Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/01425

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2017/00502 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 134 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Н-д холбогдох

Зээлийн төлбөрт 6 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч С.Н-, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие С.Н-тэй 2015 онд танилцсан бөгөөд тухайн үед С.Н- нь “Япон Улс руу Цагаан лянхуа намрын наадамд оролцохоор явах болсон тул 4 500 000 төгрөг хэрэгтэй болоод байна олж өгөөч, явж ирээд буцааж өгнө” хэмээн гуйсан. Би түүний гуйлтын дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт овоот 6-р гудамж 35 тоот хаягт байрлах 800 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 4 500 000 төгрөгөөр зарж уг мөнгийг С.Н-д өгсөн. Мөн 2016 оны 3 сард “ээжийн бие муу байгаа тул Улаанбаатар хотод хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай болоод байна. Эмчилгээний зардалд 1 600 000 төгрөг хэрэгтэй тул хамтран банкнаас зээл авч өгөөч, би буцааж төлнө” гэсэн. Түүний гуйсны дагуу 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банкнаас С.Н-тэй хамтран цалингаа барьцаалан 2 000 000 төгрөг зээлж авсан. Үүнээс түүнд 1 600 000 төгрөгийг өгсөн. Гэтэл надаас авсан мөнгөө өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй бөгөөд удаа дараа өгөхийг шаардсан боловч хашаа байшингаа зараад мөнгийг чинь өгнө гэдэг ч өдийг хүртэл өгөөгүй байна.

Иймд С.Н-ээс 6 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Г- нь надад 6 100 000 төгрөг өгсөн. Түүнийгээ гаргуулахаар шаардлага гаргасан байх бөгөөд үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ хүнээс ийм их хэмжээний мөнгийг гар дээрээ хүлээн авч байгаагүй ба Япон Улс руу бясалгалд явахад надад 4 500 000 төгрөг зарцуулаагүй, би гардаж аваагүй. Мөн надад 1 600 000 төгрөгийг өгсөн мэтээр бичсэн байна. Би энэ мөнгөнүүдийг хэзээ авснаа санахгүй байна. Би сургуулийн насны 2 хүүхэдтэй ба тэд маань Б.Г-ийг ааваа гээд дасчихсан байхад өөр хүүхэнтэй болоод намайг хүүхдүүдтэй маань хаяад явсанд гомдолтой байдаг. Б.Г- надад ийм их хэмжээний мөнгө өгсөн бол надаар гарын үсэг зуруулж баримт үйлдүүлж авах байлгүй дээ. Б.Г- хамтран амьдрах хугацаандаа надад болон хүүхдүүдэд маань цалингаа зарцуулдаггүй байсан ба цалингаа өөртөө л хэрэглэдэг байсан. Цалинг нь гар дээрээ авч хоол хүнс болон хэрэглээндээ хэрэглэж үзээгүй.

Иймд Б.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба энэ хүн надаас мөнгө нэхэмжлэх эрхгүй гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2017/00502 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан С.Н-ээс 4 030 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-т олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2 070 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 112 550 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 48 070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 134 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2017/00502 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар С.Н-ээс 2 530 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 1, 2 дугаар заалтыг нэгтгэж 3, 4 дүгээр заалтыг 2,3 дугаар заалт гэж, шийдвэрийн 3 дугаар заалтыг “...хариуцагчаас 48 070 төгрөг” гэснийг “...55 430 төгрөг...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 134 дүгээр магадлалыг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэр, хэрэгт байгаа нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт өгөхдөө бодитой бус хандлаа. Давж заалдах шатны шүүхээс С.Н- 10 сард Япон Улс руу явахдаа уг 3 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон гэж үзсэн атлаа нэхэмжлэгч хангалттай нотолж чадаагүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр багасгаж шийдлээ.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

     ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зээлийн гэрээний харилцаанаас үүдэлтэй гэж үзэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангажээ. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээг өөрчилж, хууль хэрэглээний алдааг залруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч С.Н-д холбогдуулан түүнд зээлүүлсэн 6 100 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 4 500 000 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч С.Н- нь мөнгө зээлж аваагүй гэх үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэлийг татгалзсан байна.

Зохигчид нь 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан ба ийнхүү хамт амьдарч байх хугацаанд хариуцагчийг Япон улс явахад нь, мөн ээжийнх нь эмчилгээнд зориулж өгсөн мөнгө болон цалингийн зээлийн зарим хэсгийг нэхэмжлэгч Б.Г- хариуцагчаас нэхэмжилсэн байна. Зохигчид нь гэрлэлтийн бүртгэлгүйгээр хамтран амьдарч байсан тул тэдгээрийн хэн алиных нь өмчлөлийн эд хөрөнгө, мөнгийг дундын өмчлөлийнх гэж үзэх үндэслэлгүй ба дээрх байдлаар захиран зарцуулсан мөнгийг гэр бүлийн буюу хамтын хэрэгцээнд ашигласан гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйгээс гадна мөн хуулийн 38 дугаар зүйлийн  38.1.-д зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтын талаар баримтаар нотлогдсон хэмжээнд дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 134 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.УНДРАХ

                                             ШҮҮГЧ                                                            Ц.АМАРСАЙХАН