Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 12

 

             Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

             Нэхэмжлэгч: Д.Ядамсүрэн, Д.Оюун-Эрдэнэ, О.Оюунцэцэг, М.Мөнхбат, Д.Бямбадорж, Ө.Наранбаатар нарын нэхэмжлэлтэй,  

             Хариуцагч: Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,

             Нэхэмжлэлийн шаардлага: “Өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Оюунцэцэг, нэхэмжлэгч Ө.Наранбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болорзул, нэхэмжлэгч Д.Ядамсүрэн, Д.Оюун-Эрдэнэ, М.Мөнхбат, Д.Бямбадорж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Наранчимэг, гуравдагч этгээд Ц.Төмөртогоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Д.Ядамсүрэн, Д.Оюун-Эрдэнэ, О.Оюунцэцэг, М.Мөнхбат, Д.Бямбадорж, Ө.Наранбаатар нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч бид Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 1-2 тоотод “Мехбаал” ХХК-ийн захирал Ц.Төмөртогоо гэдэг хүний барьсан 4 давхар 16 айлын орон сууцанд байр авахаар захиалга өгч хөрөнгө оруулалтаа бүрэн хийгээд 4 дэх жилдээ орсон. Урьдчилан мөнгөө төлж санхүүжилтээ биднээс авсан. Тэгээд 2013 онд уг байрыг ашиглалтанд оруулж бид 2013, 2014 онд цувралдан байранд орсон боловч одоо болтол өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй хохирч байна. Анх Улсын бүртгэлийн газарт очиход газрын маргаантай гээд өргөдөл хүсэлтийг хүлээн авдаггүй байлаа. Төмөртогоо гэдэг хүн нь хувийн өмчлөлийн газраа нийтийн өмчлөлд шилжүүлэхгүй гэж маргадаг. Ингээд бид 2016 онд шүүхэд иргэний журмаар хандсан. Гэтэл шүүх хэдэн сарын дараа өргөдлөө татаж аваад Захиргааны хэргийн шүүхэд хандах нь зөв гэсэн. Ингээд   Захиргааны   шүүхэд   хандахын   тулд  эхлээд  Улсын  бүртгэлийн  хэлтэст өөрсдийн авсан байранд өмчлөх эрхийн гэрчилгээг олгоно уу гээд холбогдох бүх бичиг баримтыг бүрдүүлээд өгсөн. Гэтэл тэд сарын дараа 2017 оны 01 сарын 04-нд 22 тоот албан бичгээр хариу өгөхдөө “…Уг нийтийн зориулалттай орон сууцны өмчлөх эрхээ бусдад шилжүүлэн бүртгүүлэх тохиолдолд өмчлөлийн газраа нийтийн эзэмшилд шилжүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг гаргуулсны дараа бүртгүүлэх боломжтой учир танайд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн. Уг шийдвэрийг бид зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ бичиж Монгол Улсын Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гомдлоо гаргасан боловч хариу ирэхгүй байж байгаад 2017 оны 03 сарын 02-ны өдрийн 7/1667 тоотоор хариу ирүүлснийг бид зөвшөөрөхгүй байна. Биднийг гомдол гаргаж шат шатны байгууллагын хариуг хүлээж байх явцад иргэн Ц.Төмөртогоогийн өмчлөлд байдаг 74-р байшинг шүүхийн шийдвэрийн дагуу эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн юм байна гэдгийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичгээс олж мэдлээ. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулиудаас үзэхэд Монгол Улсын иргэн газар өмчлөх, өмчилсөн газартаа орон сууц барих, түүнийгээ захиран зарцуулах эрхийг хязгаарлаагүй байна. Мөн иргэн өөрийн өмчлөлийн газар дээр барьсан орон сууцнаас бусдад худалдахад заавал өөрийн өмчлөлийн газраа нийтийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэх ёстой гэсэн заалт байхгүй байна. Гэтэл иргэн Төмөртогоог хувийн өмчийн газраа нийтийн эзэмшилд шилжүүлж шийдүүлсэнгүйгээс бидэнд өмчлөх эрхийн гэрчилгээ өгөхгүй гэж буй нь хуулинд байхгүй үндэслэл шалтаг зааж татгалзан иргэн бидний өмчөө бүртгүүлэх, захиран зарцуулах, барьцаалах, бусад байдлаар ашиглах эрхийг зөрчиж хохироож байна.

             Иймд Хэрлэн сумын 10 дугаар багийн 74 дүгээр байрны 3, 5, 6, 8, 9, 16 тоотын оршин суугч бидэнд орон сууцаа өмчлөх эрхээ баталгаажуулж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

             Нэхэмжлэгч О.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2015 оны 05 сард 74-5 тоотыг 37.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг байрыг хүүхдийн талбай, машины зогсоолтой гэхээр нь сонгосон. Гэтэл одоо хүүхдийн тоглох тоглоомын талбай, хогийн сав байхгүй. Усны асуудал маш хэцүү байдаг. Төмөртогоогийн охин бидний усыг 3-6 сараар нь бичиж, бөөнөөр нь төлдөг. Анх уг байранд ороход 7 хоногийн дараа гэрчилгээ гаргаж өгнө гэж хэлсэн. Манай байрны хүмүүс 8 хувийн ипотекийн зээлэнд хамрагдах боломжтой гэж байсан. Гэтэл банк шаардлага хангахгүй байранд зээл олгох боломжгүй гэж байсан. Эхлээд хогийг маань авдаг байснаа одоо бүр авахаа больсон. Усны хувьд бол биднийг Нийтийн аж ахуйтай очиж уулзахад танай шугам шаардлага хангахгүй байгаа учраас бид цэвэр усыг чинь хариуцахгүй, айлд нь усны заалт бичих боломжгүй зэрэг хүндрэлтэй асуудал олон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрлэн сумын 10 дугаар баг 1-02 тоотод гуравдагч этгээд Төмөртогоо нь 4 давхар 16 айлын орон сууц барьсан. Байшин барьсан газар нь хувь хүний өмч байсан. Орон сууц барихдаа миний үйлчлүүлэгч нартай гэрээ хийж, тодорхой зориулалтаар ашиглах, орон сууцыг ашиглалтанд оруулах зэрэг нөхцлөөр мөнгө авсан. Орон сууцны захиалга өгсөн хүмүүсийн мөнгө тухайн орон сууцны санхүүжилтэд орсон байх гэж бодож байна. Үйлчлүүлэгчид  эрүүл ахуйн болон наад захын шаардлага хангасан байранд орно гэсэн шаардлага тавьсан. Барилгын тухай хуулийн дагуу тухайн компани зохих шаардлага стандартын дагуу хийсэн юм шиг харагддаг. Улсын комисс Нийтийн орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж хүлээж авсан байдаг. Тухайн орон сууцны гүйцэтгэл 80 хувьтай байхад нь өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байдаг. Гэрчилгээг үндэслэн зээл авч, байрыг дуусгасан байх гэж бодож байна. Тус байр 2014 оны 12 сард ашиглалтанд орсон, 2015 оноос хүмүүс байрандаа орсон. Өмчлөх эрхийн гэрчилгээ айл бүрт бичигдээгүй учраас оршин суугчид усны төлбөрөө сар сараар нь биш улирлаар нь Төмөртогоод хураалгадаг зэрэг наад захын зөрчил байдаг. Ус алдах үед Нийтийн аж ахуй засвар хийгээгүй зэрэг байдал байдаг. Энэ хүмүүс Өмчлөх эрхийн гэрчилгээгээ одоо болтол аваагүй байна. Өмчлөх эрхийн гэрчилгээгээ авбал иргэн бүр өөрт ашигтайгаар эзэмшиж, ашиглах эрх нь нээлттэй. Тухайлбал: Байраа барьцаалж, банкнаас зээл авах боломжгүй хохирч байна. Оршин суугчид Үл хөдлөх хөрөнгийн газарт хандахад “Төмөртогоо нь барилга барьсан газраа Нийтийн эзэмшилд шилжүүлээгүй учраас бүртгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн байдаг. Тиймээс бид анх иргэний шүүхэд хандаж байсан. Шүүх захиргааны шүүхэд ханд гэж санаачилсан мөртлөө уг захирамжиндаа бид нар өөрсдөө нэхэмжлэл гаргахаа больсон мэт бичсэн байна лээ. Бид Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандахад 2017 оны 3 сарын 2-ний өмч нь барьцаанд байна, орон сууц нь барьцаанд байгаа учраас нэг бүрчлэн гэрчилгээ олгох боломжгүй гэж байсан. Үл хөдлөх хөрөнгийн газарт биднийг өргөдөл өгөхөөс өмнө “Кредит Монгол” ХХК-ийн барьцаанд байгаагүй. Харин 2017 онд шүүгчийн захирамжаар тухайн байрыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсан. Гэтэл 80 хувийн гүйцэтгэлтэй байхад тухайн газарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон. Цаана нь 20 хувьд нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй гэж үзэх боломж байна гэж үзэж байна. Иргэний хуульд зааснаар иргэн хүн өөрийнхөө өмчлөл дээр Нийтийн орон сууц барьж болохгүй гэсэн заалт байхгүй. Нийтийн орон сууц барьвал иргэн хүн өмчийнхөө газрыг нийтийн өмчлөлд шилжүүл гэсэн хуулийн заалт бас байхгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуульд ... дундын өмчлөлийн хөрөнгө яригддаг болохоос тухайн газрыг нийтийн өмчлөлд шилжүүлэх гэсэн хуулийн заалт байхгүй. Орон сууцны доод газрыг СӨХ-н мэдэлд эзэмшүүлнэ гэсэн болохоос өмчлөлийг шилжүүлнэ гэсэн зүйл байхгүй. Тухайн газрыг Нийтийн эзэмшилд шилжүүлж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. СӨХ нь тухайн газрыг эзэмших, ашиглах эрхгүй. Хууль бус шаардлага тавьж өмчлөгч нарт гэрчилгээ олгохгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Газрын харилцаа геодези, зураг зүйн газраас 2014 онд Төмөртогоод “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээс харахад 2003 онд Монгол Улсын иргэн газар эзэмшүүлэх тухай баримтлах чиглэл Засгийн газрын тэмдэглэлийг үндэслээд өмчлөгч нарын эрхийг хохироогоод байж болохгүй юм. Хуульд заагаагүй, Засгийн газрын тэмдэглэлийг үндэслэж байна. Уг тэмдэглэлд ... “Нийтийн орон сууцны зориулалтаар хувьчилж авсан барилга байгууламжийг” гэж байна. Улсын өмчлөлд байсан 5 давхар орон сууцыг иргэн бүрт үнэ төлбөргүй хувьчилсан. Уг байрны доод газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн зүйл яригдах байх. Түүнээс биш хувийнхаа газар дээр барилга барьснаар Нийтийн өмчлөлд шилжүүл гэсэн зүйл харагдахгүй байна. Өмчлөх эрхийн гэрчилгээ олгож өгнө үү. Төмөртогоогийн өртэй байгаа асуудал нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчиж байна. Бид гол нь шүүгчийн захирамж гарахаас өмнө Өмчлөх эрхийн гэрчилгээ олгох талаар шүүх, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг холбогдох байгууллагад нь хандаж байсан учраас өмчөө баталгаажуулах эрхтэй юм. Ядаж 80 хувьд нь гэрчилгээ авсан байхад 20 хувьд нь тааруулж, гэрчилгээ олгох боломж байна уу, бидэнд ямар ч байсан гэрчилгээ олгох ёстой гэв.         

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бусад нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай санал нэгтэй байна гэв.

            Хариуцагч, Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбаяр шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 1 дүгээр гудамжны 02 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь дангаар өмчлөх хүсэлт, мэдүүлгийг иргэн Ц.Төмөртогоо 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус хэлтэст гаргасныг эрхийн улсын бүртгэлийн Ү-0614006820 дугаарт бүртгэн өмчлөх эрхийн 000148945 тоот гэрчилгээ олгосон байна. Дээрх өмчлөгч нь 2013 оны 11 сард Кредит Монгол банк бус санхүүгийн байгууллагатай ЗГ1114/13/11/14 тоот зээлийн гэрээ байгуулсныг “Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байх ба өнөөдрийн байдлаар хуульд заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага хангагдаж гэрээ дуусгавар болсон тухай бүртгэлийг хийлгээгүй байна. Мөн Дорнод аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 138/ШЗ2017/00373 тоот шүүгчийн захирамж, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3/129 дугаартай албан бичгээр тус эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

           Иргэн Ц.Төмөртогоогийн өмчлөлийн 10 дугаар баг 74 дүгээр байр 16-н айлын орон сууцны доорхи газар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар байх ба уг орон сууцыг худалдан борлуулж өмчлөгч тус бүр орон сууц өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулах нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Сууц өмчлөгчид нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх, орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхдээ инженерийн шугам шүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлж буй мэргэжлийн байгууллагад саад учруулахыг хориглоно” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 22 дугаар тэмдэглэлээр баталгаажсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах чиглэл”-д “нийтийн орон сууцны зориулалтаар хувьчилж авсан барилга байгууламж /барилгын суурь болон нийтийн эдэлбэр газар/-т ногдох газрыг иргэнд өмчлүүлэхгүй байх” гэж тусгасан байх тул нийтийн хэрэгцээнд ашиглах орон сууцны доорхи иргэний өмчлөлийн газрыг төрийн мэдэлд шилжүүлсний дараа орон сууцны өмчлөх эрхийг бүртгэх нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “Улсын бүртгэл үнэн зөв” байх зарчимд нийцэхээр байна. Улмаар нийтийн зориулалттай орон сууцны өмчлөх эрхээ бусдад шилжүүлэн бүртгүүлэх тохиолдолд өмчлөлийн газраа нийтийн эзэмшилд шилжүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг гаргуулсны дараа бүртгүүлэх боломжтой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм гэв.

            Гуравдагч этгээд Ц.Төмөртогоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн өмчлөлийн газар дээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.7-д “холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын баталсан стандарт, дүрэм, журам шаардлагад нийцүүлэн өмчийнхөө газарт барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих ашиглах эрхтэй” гэж заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 2-нд 16 айлын орон сууц барьж улсын комисст хүлээлгэн өгсөн. Барилгын тухай хуулийн 4.1.1 “Барилга байгууламж гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, зам гүүр, ус, …түүний инженерийн шугам сүлжээг” хэлнэ гэж заасан учраас барилга байгууламж барих эрхтэй гэдэгт орон сууцны барилга хамрагдаж байгаа нь хуулиас харагдаж байна. Орон сууц барихыг зөвшөөрсөн байтлаа худалдан борлуулах эрхийг нь хязгаарласан байх үндэслэлгүй бөгөөд өнөөг хүртэл улсын бүртгэлийн хэлтэс ямар нэгэн өөр өөр тайлбар хэлэн биднийг хохироосор байна. Би 2015 оны 03 дугаар сарын 16-нд Улсын бүртгэлийн ерөнхий газраас “өмчлөлийн газраа сууц өмчлөгчдөд эзэмшүүлэх, ашиглах эсэх талаар гэрээ хэлцэл байгуулж улсын бүртгэлд бүртгүүлж болох” тухай өргөдлийн хариуг авсан. Үүний дагуу Хэрлэн сумын Засаг даргаас газраа ашиглуулах зөвшөөрөл авч гэрээ хэлцэл байгуулсан боловч Улсын бүртгэлийн хэлтэс миний өмч болох газрыг шаардсаар гэрчилгээг гаргаж өгөхгүй байна. Газрын өмчлөлөөсөө татгалзаад ирвэл бүртгэж болно гэж байгаа нь Иргэний хуулийн 93.1-д “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38.1 “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж байна.

            Ийм учраас шүүхээс 2017 оны 1 дүгээр сард гаргасан худалдаж борлуулахыг түдгэлзүүлсэн асуудлаас газрыг хууль бусаар шаардаад байгаа асуудлыг тусгаарлаж авч үзэж өмчлөлийн газар дээрээ барьсан орон сууцаа улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг минь тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Д.Ядамсүрэн, Д.Оюун-Эрдэнэ, О.Оюунцэцэг, М.Мөнхбат, Д.Бямбадорж, Ө.Наранбаатар нар нь “Өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ. Тухайлбал:

            Ц.Төмөртогоогийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 1 дүгээр гудамжны 02 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь дангаар өмчлөх хүсэлт, мэдүүлгийг  2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-0614006820 дугаарт бүртгэн, өмчлөх эрхийн 000148945 дугаартай гэрчилгээ олгожээ.

             “Мехбаал” ХХК-ний захирал Ц.Төмөртогоо нь Хэрлэн сумын 10 дугаар багт 4 давхар 16 айлын орон сууц барьж 2014 оны 12 дугаар сарын 2-нд улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

             Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/109 дүгээр захирамжаар “Мехбаал” ХХК-ийн 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Ялалтын 1 дүгээр эгнээнд барьсан 4 давхар 16 айлын орон сууцанд 74 гэсэн дугаар олгож, ...сууц өмчлөгчдийн холбооны харъяалалд авч, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Табтана” СӨХ-ны захиралд үүрэг болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Д.Ядамсүрэн, Д.Оюун-Эрдэнэ, О.Оюунцэцэг, М.Мөнхбат, Д.Бямбадорж, Ө.Наранбаатар нар нь “Мехбаал” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 74 дүгээр байрнаас урьдчилгаа төлж, гэрээ байгуулан,  байрны төлбөрийг барагдуулж, тус тусын орон сууцнуудыг худалдан авсан болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Гэтэл Ц.Төмөртогоо нь өөрийн өмчлөлийн газар дээр барьсан 74 дүгээр байрны доорхи болон орчны газраа нийтийн эзэмшилд шилжүүлээгүйгээс дээрхи нэр бүхий иргэд байрны өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадахгүйд хүрч маргаан үүссэн байна.

            Нэхэмжлэгч нар нь 2014 оноос эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст удаа дараа өмчлөх эрхийн гэрчилгээ олгож өгөхийг хүсэж гомдол гаргасан байна.

             Гэтэл дээрхи газруудаас ...нийтийн зориулалттай орон сууцны өмчлөх эрхээ бусдад шилжүүлэн бүртгүүлэх тохиолдолд өмчлөлийн газраа нийтийн эзэмшилд шилжүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг гаргуулсны дараа бүртгүүлэх боломжтой... гэсэн хариуг удаа дараа өгч иргэдийг чирэгдүүлж байгаа нь буруу байна.

            Өөрөөр хэлбэл иргэн Ц.Төмөртогоо нь 74 дүгээр байрны өөрийн өмчлөлийн газраа хэзээ ч нийтийн эзэмшилд шилжүүлэхгүй гэж маргаж байхад заавал тухайн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсний дараа өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж төрийн эрх бүхий байгууллагын зүгээс мэдэгдэж байгаа нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа бөгөөд дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч нарыг буруутгах үндэслэлгүй байна.

            Иргэн Ц.Төмөртогоогийн барьж ашиглалтанд оруулсан 74 дүгээр байрыг улсын комисс хүлээж авахдаа тухайн өмчлөлийн газрыг нь нийтийн эзэмшилд шилжүүлсний дараа хүлээж авах байсан бөгөөд энэ нь төрийн зохих байгууллагын албан тушаалтнуудын буруу юм.

           Одоогийн мөрдөж байгаа Монгол улсын холбогдох хууль тогтоомжуудад ... заавал өмчлөлийн газраа нийтийн эзэмшилд шилжүүлсний дараа өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно гэсэн хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй байна.

            Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 22 дугаар тэмдэглэлийн хавсралтад “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах чиглэл”-д “нийтийн орон сууцны зориулалтаар хувьчилж авсан барилга байгууламж /барилгын суурь болон нийтийн эдэлбэр газар/-т ногдох газрыг иргэнд өмчлүүлэхгүй байх” гэсэн баримт бичгийг үндэслэн 74 дүгээр байрны нэр бүхий иргэдэд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа нь үндэслэлгүй байна.

            Тэрээр Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 1 дүгээр гудамжны 02 дугаар хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Ц.Төмөртогоо нь бүртгэлтэй байх бөгөөд дээрхи үл хөдлөх эд хөрөнгө нь өнөөдрийн байдлаар “Кредит Монгол” ББСБ-ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаатай, Дорнод аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 138/Ш32017/00373 тоот шүүгчийн захирамж, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3/129 дугаартай албан бичгээр түүний эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Гэвч дээрхи нөхцөл байдал сэргэсний дараа нэхэмжлэгч нарт өмчлөх эрхийн гэрчилгээг хуульд заасан журмын дагуу олгох нь зүйтэй.

             Нэхэмжлэгч нар нь Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 1 дүгээр гудамжинд байрлах 74 дүгээр байрны газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх асуудлыг холбогдох газарт нь хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч  Д.Ядамсүрэн, Д.Оюун-Эрдэнэ, О.Оюунцэцэг, М.Мөнхбат, Д.Бямбадорж, Ө.Наранбаатар нарт  Өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.АМАРЖАРГАЛ