Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2023/0558/З |
Дугаар | 001/ХТ2024/0131 |
Огноо | 2024-11-29 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2024/0131
“Г х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий
газрын харьяа Том татвар төлөгчийн газрын
татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Шүүгчид: Д.Батбаатар
Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0196 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2024/0455 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.А, хариуцагч Р.Б, П.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2024/0338 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч “Г х” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч нарын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн НА-21220000072 дугаар нөхөн ногдуулалтын актын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 384,649,502.53 төгрөгийн нөхөн ногдуулалтын актын төлбөрийг илт хууль бусд тооцуулах, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны 193,587,121.71 төгрөгийн нөхөн ногдуулалтын актын төлбөрийг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Хариуцагч татварын улсын байцаагч нар нь “Г х” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн НА-21220000072 дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 599,995,553.58 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.
2.2.Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор маргаан бүхий актаар ногдуулсан 599,995,553.58 төгрөгийн төлбөрөөс “А э” ХХК-ийн 2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар тайлагнасан, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр экспортолсон 203.26 тонн хайлуур жоншны баяжмалд ногдуулсан нийт 21,758,929.33 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийн төлбөрийг бууруулж, үлдэх 578,236,624.25 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
3.1.“... Манай компани ашигт малтмалын ямар нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, зөвхөн дотоодоос худалдаж авсан ашигт малтмалаа экспортод гаргадаг хуулийн этгээд юм. Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө АМНАТ төлөгч биш байсан. Харин 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр АМНАТ төлөгч болсон. Татварын улсын байцаагч нар нь нөхөн ногдуулалтын акт гаргах үедээ буюу 2022 онд хяналт шалгалт хийхдээ хүчингүйд тооцогдсон хуулийн заалтыг баримтлан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн АМНАТ төлөгч болсон гэж үзэн төлбөр тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2-т заасныг үндэслэн хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэж нөхөн ногдуулалт тогтоосон нь үндэслэлгүй.
3.2.2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл АМНАТ төлөгч биш, харин 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд экспортлогч байсан, дээрх хугацаанд АМНАТ-ыг тайлагнаж, төлсөн. Гэтэл татварын улсын байцаагч нар АМНАТ-ийг гэрээний үнээр бус олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсвэл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан ногдуулна гэж үзэн нөхөн ногдуулалтын акт тавьсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэг буюу Хайлуур жоншны олон улсын зах зээлийн үнийг Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнийг баримтлан татвар ногдуулж, дааж давшгүй татварын дарамт хүү, торгууль, алданги үүсгэж хуульд заасан шударга байх зарчмыг зөрчсөн. Монгол Улсад хайлуур жоншийг хил хүртэл нөхцөлөөр экспортлоход 1 тонн нь ойролцоогоор 90 ам.доллар байдаг бол Засгийн газрын 81 дүгээр тогтоолын дагуу Хятадын хайлуур жоншны FOB үнэ 1 тонн нь 350 ам.доллар байна. Энэ нь экспорт хийж буй хуулийн этгээдүүдийн борлуулалтын орлогыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, олоогүй орлогод татвар ногдуулж, түүнийгээ нөхөн ногдуулж, хүү, алданги, торгууль тооцож байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч “... Тус компани нь 2019 оны 2, 3, 4 дүгээр улиралд экспортолсон 3655.19 тонн хайлуур, жоншны хүдэр, баяжмалыг АМНАТ-ийн тайланд дутуу тайлагнасан, мөн 2019 онд 800 тонн, 2020 онд 911.66 тонн, нийт 1711.66 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа зах зээлийн үнээр АМНАТ ногдуулах үнэлгээг тооцохгүй, гэрээний үнээр тооцсон зөрчил илэрсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.2, 47.2.1, 47.3, 47.3.3-т тус тус заасныг зөрчсөн тул холбогдох хуулийн дагуу нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан. Татвар төлөгч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн (ТТ-15) тайланд 2019 оны 2, 3, 4 дүгээр улиралд экспортолсон 3655.19 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг дутуу тайлагнасан, нийт 4,264,794,042.53 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг дутуу ногдуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0196 дугаар шийдвэрээр “Татварын ерөнхий хуулийн (2019 оны) 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 28 дугаар зүйлийн 28.10, 29 дүгээр зүйлийн 29.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1, Ашигт малтмалын тухай хуулийн (2006 оны) 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн (2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн) 47.1, 47.2.1, 47.3.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн (2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн) 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.3.3, 47.5, 47.16, 47.16.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Г х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн илт хууль бус болохыг тогтоох шаардлагын зарим хэсгийг хангаж, Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №21220000072 дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нийт 599,995,553.58 төгрөгийн төлбөрөөс “А э” ХХК-ийн 2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар тайлагнасан, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр экспортолсон 203.26 тонн хайлуур жоншны баяжмалд ногдуулсан 7,634,712.05 төгрөгийн үндсэн, 6,871,240.84 төгрөгийн нэмэлт, нийт 14,505,952.89 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уг төлбөрт ногдуулсан 4,351,785.87 төгрөгийн торгууль, 2,901,190.58 төгрөгийн алданги, нийт 21,758,929.33 төгрөгийн төлбөрийг бууруулан багасгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:
5.1.“... Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтад орсон 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” 04 дүгээр тогтоол гарсантай холбоотойгоор нэхэмжлэгч нь “нөхөн ногдуулалтын актаар татварын зөрчлөөр тогтоосон 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 384,649,502.53 төгрөгийн төлбөрийн нөхөн ногдуулалтад хамаарах хэсгийг илт хууль бусд тооцуулах”-аар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2-т зааснаар маргасан нь үндэслэлгүй байна.
5.2.Учир нь дээрх Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр тогтоол гармагцаа хуулийн хүчин төгөлдөр болох авч, энэ тохиолдолд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батлагдаж, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, энэхүү маргаан бүхий харилцааг зохицуулж буй Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт энэ өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилсээр байх бөгөөд хууль тогтоогчийн хууль батлан гаргахтай холбоотой бүрэн эрх хөндөгдөх боломжгүй, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр батлан гаргаснаараа хууль хэрэгжих хугацааны хийдэл гарсан гэж үзэхгүй.
5.3.Үйл баримтаар, нэхэмжлэгч “Г х” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд 37 ширхэг гаалийн мэдүүлгээр 5890.46 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг БНХАУ-д экспортод гаргасан нь тогтоогдсон ... иймд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн (2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн) 47 дугаар зүйлийн 47.1, Ашигт малтмалын тухай хуулийн (2006 оны) 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.3, 47.3.2, 47.4, 47.5, 47.8-д заасныг баримтлан нөхөн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй.
5.4.Харин нэхэмжлэгчийн “манай компани нь ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулдаггүй, тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй” гэх тайлбар нь “Г х” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд экспортод гаргасан 726.87 тонн ашигт малтмалд хамаарах ба энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн (2006 оны) 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш гэдгээрээ АМНАТ төлөх үүрэггүй болохыг харуулж, үүнд хамаарч байна. Дээрх хугацаанд экспортод гарган борлуулсан хайлуур жоншны хүдэр, баяжмалын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 726.87 тонн, хайлуур жоншны хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөргүй байна.
5.5.Үүнээс гадна 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр экспортолсон 203.26 тонн хайлуур жоншны баяжмалыг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “А э” ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар ногдуулан төлөхөөр тайлагнасан байхад Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.16, 47.16.2-т заасныг зөрчиж, нөхөн ногдуулалтын актаар 152,694,240.91 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс тооцож ногдуулсан үндсэн болон нэмэлт төлбөр, нийт 14,505,952.89 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уг төлбөрт ногдуулсан торгууль, алданги, нийт 21,758,929.33 төгрөгийн төлбөрийг бууруулан багасгах нь зүйтэй ...
5.6....2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд борлуулсан хайлуур жоншны хүдэр, баяжмалд нийт 193,587,121.71 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьсан нь, мөн хариуцагч Ашигт малтмалын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар ногдуулахдаа торгууль, алдангийг тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2024/0455 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн. Үүнд:
6.1.“Анхан шатны шүүх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор татварын улсын байцаагч нарын актаар тогтоосон төлбөрөөс багасгаж шийдвэрлэсэн байхад дахин адил агуулгаар дүгнэлт хийж, төлбөрийг бууруулан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.
6.2.Нэхэмжлэгч “Г х” ХХК нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн (ТТ-15) тайланд 2019 оны 2, 3, 4 дүгээр улиралд экспортолсон 3655.19 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг дутуу тайлагнасан, 2019 онд 800 тонн, 2020 онд 911.66 тонн, нийт 1711.66 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 3,800,688,289.96 төгрөг, 2020 онд 464,105,752.57 төгрөг, нийт 4,264,794,042.53 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийг дутуу ногдуулсан, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй болох нь тус компаниас ирүүлсэн баримтуудаар тогтоогдсон.
6.3.Тус шүүхэд анхан шатны журмаар хянагдаж буй Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэргийг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гэж үзэхгүй бөгөөд уг Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр байгаа тохиолдолд ашигт малтмал ашигласны төлбөрийг хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнийг баримтлан төлөх үүрэгтэй. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсэг нь хууль бус болон илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, хуульд нийцсэн, холбогдох журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
7.1... Хариуцагч нар 2022 онд хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын акт тавихдаа Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөний улмаас Үндсэн хуулийн цэцээс 2019 онд хүчингүй болгосон хуулийг буцаан хэрэглэсэн.
7.2.Манай компанийг АМНАТ төлөгч гэж тооцож, тухайн үед хэрэгжиж байсан гэх хуулийг хэрэглэхдээ борлуулалтын үнэлгээнээс бус жишиг үнээс тооцож АМНАТ ногдуулсан. Уг үнээсээ алданги, торгууль тооцсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийт АМНАТ-ийн зөрчлийг Засгийн газрын тогтоолоор баталсан зах зээлийн жишиг үнэлгээнээс тооцож дааж давшгүй татвар, торгуулийн дарамтад оруулж, компанийн үйл ажиллагаа зогссон.
7.3. ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компани нь Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 5 дахь хэсэгт “Хайлуур жонш, Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FОВ үнэ (www.indmin.com) гэж заасныг хууль бусд тооцуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн, мөн хэрэг үүссэнтэй холбогдуулан анхан шатны шүүх дээр хэлэлцэгдэж буй хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй ... Засгийн газрын 81 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг хууль бусд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлтэй хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс шалтгаалж компанид ногдуулсан АМНАТ-ийн үнийн дүн өөрчлөгдөх бүрэн боломжтой. Гэтэл давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдэж буй хэргийн шийдвэрлэлтийг урьдчилан таамаглаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл тоон шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ нөхөн ногдуулалтын актын үнийн дүн өөрчлөгдөх боломжгүйгээр шийдвэр, магадлалыг баталгаажуулсан.
7.4.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “... Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FОВ үнэ (www.indmin.com) гэж заасныг хууль бусд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийн шийдвэрлэлтээс шалтгаалж маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын үнийн дүн өөрчлөгдөх боломжтой болохыг дурдаж өгнө үү” гэжээ.
8.Хариуцагч тал “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулга бүхий тайлбарыг өгөв.
9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
10.Хяналтын шатны шүүхээс гомдлыг хэлэлцүүлэхээр хүлээн авсан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх” үндэслэлийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын “зарим хэсгийг хангасан” анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэхдээ “бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож өөрчилсөн нь гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан эсэхийг хянахад энэ байдал тогтоогдсонгүй.
11.Учир нь, анхан шатны шүүхийн бууруулж шийдвэрлэсэн 21,758,929.33 төгрөгийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад Татварын маргаан таслах зөвлөл хассан бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий актаас уг дүнг хасч, үлдэх төлбөрийн талаар маргахдаа “2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн НА-21220000072 дугаар нөхөн ногдуулалтын актын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 384,649,502.53 төгрөгийн нөхөн ногдуулалтын актын төлбөрийг илт хууль бусд тооцуулах, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 193,587,121.71 төгрөгийн нөхөн ногдуулалтын актын төлбөрийг хүчингүйд тооцуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
12.Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий актаас Татварын маргаан таслах зөвлөлийн нэгэнт шийдвэрлэсэн (хассан), нэхэмжлэгчийн маргаагүй үнийн дүнг хасаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан байдлаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчилсөн, өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үр дагавар адил байх тул гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээргүй байна.
13.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээр хүлээн авсан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх үндэслэлийн тухайд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
13.1.Ашигт малтмалын тухай хуулийн (2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өөрчлөлт) 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг хууль тогтоогч 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар 47.1-д “ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэж өөрчилжээ. Өөрөөр хэлбэл 2011 оны хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (цаашид АМНАТ гэх) төлөгч нь зөвхөн “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч” байсан бол дээрх өөрчлөлтөөр ашигт малтмал “худалдсан”, “худалдахаар ачуулсан”, “ашигласан” хуулийн этгээд нь АМНАТ төлөгч байхаар өргөжүүлэн зохицуулсан байна.
13.2.Энэхүү 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг болон бусад холбогдох зүйл, заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдийн 04 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн” гэж үзэж хүчингүй болгосон.
13.3.Үүний дараа хууль тогтоогчоос 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар 47 дугаар зүйлийн 47.1.“Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:” 47.1.1.“ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2.“ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.1.3.“Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж өөрчилсөн бөгөөд уг хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.
13.4.Дээрхээс үзвэл, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөгдсөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор хүчингүй болсон тул 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хууль батлагдах хүртэл хугацаанд “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч”-ээс бусад этгээдийг АМНАТ төлөгч гэж үзэх эрх зүйн зохицуулалт байгаагүй гэж үзнэ.
13.5.Гэтэл хариуцагч нар дээрх Үндсэн хуулийн цэцийн тогтоол гарснаас хойш 3 жилийн дараа буюу 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн НА-21220000072 дугаар нөхөн ногдуулалтын актаар хүчингүй болсон хуулийг үндэслэн “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч” биш нэхэмжлэгч “Г х” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд экспортолсон хайлуур жоншны хүдэр, баяжмалд 384,649,502.53 төгрөгийн төлбөр ногдуулсан нь “илт хууль бус” буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” (Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж өөрчилсөн боловч агуулгын хувьд адил юм) гэсэн үндэслэлд хамаарна.
13.6.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан төрийн үйл ажиллагааны “хууль дээдлэх” зарчмын агуулга нь хууль тогтоох үйл ажиллагаа Үндсэн хуулийн зохицуулалтад, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн үйл ажиллагаа Үндсэн хууль болон хуулийн хүрээнд байхыг илэрхийлэх бөгөөд үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх” гэж захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим болгон хуульчилсан. Захиргаа “хуульд үндэслэх” гэдэг нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа эрх зүйн үндэслэлтэй байх (эрх зүйн үндэслэл нь хүчин төгөлдөр байх), тэрхүү үндэслэл нь дээд эрэмбийн хэм хэмжээтэй нийцсэн байхыг ойлгодог бөгөөд хэрэв уг зарчим зөрчигдвөл мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусд тооцогддог.
13.7.Энэ тохиолдолд маргаан бүхий актын эрх зүйн үндэслэл болох Ашигт малтмалын тухай хуулийн (2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн) 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Үндсэн хуулийн цэцээс “Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон, ингэснээр нэхэмжлэгчийн хувьд АМНАТ төлөх үүрэг үүсээгүй буюу хариуцагч шаардах эрхгүй байтал нөхөн ногдуулалтын актаар төлбөр ногдуулсан нь “хуульд заасан үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан” илт хууль бус байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол (Тодорхойлох хэсгийн 7.1) үндэслэлтэй.
13.8.Гэтэл анхан шатны шүүх “... Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр тогтоол гармагцаа хуулийн хүчин төгөлдөр болох авч, энэ тохиолдолд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батлагдаж, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, энэхүү маргаан бүхий харилцааг зохицуулж буй Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт энэ өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилсээр байх бөгөөд хууль тогтоогчийн хууль батлан гаргахтай холбоотой бүрэн эрх хөндөгдөх боломжгүй, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр батлан гаргаснаараа хууль хэрэгжих хугацааны хийдэл гарсан гэж үзэхээргүй байна ...” гэсэн алдаатай дүгнэлт хийсэн, үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй нь буруу байна.
13.9.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаас хойш хүчингүй болгосон хуулийг хэрэглэхгүй гэсэн агуулгатай. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хууль баталсныг “цаг хугацааны хийдэлгүй” гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарахаас өмнө нь үйлчилж байсан ч, хүчингүй болсон хуулийг хариуцагч 3 жилийн дараа хэрэглэн акт гаргасныг зөвтгөх үндэслэл болохгүй.
13.10.Тодруулбал, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хүчингүй болсон тул үүнээс хойш цаг хугацаанд уг хуулийг хэрэглэхгүй, мөн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг нь гарсан цагаасаа хойш үйлчлэх бөгөөд уг хуулийг буцаан хэрэглэхгүй (Энэхүү хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд).
13.11.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн “2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн НА-21220000072 дугаар нөхөн ногдуулалтын актын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 384,649,502.53 төгрөгийн төлбөрийг илт хууль бусд тооцуулах” шаардлагыг хангах нь зүйтэй байна.
14.Нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны 193,587,121.71 төгрөгийн нөхөн ногдуулалтын актын төлбөрийг хүчингүйд тооцуулах” шаардлагыг хангах үндэслэлгүй, уг хэсгийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг буруутгах боломжгүй юм.
15.Учир нь, дээр дурдсанаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг нь гарсан цагаасаа хойш үйлчлэх бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Уг зүйлийн 47.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь “ашигт малтмал экспортолсон этгээд” болохын хувьд АМНАТ төлөх үүрэгтэй. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн (2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн) 1 дүгээр зүйлд “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө”, 1.2-т “Ашигт малтмал экспортолсон этгээд” гэжээ.
16.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.14-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж тус тус заасан.
17.Үүний дагуу Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор Хайлуур жоншны үнийн эх сурвалжийн нэрийг Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com) байхаар заасан бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд хариуцагч нараас тухайн үнийн эх сурвалжийг үндэслэн нэхэмжлэгчийн борлуулалтын үнэлгээг тооцон төлбөр ногдуулсныг хууль бус гэж үзэх, “үндэслэлгүй өндөр үнийг баримтлан дааж давшгүй татвар ногдуулсан” гэж буруутгах боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг (Тодорхойлох хэсгийн 7.2) хангах үндэслэлгүй.
18.Ашигт малтмалын тухай хуульд заасан хувь, хэмжээ болон Засгийн газрын дээрх тогтоолд заасан үнийн эх сурвалжийг үндэслэн тооцсон маргаан бүхий актын үнийн дүнтэй холбоотой тооцооллын маргаан байхгүй байна.
19.Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0196 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2024/0455 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.6, Татварын ерөнхий хуулийн (2019 оны) 28 дугаар зүйлийн 28.1, 42 дугаар зүйлийн 42.1, 82 дугаар зүйлийн 82.1, Ашигт малтмалын тухай хуулийн (2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өөрчлөлт) 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2, 47.2.1, 47.3.3, 47.5, 47.16, 47.16.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн (2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн) 1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г х” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн НА-21220000072 дугаар нөхөн ногдуулалтын актын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 384,649,502.53 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож”, үлдэх “2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны 193,587,121.71 төгрөгийн нөхөн ногдуулалтын актын төлбөрийг хүчингүй болгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Г.БАНЗРАГЧ