Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/971

 

Д.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, Б.Соёл-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1168 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Гд холбогдох 1806082430134 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Дийн Г, 1963 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, “Моншолиа Стар” ХХК-д манаач ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Батширээт сумын 2 дугаар баг, Барх хэмээх газар оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 6 дугаар хороо, Горхийн баруун салаанд оршин суух, ял шийтгэлгүй;

            Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз захын орчимд “Хюндай портер 2” загварын 26-14 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа тухайн үед мөрдөгдөж байсан 2004 оны Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “е”, 11.5 “б”, 22.2 “а”, 22.6-д заасныг тус тус зөрчин автомашинаа явган хүний зам дээр байрлуулсан, ачиж яваа дээврийн нимгэн төмөрт таних тэмдэг тавиагүйн улмаас явган зорчигч С.А дээврийн нимгэн төмрийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Д.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Гг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Д.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Д.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг үндсэн хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн Д.Ггийн №797479 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Тээврийн цагдаагийн албанд хүргүүлж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч С.Болормаагаас 3.951.014 төгрөгийг хохирогч С.Ад олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Ггээс 3.951.014 төгрөгийг иргэний хариуцагч С.Болормаад олгож, хохирогч С.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/1168 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлбол хэсгийн хохирогчийн өгсөн мэдүүлэг, тогтоох хэсгийн 2 ба 3 дахь хэсгийн заалтыг эс зөвшөөрч шүүгдэгч Дашдоржийн Г би дараах утга бүхий давах өргөдлийг гаргаж байна. ...Миний хувьд ахмад настай хүн бөгөөд энэхүү хэрэгт болгоомжгүй үйлдлээр холбогдсон төдийгүй надад оногдуулсан ял хариуцлагыг тэнсэн харгалзах боломжтой байсан гэж үзэж байна. Д.Г би болон миний ар гэрийнхэн өөрсдийн боломжоороо хохирлыг төлөөд явж байна. ...Миний бие 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо буюу Цайз захын орчимд албан газрынхаа ажлыг хийж, өдөр тутмынх нь үйл ажиллагаанд туслалцан явж байсан. Миний унаж явсан машин бол захирал буюу иргэн Болормаагийн нэр дээр байсан “Хюндай загварын портер машин бөгөөд улсын 26-14 УНЧ дугаартай юм. Хэрэг болсон гэх газарт буюу бусад жолооч нарын машинаа байрлуулдаг талбай дээр түр зогсолт хийгээд өөртэйгөө хамт явсан ажилтныг хүлээгээд түр зогсож байсан. Гэтэл машины баруун талаас нэг эмэгтэй нүүрнээс нь цус гарсан байдалтай гарч ирсэн юм. Энэ хүн нь хохирогч С.А бөгөөд бид түүнд анхан шатны тусламж үзүүлсэн. ...Би замын хөдөлгөөнд оролцоод явж байгаагүй билээ. Хохирогч СА шүүх хуралдаанд зөвхөн би түүнийг санаатай хохироож гэмтээсэн, миний буруутай үйлдэл байгаа мэт ойлголтыг шүүх бүрэлдэхүүн авахаар мэдүүлсэн төдийгүй зарим нэг зүйлийг илтэд гуйвуулж худлаа мэдүүлсээр байгаад шүүх хурлыг дуусгасан. Ингэж гүтгэсэнд би гомдолтой байгаа. Битгий эмнэлэг яваач, таны эмчилгээг хийлгэж өгнө, мөн нэг ч удаа шүүгдэгч холбоо бариагүй гэдэг. Гэтэл миний эхнэр, төрсөн охин, эгч гээд олон хүн холбоо барьж эмчид үзүүлж өгье, яаж байна яах уу? гэх зэргээр санаа зовж буйгаа илэрхийлсэн байдаг юм. Манай бэр хэзээ ч надад таньдаг эмч байгаа гэж хэлээгүй бөгөөд бэр маань өнөөдрийг болтол Атай огт холбогдож ярьж амжаагүй юмаа. Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. Явган зорчигч хүртэл Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд иргэн хүн гудамж талбай нийгмийн харилцаанд орохдоо өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж явах ёстой билээ. Д.Г намайг нийгмээс тусгаарлан хорих зайлшгүй шаардлагагүй байсан бөгөөд ялыг тэнсэн харгалзах боломжтой байсаар байтал шүүх ялын хүнд хэлбэрийг сонгон шийтгэсэнд ... гомдолтой байна. Би ... хорих ангид даралт ихсэж нойргүйдэлд орж маш их хямарч байна. Миний үйлдэл хэн нэгнийг санаатай хохироох, гэмтээх гэсэн зорилго байгаагүй бөгөөд ачаагаа аваад хурдхан л хотоос гарах зорилготой байсан. Хэргийг дахин хянан үзэж үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Д.Ггийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Г нь хувийн байдлын хувьд ахмад настай хүн бөгөөд энэхүү хэрэгт болгоомжгүй үйлдлээр холбогдсон төдийгүй түүнд оногдуулсан ял хариуцлагыг тэнсэн харгалзах боломжтой байсан гэж үзэж байна. Д.Г нь өөрийн боломжоороо хохирлыг төлөөд явж байна. ...Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо буюу Цайз захын орчимд албан газрынхаа ажлыг хийж өдөр тутмынх нь үйл ажиллагаанд туслалцан явж байсан. Түүний унаж явсан машин бол иргэн Болормаагийн нэр дээр байсан “Хюндай” загварын портер машин бөгөөд 26-14 УНЧ улсын дугаартай юм. Тэр үед бусад жолооч нарын машинаа байрлуулдаг талбай дээр түр зогсолт хийгээд өөртэйгөө хамт явсан ажилтныг хүлээгээд түр зогсож байсан. Гэтэл машины баруун талаас нэг эмэгтэй нүүрнээс нь цус гарсан байдалтай гарч ирсэн байдаг. Энэ хүн нь хохирогч С.А юмаа. Түүнээс биш Г замын хөдөлгөөнд оролцон явж байгаагүй билээ. Хохирогч С.А шүүх хуралдаанд зарим нэг зүйлийг илтэд гуйвуулж, худлаа мэдүүлсэнд миний үйлчлүүлэгч гомдолтой байгаа. Битгий эмнэлэг яваач, таны эмчилгээг хийлгэж өгнө, мөн нэг ч удаа шүүгдэгч холбоо бариагүй гэдэг. Гэтэл түүний эхнэр, төрсөн охин, эгч нь гээд олон хүн холбоо барьж эмчид үзүүлж өгье, яаж байна яах уу? гэх зэргээр санаа зовж буйгаа илэрхийлсэн байдаг. Шүүгдэгчийн бэр хэзээ ч надад таньдаг эмч байгаа гэж хэлээгүй бөгөөд бэр нь өнөөдрийг болтол Атай огт холбогдож ярьж амжаагүй юмаа. Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. Явган зорчигч хүртэл Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд иргэн хүн гудамж талбай нийгмийн харилцаанд орохдоо өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж явах ёстой билээ. Д.Гг нийгмээс тусгаарлан хорих зайлшгүй шаардлагагүй байсан бөгөөд ялыг тэнсэн харгалзах боломжтой байсаар байтал шүүх ялын хүнд хэлбэрийг сонгон шийтгэсэнд ... гомдолтой байна. Хэргийг дахин хянан үзэж үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Д.Ггийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Г нь анхан шатны шүүх хуралдаан дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Энэ нь түүний хохирлыг төлж барагдуулсан үйлдлээр харагдаж байгаа. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож ар гэрийн амьдарлаа авч явдаг. Иймд шүүгдэгч Д.Ггийн хувийн болон ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу түүнд холбогдох эрүүгийн хэргийг тэнсэж, авто машин жолоодох эрхийг 1 жилээр хасаж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

            Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Г нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй учраас анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд мөн хохирол төлбөр барагдуулаагүй учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/1168/ дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Д.Г нь 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз захын орчимд “Хюндай портер 2” загварын 26-14 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа тухайн үед мөрдөгдөж байсан 2004 оны Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “е”, 11.5 “б”, 22.2 “а”, 22.6-д заасныг тус тус зөрчин автомашинаа явган хүний зам дээр байрлуулсан, ачиж яваа дээврийн нимгэн төмөрт таних тэмдэг тавиагүйн улмаас явган зорчигч С.А дээврийн нимгэн төмрийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь:

хохирогч С.Агийн “...Цайз захын урд “Боса” худалдааны төвийн чанх ар хэсэгт 5 настай хүүхэдтэйгээ автомашины зам хөндлөн явган гараад зүүн эргэтэл зүүн нүд эвгүй болоод явчихсан. Зүүн нүдээ чанга дараад ... хартал портер автомашин дээврийн урт төмөр илүү гаргаад ачсан байсан. Тэр төмөрт нүдээ цохисон. ...” /1хх 22/,

гэрч Ц.Батхуягийн “...100 айлаас барилгын материал ачсан. 8 метрийн урттай дээврийн төмрийг дундуур нь хувааж 4 метр болгоод машин дээр нь ачсан. ...Машины урд бөөнөөрөө зогсож байтал нэг хүүхэн баруун урд талаас танай машиныг мөргөчихлөө гээд цусаа гоожуулаад ирсэн. Бид машинаа тойртол шалбааг байсан ба цус харагдаагүй. Тэгэхээр нь би “та нар анхны тусламж үзүүл” гэж хэлэхэд Энхнарангийн дүү гэх залуу тэр гэмтсэн эмэгтэйн машиныг унаад хамт явах шиг болсон. ...” /1хх 26-28/,

гэрч Б.Цэрэндолгорын “...Над руу залгаад нүдээ юманд зүсчихлээ гараад ирээч гэсэн. ... “Хюндай портер” машины араас гарах гэж байхад машинаас илүү гарсан төмөрт нүүрээ авах шахсан. ...Эгч портер машины баруун талд зогсож байсан. Түүнтэй хамт охин нь бас танихгүй 2 эрэгтэй хүн байсан. ...Эгчийн машиныг нэг хүн бариад, түүнийг цэргийн Госпитал руу авч явсан. ...Манай эгч нүүрэндээ ямар ч сорвигүй, шархгүй хүн байсан. ...” /1хх 120/,

иргэний хариуцагч С.Болормаагийн “... “Хюндай портер” маркийн 26-14 УНЧ улсын дугаартай автомашин миний өөрийн нэр дээр байсан. ...Анх уг машиныг худалдаж авахад компаниас мөнгийг нь гаргах боломжгүй байсан. ...Компанийн нэр дээр шилжүүлэх төлөвлөгөөтэй байсны дагуу ... автомашинаа шилжүүлсэн. ...Энэ хэрэгтэй холбоотойгоор машинаа шилжүүлээгүй. ...Уг автомашин хэвийн ажиллагаатай ... байсан. “Хюндай портер” загварын 26-14 УНЧ улсын дугаартай автомашиныг худалдаж авснаас хойш манай малчин Д.Г гуай унаж, ашиглаж байсан. ...” /1хх 117/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 806 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12136 дугаартай дүгнэлтийн мохоо зүйлийн үйлчлэлээр гэдгээс бусад хариулт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. Шинжээч Б.Ундармаа, Ө.Сарангэрэл, Ч.Эрдэмболор нарын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1221 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. С.Агийн биед “дух, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, зүүн хацрын төвгөрийг хамарсан шарх, зүүн нүдний зовхины гадна булан хэсгийн шарх” гэмтлийн дараах нүүрний хэлбэрийг алдагдуулсан сорви, зүүн нүдний зовхины унжилт, нүүрний зүүн талын саажил, зүүн нүдний харааны бууралт /0.05/ бүхий гэмтэл учирчээ. Тухайн гэмтэл нь нүүр засрашгүй гэмтээж, нүүрний төрх алдагдуулах гэмтэлд хамаарах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг хамаарна. С.Агийн биед учирсан гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. С.Агийн биед “дух, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, зүүн хацрын төвгөрийг хамарсан шарх, зүүн нүдний зовхины гадна булан хэсгийн шарх гэмтлийн дараах сорви, зүүн нүдний зовхины унжилт, нүүрний зүүн талын саажил нь нүүрний хэлбэрийг алдагдуулсан учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-д заалтад хамаарч байна. С.Агийн биед учирсан гэмтэл нь цаашид ердийн явцаараа эдгэрч хэвийн байдалд орж эдгэрэх боломжгүй. Зүүн нүдний харааны бууралт 0.05 байгаа нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 30% алдагдуулна. ...” /1хх 190/,

Тээврийн цагдаагийн албаны 6 дугаартай шинжээчийн “... “Хюндай портер 2” загварын 26-14 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Дашдорж овогтой Г нь тухайн үед мөрдөгдөж байсан 2004 оны Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, 11.5. Түр зогсохыг хориглох тохиолдол: б/ явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд, 22.2. Ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байрлуулж бэхэлсэн байна: а/ унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод саад, аюул учруулахгүй байх; 22.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /1хх 86/ гэх дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 102-106/, автомашинд хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /1хх 16/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Д.Гг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ггийн “...Намайг нийгмээс тусгаарлан хорих зайлшгүй шаардлагагүй байсан бөгөөд ялыг тэнсэн харгалзах боломжтой байсаар байтал шүүх ялын хүнд хэлбэрийг сонгон шийтгэсэнд ... гомдолтой байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх,

Өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн “...Д.Гг нийгмээс тусгаарлан хорих зайлшгүй шаардлагагүй байсан бөгөөд ялыг тэнсэн харгалзах боломжтой байсаар байтал шүүх ялын хүнд хэлбэрийг сонгон шийтгэсэнд ... гомдолтой байна. Хэргийг дахин хянан үзэж үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, анхан шатны шүүх хохирогч С.Агийн хавтас хэрэгт нотлох баримтуудаар нотлогдсон эмчилгээний болон гэм хорын хохирлын баримт бүхий нийт 3.951.014 төгрөгийг иргэний хариуцагч С.Болормаагаас гаргуулж, хохирогч С.Ад олгохоор шийдвэрлэжээ.

Хохирогч С.Агийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх үндэслэлгүй.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирол төлбөр төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулсан нь гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдалд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1168 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1168 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                                   М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ