Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 00220

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг 2Б 14-04 тоотод оршин суух, Б.Цолмонгийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох тэтгэмжийн зөрүү 6832261 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00190/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд;

 нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2б-14-04 тоотод оршин суух, Баярын Цолмон /РД:ЧА61082604/, түүний өмгөөлөгч Д.Дарьбазар,

хариуцагч байгууллагын төлөөлөгч: 1964 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 14-3 тоотод оршин суух, Очирвааньовогт Сумьяагийн Нарантуяа /РД:ШЕ64060161/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цолмон нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1985 онд Анагаах Ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг төгсөөд Булган аймгийн Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 32 жил ажиллаж байна. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 31 жил 08 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарахдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авахад сарын үндсэн цалингийн дундажийг Засгийн Газрын 2012 оны 78, 2014 оны 75 дугаар тогтоолыг баримтлан 7-5 дахь шатлалаар тооцож 23603167 төгрөг олгосон нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дундажаас тооцож олгох, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөх, тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дундажаар тооцож тогтооно гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2015 оны 338 дугаар тогтоолд өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг хэрхэн тооцох талаар зохицуулсан бөгөөд энэ тогтоолуудыг баримтлалгүй, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоол буюу Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишиг-ийг тогтоох тухай тогтоолыг баримтлан олгосон тул тэтгэмжийн зөрүү 6832261 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сүүлийн 3 жилийн дунджаар 1 сарын цалин 981788 төгрөг болж байгаа, үүнийг 31 жилээр үржүүлээд 30435428 төгрөг авах ёстойгоос өмнө авсан 23603167 төгрөгийг хасч 6832261 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Их эмч Б.Цолмон нь 2016 оны 8 дугаар сард өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Манай байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг бөгөөд Эрүүл мэндийн харилцааг зохицуулж буй хууль, дүрэм, журам, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажилладаг. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтаар төрийн албан хаагчдад тэтгэврийн тэтгэмж олгохдоо салбарын яамны заавар, журам, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зөвлөмжийг үндэслэн олгодог. Эрүүл мэндийн яам 2015 оноос эхлэн өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийг Засгийн газрын 2014 оны Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам батлах тухай 405, 2015 оны Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 338, Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай 2012 оны 78, 2014 оны 75 дугаар тогтоолуудыг үндэслэн олгож эхэлсэн. Манай аймгийн нэгдсэн эмнэлгийн төрийн албан хаагчдын цалингийн шатлал нь улсын хэмжээнд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй цалингийн жишгээс дээгүүр тогтоогдсон байдаг. Манай байгууллага нь тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгаа, тооцооллыг гаргаад яам руу хүргүүлдэг бөгөөд яам хянаад тэтгэмж олгох тооцоог гаргаад мөнгийг нь манай данс руу явуулдаг. Манай байгууллага нь зөвхөн дамжуулах үүрэг бүхий байгууллага юм. Энэ асуудлын талаар яам руу хэд хэдэн удаа хүсэлт явуулж байсан боловч боломжгүй гэсэн хариу ирж байсан. Яамнаас энэ талаар удаа дараа зөвлөмж чиглэл авч байсан. Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн зөвлөмж, мэдээлэл болон холбогдох хууль журмын дагуу батлагдаж ирсэн хуваарийг үндэслэн төрийн албан хаагчдад тэтгэмжийг олгосон тул тэтгэмжийн зөрүү олгох боломжгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Цолмон нь Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяад холбогдуулан тэтгэмжийн зөрүү 6832261 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад Булган аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч Б.Цолмон нь Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогчоор ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарч Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрх үүссэн бөгөөд түүнд тэтгэмж олгохдоо нэг сарын үндсэн цалингийн дундажийг ТҮЭМ-ийн 7-5 дахь шатлалын доод жишгээр тооцон 737599 төгрөгийг 32 жилээр бодож 23603167 төгрөг олгосон нь Эрүүл мэндийн болон Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн тул тэтгэмжийн зөрүү 6832261 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тус аймгийн нэгдсэн эмнэлгийн төрийн албан хаагчдын цалингийн шатлал нь Засгийн газрын 2014 оны 75 тогтоолоор батлагдсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй цалингийн жишгээс дээгүүр тогтоогдсон байдаг бөгөөд Эрүүл мэндийн яамнаас өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад тэтгэмж олгохдоо төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг үндэслэн цалингийн дундажийг тооцдог ба Б.Цолмон эмчийн хувьд ТҮЭМ-ийн 7-5 дахь шатлалаар тооцон 737599 төгрөгийг 32 жилээр бодож 23603167 төгрөг олгохыг яамнаас зөвшөөрсөн учраас зөрүү олгох боломжгүй гэж маргажээ.[1]

Нэхэмжлэгч Б.Цолмон нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогчоор ажиллаж байгаад тус эмнэлгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/193 дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан болох нь зохигчдын тайлбар, ажлаас чөлөөлөх тушаал зэргээр тогтоогдож байна.[2]

Эрүүл мэндийн яамны сайдын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1а/3584 дугаартай албан бичгийн хавсралтаар Б.Цолмонгийн албан тушаалын ангилал зэрэглэлийг ТҮЭМ-ийн 7-5 шатлалаар, сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сарын дундажийг 737599 төгрөгөөр тогтоож 32 сараар тооцож 23603167 төгрөгийн тэтгэмж авахаар тогтоосон байна.[3]

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор хуульчилсны дагуу Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405, өөрчлөн найруулсан 2015 оны 338 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 3-т зохицуусан ба үүнд ...Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дунджаар тооцож тогтооно гэжээ.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар тогтоол нь Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоосон бөгөөд энэ тогтоолыг Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-тай адилтган үзэж өндөр насны тэтгэврт гарч буй ажилтанд олгох тэтгэмжийн асуудлыг үүгээр зохицуулж байгаа нь буруу юм.

Хууль тогтоогчоос баталсан тэтгэвэрт гарч буй ажилтанд олгох тэтгэмжийн асуудлыг зохицуулсан Эрүүл мэндийн болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын утга, агуулыг Эрүүл мэндийн сайд зөвлөмж, албан бичгээр өөрчлөх эрхгүй бөгөөд хууль тогтоомжийг тайлбарлах, зөвлөмж хэлбэрээр хуулийн утга агуулгыг өөрчлөх бүрэн эрх Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар Сайдад олгогдоогүй болно.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.Цолмонгийн албан тушаалын ангилал зэрэглэлийг ТҮЭМ-ийн 7-5 шатлалаар, сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сарын дундажийг 737599 төгрөгөөр тогтоож тэтгэмж олгосон нь үндэслэлгүй болжээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар тэтгэмжийг ажилтны үндсэн цалингаас тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Цолмон нь тэтгэвэрт гарах хүртлээ 888406-1065199 төгрөгийн үндсэн цалин авч байсан болох нь 2013-2016 онуудын цалингийн карт, зохигчдын тайлараарнотлогдож байна.[4]

Иймд нэхэмжлэгчийн сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн дундаж болох 978557 төгрөгийг 31 жилээр /нэхэмжлэгч 31 жилээр тооцож нэхэмжилсэн/ тооцож 30335267 төгрөгөөс түүнд олгогдсон 23603167 төгрөгийг хасч үлдэх 6732100 төгрөгийг Булган аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100161 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Цолмон нь тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 124266 төгрөг төлсөн байх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэтгэвэр тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124266 төгрөгийг буцаан олгож, харин хариуцагч байгууллагаас 6732100 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 122663 төгрөгийг гаргуулж Төрийн санд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан Булган аймгийн Эрүүл мэндийн газраас 6732100 /зургаан сая долоон зуун гучин хоёр мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100161 /нэг зуун мянга нэг зуун жаран нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124266 /нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун жаран зургаа/төгрөгийг Төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Булган аймгийн Эрүүл мэндийн газраас 122663 /нэг зуун хорин хоёр мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулж Төрийн сандолгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдьсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН

 

[1] хх 1, 22-23 тал

[2] хх 7 тал

[3] хх 26-27 тал

[4] хх 9-12 тал