Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1175

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, 

иргэдийн төлөөлөгч С.Цэрэндэжид,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-д холбогдох эрүүгийн 1906 00000 0446 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Э, 1986 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүл 1, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 2 дугаар баг Суврага 10 дугаар гудамжны 10 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо оршин суух тодорхой хаяггүй, /цахим үнэмлэх хэвлэгдээгүй хх-ийн 182/ улсаас авсан гавъяа шагналгүй,

-урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн бүгд 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэргийн болон хэрэгтний хувийн байдлыг харгалзан 3 жил 7 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зуйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсэн,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД: МА86042917/,

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын гадна иргэн З.Нисгэгчийн эд зүйлийг хүч хэрэглэн авахаар довтолж гар утас, түрийвч, бэлэн 120.000 төгрөг, Хаан банкны виза карт, смарт карт, сим картны гэр 2 ширхэг, иргэний цахим үнэмлэх зэрэг эд зүйлийг дээрэмдэж 189.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын гадна иргэн З.Нисгэгчийн эд зүйлийг хүч хэрэглэн авахаар довтлох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

-2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 147 дугаар байрны хажуугийн хүүхдийн тоглоомын талбайд Б.Баярсайханы гар утас, 2 ширхэг бөгж зэрэг эд зүйлийг авч өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Б.Баярсайхантай маргалдаж, хоолойг нь боож санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Дархан-Уул аймгаас 02 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн байсан. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дэнжийн 1000 орох гээд 4 замын гэрлэн дохио гарах гээд явж байхад 7 буудал хаана байдаг вэ гэж нэг хүн асуусан. Тэгээд би ийшээ явна. Таньд заагаад өгье гэж хэлээд тамхи асуугаад хамт явж байгаад хажуу талд подвол шиг ордог юмтай газар байхаар нь би татаад гадна талын халаасанд нь байсан утас, түрийвч хоёрыг нь аваад зугтах гэтэл зүүн талын мөрнөөс татсан. Тэгээд зүүн талын мөрөө тавиулах гээд түүнийг ёвроод зугтах гэж байтал цаана баарны үүдэнд байсан хүмүүс болиоч гэж хэлсэн. Тэгээд би цуг яваа хүмүүс юм болов уу гэж бодоод зам хөндлөн гараад зугтаагаад явсан. Гандан өгсөж явахдаа түрийвчийг нь үзсэн чинь 28.000 төгрөг, виза карт байсан. Би мөнгийг нь аваад түрийвчийг нь зам руу шидээд, гар утасных нь симийг нь хаяад явсан. Би хохирогчийг цохисон зүйл байхгүй. Би байцаагчид хэлж байсан. Гэтэл прокурор чамд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт чинь камерийн бичлэгт байгаа гэсэн боловч бичлэгийг надад үзүүлээгүй.

Нарантуул зах руу 2 дугаар сарын 28-ны өдөр өмнө нь вокзал дээр таарч байсан зүс таних Болд гэж ахтай хамт Нарантуул орж хүнтэй уулзаж мөнгө авна гэхээр нь хамт явсан. Тэгээд зах орж хүнтэй уулзаад мөнгө аваад, нэг шил архи авч уучихаад, буцаад вокзал явах гээд автобусны буудал явж байхад нэг ах таараад 2000 төгрөг байна нэмэрлээд хамт архи авч ууя гэж хэлсэн. Тэгээд мөнгө нэмэрлээд дэлгүүрээс архи аваад байрны гадаа хүүхдийн тоглоомын талбай дээр хамт уусан. Тэгээд нөгөө ах гартаа “Нокиа” маркийн гар утас барьчихсан байхаар нь би утсыг нь булааж аваад цаашаа байрны булан тойроод явж байгаад, Болд ахыг араас ирэх юм болов уу гэж бодсон чинь ирэхгүй байхаар нь байрыг нь бүтэн тойроод буцаж очоод хашааны тэндээс хартал Болд ах чиний утас чинь тэрэнд байгаа гээд над руу заасан. Тэгээд би хашаа даваад ороод ирсэн чинь утас өг гэж хэлээд талийгаач намайг заамдсан. Тэгэхээр нь би зөрүүлээд боосон чинь бие  нь сулраад унахаар нь сандал дээр тэр чигээр нь дарж хэвтүүлээд, хоёр бөгжийг нь аваад, сэргэчих юм болов уу гэж бодоод тэр чигээрээ явсан. Би уг нь утсыг нь аваад явах зорилготой байсан. Хүний амь насанд хүрэх зорилго надад байгаагүй. Би талийгаачийн оршуулгын зардлыг ажил хийж төлнө. Ар гэрээс нь уучлалт гуйж байна, би санаатай хүний амь хохироое гэж бодоогүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би талийгаачийн төрсөн дүү нь байгаа юм. Манай ах настай ээжийн маань нүд, хөл нь болж явсан. Манай ах олон эмэгтэй хүүхдүүдийн дунд өссөн тул аймхай, их зөөлөн хүн байсан. Өнгөрөхөөс 7 хоногийн өмнө манайд орж ирээд мөнгөтэй болсон гээд манай хүүхдэд 20,000 төгрөг өгөөд гарсан. Нас бардаг өдрөө 12 цагт ээж рүү утсаар ярьсан байсан. Ээж ахад түрийвч авсан гэхэд гэрээ эрэгчихээд очино. Та хоол хийгээд байж бай гэж хэлсэн байсан. Цагдаагийн газраас манай дүү рүү залгаж хэлээд бид нар хэргийн талаар мэдсэн. Манай ахын бөгж дуураймал бөгж байсан. 8000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлж байсан. Энэ хүнийг өөрөө эхэлж архи ууя гэж өдөж дуудсан гэж бодохгүй байна. Харин хүн дуудвал очиж тусах хүн юм. Сүүлийн үед ээжтэй хамт амьдардаг байсан тул бид нарт хэрэгтэй байсан. Энэ залууд зүгээр утсыг нь аваад явчихгүй яасан юм бэ? гэж хэлмээр байна. Бидэнд гомдолтой байна. Хэлэх үг олдохгүй байна. Оршуулгын зардлын баримтыг байцаагчид өгсөн байгаа. Энэ залуугийн хэлж байгаад итгэхийг хүсэж байгаа боловч бидэнд хэцүү байна. Бид ээждээ болон талийгаачийн төрсөн охинд нь үнэнийг хэлээгүй зүрх нь зогссон гэж хэлсэн байгаа. Ээж ахыг өнгөрснөөс хойш бие нь тааруу байгаа. Энэ залуугийн өмнөөс харамсаж байна. Гэмт хэргийн улмаас талийгаачийн оршуулгын зардалд нийт 8.546.660 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ. Өөр хэлэх зүйл байхгүй, хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Долгорсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...талийгаач нь архаг хууч өвчин гээд байх зүйл байхгүй. Баруун гар өвдөөд юм бичиж болохгүй байна гэж байсан. Мөн хараа маш муутай. Талийгаач нь савхи шиг материалтай саравчтай малгайтай. Хар өнгийн куртиктай хар өнгийн гуталтай байж магадгүй гэж бодож байна. ...тэр өдөр ахын биеэс алдагдсан эд зүйлс нь гарт нь байсан 2 бөгж, нэг нь шар өнгөтэй нэг нь цагаан өнгийн шармал хийцтэй бөгж байсан. гар утас нь Нокиа 105 загварын хар өнгийн 85000 төгрөгийн үнэтэй байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40/,

Насанд хүрээгүй гэрч Б.Саруул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...15 цаг өнгөрч байхад би сургуулиасаа тараад байрны урд талаас алхаж ирж байтал хүүхдийн тоглоомын талбайд 3 эрэгтэй траншены бололтой муухай хувцастай хүмүүс сууж байсан. Тухайн үед их чанга ярьж байсан ба эцэг эхээс уламжлагдан ирсэн бөгж, ямар нэгэн чулуутай гэж байсан ба нэг залуу нь баахан урт уяа шиг зүйл гартаа барьсан байсан 40-45 орчим насны хүмүүс байсан. Хохирогч нь өмд хар куртиктай байсан. Нөгөө залуу нь хар палито өмссөн байсан үлдсэн хүнийг нь анзаараагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 25/,

Гэрч Г.Үнэнбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...15 цагийн үед гадаа хүмүүсийн дуу чангараад байхаар нь цонхоор харахад 147 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбай дээр 2 хүн ноцолдоод нэг хүн хараад зогсож байсан. нэг нь унаад нэг нь дээр нь гараад ноцолдоод сандал дээр дараад байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 44-45/,

Гэрч Ү.Одонтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тус өдөр охиноо салхилуулах гээд цаг харахад 15 цаг болж байсан. Цонхоор тоглоомын талбай руу харахад 3 хүн архи ууж байсан. ...гурван хүн байсныг харсан юу өмссөн зүүсэн талаар анзаараагүй. Гурван эрэгтэй хүн байсан. Юу ярьсан талаар сонсоогүй. Муудалцаад орилолдоод байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-49/,

Гэрч М.Эрдэнэбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Талийгаач нь хар өнгийн нокиа гар утастай, баруун гарын долоовор хуруунд тольтой шар өнгийн бөгж, зүүн гарын долоовор хуруунд мөнгөн юм шиг ногоон шигтгээтэй том тольтой бөгж зүүсэн байсан. Өдөр надтай уулзаад салхад уг бөгжнүүд нь байсан. талийгаачийн баруун гарын бугуйнд бор өнгийн эрх зүүлттэй байсан. ...талийгаач явахдаа өөрт нь мөнгө байхгүй гэхэд нь би 2000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 54, 181/,

Хохирогч З.Нисгэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Анх нэг хүн тааралдахаар нь Бөмбөгөр хаана вэ бөмбөгөрөөс 7 буудал руу яаж явах вэ ах нь гэрээ олохгүй төөрсөн байна гэхэд мэдэхгүй гэсэн тэгснээ надаас тамхи байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би тамхи байхгүй ах нь тамхи татдаггүй юм гэхэд заамдаад гражийн үүд хэсэг рүү ордог хонгил юм уу хазгай газар руу чирээд орчихсон. Тэгээд тэр залуу миний баруун нүд шанаа орчим руу 2 удаа гараараа цохисон. Миний нүдний шил унасан. Тэгээд халаас уудлаад миний гадуур хувцасны халаасанд байсан гар утас хэтэвчтэй мөнгийг авсан. Энэ үед гаднаас 2 залуу ирж байсан. Тэр хоёр залуу над дээр ирээд буцаад яваад өгсөн. ...гар утасны үнэ болох 25.000 төгрөг, бэлэн 120.000 төгрөг нийт 145.000 төгрөг нэхэмжилж байна. ...миний гар утас ногоон саарал өнгө орсон ланд ровер нэртэй 2 сим карт ордог Хятад утас байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 30, 79/,

Гэрч Т.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Барс захын Хаан банкны салбарын орчим архи ууж байсан Тайванаа гэх залуу архи авах гэсэн мөнгө дутаад байна. Нэмэрлэх юм байна уу гэж асуухаар нь Тайванаа гэх залууд өөрийн 80135980 гэсэн дугаарт байгаа нэгжийг хүнд зараад нэмэрлэчих гэж хэлсэн. Миний дугаарыг аваад мөн пин код болох 4421 гэсэн дугаарыг хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 32/,

Гэрч Д.Оюунтүлхүүр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...”Т гэгч намайг Нарантуул зах дээр нохойны хоол зарж байхад ирээд дүү нь ядарч явна танайд хэд хоноё гэхэд нь нөхрөөсөө асуутал нөхөр хонуулахыг зөвшөөрсөн. Тэгээд Тайванаа надад хандан эгчээ надад хоёр rap утас байна та зараад өгөөч гэхээр нь Дэнжийн мянга дахь Хүчит шонхор зах дээр таньдаг ах Очироод цагаан өнгөтэй гар утсыг 12.000 төгрөгөөр зарсан. Нөгөө ногоон өнгөтэй гар утсыг Тайванаад буцаагаад өгсөн” гэх мэдүүлэг /2хх-ийн 38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын  №645 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач нь багалзуурдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ.

2. Хүзүү эрүүнд цус хуралт, зулгаралт үүссэн байна.

3. Дээрх гэмтэл нь хүзүүг сарвуугаар базаж шахах үед үүснэ.

4. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна.

5. Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.

6. Цус нь 3 дугаар бүлэг байна. гэх дүгнэлт. /1хх-ийн 102/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №611 дугаартай дүгнэлт:

1. Б.Э сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Э нь хэрэг хариуцах чадвартай байна.

3. Б.Э-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. гэх дүгнэлт /1хх-ийн 109/,

             Яллагдагч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр хүний энгэрийн халааснаас авсан гар утсаа авч явж байгаад тэр шөнөө төмөр замын вокзал орж хоносон. Тэгээд маргааш нь Дэнжийн мянгын Нарантуул-2 захын урд Мөнхбаяртай явж байхад урд нь гэрт нь очиж архи ууж байсан Ожгий эгч нөхөр болох Эбэтэй таарсан. Ожгий эгч, Эбэ ах хоёртой архи уухаар болоод тэдний гэрт очсон. Архи уухын тулд нөгөө хүнээс авсан гар утсаа зараад архи авчих гэж хэлсэн. Тэр өдрөө утас зарсан мөнгөөрөө архи авч уугаад тэдний гэрт хоночихоод маргааш өглөө нь явсан. ....сүүлчийн билэг дээрх харагдаж байгаа газар бол би тэр хүний бөгжийг авах гэж ноцолдож байгаад боож унагаад орхиод явсан газар харагдаж байна. би тэр хүний гар утсыг авчихаад байр тойрч ирээд бичлэгт харагдаж байгаа сандал дээр суусан. Тэр үед нөгөө ах Болд ахын хамт ирчихээд гар утас өг гээд намайг заамдаад авсан. Би зөрүүлээд заамдаад суүж байсан сандал руугаа дарсан. Болд ах харж байгаад явчихсан. Болд ахыг явсны дараа тэр эрэгтэйг заамдаад дарж байгаад бие нь сулраад ухаан алдчих шиг болохоор нь гарнаас нь бөгжийг нь аваад явсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 93/,

             Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Ундармаагийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №2479 дугаартай дүгнэлт:

             1. З.Нисгэгчийн биед баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, баруун завьжны язрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

             3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жүрмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэх дүгнэлт /2хх-ийн 42/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 4-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 17-21/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 21-24/, Эд зүйлийн үнэлгээ: “Загвар тодорхойгүй 2 сим уншдаг Хятад улсад үйлдвэрлэсэн гар утсыг 25.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан” /2-р хх-ийн 45/, Эд зүйлийн үнэлгээ: “З.Нисгэгчийн алдсан эд зүйлсийг 44.700 төгрөгөөр үнэлсэн” /2-р хх-ийн 84/, Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 114/,  хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 22-26/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 32-34/, талийгаачийн оршуулгын зардлын талаарх нотлох баримтууд /хх-154-167/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 168-179/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-183/, Шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-185-207/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын гадна иргэн З.Нисгэгчийн эд зүйлийг хүч хэрэглэн авахаар довтолж гар утас, түрийвч, бэлэн 120.000 төгрөг, Хаан банкны виза карт, смарт карт, сим картны гэр 2 ширхэг, иргэний цахим үнэмлэх зэрэг эд зүйлийг дээрэмдэж 189.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч З.Нисгэгчийн: “...Анх нэг хүн тааралдахаар нь Бөмбөгөр хаана вэ бөмбөгөрөөс 7 буудал руу яаж явах вэ ах нь гэрээ олохгүй төөрсөн байна гэхэд мэдэхгүй гэсэн тэгснээ надаас тамхи байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би тамхи байхгүй ах нь тамхи татдаггүй юм гэхэд заамдаад гражийн үүд хэсэг рүү ордог хонгил юм уу хазгай газар руу чирээд орчихсон. Тэгээд тэр залуу миний баруун нүд шанаа орчим руу 2 удаа гараараа цохисон. Миний нүдний шил унасан. Тэгээд халаас уудлаад миний гадуур хувцасны халаасанд байсан гар утас хэтэвчтэй мөнгийг авсан.” гэсэн мэдүүлэг,

-2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын гадна иргэн З.Нисгэгчийн эд зүйлийг хүч хэрэглэн авахаар довтлох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч З.Нисгэгчийн: “...Тэгэхээр нь би тамхи байхгүй ах нь тамхи татдаггүй юм гэхэд заамдаад гражийн үүд хэсэг рүү ордог хонгил юм уу хазгай газар руу чирээд орчихсон. Тэгээд тэр залуу миний баруун нүд шанаа орчим руу 2 удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №2479 дугаартай дүгнэлтээр,

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 02 дугаар 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 147 дугаар байрны хажуугийн хүүхдийн тоглоомын талбайд Б.Баярсайханы гар утас, 2 ширхэг бөгж зэрэг эд зүйлийг авч өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Б.Баярсайхантай маргалдаж, хоолойг нь боож санаатай алсан болох нь

Хохирогч Б.Долгорсүрэнгийн: “...Талийгаач нь савхи шиг материалтай саравчтай малгайтай. Хар өнгийн куртиктай хар өнгийн гуталтай байж магадгүй гэж бодож байна. ...тэр өдөр ахын биеэс алдагдсан эд зүйлс нь гарт нь байсан 2 бөгж, нэг нь шар өнгөтэй нэг нь цагаан өнгийн шармал хийцтэй бөгж байсан. гар утас нь Нокиа 105 загварын хар өнгийн 85000 төгрөгийн үнэтэй байсан..." гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.Саруулын: “...15 цаг өнгөрч байхад би сургуулиасаа тараад байрны урд талаас алхаж ирж байтал хүүхдийн тоглоомын талбайд 3 эрэгтэй траншены бололтой муухай хувцастай хүмүүс сууж байсан. Тухайн үед их чанга ярьж байсан ба эцэг эхээс уламжлагдан ирсэн бөгж, ямар нэгэн чулуутай гэж байсан ба нэг залуу нь баахан урт уяа шиг зүйл гартаа барьсан байсан 40-45 орчим насны хүмүүс байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Үнэнбатын: “...15 цагийн үед гадаа хүмүүсийн дуу чангараад байхаар нь цонхоор харахад 147 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбай дээр 2 хүн ноцолдоод нэг хүн хараад зогсож байсан. нэг нь унаад нэг нь дээр нь гараад ноцолдоод сандал дээр дараад байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ү.Одонтуяагийн: “...Тус өдөр охиноо салхилуулах гээд цаг харахад 15 цаг болж байсан. Цонхоор тоглоомын талбай руу харахад 3 хүн архи ууж байсан. ...гурван хүн байсныг харсан юу өмссөн зүүсэн талаар анзаараагүй. Гурван эрэгтэй хүн байсан. Юу ярьсан талаар сонсоогүй. Муудалцаад орилолдоод байсан...” гэсэн мэдүүлэг,

          Гэрч М.Эрдэнэбаатарын: “...Талийгаач нь хар өнгийн нокиа гар утастай, баруун гарын долоовор хуруунд тольтой шар өнгийн бөгж, зүүн гарын долоовор хуруунд мөнгөн юм шиг ногоон шигтгээтэй том тольтой бөгж зүүсэн байсан. Өдөр надтай уулзаад салхад уг бөгжнүүд нь байсан. талийгаачийн баруун гарын бугуйнд бор өнгийн эрх зүүлттэй байсан. ...талийгаач явахдаа өөрт нь мөнгө байхгүй гэхэд нь би 2000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг,

-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг,

-өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн амь хохирогч Б.Баярсайхан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №645 тоот дүгнэлтээр хүчтэй зэргийн согтолттой байсан болох нь нотлогдсон ба талийгаач Б.Баярсайхан нь шүүгдэгч Б.Э-тай хамт архи согтууруулах ундааний зүйл хэрэглэж өөрийн эд зүйлийг өгөхгүй гэж шүүгдэгчтэй маргалдаж түүнд эсэргүүцэл үзүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Б.Саруул, гэрч Г.Үнэнбат нарын мэдүүлгээр тогтоогдсон тул талийгаач Б.Баярсайханыг биеэ хамгаалж чадахгүй байсан нөхцөл байдал үгүйсгэгдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэн нь гэмт хэргийн улмаас талийгаачийн оршуулгын зардалд нийт 8.546.660 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн ба шүүх бүрэлдэхүүн хүнийг оршуулахад гарсан зайлшгүй зардал гэж үзэж гэм буруутай этгээд буюу шүүгдэгч Б.Э-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э-д хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон болно.

Шүүх шүүгдэгч Б.Э-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, ял хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт хуульд заасан хорих ял,

-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт хуульд заасан торгох ял,

-өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэмт хэрэгт хуульд заасан хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, амь хохирогч Б.Баярсайханы 10 ширхэг хумсны дээж, шүүгдэгч Б.Энхтйаваны 8 ширхэг хумсны дээж, хэрэг болох үед өмсөж явсан саарал өнгийн малгай 1 ширхэг, саарал өнгийн куртик 1 ширхэг, хоёр талдаа гурван эгнээ цагаан өнгийн каннтай хар өнгийн даавуун өмдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэсийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг,

-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг,

-өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

-Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

-Мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Э-д 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг,

-Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг /арван таван нэгжийг нэг өдрийн хорих ялаар тооцож/

-Мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр тус тус нэмж нэгтгэн Б.Э бүгд биечлэн эдлэх хорих ялыг нийт 16 /арван зургаа/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Б.Э-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ы урьд цагдан хоригдсон нийт 157 /нэг зуун тавин долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, амь хохирогч Б.Баярсайханы 10 ширхэг хумсны дээж, шүүгдэгч Б.Э 8 ширхэг хумсны дээж, хэрэг болох үед өмсөж явсан саарал өнгийн малгай 1 ширхэг, саарал өнгийн куртик 1 ширхэг, хоёр талдаа гурван эгнээ цагаан өнгийн каннтай хар өнгийн даавуун өмдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Э 8.546.660 /найман сая таван зуун дөчин зургаан мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнд олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР

 

  •  

 

  •