Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/01426

 

Б.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 220 дугаар шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Булган аймгийн эрүүл мэндийн газарт холбогдох

Тэтгэмжийн зөрүү 6 832 261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч С.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 1985 онд Анагаах Ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг төгсөөд Булган аймгийн Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 32 жил ажиллаж байна. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 31 жил 8 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарахдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авахад сарын үндсэн цалингийн дунджийг Засгийн Газрын 2012 оны 78, 2014 оны 75 дугаар тогтоолыг баримтлан 7-5 дахь шатлалаар тооцож 23 603 167 төгрөг олгосон нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас тооцож олгох, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөх, тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцож тогтооно гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2015 оны 338 дугаар тогтоолд өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг хэрхэн тооцох талаар зохицуулсан бөгөөд энэ тогтоолуудыг баримтлалгүй, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоол буюу Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг тогтоох тухай тогтоолыг баримтлан олгосон тул тэтгэмжийн зөрүү 6 832 261 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Их эмч Б.Ц- нь 2016 оны 8 дугаар сард өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Манай байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг бөгөөд Эрүүл мэндийн харилцааг зохицуулж буй хууль, дүрэм, журам, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажилладаг. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтаар төрийн албан хаагчдад тэтгэвэр, тэтгэмж олгохдоо салбарын яамны заавар, журам, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зөвлөмжийг үндэслэн олгодог. Эрүүл мэндийн яам 2015 оноос эхлэн өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийг Засгийн газрын 2014 оны Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам батлах тухай 405, 2015 оны Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 338, Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай 2012 оны 78, 2014 оны 75 дугаар тогтоолуудыг үндэслэн олгож эхэлсэн.

Манай аймгийн нэгдсэн эмнэлгийн төрийн албан хаагчдын цалингийн шатлал нь улсын хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй цалингийн жишгээс дээгүүр тогтоогдсон байдаг. Манай байгууллага нь тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгаа, тооцооллыг гаргаад яам руу хүргүүлдэг бөгөөд яам хянаад тэтгэмж олгох тооцоог гаргаад мөнгийг нь манай данс руу явуулдаг. Манай байгууллага нь зөвхөн дамжуулах үүрэг бүхий байгууллага юм. Энэ асуудлын талаар яам руу хэд хэдэн удаа хүсэлт явуулж байсан боловч боломжгүй гэсэн хариу ирж байсан. Яамнаас энэ талаар удаа дараа зөвлөмж, чиглэл авч байсан. Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн зөвлөмж, мэдээлэл болон холбогдох хууль журмын дагуу батлагдаж ирсэн хуваарийг үндэслэн төрийн албан хаагчдад тэтгэмжийг олгосон тул тэтгэмжийн зөрүү олгох боломжгүй гэжээ.

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 220 дугаар шийдвэрээр Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан Булган аймгийн Эрүүл мэндийн газраас 6 732 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100 161 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 266 төгрөгийг Төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Булган аймгийн Эрүүл мэндийн газраас 122 663 төгрөгийг гаргуулж Төрийн санд олгож шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар магадлалаар хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Нарантуяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 220 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн алдаа гаргасан байна. Хэргийн хамтран хариуцагчаар аймгийн Нэгдсэн эмнэлгийг татан оролцуулж, нэхэмжлэгч Б.Ц-гийн цалинг ямар учраас өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй цалингийн сүлжээнээс өндөр тогтоосон талаарх тайлбарыг нь аваагүйн улмаас манай байгууллага тэтгэмжийн зөрүү мөнгийг төлөх шийдвэр гараад байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Засгийн газрын 2007 оны “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 354 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтад зааснаар ТҮЭМ-7-5 дахь, Засгийн газрын 2014 оны “Төрийн зарим албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” 75 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар ТҮЭМ-7-5 дахь шатлалаар 765 968 төгрөгийн үндсэн цалин авах ёстой. Гэвч аймгийн нэгдсэн эмнэлгийн тогтоосон цалингийн сүлжээгээр ТҮЭМ-7-5 шатлалын үндсэн цалин нь 1 065 199 төгрөг буюу 299 311 төгрөгөөр зөрүүтэй байгаа нь ямар ч нөхцөлд тухайн зэрэглэлийн албан тушаалын цалингийн хамгийн өндөр шатлал нь түүний дараагийн зэрэглэлийн албан тушаалын цалингийн хамгийн өндөр шатлалаас хэтрэхгүй байвал зохистой гэсэн Төрийн албаны зөвлөмжийг харгалзаж үзсэн эсэхийг тогтоохын тулд хариуцагчаар аймгийн Нэгдсэн эмнэлгийг татан оролцуулах нь зүйтэй байсан. Төрийн албаны зөвлөмжөөр ТҮЭМ-7-5 дахь шатлалын үндсэн цалин нь ТҮЭМ-8-3 дахь шатлалын цалин буюу 772 530 төгрөгнөөс хэтрэхгүй байвал зохистой ч аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Монгол Улсын хэмжээнд байхгүй цалингийн шатлалаар албан хаагчдаа цалинжуулж байна.

Төрийн үйлчилгээний албан хаагч нь Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах учир Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3.4-т заасныг баримтлан байгууллага батлагдсан төсвийн хэмжээнд нийцүүлэн төрийн үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалингийн сүлжээг тухайн шатлалын доод жишгээс дээгүүр тогтоож болно. Ингэхдээ албан тушаалын зэрэглэл хоорондын үндсэн цалингийн зохистой харьцааг алдагдуулахгүй байхыг анхаарах шаардлагатай бөгөөд өөрөөр хэлбэл, зарим албан тушаалын үндсэн цалингийн хэмжээг доод жишгээс нэмэгдүүлэн тогтоох биш, сүлжээний доод жишгийг нийтээр нь ахиулах замаар байгууллагын нийт албан хаагчдын үндсэн цалинг зохистой харьцаанд байлгах зарчмыг баримталдаг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3-т заасан хуулийн заалтыг хэрэглээгүй учир мөн хуулийн 172.2.1-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл болж байгаа юм.

Манай байгууллага аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эрүүл мэндийн байгууллагуудаас өндөр насны тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгаа, тооцооллыг үндсэн байгууллагуудаас нь авч хянан, Эрүүл мэндийн яаманд хүргүүлж, яамнаас батлагдаж ирсэн хуваарийг үндэслэн төрийн албан хаагчдад тэтгэврийн тэтгэмжийг дамжуулахдаа үндсэн материалыг шалгаж, хянадаг чиг үүрэг бүхий байгууллага юм. Эрүүл мэндийн яам нь тэтгэврийн тэтгэмжийг Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.10-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраас баталсан цалингийн жишиг болон холбогдох дүрэм, журмыг үндэслэн тооцоолдог бөгөөд тухайн 1 байгууллагын хэт үндэслэлгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй цалингийн жишгээс дээгүүр тогтоосон цалингийн сүлжээг харгалзан үздэггүй болно. Бид салбарын яамнаас тэтгэврийн тэтгэмжийн талаар зөвлөгөө, зөвлөмжийг удаа дараа авч, Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн зөвлөмж, мэдээлэл болон холбогдох хууль, журмаар батлагдаж ирсэн хуваарийг үндэслэн төрийн албан хаагчдад тэтгэврийн тэтгэмжийг олгож байсан бөгөөд өмнө нь энэ талаар маргаан гарч байгаагүй болно. Гэвч аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Засгийн газрын “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 2012 оны 78, 2014 оны 75 дугаар тогтоолыг баримтлалгүй цалингаа өндөр тогтоосон учир Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж байгаа төрийн албан хаагчдаас тэтгэврийн тэтгэмжтэй холбоотой өргөдөл, гомдол ирүүлэх шалтгаан болоод байна. Манай байгууллага нэхэмжлэгч Б.Ц-гийн тэтгэврийн тэтгэмжийн тооцооллыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн цалингийн сүлжээ буюу цалингийн сүлжээний доод жишгээс дээгүүр тогтоосон цалингийн хэмжээ болох 30 435 428 төгрөгөөр тооцон Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн боловч яамнаас тэтгэмжийн мөнгийг Засгийн газрын 2014 оны “Төрийн зарим албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” 75 дугаар тогтоолыг баримтлан тооцож ирүүлсэн. Гэтэл шүүх үүнийг анхаарч үзэлгүй хэн төлөх, хэн буруутай байх нь хамаагүй, зөвхөн тэтгэмжийн зөрүү гарсан л бол төлөх ёстой гэсэн зарчмыг баримталсан нь буруу гэж үзлээ. Учир нь тухайн төрийн албан хаагчийн цалин яагаад ингэж тогтоогдсон, тэр нь хэр зэрэг үндэслэлтэй, ажилтны ажлын ачаалал, мэргэшлийн түвшин үйл ажиллагааны үр дүнд хэр зэрэг тохирч байгааг тогтоон үзэхийн тулд хамтран хариуцагчаар татан оролцуулж үнэн зөвийг нь олж өгөх ёстой байсан.

Бид Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд цалингийн доод жишгийг хэрхэн ойлгох талаар төрийн захиргааны төв байгууллагын тайлбар ирүүлэх талаар хүсэлт хүргүүлсэн. Гэвч Сангийн яамнаас төрийн зарим байгууллагуудын төсвийн захирагч нар Төрийн албаны тухай хуулийн 281.3.1-д зааснаар “адил албан тушаалд ижил хэмжээний цалин хөлс тогтоох” гэсэн заалтыг зөрчиж байгааг анхаарах, мөн харьяа Эрүүл мэндийн яамныхаа Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт аймгийн Нэгдсэн эмнэлгийн цалин тогтоолтын талаар дотоодын хяналт шалгалт хийлгэх хүсэлтээ хүргүүлэх нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн болно. Төсвийн тухай хуулийн 16.5.3 дахь заалтыг баримтлан ажиллаагүйгээс аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар 56.0 сая төгрөгийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:  

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Эрүүл мэндийн тухай болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Ц- нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогчоор ажиллаж байгаад тус эмнэлгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б\193 дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэх үндэслэлээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарчээ.

Ийнхүү өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т зааснаар ажил олгогчоос олгогдсон нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ хуульд заасан хэмжээнээс бага байсан гэж үзэж, нэхэмжлэгч Б.Ц- хариуцагч Эрүүл мэндийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Булган аймгийн Эрүүл мэндийн газар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ тус аймгийн нэгдсэн эмнэлгийн төрийн албан хаагчдын цалингийн шатлал нь улсын хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй цалингийн жишгээс дээгүүр тогтоогдсон байдаг боловч Эрүүл мэндийн яамнаас 2015 оноос эхлэн өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийг Засгийн газрын 2014 оны Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам батлах тухай 405, 2015 оны Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 338, Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай 2012 оны 78, 2014 оны 75 дугаар тогтоолуудыг үндэслэн олгож эхэлсэн, улмаар нэхэмжлэгчид олгогдсон тэтгэмжийн хэмжээг Эрүүл мэндийн яамнаас тухайн албан тушаалын шатлалын дагуу төсөвлөж ирүүлсэн гэж тайлбарлажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.Ц-д хуульд зааснаар олгогдох тэтгэмжийн хэмжээг түүний авч байсан цалингийн хэмжээгээр, сүүлийн 3 жилийн дунджаар тооцоолж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т зааснаар төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас тооцуулан ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхтэй. Нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтоох ёстой байна.

Тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас нь ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор, мөн нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батлахаар Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.-т заажээ.  

Монгол Улсын Засгийн газар 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох  журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталж, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 338-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Дээрх журмын 3-т “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дунджаар тооцож тогтооно” гэж заажээ. Мөн журмын 4-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингаас ихгүй байхаар байна.

Монгол Улсын Засгийн газар нь Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг тогтоодог бөгөөд энэхүү сүлжээ, жишгийг тогтоосон 2007 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 237, 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 78 дугаар тогтоолууд хүчинтэй үйлчилж байна. Дээрх тогтоолуудад 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар, 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 208 дугаар, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолуудаар өөрчлөлт оруулж, зарим хавсралтуудыг хүчингүй болсонд тооцжээ. 

Анхан шатны шүүх Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар тогтоолоор эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг шинэчлэн тогтоосон журам төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоход хамааралгүй гэж үзсэн дүгнэлт эрх зүйн үндэслэлтэй болжээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.-т өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгоход түүний авч байсан үндсэн цалин, ажиллаж байсан хугацааг үндэслэхээр заасан болохоос бус ажилтны эрхэлж байсан албан тушаалын цалингийн сүлжээний доод жишгийн талаар заагаагүй байна.

Энэ утгаар шүүх Эрүүл мэндийн яамнаас өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтнуудад олгогдох тэтгэмжийн хэмжээг хуульд зааснаас өөрөөр тогтоож буй байдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5., 3.6.-д заасан шаардлагад нийцжээ. Засгийн газар хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болох боловч хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэдэг байна. Өөрөөр хэлбэл, засгийн газрын харьяа байгууллага, түүний албан тушаалтан нь Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг этгээдийн хувьд хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний агуулгыг өөрчлөх, хуульд зааснаас өөрөөр хэм хэмжээ тогтоож, үйл ажиллагаа явуулах үндэслэлгүй болно.  

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Ц-гийн ажиллаж байсан сүүлийн 3 жилийн хугацаанд авсан үндсэн цалингийн дундаж хэмжээгээр өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгогдох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тогтоож, дутуу олгогдсон тэтгэмжийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 220 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.УНДРАХ

                                              ШҮҮГЧ                                                              Ц.АМАРСАЙХАН