Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1168

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогч С.Алтантуяа, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч А.Золжаргал, Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн 1806 08243 0134 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Г, 1963 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Батширээт сумын 2 дугаар баг, Барх хэмээх газар нутаглах албан ёсны хаягтай боловч, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 6 дугаар хороо, Горхийн баруун салаанд оршин суудаг гэх, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзагдсан, РД:/ 

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз захын орчимд Хюндай портер 2 маркийн 26-14 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа тухайн үед мөрдөгдөж байсан 2004 оны Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “е”, 11.5 “б”, 22.2 “а”, 22.6-д заасныг тус тус зөрчин автомашинаа явган хүний зам дээр байрлуулсан, ачиж яваа дээврийн нимгэн төмөрт таних тэмдэг тавиагүйн улмаас явган зорчигч С.Алтантуяа дээврийн нимгэн төмрийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирол төлбөрт 800.000 төгрөг төлсөн” гэв.

Хохирогч С.Алтантуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 10 дугаар сарын 7-ны өдөр дүүдээ юм өгөхөөр хүүхдээ дагуулаад явж байсан. Зам хөндлөн гараад явган хүний замаар зүүн гар тийш эргээд нэг юм мөргөсөн. Тэгээд юу мөргөснөө харахад машины тэвшин дээрх байсан дээврийн төмөр байсан. Миний нүүрээр халуун юм урсахаар нь гараараа дараад охиноосоо асуухад таны нүүрнээс цус гараад байна гээд айгаад уйлсан. Тэгээд би урагшаа жолоочид нь очиж илүү гаргаж ачсан төмрийг чинь мөргөчихлөө гэж хэлсэн. Удалгүй нэг эмч ирээд намайг үзээд эмнэлэг явах хэрэгтэй гэж хэлсэн. Гэтэл жолооч намайг битгий эмнэлэг яваач, таны эмчилгээг хийлгэж өгнө гэж хэлсэн ч би эмнэлэг орж үзүүлэхгүй бол болохгүй гээд эмнэлэгт үзүүлсэн. Шүүгдэгч хэрэг гарсан өдрөөс хойш нэг ч удаа надтай холбоо барьж, уучлалт хүсээгүй. Миний нүд одоо сохрох гээд явж байхад Д.Г сэтгэл гаргаагүй. Би залуу хүн гэтэл Д.Ггээс болж насаараа эрэмдэг зэрэмдэг явах болж байна. Анхны шүүх хурал болоход би Д.Г болон түүний гэр бүлийн хүнтэй нь уулзсан. Гэтэл эхнэр нь надад бид нар таньдаг хүнээрээ яриулаад энэ хэрэг болох байх гэж бодсон. Тэгэл нөгөө хүн нь ажлаасаа гарсан байна гэж надад хэлсэн. Би ажил хийж нөхөр, үр хүүхдүүдээ асраад амьдардаг байсан. Гэтэл би одоо ажил хийж чадахгүй болсноос хойш, манай нөхөр ажлаасаа гарч хөдөө орон нутагт илүү цалинтай ажил хийх болж гэр бүлээ тэжээж чадахгүй юм байна гээд явсан. Хүүхдүүд маань эцэгтэйгээ ч уулзаж чадахгүй байгаа. Шүүгдэгчийн бэр нь надад таньдаг эмч хүн байгаа таныг үзүүлж, эмчлүүлнэ гэдэг ч намайг дуудаж, эмчид үзүүлсэн удаа нэг ч байхгүй. Би нэг удаа Д.Г рүү залгахад эхнэр нь чамтай юу ярихав дээ шүүх хурал дээрээ энэ талаар ярилцана гэж хэлэхээр нь би дахиж яриагүй. Намайг зүү эмчилгээнд явахгүй бол нүүр чинь таталт өгнө гэж хэлсэн. Би Д.Гг эмчилгээний мөнгө өгөөч гэхэд манай компаниас өгнө гэсэн гээд надад мөнгө өгөөгүй. Анхны шүүх хурал болох үед 800.000 төгрөгийг өгсөн, өөр хохирол төлбөр төлсөн зүйл огт байхгүй. Манай гэр бүлийн хүмүүс энэ хэргээс болж их хохирч байна. Би маш их гомдолтой байна, эмчилгээний зардалд нийт 3.951.014 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэв.

Хохирогч С.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдрийн 16 цаг өнгөрч байсан байх. Цайз захын урд Боса худалдааны төвийн чанх ар хэсэгт явган 5 настай хүүхэдтэйгээ автомашины зам хөндлөн гараад зүүн эргэтэл зүүн нүд эвгүй болоод явчихсан. Зүүн нүдээ чанга дараад явган хүний зам дээр машинаа тавьж байдаг гээд хартал портер машин дээврийн урт төмөр илүү гаргаад ачсан, тэр төмрөнд нүдээ цохьсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/,

Гэрч Ц.Батхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...100 айлаас барилгын материал ачсан. 8 метрийн урттай дээврийн төмрийг дундуур нь хувааж 4 метр болгоод машин дээр нь ачсан. Хэдэн төмөр ачсанаа санахгүй байна...тэгээд машины урд бөөнөөрөө зогсч байсан байтал нэг хүүхэн баруун урд талаас танай машиныг мөргөчихлөө гээд цусаа гоожуулаад ирсэн. Тэгээд машинаа бид тойртол шалбааг байсан цус байгаа харагдаагүй тэгэхээр нь би та нар анхны тусламж үзүүл гэж хэлэхэд Энхнарангийн дүү гэх залуу тэр гэмтсэн эмэгтэйн машиныг унаад хамт явах шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,

Гэрч Б.Цэрэндолгор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...надад миний өөрийн хувцсыг өгөөд гарсан, тэгээд удаагүй над руу залгаад нүдээ юманд зүсчихлээ  гараад ирээч гэсэн. Тэгээд ажлаас гараад замын эсрэг талд гүйгээд зам гараад зогсож байсан. Портер машины араас гарах гэж байхад машинаас илүү гарсан төмөрт нүүрээ авах шахсан, тэнд эгч Портер машины баруун талд зогсож байсан, түүнтэй хамт охин нь бас танихгүй 2 эрэгтэй хүн байсан, дараа нь нэг эмэгтэй нэмэгдэж ирж байсан. Миний санаж байгаагаар эгчийн машиныг нэг хүн бариад, түүнийг цэргийн госпитал руу авч явсан, би ажил руугаа орсон, тэгтэл эгч залгаад хэргийн газарт цагдаа ирсэн байна, чи очоодох гэсэн, тэгээд би цагдаатай очиж уулзсан, болсон үйл явдлыг хэлсэн. Манай эгч ямар ч нүүрэндээ сорвигүй, шархгүй хүн байсан, юу нь архи уусан гэж, тэрээр машинаа бариад, хүүхэдтэйгээ явж байсан, хэн архи уусан гээд байгаа юм, бид маш их гомдолтой байна, эрүүл саруул хүнийг ийм болгосонд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 120/,

Иргэний хариуцагч С.Болормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хюндай портер маркийн 26-14 УНЧ улсын дугаартай автомашин миний өөрийн нэр дээр байсан машин юм, тухайн осол болохоос өмнө миний өөрийн нэр дээр байсан, ер нь анх уг машиныг худалдаж авахад компаниас мөнгийг нь гаргах боломжгүй байсан  тул өөрөө мөнгөөрөө аваад, нэр дээрээ гэрчилгээг гаргуулж авсан, гэхдээ цаашдаа компани руу шилжүүлэх төлөвлөгөөтэй байсны дагуу компаны нэр рүү машинаа шилжүүлсэн. Түүнээс энэ хэрэгтэй холбоотойгоор машинаа шилжүүлээгүй. Уг автомашиныг аваад удаагүй байхад осол хэрэг болсон, уг машин хэвийн ажиллагаатай машин байсан. Хюндай портер маркийн 26-14 УНЧ улсын дугаартай автомашиныг худалдаж авснаас хойш манай малчин Д.Г гуай унаж ашиглаж байсан, тухайн осол гарахад би байгаагүй, ер нь саяхан л уг хэрэг гарсныг мэдэж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 117/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹806 дугаартай дүгнэлтэд:

  1. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12136 дугаартай дүгнэлтийн мохоо зүйлийн үйлчлэлээр гэдгээс бусад хариулт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. шинжээч Б.Ундармаа, Ө.Сарангэрэл, Ч.Эрдэмболор нарын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1221 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.
  2. С.Алтантуяагийн биед “дух, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, зүүн хацрын төвгөрийг хамарсан шарх, зүүн нүдний зовхины гадна булан хэсгийн шарх” гэмтлийн дараах нүүрний хэлбэрийг алдагдуулсан сорви, зүүн нүдний зовхины унжилт, нүүрний зүүн талын саажил, зүүн нүдний харааны бууралт /0.05/ бүхий гэмтэл учирчээ. Тухайн гэмтэл нь нүүр засрашгүй гэмтээж, нүүрний төрх алдагдуулах гэмтэлд хамаарах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг хамаарна.
  3. С.Алтантуяагийн биед учирсан гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. С.Алтантуяагийн биед “дух, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, зүүн хацрын төвгөрийг хамарсан шарх, зүүн нүдний зовхины гадна булан хэсгийн шарх гэмтлийн дараах сорви, зүүн нүдний зовхины унжилт, нүүрний зүүн талын саажил нь нүүрний хэлбэрийг алдагдуулсан учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-д заалтад хамаарч байна.
  5. С.Алтантуяагийн биед учирсан гэмтэл нь цаашид ердийн явцаараа эдгэрч хэвийн байдалд орж эдгэрэх боломжгүй.
  6. Зүүн нүдний харааны бууралт 0.05 байгаа нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 30% алдагдуулна. гэх дүгнэлт /хх-ийн 190/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн №06 дугаартай дүгнэлт: Хюндай портер 2 маркийн 26-14 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Дашдорж овогтой Гомбосүрэн нь тухайн үед мөрдөгдөж байсан 2004 оны Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, 11.5. Түр зогсохыг хориглох тохиолдол: б/ явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд, 22.2. Ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байрлуулж бэхэлсэн байна: а/ унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод саад, аюул учруулахгүй байх; 22.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гзрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 86/, Автомашинд хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16/, хохирол төлбөрийн баримт /хх-ийн 58/, хохирол төлбөрийн баримт /хх-ийн 108-113/, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 118/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 102-106/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 136/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 138/, хохирол төлсөн баримт /хх-ийн 165/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 134/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 130/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз захын орчимд Хюндай портер 2 маркийн 2614 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа тухайн үед мөрдөгдөж байсан 2004 оны Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “е”, 11.5 “б”, 22.2 “а”, 22.6-д заасныг тус тус зөрчин автомашинаа явган хүний зам дээр байрлуулсан, ачиж яваа дээврийн нимгэн төмөрт таних тэмдэг тавиагүйн улмаас явган зорчигч С.Алтантуяа дээврийн нимгэн төмрийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь

Хохирогч С.Алтантуяагийн: “...Тухайн өдрийн 16 цаг өнгөрч байсан байх. Цайз захын урд Боса худалдааны төвийн чанх ар хэсэгт явган 5 настай хүүхэдтэйгээ автомашины зам хөндлөн гараад зүүн эргэтэл зүүн нүд эвгүй болоод явчихсан. Зүүн нүдээ чанга дараад явган хүний зам дээр машинаа тавьж байдаг гээд хартал портер машин дээврийн урт төмөр илүү гаргаад ачсан, тэр төмрөнд нүдээ цохьсон байсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Батхуягийн: “...100 айлаас барилгын материал ачсан. 8 метрийн урттай дээврийн төмрийг дундуур нь хувааж 4 метр болгоод машин дээр нь ачсан. Хэдэн төмөр ачсанаа санахгүй байна...тэгээд машины урд бөөнөөрөө зогсч байсан байтал нэг хүүхэн баруун урд талаас танай машиныг мөргөчихлөө гээд цусаа гоожуулаад ирсэн. Тэгээд машинаа бид тойртол шалбааг байсан цус байгаа харагдаагүй тэгэхээр нь би та нар анхны тусламж үзүүл гэж хэлэхэд Энхнарангийн дүү гэх залуу тэр гэмтсэн эмэгтэйн машиныг унаад хамт явах шиг болсон” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Цэрэндолгорын: “...эгч Портер машины баруун талд зогсож байсан, түүнтэй хамт охин нь бас танихгүй 2 эрэгтэй хүн байсан, дараа нь нэг эмэгтэй нэмэгдэж ирж байсан. Миний санаж байгаагаар эгчийн машиныг нэг хүн бариад, түүнийг цэргийн госпитал руу авч явсан, би ажил руугаа орсон, тэгтэл эгч залгаад хэргийн газарт цагдаа ирсэн байна, чи очоодох гэсэн, тэгээд би цагдаатай очиж уулзсан, болсон үйл явдлыг хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хяна шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Г нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байх тул хохирогчийн хавтаст хэрэгт нотлох баримтуудаар нотлогдсон эмчилгээний болон гэм хорын хохирлын баримт бүхий нийт 3.951.014 төгрөгийг иргэний хариуцагч С.Болормаагаас гаргуулж хохирогч С.Алтантуяад олгож, шүүгдэгчээс 3.951.014 төгрөгийг гаргуулж иргэний хариуцагчид тус тус олгохоор шүүх шийдвэрлэв.

Мөн хохирогч С.Алтантуяа нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүнд гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Гд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирол төлбөр төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Д.Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Д.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Д.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Ггийн тээврийн хэрэгслэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг үндсэн хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Хэрэгт хураагдан ирсэн Д.Ггийн №797479 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Тээврийн цагдаагийн албанд хүргүүлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч С.Болормаагаас 3.951.014 /гурван сая есөн зуун тавин нэгэн мянга арван дөрөв/ төгрөгийг хохирогч С.Алтантуяад олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Ггээс 3.951.014 /гурван сая есөн зуун тавин нэгэн мянга арван дөрөв/ төгрөгийг иргэний хариуцагч С.Болормаад олгосугай.

 

  1. Хохирогч С.Алтантуяа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

           11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Гд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР