Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 684

 

 

 

 

 

2019           07          18                                    2019/ШЦТ/684      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

Гэрч Л.Мишигдорж,

Хохирогч Д.Мөнхтуяа, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал,

Шүүгдэгч Ю.Ж /Y J/, түүний орчуулагч Д.Ганболд, өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Ж /Y J/-д холбогдох эрүүгийн 1809008330367 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын Пхенъян  хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уламлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй, “Рафа” эмнэлэгт уламжлалтын эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын Пхенъян хот Пён Чон дүүрэг, Мирэ Дуны 62 тоотод оршин суух хаягтай, Монгол улсад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Түмэннасан хорооллын 36Б-64 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ю.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рапха эмнэлэгт иргэн Д.Мөнхтуяад зүү тавих эмчилгээ хийж байхдаа эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс биед нь баруун уушигны авчилт цээжний хөндийд хий хуралт, баруун мөрний үеийн дээд хэсгийн булчингийн нэвчдэс, хаван хавдар буюу хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ю.Ж /Y J/  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хохирогч Мөнхтуяа нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн. Хохирогч Мөнхтуяагийн онош нь мөгөөрсөн хоолойн үрэвсэл гэсэн онош байсан. Өвчтөн Мөнхтуяа нь 2 жилийн өмнөөс удаан хугацаагаар ханиалгаж байсан бөгөөд хэд хэдэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан гэж хэлсэн. Над дээр эмчилгээ хийлгэж байхдаа байнга ханиалгаж байсан. Тэгээд хоолойндоо цацдаг эм цацаж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өглөөний 08 цагийн үед эмчилгээ хийсэн. Үдээс хойш 16 цаг өнгөрч байхад өвчтөн Мөнхтуяа буцаж ирсэн. Тухайн үед би уушигны хавчилт байна гэсэн оношийг тавьсан. Тэгээд нэгдүгээр эмнэлэгийн комьпютер томографикт шинжилгээ өгүүлсэн. Өвчтөн Мөнхтуяа нь намайг буруу зүү тавьж эмчилсэн учраас би эрүүл мэндээрээ хохироод байна гэж гомдол гаргасан...” гэв.

 

            Хохирогч Д.Мөнхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би энэ хүн дээр 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн. Миний хоолой сэрвэгнэж ханиалгадаг өвчтэй байсан. Би өвчнөө нуухгүй. Зөвхөн цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл гэдэг нь үнэн байсан. Намайг хоёр онош тавьж эмчилсэн. Мөгөөрсөн хоолойн үрэвсэл, давсагны өвчин байна гэж эмчилсэн. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө эмнэлэг дээр очоод зүү тавиулсан. Зүү тавиулсаны дараа миний баруун мөр өвдөөд байсан. Тэгэхэд миний ар нуруун дээр 3 зүү тавьж өгсөн. Миний хоолой, ар нуруу, гэдэс, хөлөн дээр зүү тавьсан. Би зүү тавиулаад босож ирснээ баруун мөр өвдөөд эхэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөж чадахгүй. Эмчээ “юу болчихвоо” гэж хэлсэн. Тэгээд эмч дахин судас барьж үзээд нуруун дээр 3 зүү тавьсан. Тэгээд “эмчээ дахиад өвдөөд байна” гэж хэлсэн. Надад нэг хар эм өгсөн. Би өвдөөд байхаар нь дахиад тэр эмнээс нь авсан. Тэгээд би гэртээ очоод Төмөр замын эмнэлэг рүү ахыгаа аваад явсан. Тэр хооронд миний амаар цагаан хөөс сахараад ханиагаад байсан. Би тэрийгээ мэдэхгүй байсан. Төмөр замын эмнэлэг дээр ахыгаа үзүүлэх гээд 3 давхарт гарсан чинь муужраад унасан. Эмнэлэгт өвдөөд байхаар нь би шүүгдэгчийн орчуулагч эмч рүү утсаар холбогдоход “хар эмээ хоол идэж байгаад дахиад уу” гэж хэлсэн. Би хоол идэж чадахгүй байсан. Нөхөр ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд би намайг хэвт гэсэн би хэвтэж чадахгүй байсан. Намайг томографикт харуулаад ир гэсэн. Хөдөлгөөнгүй суугаад байхаар  зүгээр харин хөдлөх гэхээр өвдөөд байсан. Би “Грандмед” эмнэлэгт очсон. “Грандмед” эмнэлэгт хаана зүү тавиулсанаа хэлж байгаад муужраад унасан. Тэгээд “Грандмед” эмнэлэгт шууд хагалгаанд орсон. Миний уушигинд бөмбөлөг байгаагүй.  Би 6.000.000 сая төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна...” гэв.

 

            Гэрч Л.Мишигдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хохирогч Д.Мөнхтуяа нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны үдээс хойш харъяаллынхаа дагуу ирж тусламж үйлчилгээ авсан. Жижүүр эмчид үзүүлэхэд уушиг унасан гэсэн оноштой байсан. Бид цаг алдахгүй яаралтайгаар дуудагдан ирж цээжний хөндийн гуурс суулгах мэс ажилбар хийсэн. Уушигны баруун талын оройгоор зүү тавьсан ором харагдсан. Хатгалт хийсэн тохиолдолд хатгалтын сорви үлддэг. Мөнхтуяагийн биед хийсэн шинжилгээг үзэхэд уушиг унахад нөлөөлөх ямар нэг эмгэг голомт илрээгүй....” гэв.

 

Эрүүгийн 1809008330367 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ю.Ж /Y J/-ийн  мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45-47, 125-127 дугаар хуудас/,

Хохирогч Д.Мөнхтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын нэгдүгээр төв эмнэлэг дотор үйл ажиллагаа явуулдаг “Рапа” гэх нэртэй эмнэлэгт зүү тавиулах эмчилгээ хийлгэсэн. Миний биед нэрийг нь мэдэхгүй хойд Солонгос улсын эмч зүү тавьсан...эхлээд доошоо хараад хэвтэж байхад баруун мөрөн дээр 3-4 зүү, далны хавьцаа 4 зүү тавьсан. Миний баруун мөр, хоолой, ар нуруу, гэдэс, хөлөн дээр зүү тавьсан. Зүү тавиулж дуусаад босоод ирэхэд миний биеийн баруун тал тэр чигтээ өвдөөд байсан. Тэгэхээр нь би эмчдээ хэлсэн боловч таны булчин зангирчихсан байна гэж хэлээд дахин зүү тавьсан боловч өвдсөн хэвээрээ байсан. Тэгтэл тэр эмч надад ямар нэртэй гэдгийг нь мэдэхгүй хар өнгөтэй эм өгөхөөр нь авч уучихаад явсан. Тэгээд ажил руугаа явж байтал цагаан өнгийн цэртэй ханиалгаад бие сульдаад байхаар нь эмчтэй утсаар ярихад эргээд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би эргээд яваад очтол намайг чагнаж үзээд судас бариад рентгенд харахад нэг талын уушиг бүрэн уналттай гэсэн хариуг'арсан тул тэр дор нь “Гранд мед” эмнэлэгт очиж үзүүлэхэд яаралтай аппарат зүүх шаардлагатай гээд цээжийг маань цоолж аппарат тавьсан. 4 хоног аппараттай байж байгаад дахин рентгенд харуулахад уушиг ажилд орсон байна гээд намайг эмнэлгээс гаргасан. Миний биед учирсан уг гэмтлийг зүү тавьж байсан эмч учруулсан гэдгээ хүлээсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 13-17, 115-116 дугаар хуудас/,

            Гэрч Г.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Мөнхтуяа гэдэг хүн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 7 хоногийн өмнөөс Ардчилсан Солонгос улсаас ирсэн Ю.Ж эмчээр эмчилгээ хийлгүүлж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр буюу Даваа гаригт Ю.Ж эмчээр эмчилгээ хийлгэсэн. Тэр өдөр зүү тавиулсан ба тухайн үед Солонгос эмч өөрөө зүү тавих эмчилгээ хийсэн. Хаана зүү тавьсаныг санахгүй байна. Мөнхтуяа эгч тэр өдөр зүү тавиулж байхдаа гэнэт огцом хөдлөөд эмч “битгий хөдөл” гэхээр нь тэрийг нь орчуулж хэлэхэд “өө тэгсэн үү би хөдөлчихлөө” гээд яриад өнгөрсөн. Зүү тавиад дууссаны дараа энд тэнд өвдөөд байна гээд заагаад байхаар нь эмч “огцом хөдөлснөөс болоод булчин зангирсан юм шиг байна” гэж хэлээд тэр өдөртөө дахиад 10 минут зүү тавиад явуулсан. 14 цагийн үед эргэж ирээд “өвдөөд байна” гэж хэлэхээр нь эмч чагнаж үзсэн ба “амьсгаа авахаар өвдөөд байна” гэхээр нь эмч рентген зураг авахуулах хэрэгтэй гэж хэлсэн. Миний ойлгосноор баруун талын уушиг унасан гэж хэлсэн ба уушиг унах гэж юу гэсэн үг гэдгийг ойлгоогүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 18-19, 119-120 дугаар хуудас/,

 

            Гэрч Д.Оюунбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эмчилгээ хийлгэчихээд явсан ба цаг гаруйн дараа буцаж ирэхдээ амьсгаадаад ирэхэд нь Ю.Ж эмч оношлоод уушиг унасан байх магадлалтай гээд Шанш эмч дагуулж яваад 1-р эмнэлгийн дүрс оношлогооны тасагт уушгийг рентген гэрэлд харуулахад уушиг унасан байна гэсэн онош гарахаар нь КТГ хийлгэхэд уушиг унасан гэдгийг нь баталсан. Тэр өдөр 1-р эмнэлгийн уушигны гадна байгаа хийг сорох аппарат ажиллуулдаг хүн байхгүй учраас маргааш нь ирнэ гэж хэлсэн. Тэр хүмүүс өөрсдөө “Гранд мед” эмнэлэг рүү яваад миний мэдэхээр орой 21-22 цагийн үед эмчилгээ хийлгэсэн гэж ярьсан... Уушги унана гэдэг маань хүний уушигин дотор хийн бөмбөлөгүүдийн аль нэг нь ханиалгахад хагараад уушиг унаж болно. Тухайн үед Мөнхтуяагийн КТГ хийлгэсэн зураг дээр бөмбөлөгтэй юм шиг архаг шинж илрээгүй, уушигны архаг үрэвслийн шинж илэрсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Анх ирэхдээ биеийн байдал тогтвортой, амин үзүүлэлт хэвийн, цээжний баруун талаар хатгаж өвдөөд амьсгалахад төвөгтэй гэсэн зовиуртай ирсэн. Ахин үзлэг хийхэд 1 дүгээр эмнэлэг дээрээс рентгэн зураг, цээжний хөндийн компьютер томограф хийлгэсэн, уушиг унасан гэх оноштой ирсэн. Цээжний хөндийг чагнаж үзэхэд баруун уушиг  сонсогдохгүй, агааржилтгүй байсан. Тэгээд холбогдох шинжилгээг хийгээд мэс ажилбар бэлдэж эхэлсэн. Өвчтөн 20:56 цагт ирсэн, тасгийн эрхлэгч 21:30 цагийн орчим дуудаад удалгүй хүрээд ирсэн. Тэгээд цээжний хөндийд гуурс байрлуулан уушиг босгох мэс ажилбарыг тасгийн эрхлэгч Л.Мишигдоржийн хамт хийсэн. Хийх үед ямар нэгэн хүндрэл гараагүй. Тэгээд эмчийн эмчилгээ, боолт хийлгэж байгаад уушги бүрэн боссон учир 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гуурсаа аваад нэг өдөр хянаад 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эмнэлгээс гарсан. Өөрийнх нь яриагаар зүү тавьсан гэж Солонгос эмч мөн Монгол эмч 2 нь хяналтанд оруулаад яваад байсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Мишигдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн үед хүлээж аваагүй...Намайг ирэхэд баруун талын уушиг амьсгал сонсогдохгүй, тухайн өвчтөн амьсгаадсан, баруун цээж орчмоор хөндүүрлэсэн гэсэн зовиуртай байсан. Өөрийнх нь авч ирсэн рентген болон компьютер томографийн зураг дээр уушиг унасан байдалтай тул эмчилгээний заалт нь баруун уушгинд гуурс тавих заалттай учир баруун уушгинд гуурс мэс ажилбар хийсэн. Тэгээд эмийн эмчилгээ хийлгээд уушиг бүрэн боссон учир эмчилгээ хийлгэж байгаад эмнэлгээс гарсан...Зүү тавиулснаас боллоо гэж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

            Гэрч Ш.Мэндсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай эхнэр нөгөө эмчтэй уулзаж эмчилгээ хийлгэж эхэлсэн ба эмч нь хэлэхдээ “5 удаа зүү тавиад хий ханиалгахаа болино гэж хэлсэн” гэж хэлж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зүү тавиулсан. Тэгтэл өдөр 11 цагийн орчим манай эхнэр над руу утсаар залгаж яриад “миний бие муудаад байна. 1 дүгээр эмнэлэг дээр уулзъя” гэж хэлсэн. Ингээд 1 дүгээр эмнэлэг рүү авч яваад зүү тавьсан Солонгос эмчтэй нь уулзаж болсон асуудлын талаар хэлэхэд “цээжний рентгэн зураг авахуулъя” гэж хэлээд 1 дүгээр эмнэлэг дээр цээжний хөндийн рентгэн зураг авахуулсан. Ингээд эмнэлгээр шинжилгээ өгч явсаар байтал орой 19 цаг болчихсон. Тэгэхээр нь харьяаллын дагуу “Гранд мед” эмнэлэг рүү очиж үзүүлэхэд “яаралтай хагалгаа хийхгүй болохгүй” гэж хэлээд хагалгаа хийж, эмчилгээ хийж эхэлсэн. Тэгэхэд баруун талын уушиг унаж бүрэн ажиллагаагүй болсон байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 117-118 дугаар хуудас/,

 

Иргэний хариуцагч Д.Оюунбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Мөнхтуяа гэдэг хүн манай эмнэлэгт зүү тавих эмчилгээ хийлгэхээр 2018 оны 01 дүгээр сард үзүүлсэн. Тухайн үед маш ихээр ханиалгах зовиуртай байсан. Манай эмнэлгийн эмч Ю.Ж Мөнхтуяад зүү тавих эмчилгээ хийсэн. Эмчилгээ хийлгэх явцад Мөнхтуяа гэх хүний уушиг гэмтсэн байсан. Манай эмнэлэг болон Ю.Ж эмчийн зүгээс Мөнхтуяа гэх хүний эмчилгээнд анхаарал тавьж эрүүл болоход нь бүх талаар нь дэмжсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 203-204 дүгээр хуудас/

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2534 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Д.Мөнхтуяа-н биед баруун уушигны авчилт, цээжний хөндийд хий хуралт, баруун мөрний үений дээд хэсгийн булчингийн нэвчдэс хаван хавдар тогтоогдлоо.
  2. 2018.01.15-ны өдөр Рапха эмнэлэгт зүү тавиулсан гэх боловч тухайн ажилбар хийгдсэн талаарх эмнэлэгийн бичиг баримт байхгүй байна. Иймд баруун уушиг авчилт цээжний хөндийд хий хуралт баруун мөрний үений дээд хэсгийн булчингийн нэвчдэс хаван хавдар нь ямар шалтгааны улмаас үүсгэгдсэн эсэх нь тодорхойгүй байна..." гэжээ /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №409 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Д.Мөнхтуяагийн биед баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт, баруун мөрний үений дээд хэсгийн булчингийн нэвчдэс, хаван хавдар гэмтлүүд тогтоогдлоо. 2018.01.15-ны өдөр Рапха эмнэлэгт зүү тавих үед үүсгэгдсэн байх боломжтой.
  2. Д.Мөнхтуяа нь хэрэг учрал болсон гэх өдрөөс 25 хоногийн дараа буюу 2018.02.12-ны өдөр үзүүлэхэд зүүний гэх ором бүрэн арилсан байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...шинжээч эмч Б.Ганзориг..." гэжээ /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Б.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Дээрх гэмтэл нь үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр буюу зүү тавихад үүсэх боломжтой. Зүүний ором нь цэг төдий байдаг учраас хүн бүрт харилцан адилгүй байдаг. Богино хугацаанд буюу дунджаар 3-7 хоногт бүрэн арилж болдог. 2018 оны 01 дүгээр сарын 15 болон 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн цээжний КТГ шинжилгээнд уушиг унах шалтгаан болох архаг, эмгэг өөрчлөлтгүй байна. Архаг хууч өвчнөөс уушиг унаж болно...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй №845 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. ШШҮХ-н 2018.04.05-ны өдрийн 409 тоот үндэслэлтэй байна.
  2. Д.Мөнхтуяагийн биед баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт, баруун мөрний үений дээд хэсгийн булчингийн нэвчдэс зүү тавиулах эмчилгээний улмаас үүссэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл архаг хууч өвчний улмаас үүсээгүй.
  4. Рапха эмнэлэгт зүү тавих эмчилгээнд хэрэглэдэг зүүгээр уушиг гэмтэж болно.
  5. Баруун уушигны орой хэсэгт хамгийн ойр баруун эгэмний хонхор орчимд зүү тавихад зүү уушгинд хүрч хатгах боломжтой.
  6. Уг гэмтэл нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  7. БНАС-н эмч Ю.Ж Д.Мөнхтуяад зүү тавьсан эмчилгээнээс уг гэмтэл үүссэн байх боломжтой..." гэжээ /хх-ийн 147-149 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй №985 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. ШШҮХ-н шинжээчийн 2018.04.05-ны өдрийн 409, дахин шинжилгээ хийсэн 2018.07.18-ны өдрийн 845 тоот дүгнэлтүүдтэй санал нийлэхгүй байна.
  2. Д.Мөнхтуяагын биед 2018.01,15-ны өдөр үүссэн баруун уушигны авчийлт, цээжний хөндийн хий хуралдалт нь зүү тавих эмчилгээ хийх үед үүссэн эсхүл удаан хугацааны ханиалгын улмаас уушгинд полип /цэврүү/ үүссэнтэй холбоотой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Д.Мөнхтуяагын биед баруун мөрний үений дээд хэсгийн булчингийн нэвчдэс, хаван хавдар тогтоогдоогүй болно.
  3. Эмч Ю.Ж нь Д.Мөнхтуяад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага номхон далайн баруун эргийн бүсийн товчооноос гаргасан "Зүү төөнө заслын сүвийн хэмжил зүйн стандарт”-ын дагуу /BL43 GaoHwan-нуруу, СV22 Tiantu-цээж, С\/17 Danzho Ng-цээж, KD6 Zhaohai-тавхай, PC3 Quze-тохойн дотор тал, LU7 Liegue-шуу, SP4 Gongson-тавхай, PC6 Neiguan-шуу, CV12 Zhongwan-хэвлий, L14 Hegu-сарвуу, ST36 Zusanli-шилбэ, BL13 Feishu-нуруу/-ны цэгүүдэд зүү тавих эмчилгээ хийсэн байх ба байршил зүйн болон /атгах аргын хувьд зохих журмын дагуу гүйцэтгэсэн байна...” гэжээ /2 дугаар хх-ийн 185-188 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Ч.Чимэдрагчаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Мөнхтуяагын биед Солонгос улсын эмч зүү тавих эмчилгээг хийхдээ түүний сүвүүдийн байршил зөв эсэх, тухайн сүвүүдэд зүүг хатгасан арга текник нь стандартын дагуу хийгдсэн эсэхэд дүгнэлт өгсөн. Мөнхтуяа гэх хүний биед зүү тавих эмчилгээ хийгдсэнээс хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн байсан. Уушигний нарийн мэргэжлийн эмч биш учраас уушигт үүссэн гэмтлийг тогтоох боломжгүй. Уушигний гэмтлийг нарийн мэргэжлийн эмч тогтоох боломжтой....” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй №1203 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. ШШҮХ-н шинжээчийн 2018.04.05-ны өдрийн 409 болон дахин шинжилгээ хийсэн 2018.07.18-ны өдрийн 845 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2018.09.27-ны өдрийн дахин шинжилгээ хийсэн шинжээчийн 985 тоот дүгнэлттэй санал нийлэхгүй байна.
  2.  Д.Мөнхтуяагийн биед учирсан баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт гэмтэл нь 2018.01.15-ны өдөр зүү тавих эмчилгээ хийх үед үүссэн байна. Д.Мөнхтуяагийн 2019.01.15-ны өдрийн цээжний рентген болон КТГ-н зургаар баруун уушиг авчийлт, баруун уушигны плеврийн хөндийд хий хуралт тогтоогдсон бөгөөд уушгинд голомтот болон нэвчдэст өөрчлөлтгүй, ямар нэгэн булла /хийт хөндий/ тогтоогдоогүй болно.
  3.  Д.Мөнхтуяа нь гуурсан хоолойн архаг үрэвсэл өвчтэй байсан бөгөөд уг өвчний улмаас баруун уушигны авчийлт, цээжний хөндийд хий хуралт гэмтэл үүсээгүй болно...” гэжээ /2 дугаар хх-ийн 195-199 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй №641 дугаартай дүгнэлт “...Тэргүүлэх зэргийн шинжээч эмч С.Одончимэг

       Дүгнэлт:

  1. 2018 оны 04 сарын 05-ны өдрийн 409, дахин шинжилгээ хийсэн 2018 оны 7 сарын 18-ны өдрийн №845, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №1203 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэл муутай байна. 2018 оны 9 сарын 27-ны өдрийн №985 тоот шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна.
  2.  Д.Мөнхтуяагийн биед хийгдсэн шинжилгээгээр уушгинд полип буюу ургацаг, нэвчдэст өөрчлөлт илэрсэн, гуурсан хоолойн архаг үрэвсэл өвчтэй байсан бөгөөд зүү эмчилгээнээс шалтгаалсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
  3.  Гуурсан хоолойн архаг үрэвсэл, удаан хугацааны ханиалгын үед хүндрэл байдлаар цээжний хөндийд хий хуралдаж уушиг авчийж болно. Баруун мөрний үений дээд хэсгийн булчингийн нэвчдэс, хаван хавдар ямар шалтгаанаар үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

 

Дүгнэлт:

1. 2018 оны 04 сарын 05-ны өдрийн 409, дахин шинжилгээ хийсэн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 845, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1203 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2018 оны 09 сарын 27-ны өдрийн 985 тоот шинжээчийн дүгнэлтгэй санал нийлэхгүй байна.

  1. Д.Мөнтуяагийн биед баруун уушигны авчилт, цээжний баруун хөндий хий хуралт гэмтэл нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зүүн тавих эмчилгээний улмаас үүссэн байх боломжтой байна.
  2. Д.Мөнхтуяа нь гуурсан хоолойн архаг үрэвсэл өвчтэй байсан бөгөөд уг өвчний улмаас баруун уушгины авчилт, цээжний баруун хөндийд хий хуралт гэмтэл үүсэх боломжгүй...Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч Ж.Ганцэнгэл, Н.Туяа, шинжээч эмч Ц.Бадрал, О.Болороо, АУ-ны доктор, дэд профессор Д.Мөнхбаатар, АУ-ны доктор, дэд профессор, дотрын тэргүүлэх зэргийн эмч Н.Ариуцэцэг...” гэжээ /2 дугаар хх-ийн 81-85 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд “...spring handle stress free needle гэсэн бичиглэлтэй 7 см урттай хойд талдаа эрчлээстэй зүү 10 ширхэгийг ууттай лацтай нь хураан авав...” гэжээ /1 дүгээр хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Грандмед эмнэлгийн албан бичиг, Д.Мөнхтуяагийн өвчний түүх  “...өвчний түүх : 1/15-д УНТЭ-т зүү тавиулсан улмаар цээжний баруун талаар хатгаж амьсгал авч чадахгүй болсон...” /1 дүгээр хх-ийн 62-82 дугаар хуудас/,

 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан бичигт “...БНАСАУ-ын иргэн Ю.Ж нь “Рафа” эмнэлэгт ажиллахаар 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/264 дугаар тушаалаар 2017 оны 7 дугаар сарын 06-наас 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай Уламжлалт анагаах ухаан судлалын чиглэлээр 2 удаа эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан болно....” гэжээ /1 хх-ийн 127 дугаар хуудас/,

 

 Монгол Улсын Эрүүл мэндийн яамны албан бичигт “...Ю.Жд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/264 дүгээр тушаалаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаагаар олгосон байна....” гэжээ /1 хх-ийн 128 дугаар хуудас/,  

 

Шүүгдэгч Ю.Жий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 139 дүгээр хуудас/, Ю.Жий Монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хх-ийн 60 дугаар хуудас/, “Рафа” эмнэлэгийн тодорхойлолт /1 хх-ийн 83 дугаар хуудас/, шүүгдэгч Ю.Жий хувийн байдалтай холбоотой баримтууд /1 хх-ийн 84-96 дугаар хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 160 дугаар хуудас/, хөдөлмөрийн гэрээ /1 хх-ийн 170-174 дүгээр хуудас/, гэм хорын хохиролтой холбоотой баримтууд /1 хх-ийн 239-255, 2 дугаар хх-ийн 1-4 дүгээр хуудас/,   болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 3 хуудас баримт зэрэг нотлох баримт шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч БНАСАУ-ын иргэн Ю.Ж /Y J/ нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 8-9 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рафа” эмнэлэгт уламжлалт анагаах ухаан судлалын чиглэлээр эмчлэх үйл ажиллагаа зөвшөөрөлтэйгээр иргэн Д.Мөнхтуяад зүү тавих эмчилгээ хийж байхдаа эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс түүний эрүүл мэндэд “баруун уушгины авчилт цээжний хөндийд хий хуралт, баруун мөрний үеийн дээд хэсгийн булчингийн нэвчдэс, хаван хавдар” бүхий хүнд хохирол учирсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч Д.Мөнхтуяагийн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын нэгдүгээр төв эмнэлэг дотор үйл ажиллагаа явуулдаг “Рафа” гэх нэртэй эмнэлэгт зүү тавиулах эмчилгээ хийлгэсэн. Миний биед нэрийг нь мэдэхгүй хойд Солонгос улсын эмч зүү тавьсан...эхлээд доошоо хараад хэвтэж байхад баруун мөрөн дээр 3-4 зүү, далны хавьцаа 4 зүү тавьсан. Миний баруун мөр, хоолой, ар нуруу, гэдэс, хөлөн дээр зүү тавьсан. Зүү тавиулж дуусаад босоод ирэхэд миний биеийн баруун тал тэр чигтээ өвдөөд байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Оюун-Эрдэнийн “...Зүү тавиад дууссаны дараа энд тэнд өвдөөд байна гээд заагаад байхаар...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ш.Мэндсайханы “...манай эхнэр над руу утсаар залгаж яриад “миний бие муудаад байна. 1 дүгээр эмнэлэг дээр уулзъя” гэж хэлсэн. 1 дүгээр эмнэлэг дээр цээжний хөндийн рентгэн зураг авахуулсан. “Гранд мед” эмнэлэг рүү очиж үзүүлэхэд “яаралтай хагалгаа хийхгүй бол болохгүй” гэж хэлээд хагалгаа хийж, эмчилгээ хийж эхэлсэн. Тэгэхэд баруун талын уушиг унаж бүрэн ажиллагаагүй болсон байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Оюунбатын “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эмчилгээ хийлгэчихээд явсан ба цаг гаруйн дараа буцаж ирэхдээ амьсгаадаад ирсэн... уушгийг рентген гэрэлд харуулахад уушиг унасан байна гэсэн онош гарахаар нь КТГ хийлгэхэд уушиг унасан гэдгийг нь баталсан.... Тухайн үед Мөнхтуяагийн КТГ хийлгэсэн зураг дээр бөмбөлөгтэй юм шиг архаг шинж илрээгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Л.Мишигдоржийн “...Бид цаг алдахгүй яаралтайгаар дуудагдан ирж цээжний хөндийн гуурс суулгах мэс ажилбар хийсэн. Мөнхтуяагийн биед хийсэн шинжилгээг үзэхэд уушиг унахад нөлөөлөх ямар нэг эмгэг голомт илрээгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Энхбаярын “...цээжний баруун талаар хатгаж өвдөөд амьсгалахад төвөгтэй гэсэн зовиуртай ирсэн. Ахин үзлэг хийхэд 1 дүгээр эмнэлэг дээрээс рентгэн зураг, цээжний хөндийн компьютер томограф хийлгэсэн, уушиг унасан гэх оноштой ирсэн. Цээжний хөндийг чагнаж үзэхэд баруун уушиг  сонсогдохгүй, агааржилтгүй байсан. Тэгээд холбогдох шинжилгээг хийгээд мэс ажилбар бэлдэж эхэлсэн. Өвчтөн 20:56 цагт ирсэн, тасгийн эрхлэгч 21:30 цагийн орчим дуудаад удалгүй хүрээд ирсэн. Тэгээд цээжний хөндийд гуурс байрлуулан уушиг босгох мэс ажилбарыг тасгийн эрхлэгч Л.Мишигдоржийн хамт хийсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ю.Ж /Y J/-ийн хохирогч Д.Мөнхтуяагийн биед эмчилгээ хийсэн тухай мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2534 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1.            Д.Мөнхтуяа-н биед баруун уушигны авчилт, цээжний хөндийд хий хуралт, баруун мөрний үений дээд хэсгийн булчингийн нэвчдэс хаван хавдар тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №409 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1.            Д.Мөнхтуяагийн биед баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт, баруун мөрний үений дээд хэсгийн булчингийн нэвчдэс, хаван хавдар гэмтлүүд тогтоогдлоо. 2018.01.15-ны өдөр Рапха эмнэлэгт зүү тавих үед үүсгэгдсэн байх боломжтой. 3.       Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй №845 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. ШШҮХ-н 2018.04.05-ны өдрийн 409 тоот үндэслэлтэй байна. 2. Д.Мөнхтуяагийн биед баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт, баруун мөрний үений дээд хэсгийн булчингийн нэвчдэс зүү тавиулах эмчилгээний улмаас үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл архаг хууч өвчний улмаас үүсээгүй. 4. Рапха эмнэлэгт зүү тавих эмчилгээнд хэрэглэдэг зүүгээр уушиг гэмтэж болно. 5. Баруун уушигны орой хэсэгт хамгийн ойр баруун эгэмний хонхор орчимд зүү тавихад зүү уушгинд хүрч хатгах боломжтой. 6. Уг гэмтэл нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 7.БНАС-н эмч Ю.Ж Д.Мөнхтуяад зүү тавьсан эмчилгээнээс уг гэмтэл үүссэн байх боломжтой..." гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй №1203 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. ШШҮХ-н шинжээчийн 2018.04.05-ны өдрийн 409 болон дахин шинжилгээ хийсэн 2018.07.18-ны өдрийн 845 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2018.09.27-ны өдрийн дахин шинжилгээ хийсэн шинжээчийн 985 тоот дүгнэлттэй санал нийлэхгүй байна. 2.  Д.Мөнхтуяагийн биед учирсан баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт гэмтэл нь 2018.01.15-ны өдөр зүү тавих эмчилгээ хийх үед үүссэн байна. Д.Мөнхтуяагийн 2019.01.15-ны өдрийн цээжний рентген болон КТГ-н зургаар баруун уушиг авчийлт, баруун уушигны плеврийн хөндийд хий хуралт тогтоогдсон бөгөөд уушгинд голомтот болон нэвчдэст өөрчлөлтгүй, ямар нэгэн булла /хийт хөндий/ тогтоогдоогүй болно. 3. Д.Мөнхтуяа нь гуурсан хоолойн архаг үрэвсэл өвчтэй байсан бөгөөд уг өвчний улмаас баруун уушигны авчийлт, цээжний хөндийд хий хуралт гэмтэл үүсээгүй болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй №641 дугаартай дүгнэлтийн 6 шинжээчийн гаргасан дүгнэлт хэсэг,

 

Хохирогч Д.Мөнхтуяагийн өвчний түүх,

 

Шинжээч Б.Ганзоригийн “...Дээрх гэмтэл нь үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр буюу зүү тавихад үүсэх боломжтой. 2018 оны 01 дүгээр сарын 15 болон 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн цээжний КТГ шинжилгээнд уушиг унах шалтгаан болох архаг, эмгэг өөрчлөлтгүй байна...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан бичиг, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны албан бичиг /Ю.Ж /Y J/ эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй тухай/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Рафа” эмнэлэгт эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй БНАСАУ-ын иргэн Ю.Ж /Y J/ нь Д.Мөнхтуяад уламжлалт анагаах ухааны зүү тавих эмчилгээг хийж дууссан даруйд Д.Мөнхтуяагийн цээжний баруун хэсгээр зовиурлаж өвдөн улмаар эмч, эмнэлгийн ажилчидад мэдэгдэж, цээжний рентген зураг авахуулж Гранд мед эмнэлэгт яаралтай мэс ажилбарт орж түүний биеийн эрүүл мэнд хэвийн байдалд орсон байна.

 

Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар 5 удаа шинжээчийн дангаар болон бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан байх ба хохирогч нь шүүгдэгчээс зүү тавих эмчилгээ хийсэн даруйд өвдөж зовиурласан нөхцөл байдал үүсч энэ байдлыг гэрч нараас тодорхой мэдүүлсэн үйл баримт тогтоогдож улмаар шинжээчийн №409, №845, №1203 дугаартай дүгнэлтүүд, №641 дугаартай дүгнэлтийн 6 шинжээчийн санал нэгтэй гаргасан дүгнэлт хэсгүүдэд хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл нь зүү тавих эмчилгээний үед үүссэн байх боломжтойг тогтоосон баримтууд хоорондоо хэргийн жинхэнэ байдалтай тохирч шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон байна гэж дүгнэлээ.

 

Хохирогч Д.Мөнхтуяа нь ханиалгаж буй зовиураа эмчлүүлэх зорилгоор Ю.Ж /Y J/-нд хандсан байх ба тэрээр гуурсан хоолойн архаг үрэвсэлтэй болох нь тогтоогдож тэрхүү өвчин “баруун уушгины авчилт цээжний хөндийд хий хуралт, баруун мөрний үеийн дээд хэсгийн булчингийн нэвчдэс, хаван хавдар” бүхий хүнд гэмтэлтэй шалтгаант холбоогүй болохыг дээрх шинжээчийн дүгнэлтүүд, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Ийнхүү шүүгдэгч Ю.Ж /Y J/ нь хохирогч Д.Мөнхтуяад эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ зүүг хүний биед хатгаснаар хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч  хохирогчид хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас тэр даруй хохирогчийг хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой нөхцөл байдал нотлогдсон гэж шүүх үзлээ.   

 

   Иймд шүүх шүүгдэгч Ю.Ж /Y J/-ийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч харин шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас “...Ю.Ж зүү тавих эмчилгээг зохих ёсоор хийсэн болохыг шинжээчийн 985 дугаар дүгнэлтээр тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, эргэлзээтэй. Зүү тавьснаас уушгины авчилт тогтоогдоогүй. Иймд шүүгдэгчид холбогдох хэргийг ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан ШШҮХ-ийн шинжээчийн №985 дугаартай дүгнэлтээр зүү тавих эмчилгээг эмчлүүлэгчийн картанд үндэслэж гаргаснаас гадна шинжээч Ч.Чимэдрагчаагийн “...Уушигний нарийн мэргэжлийн эмч биш учраас уушигт үүссэн гэмтлийг тогтоох боломжгүй. Уушигний гэмтлийг нарийн мэргэжлийн эмч тогтоох боломжтой...” гэсэн мэдүүлэг зэргээр уг дүгнэлт эргэлзээтэйгээс гадна бусад шинжээчийн дүгнэлтүүдээр няцаагдсан байна.  

 

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжыг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үнэлэхэд хохирогчоос болсон хэрэг үйл явдлын талаар удаа дараа мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй ба тэрээр болсон хэрэг явдлыг тодорхой мэдүүлж, дээр дурьдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул түүнийг худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг бодит бус буюу нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг тус гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Д.Мөнхтуяагаас “...Солонгос улсад эмнэлэгт үзүүлэхээр явсан ба онгоцны тийзийн зардал, эмчид үзүүлсэн төлбөр болон эмчилгээний зардал болох 6 сая төгрөг нэхэмжилж байна...” гэсэн боловч гаргасан баримтуудад нарийн мэргэжлийн ямар эмчид үзүүлсэн болох, зөвлөгөө, эмчилгээ авсан нь тодорхойгүй, зөвхөн эмнэлэгт үзүүлсэн төлбөрийн баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Ийнхүү хохирогч Д.Мөнхтуяа дээрх нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрэн бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Ю.Ж /Y J/-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ю.Ж /Y J/-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ю.Ж /Y J/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор, прокурорын саналыг харгалзан 2 жилийн хугацаагаар эрх хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн spring handle stress free needle гэсэн бичиглэлтэй 7 см урттай хойд талдаа эрчлээстэй 10 ширхэг ууттай зүүг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ю.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ю.Ж /Y J/-ийг бусдад эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ж /Y J/-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ю.Ж /Y J/ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн spring handle stress free needle гэсэн бичиглэлтэй 7 см урттай хойд талдаа эрчлээстэй 10 ширхэг ууттай зүүг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.   

 

            5. Хохирогч Д.Мөнхтуяагаас гаргасан 6 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ю.Ж /Y J/-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ж /Y J/ нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ю.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН