Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2019/0712/З |
Дугаар | 221/МА2020/0182 |
Огноо | 2020-03-17 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2020/0182
БНХАУ-ын “Ch CO.LTD” компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.М, өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор БНХАУ-ын “Ch CO.LTD” компанийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яам, Эрчим хүчний яамны Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаар шийдвэрийн
1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар “Түлхүүр гардуулах гэрээгээр Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВТ-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ашиглалтад хүлээлгэн өгөх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Сангийн яамны 6-1/3778 тоот албан бичгийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн, уг тендерт “Т” ХХК-ийг хамгийн сайн гэж үнэлсэн шийдвэрийг хүчингүй болгох, ЭХЯ-ны “Т” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,
2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар Эрчим хүчний яамны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн В/2478 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар в/2478 дугаар шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэж тухайн албан бичиг нь дамжуулан мэдэгдсэн шинжтэй бус захиргааны актын шинж бүхий байгааг дүгнээгүй, уг албан бичигтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй байна гэж үзэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэж болохгүй” гэсэнтэй нийцүүлээгүй гэж үзэж болохоор байна. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 07 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ захиалагчийн байгуулсан үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай ба үнэлгээний хорооны шийдвэрт үндэслэж захиалагч уг тендерт гэрээ байгуулах эрх олгох, тендерээс татгалзах тухай шийдвэрүүдийг гаргадаг. Үүнээс үзвэл үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хамаарал бүхий, үндсэн шаардлагаа дэмжсэн тодруулсан шинжтэй байхад нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Эрчим хүчний яамны в/2478 дугаартай албан бичигтэй холбоотойгоор үнэлгээний хорооны шийдвэр үйл ажиллагаа, тендер шалгаруулалттай холбоотой бүхий л үйл баримт нь маргааны зүйл болох бөгөөд бие даан салган авч үзэх боломжгүй юм. Иймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаар үнэлгээний хорооны шийдвэр үйл ажиллагаа, бусад үйл баримтад нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д “Иргэн хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж 33 дугаар зүйлийн 33.16-д “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй” гэж заасны дагуу нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор тасалдсан хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй. Шүүхээс захиалагч болон тендерийн хорооны шийдвэр үйл ажиллагаатай холбоотой асуудлаар холбогдох хууль тогтоомжийг хэрэглэж хэргийг хянан шийдвэрлээгүй. Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 07 дугаартай шийдвэрийг гаргахдаа үнэлгээний хороо хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн. Тухайн хорооны шийдвэрээр Сангийн яамны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/3778 тоот албан бичгийг хүлээн зөвшөөрсөн нь үндэслэлгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худапдан авах тухай хуулийн 28.6-д “Тендерийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол тендерийн үнэд татвар, даатгал, тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад бүх зардлыг багтааж тооцох бөгөөд эдгээр зардлыг тендерийн үнэд тусгайлан тооцоогүй бол захиалагч тухайн зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ” гэж заасан, Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэлд СИП нөхцөл дотор татварууд, тээвэрлэлтийн зардал, даатгалын зардал бусад зардлууд багтдаг, ТОӨЗ-ийн 14.1, 14.2 дээр захиалагч, гүйцэтгэгч талын үүргийг заасан байгаа, захиалагч гүйцэтгэгч талуудын татварын үүргийг тендерийн баримт бичигт тусгаагүй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь заалтаар зохицуулагдана гэж шийдвэрлэсэн байхад татварын үнэ болон техникийн нөхцлийн үнийг оруулан тооцоогүй үндэслэлээр тендерээс татгалзсан нь буруу юм. Тендерт оролцогч нарын зүгээс татвар болон техникийн зардлыг оруулан тооцоогүй тохиолдопд Үнэлгээний хороо үнэлгээ хийхдээ 28 дугаар зүйлийн 28.7.1-д заасны дагуу харьцуулсан үнийг тодорхойлж тендер шалгаруулалтыг явуулах ёстой байсан боловч энэ үйл ажиллагааг явуулаагүй нь тендер шалгаруулалтын явцад гаргасан ноцтой алдаанд тооцогддог. Ижил төстэй байгаль, цаг агаарын нөхцөл бүхий гадаад оронд тухайн ажлыг гүйцэтгэж байгаагүй үндэслэлийг нэхэмжпэгчийн тендерээс татгалзах үндэслэп болгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өрсөлдөх, тэгш боломжтой байх зарчимд нийцээгүй тул тендерээс татгалзах гол үндэслэл болох учиргүй. Мөн тендер шалгаруулалтыг явуулахдаа батлагдсан төсөвт өртөг тодорхойгүй байхад явуулсан, 2020 оны улсын төсөвт тухайн тендертэй холбоотой хөрөнгө төсөвлөгдсөн, төсөвт өртөг тодорхойгүй байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20.4 дүгээр зүйлийн 20.4.2-д “...батлагдсан төсөвт өртөгийн 1-2 хувиар тогтоож” гэж заасныг хэрхэн хэрэглэж тендерийн баталгааны хэмжээг тогтоосон эсэх нь тодорхойгүй, мөн хуулийн 46 дугаар зүйлд заасан батлагдсан төсөвт үр ашигтай төлөвлөх, хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх зэрэг хуульд заасан үүргээ захиалагч зөрчиж хуулийн 6.1-д заасан хариуцлагатай байх зарчмыг хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрдэг. Дээрхээс дүгнэвэл Эрчим хүчний яамны в/2478 дугаартай албан бичиг, Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 07 дугаартай шийдвэр буюу Сангийн яамны 6-1/3778 тоот албан бичгийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн, уг тендерт “ТВЕА” ХХК-ийг хамгийн сайн гэж үнэлсэн шийдвэрүүд нь хууль тогтоомж зөрчсөн, нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч БНХАУ-ын “Ch CO.LTD” компани нь Эрчим хүчний яаманд холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ “Эрчим хүчний яамны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн В/2478 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВТ-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн БНХАУ-ын “Т Со.,Ltd” компанийг шалгаруулсан шийдвэр, тус компанид гэрээ байгуулах эрх олгосон Эрчим хүчний яамны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн в/2479 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
1/ Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Тодруулбал,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлээр захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг тендер сонгон шалгаруулалтад оролцогчид хангаж байгаа талаар хянан үзэж тендерийн шаардлагад нийцэх эсэхийг тогтоох харилцааг, 28 дугаар зүйлээр “шаардлагад нийцсэн” гэж үзсэн тендерт үнэлгээ хийх харилцааг, 29 дүгээр зүйлээр “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох харилцааг тус тус зохицуулжээ.
Дээрхээс үзвэл шүүх “Эрчим хүчний яамны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн в/2478 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн эсэхийг шалгах бөгөөд тус тусдаа өөр харилцааны шинжийг агуулсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг үндсэн шаардлагаа дэмжсэн, тодруулсан шинжтэй гэж үзэхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж тусгайлан заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд Сангийн яамны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/4706 тоот албан бичгээр гомдлыг шийдвэрлэж хариу өгсөнөөс хойш тооцон үзэхэд нэхэмжлэгч нь “Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВТ-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн БНХАУ-ын “Т Со.,Ltd” компанийг шалгаруулсан шийдвэр, тус компанид гэрээ байгуулах эрх олгосон Эрчим хүчний яамны 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн в/2479 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасныг тухайн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж ойлгох бөгөөд хамаарал бүхий нэхэмжлэл бүрт үйлчилж хөөн хэлэлцэх хугацаа тасалдахгүй.
Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсаныг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.
2/ “Эрчим хүчний яамны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн в/2478 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий актаар “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны /цаашид ТОӨЗ гэх/ 17.1-д “Тендерийн нийт үнэ нь гүйцэтгэгчийн хийх тендерийн баримт бичгийн тусгасан зураг төсөл, үйлдвэрлэл, нийлүүлэлт болон туслан гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх, тээвэрлэн хүргэх, барилга угсралтын, суурилуулах, ажлыг дуусган хүлээлгэж өгөх зэрэг бүх ажил үүргийн үнэлгээний нийлбэр байна”, мөн зааварчилгааны 17.5-д заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэл заан нэхэмжлэгч БНХАУ-ын “Ch CO.LTD” компанийн ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэснээ мэдэгджээ.
Нэхэмжлэгчээс дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу хянан үзээд Сангийн яамны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/4706 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй болохыг мэдэгдсэн, мөн нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хянаад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн в/2769 дүгээр албан бичгээр “ТОӨЗ-ны 17.5(д), 4.2.2, 4.4.(а), 6.2(д), 6.3(б), 13.1(ж) заалтуудыг хангаагүй” гэж тендерээс татгалзсан үндэслэлээ тодруулж хариу өгсөн үйл баримт тогтоогдсон.
Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2-т “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах”, 55 дугаар зүйлийн 55.3.3-т “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж тендер шалгаруулалтын үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэний үндсэн дээр Үнэлгээний хороо дахин хэлэлцэж тендерийн шаардлагад нийцэх эсэхийг тогтоох ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлд дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВТ-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг”-ийн 17.1 “Тендерийн нийт үнэ нь гүйцэтгэгчийн хийх тендерийн баримт бичигт тусгасан зураг төсөл, үйлдвэрлэл, нийлүүлэлт болон туслан гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх, тээвэрлэн хүргэх, барилга угсралт, суурилуулах ажлыг дуусган хүлээлгэж өгөх зэрэг бүх ажил үүргийн үнэлгээний нийлбэр байна”, 17.5 (д) “Нийт дүн (Үнийн хуваарь 1-4-ийн нийлбэр)”, 17.5 (г) “Суурилуулах үйлчилгээний зардлыг тусад нь ирүүлэх ёстой бөгөөд энэ зардалд ажлын хөлс, гүйцэтгэгчийн хэрэглэсэн тоног төхөөрөмж, түр ажлууд, материал болон ашигласан, хэрэглэсэн бүх төрлийн эд зүйлс, үйл ажиллагааны болон засварын зардал, өгсөн зааварчилгаа, сургалт зэрэг тендерийн баримт бичигт дурдсан, суурилуулах үйлчилгээг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхэд зайлшгүй хэрэгцээтэй бүх эд зүйлс, ажилбарууд түүнчлэн захиалагчийн улсын хуулийн дагуу төлөх бүх төрлийн татвар хураамжуудыг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас 14 хоногийн өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг үндэслэн тендерийн үнэд багтаасан байна” гэж заасныг зөрчиж тендерийн үнийн саналаа татвар ороогүй дүнгээр тодорхойлсон нь нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн баримтаар /Санхүүгийн санал Боть lll Нэгтгэсэн төсөв/ нотлогджээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Тендерийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол тендерийн үнэд татвар, даатгал, тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад бүх зардлыг багтааж тооцох бөгөөд эдгээр зардлыг тендерийн үнэд тусгайлан тооцоогүй бол захиалагч тухайн зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ” гэж заасныг Тендерийн баримт бичигт тендерийн үнийн бүрэлдэхүүнийг заагаагүй тохиолдолд хэрэглэж үнийг тодорхойлох зохицуулалт гэж ойлгох бөгөөд тендерийн баримт бичигт тусгайлан заасан тохиолдолд тийнхүү заасныг мөрдөж тендерийн үнээ тодорхойлох үүрэгтэй.
Түүнчлэн, ТОӨЗ-ны 6.2(д) “Ижил төрлийн эрчим хүчний барилга байгууламжийн ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо сүүлийн 3 жилд (2016, 2017, 2018), Ижил төрлийн эрчим хүчний барилга байгууламжийг Монгол Улс болон Монгол Улстай ижил төстэй байгаль, цаг агаарын нөхцөл бүхий гадаад оронд гүйцэтгэсэн байх. Гэрээний үүргийн биелэлтийг захиалагч байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гэрээг хэрэгжүүлэх чадварыг үнэлгээнд харгалзан үзнэ. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актын хуулбарыг хавсаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2016 онд Гватемал, Камбож улсад хийгдсэн 2 ажилд захиалагчийн тодорхойлолт ирүүлсэн боловч гэрээ болон ажил хүлээлгэн өгсөн улсын комиссын актын хуулбар ирүүлээгүй, эдгээр улсуудыг Монгол Улстай ижил төстэй байгаль, цаг агаарын нөхцөл бүхий гадаад орон гэж үзэхээргүй /нийтэд илэрхий үйл баримт/, 2018 онд Малави улсад хийгдэх ажлын гэрээ ирүүлсэн боловч гүйцэтгэл тодорхойгүй, ажил хүлээлгэн өгсөн улсын комиссын актын хуулбар ирүүлээгүй байх тул хангасан гэж үзэхгүй.
ТОӨЗ 6.3(б) “Ижил төрлийн ажлыг 1-ээс доошгүй удаа гүйцэтгэгдсэн байвал зохих жилийн тоо: сүүлийн 3 жилд аль нэг жилд 50 МВт болон түүнээс дээш хүчин чадалтай дулааны цахилгаан станцын үндсэн тоноглолууд болон туслах тоног төхөөрөмж, даралтат сав, шугам хоолой, цахилгаан дамжуулах шугам, дэд станц, тэдгээрийг барилга угсралтын ажил, туршилт тохируулгын гэрээний үнийн дүнгээс доошгүй ажлыг Монгол Улс болон Монгол Улстай ижил төстэй байгаль,цаг агаарын нөхцөл бүхий гадаад оронд гүйцэтгэсэн байх” гэж заасан байхад 2013, 2014, 2015 онд БНХАУ дахь Шинжиан, Өвөр Монголын Өөртөө засах оронд гүйцэтгэсэн ажлын гэрээ өгсөнөөс 2013 онд гүйцэтгэсэн ажил нь 2*660 МВт байх тул Монгол Улс болон Монгол Улстай ижил төстэй байгаль, цаг агаарын нөхцөл бүхий гадаад оронд 50 МВт болон түүнээс дээш дулааны цахилгаан станц барьж байсан туршлагатай гэж үзэхгүй,
ТОӨЗ 13.1(ж) “төсвийг боловсруулахдаа захиалагчийн техникийн хяналтын зардал болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардлыг санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцож төсөвт тусгаж ирүүлэхээр заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ийнхүү Эрчим хүчний яамны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн в/2478 дугаар албан бичигт заасан болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн в/2769 дүгээр албан бичигт дурдагдсан үндэслэлүүдийг хууль бус гэж үзэх боломжгүй тул “тендерээс татгалзсан нь хууль бус, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.6-д заасныг зөрчсөн, харьцуулах үнийг тодорхойлоогүй” гэх давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Мөн Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 4.4-т “Хуралдаанаас шийдвэр гаргахдаа илээр санал хураах бөгөөд үнэлгээний хороонд томилогдсон нийт гишүүдийн олонхийн санал авснаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно...” гэж заасныг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Ерөн-Өлзий нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтад хамрагдан авсан гэрчилгээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дууссан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасан “Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна” гэх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй, Үнэлгээний хорооны шийдвэрийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай шийдвэр хүчингүй” гэх гомдлыг хангах боломжгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Эрчим хүчний яам нь тендерийн үнэлгээний хорооны шийдвэрт үндэслэн нэхэмжлэгч БНХАУ-ын “Ch CO.LTD” компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан тухай мэдэгдэл хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд нийцсэн, хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэснийг зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан үндэслэлтэй холбоогүй тул “шалгаруулалтыг явуулахдаа батлагдсан төсөвт өртөг тодорхойгүй байхад явуулсан, тендерийн баталгааны хэмжээг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй” гэх гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.Тунгалагсайхан
ШҮҮГЧ О.НОМУУЛИН