэрээний хэрэгжилтийн тайлан нь Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн стандартад нийцээгүй, хавсралт хуудас дутуу байсан тул энэ талаар тэдэнтэй уулзаж, зөвлөмжийг бэлтгэн хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжөөр үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайландаа 2016 онд хийсэн ажлаа хэрхэн зөв, цэгцтэй бичиж хүргүүлэх талаар дурдсан. 

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга болон Боловсрол, соёл, урлагийн газрын даргатай 2016 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээний 1.10-д Төрийн албаны удирдах ажилтны манлайллын зорилтын хүрээнд 3.1. “Төсвийг төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн захиран зарцуулж, зөрчил дутагдалгүй ажиллах”, 7.2.5-д “Төсвийг зориулалтын бусаар зарцуулсан” гэсэн заалтын тус тус тусгайлан заажээ..

Д.Мөнхжаргал нь Үр дүнгийн гэрээний биелэлтийг тайлагнах тайландаа анх гэрээнд тусгасан зүйлээс өөр зүйлийг бичиж, тайлагнасан бөгөөд үнэлгээ буурч сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон. Дээрх гаргасан зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч, нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэнтэй уулзсан байдаг.

Нэхэмжлэгч нь 2016 оны 1 дүгээр улиралд 92 хувь, 2 дугаар улиралд 88 хувь, 3 дугаар улиралд 92 хувиар үнэлэгдэж, цалингийн урамшуулал авч байсан гэж маргажээ. Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/299 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт “Ерөнхий боловсролын сургуулийн ажилтны ажлыг үнэлж, дүгнэхэд баримтлах чиглэл”-ийн 3.2-т “Хичээлийн жилийн 1,3 дугаар улирлын ажлыг ажилтан өөрөө үнэлж, 2,4 дүгээр улирлын ажлыг магадлан баталгаажуулна гэж зааснаас үзвэл 1,3 дугаар улиралд авсан үнэлгээ нь өөрөө өөртөө өгсөн үнэлгээ юм.

Харин дээрх журмын 2,4 дүгээр улирал буюу хагас, бүтэн жилийн үнэлгээг дүгнэхдээ Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу түүний илтгэх хуудсыг үндэслэж, эрх бүхий албан тушаалтан дүгнэж үнэлгээ өгөх учиртай. 

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаар захирамжийг мөн оны 2 дугаар сарын 07-ны өдөр гардаж авсан атлаа 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймд Д.Мөнхжаргал нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаар захирамжаар Д.Мөнхжаргалд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж маргадаг. Гэтэл ямар үндэслэлээр уг сахилгын шийтгэлийг ногдуулсан бэ гэхээр 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр үр дүнгийн гэрээг дүгнээд холбогдох газруудаас дүнг нэгтгээд Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мөнхжаргал 67.6 буюу дутагдалтай гэсэн D үнэлгээтэй дүгнүүлсэн. 

Д.Мөнхжаргал нь 2016 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг үр дүнгийн гэрээнд заасан тусгай захилгат бүтээгдэхүүн, нийт захиалгат бүтээгдэхүүн, манлайллын зорилт гэсэн хэсгүүдэд хуваан хүснэгтээр бичиж ирүүлэх ёстой байсан. Гэтэл Д.Мөнхжаргал нь жилийн төлөвлөгөөний дагуу үр дүнгийн гэрээний биелэлтээ бичиж ирүүлээгүй, өөр зүйл бичиж ирүүлсэн. Дээрх байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байна.

 Үр дүнгийн гэрээний биелэлтэд арга хэмжээний биелэлт, арга хэмжээний 1.1-д сургуулийн дотоод дүрэм, журам, дэг, соёлыг тогтоох, хамт олны хурлаар хэлэлцүүлэн батлах гэсэн байгаа. Д.Мөнхжаргалын нийт төлөвлөсөн бүтээгдэхүүн нь тухайн сургуулийн захирал жилийн үйл ажиллагаа төлөвлөж батлуулж, оны эцэст уг бүтээгдэхүүнээ хэрхэн хэрэгжсэн талаар тайлангаа явуулах ёстой байтал нэхэмжлэгч Д.Мөнхжаргал тухайн төлөвлөсөн зүйлээс өөр зүйл бичиж ирүүлсэн учраас аймгийн Засаг даргын зүгээс үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлгээ өгөөгүй. Үнэлгээ нь мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдана. Тусгай захиалгат бүтээгдэхүүнээс 40 оноо авах байснаас 31.6 оноо авсан, манлайллын зорилтоос 30 оноо авах байснаас 26.0 оноо авч, нийт 57.6 оноо авсан. Гэрээ нь Төрийн албаны зөвлөлийн холбогдох дүрэм журмуудад зааснаар батлагдсан бөгөөд 4 талт гэрээг Монгол улс даяараа байгуулж байгаа. Үр дүнгийн гэрээ нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгчид сонсгох ажиллагаа хийхэд нэхэмжлэгч өөрөө оролцсон. Боловсрол, соёлын газраас нийт сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарт зориулсан төлөвлөгөөт сургалтанд Нийгмийн бодлогийн хөгжлийн хэлтсийн ажилтан Билэгт үр дүнгийн гэрээг хэрхэн бичих талаарх зөвлөмжийг өгч байсан. Мөн тайлангаа буруу бичсэн хүмүүст заавар өгч байсан. Дээрх сургалтанд Д.Мөнхжаргал нь үр дүнгийн гэрээг буруу бичсэн байгаагаа ойлгож байна гэдгээ хэлсэн байдаг.

Иймд Архангай аймгийн Засаг даргын Д.Мөнхжаргалд сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Мөнхжаргалаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Мөнхжаргалд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 22-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Аймгийн Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2., Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1. дэх хэсэгт заасныг үндэслэн 2016 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ .

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна.” гэж заажээ.

Дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч /төсвийн шууд захирагч/ Д.Мөнхжаргал нь төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга, Боловсрол, соёлын газрын дарга нартай 4 талт үр дүнгийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар байгуулжээ .

Тус гэрээний 7 дугаар зүйл. Гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ. 7.1. “Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг тус тус баримтлан шийдвэрлэнэ.”, “D” буюу “Дутагдалтай” үнэлэгдвэл албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах гэж тус тус заажээ .

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, аймгийн Боловсрол, урлагийн газрын дарга нар дүгнэж, ерөнхий үнэлгээ “D” 67.6 хувьтай үнэлэгджээ .

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээтэй 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр танилцаад гэрээний үнэлгээтэй холбоотой асуудлаар холбогдох байгууллага албан тушаалтанууд болон шүүхэд гомдол, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул үр дүнгийн гэрээний үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчээс үр дүнгийн гэрээний үнэлгээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад үр дүнгийн гэрээний үнэлгээтэй холбоотой асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй гэж үзэв.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга, Боловсрол, соёлын газрын дарга нартай үр дүнгийн гэрээг байгуулж ажилласан байх бөгөөд гэрээнд “D” буюу “дутагдалтай” гэж үнэлэгдвэл “сахилгын шийтгэл ногдуулах” үндэслэл болно гэсэн нөхцөлийг зөвшөөрч гэрээ байгуулж ажилласан байна. Гэрээнд заасны дагуу хариуцагч үр дүнгийн гэрээний үнэлгээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгчид “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Харин үр дүнгийн гэрээний биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор багтаан дүгнэх ёстой байхад гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дүгнэж, гэрээ дүгнэх хугацааг өнгөрүүлэн дүгнэсэн байх боловч тухайн гэрээгээр гэрээ дүгнэх хугацааг өнгөрүүлэн дүгнэснээс үүсэх үр дагаврын талаар зохицуулаагүй байх тул дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч Д.Мөнхжаргалаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Мөнхжаргалд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14., 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.4.2., Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхжаргалаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Мөнхжаргалд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ