| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 143/2022/00470/И |
| Дугаар | 203/МА2025/00017 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 203/МА2025/00017
2025 оны 04 сарын 09 өдөр Дугаар 203/МА2025/00017 Даланзадгад сум
Б.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 313/ШШ2025/00055 дугаар шийдвэртэй, Б.*******ын нэхэмжлэлтэй, С.*******, Г.******* нарт холбогдох
8,920,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 9,027,400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтох, хариуцагч С.*******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Г.Отгондорж болон түүний гэр бүлийн хүн С.*******тэй 3 жилийн хугацаатайгаар өөрийн амины малаа маллуулахаар тохирч гэрээ хийсэн билээ. Гэрээний хугацааны явцад бидний хооронд үл ойлголцол гарсан учраас гэрээг цуцлахаар болж 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бүх малаа тоолж хүлээн авсан.
Малаа хүлээлцэх үед хонь-11 , ямаа-3 , тугалтай үнээ-1, азарга-1, нийт 16 толгой мал дутаж хохирлоо барагдуулах гээд ярилцаж үзсэн боловч тохиролцоонд хүрээгүй.
Дутсан малыг зах зээлийн үнэлгээгээр 11 хонийг 3,080,000 төгрөг, 3 ямааг, 540,000 төгрөг, 1 тугалтай үнээг 1,800,000 төгрөг, 1 азаргыг 3,500,000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 8,920,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:
Мал хүлээлцэхэд мал дутсан учир сүүлийн сарын цалин, бензиний үнийг өгөөгүй. Тооцоо хийж байгаад өгье гэж өөрт нь хэлсэн. 17 хонь, 2 ямаа нь өөрийнх нь манай малд нийлүүлж маллаж байсан мал. Ямар мал хэдэн тоо толгойг хэзээ алдсаныг бид мэдэхгүй. Ер нь хэчнээн мал манай малд нийлүүлснийг би мэдэхгүй.
Иймд мал, мотор, машин унааны эвдрэл нэхсэнийг би зөвшөөрөхгүй. Учир нь өөрийнхөө тэдгээр зүйлийг бүрэн бүтэн аваад буцсан. Маллаж байх үед сэлбэгийг нь өгдөг байсан. Өвөл, хаврын саруудыг ус, бууцны асуудалгүйгээр өвөлжөөд буцсан гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
С.******* миний бие хамтран амьдрагч Т.Сугарын хамт Б.*******ын 226 хонь, 134 ямаа, 18 адуу, 47 үхэр тоолж авсан нь үнэн. Бод мал нь хээрээр байдаг усалж байхад болно гэсэн. 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Б.*******ын 11 хонь алга болсон. Би Б.*******т хэлсэн. Би аваагүй, төлөхгүй. Цагдаад хэлсэн.
2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө С.******* миний хувийн өмч болох 17 хонь алга болж цагдаад мэдэгдсэн. Б.*******т мөн хэлсэн.
Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мал тоолоход 5 ямаа дутсан. Энэ айлын малыг маллахаас өмнө манай мал алдагдаж байгаагүй.
2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мал тоолж өгөхөд хурга 126, ишиг 86, тугал 9, унага 4 төл бойжуулж өгсөн. Б.*******ын нэхэмжлээд байгаа 11 хонь, 3 ямаа, 1 тугалтай үхэр, шарга зүсний азарга зэргийг би хулгай хийгээгүй намайг хулгайч гэж ор үндэсгүй хэлсэн. Цагдаад хандаж тэмдэглүүлж байсан.
Тугалтай үхэр нь замын осолд орсон. Шарга азарга нь үл мэдэх шалтгаанаар үхсэн болохыг Б.******* үзсэн. Миний буруу байхгүй гэжээ.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагын агуулга:
Б.*******тай мал маллах гэрээгээр 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нүүж ирсэн. Мал маллах хугацаанд гэрээнд заасан унаа өгөөгүй. С.******* би өөрийн эзэмшлийн унаагаар мал эргүүлдэг байсан. Уг унааны эвдрэлийн үнэ 1,000,000 төгрөг, моторын үнэ 1,500,000 төгрөг, сүүлийн сарын цалин 600,000 төгрөг, сарын цалинг хугацаанд нь олгоогүй учир алданги 707,400 төгрөг, 40 литр бензин 100,000 төгрөг, мөн 17 хонь 4,760,000 төгрөг, 2 ямаа 360,000 төгрөг, нийт 9,027,400 төгрөгийг иргэн Б.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 363 дугаар зүйлийн 363.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.*******ээс 2 620 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т; нэхэмжлэгч Б.*******аас 1 500 000 төгрөг гаргуулан хариуцагч С.*******т тус тус олгож, нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 6 300 000 төгрөгт холбогдох хэсэг; хариуцагч С.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 7 527 400 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.Отгондоржоос нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.*******ын төлсөн 157,670 төгрөг, хариуцагч С.*******ийн төлсөн 169 598 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 56 870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т; нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 38 950 төгрөг гаргуулан хариуцагч С.*******т тус тус олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******аас шинжээчийн ажлын хөлс 150,000 төгрөг, хариуцагч С.*******ээс шинжээчийн ажлын хөлс 150,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн ... нэхэмжилсэн 1 тугалтай үнээ, 1 азарга адуу... дээрх 2 тооны бод мал нь малчинд хамаарах шалтгаанаар үхсэн эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх хохирлыг хариуцагч С.******* арилгах үүрэггүй гэж бичсэнийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй.
Тугалтай үнээ гэдэг бол тоо толгойн хувьд төллөсөн үнээ, түүний төл буюу 2 тооны мал. Гэтэл шүүх тугалтай үнээ гэж бичсэн боловч үүнийг нэг бод гэж үзэж малын тоо толгойг тооцсон учир шүүхийг нэхэмжлэлийн шаардлагыг огт ойлгоогүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
С.*******ийн хувьд малыг өөрийн хараа хяналтын дор хамгаалж, арчилж тарга хүчтэй, хорогдолгүй тоо толгойгоор нь бүрэн бүтэн маллах л үүрэг хүлээж цалин хөлс авч байгаа. Шүүх малын үхсэн шалтгаан малчинд хамааралгүй гэдгийг нотолж байгаа бол юунаас шалтгаалж үхсэн, тэр үхсэн шалтгаанд малын эзэн буюу нэхэмжлэгч миний ямар үйлдэл эс үйлдэхүй нөлөөлж байгааг нь шүүх дүгнэж хэрэгсэхгүй болгох байсан.
Шаардлага, татгалзлаа нотлох үүрэг нэхэмжлэгч хариуцагч нарт өөр өөрөөр ноогдоно. Үхсэний дараа надад үзүүлсэн, үхсэнийг мэдсэн гэж хариуцагч болон түүний өмгөөлөгч нар тайлбарладаг. Үхсэнийг нь биш, үхсэн шалтгаанаас хамаарч нэхэмжлэгчийн хувьд өөрөө эрсдэлээ хариуцах, хариуцагчийн хувьд хариуцлагаас чөлөөлөгдөх асуудал яригдах байсан. Энэ тохиолдолд мал үхсэн шалтгааныг хариуцагч нотлох үүрэгтэй байсан. С.*******ийн хариуцан маллаж байсан мал үхсэн нь нотлогдож байгаа учир малын эзэн надад хохирол учирсан нь гарцаагүй. Харин С.******* нь халдвартай болон халдваргүй өвчнөөс урьдчилан болон зүй бус өөр хорогдол гарч болох ямар нөхцөл байдал үүсэж болох байсан, үүнээс С.******* яаж хамгаалж байсан нь надад учирсан хохирлыг арилгах хариуцлагаас чөлөөлөх шалтгаан болсон. Малын үхэл нь миний ямар үйлдэлтэй шалтгаант холбоотой, тэр шалтгаант холбоонд би яагаад гэм буруутай талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгсөнгүй.
Шүүх хохирлын талаар дүгнэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 219 дүгээр зүйл, 497 дугаар зүйлийн аль хэсэгт хамаарч байгаа талаар шийдвэртээ заагаагүй тул шүүхийг хуульд үндэслэж маргааныг шийдээгүй гэж үзэж байна.
Шүүхийн Талууд хөрөнгийн үнэлгээтэй маргаагүй тул тайланг үндэслэн нэг хонийг 200,000 төгрөг, нэг ямааг 140,000 төгрөгөөр тооцож,... нэхэмжлэлийн шаардлагаас 6,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж бичсэнийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй.
Нэг хонийг 280,000 төгрөг, нэг ямааг 180,000 төгрөг гэж үндсэн болон сөрөг нэхэмжлэлд С.******* бид хоёр яг адилхан үнэлж нэхэмжлэл гаргаж, энэ үнээ ч дэмжиж мэтгэлцсэн. Энэ нь бидний нэхэмжлэл гаргах, шаардлагаа мөнгөн дүнгээр илэрхийлэх эрхийн хувьд яг адилхан санаа бодолтой байгааг илэрхийлж байгаа юм.
Иймээс шүүхийг нотлох баримтыг тал бүрээс харьцуулж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байгаа юм.
Шүүх хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулагч нь ажлын байр, тоног төхөөрөмжөөр хангах үүрэг хүлээдэг тул ... 1 ширхэг мотоциклын үнэ 800,000 төгрөгийг ... С.*******т олгох үндэслэлтэй гэснийг зөвшөөрөхгүй. Үүнд:
С.******* нь сөрөг нэхэмжлэлдээ энэ шаардлагын үндэслэлээ надаас мотоцикл авна гэж хэлээгүй, харин мотоциклын эвлэрлийн үнэ болох 1 сая төгрөг гаргуулна гэж бичсэн. Энэ ч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичигдсэн байгаа.
Иймээс түүний мотоциклд ямар эвдрэл гарсан, тэр эвдрэлд миний ямар үйлдэл, эс үйлдэхүй гэм буруугийн шалтгаант холбоотой юм, шалтгаант холбоотой бол хохирлын хэмжээ бүрэн зөв тогтоогдсон тохиолдолд би хариуцлага хүлээх ёстой. Гэтэл шүүх учирсан хохирлыг биш шинэ мотоциклын үнэ гаргуулах маягаар хэргийг шийдвэрлэлээ. Хариуцагч нь эвдрэл гэмтлээ нотлоогүй.
Мөн шүүх энэ гэрээ нь хугацаанаас өмнө цуцлагдаж байхад мотоцикл гаргуулахаар шаардаж байгаа нь хуульд хэрхэн зааснаар шаардах эрхтэй болж байгаа, шаардлага үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийсэнгүй.
Иймд давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн мотоциклын үнэ 800,000 төгрөг надад хариуцуулж шийдсэнийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******, Г.******* нарт холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээг цуцалсантай холбогдуулж 11 хонь, 3 ямаа, 1 тугалтай үнээ, 1 азарга гэх нийт 16 толгой малын үнэ 8,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасныг хариуцагч нар дээрх тооны малыг аваагүй, төлөхгүй гэж эс зөвшөөрч, харин С.******* нь өөрийн эзэмшлийн унааны эвдрэлийн үнэ 1,000,000 төгрөг, моторын үнэ 1,500,000 төгрөг, сүүлийн сарын цалин өгөөгүй тул 600,000 төгрөг, 40 литр бензин 100,000 төгрөг, мөн 17 хонь 4,760,000 төгрөг, 2 ямаа 360,000 төгрөг, сарын цалинг хугацаанд нь олгоогүй учир алданги 707,400 төгрөг, нийт 9,027,400 төгрөгийг иргэн Б.*******аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Анхан шатны шүүх: Хариуцагч С.*******ээс 2,620,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Б.*******аас 1,500,000 төгрөг гаргуулан хариуцагч С.*******т тус тус олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,300,000 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7,527,400 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Б.******* эс зөвшөөрч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгуулах агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдлыг гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоожээ.
Нэхэмжлэгч Б.******* нь Г.Отгондорж, С.******* нартай 3 жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр малчин Г.Отгондорж, С.******* нар мал маллагааны бүхий л ажиллагааг гүйцэтгэх, маллуулагч Б.******* нь малчны цалин болон хэрэгцээт зүйлээр хангах үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Малчны гэрээ-гээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн 8,920,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Гэрээний дагуу С.******* нь Б.*******ын малыг маллах ажлыг эрхэлж байсан ба хоорондын үл ойлголцлын улмаас талууд гэрээг цуцалж 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр малаа хүлээлцэхэд Б.*******ын малаас хонь 11, ямаа 3, тугалтай үнээ 1, азарга 1, нийт 16 толгой мал дутсан үйл баримтад зохигчид маргаагүй.
Харин хариуцагч С.******* нь 1 тугалтай үнээ, 1 азарга нь тус тус үхсэн байсныг Б.******* өөрөө үзсэн тул хариуцахгүй, дутсан малаас 11 хонь, 3 ямаа, нийт 14 тооны бог мал нь хулгайд алдагдсан тухай Цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж байсан нь сумын хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярьсан бичлэгээр нотлогдоно гэж татгалзжээ.
Анхан шатны шүүх 1 тугалтай үнээ, 1 азарга нь С.*******т хамаарах шалтгаанаар үхсэн тухай нотлох баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх хохирлыг хариуцагч арилгах үүрэггүй байна гэж дүгнэн 11 хонины үнэ 2 200 000 төгрөг, 3 ямааны үнэ 420 000 төгрөг, нийт 2 620 000 төгрөгийг хариуцагч С.*******ээс гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь: Хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 445 дугаартай үнэлгээний тайланд 1 хонийг 200,000 төгрөг, 1 ямааг 140,000 төгрөг гэж зах зээлийн харьцуулан жиших аргаар үнэлгээг тооцон гаргажээ. /1-р хх-201-213/
Талуудын хооронд байгуулагдсан Малчны гэрээнд Малчин өөрийн буруугаас үүссэн малын хорогдлыг хариуцна. Үүнд: бороо, шороо, нохой, шавар шавхай, ус үер, адгуус амьтан, хулгайд алдах, сохор, доголон болгох гэх мэт гэж заасан байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* нь хулгайд алдагдсан малын хохирлыг хариуцагч С.*******ээс шаардах эрхтэй байна.
Хариуцагч С.*******ийн 9,027,400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч Б.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох сүүлийн сарын цалин 600,000 төгрөг, 40 литр шатахууны үнэ 100,000 төгрөг, нийт 700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Талуудын хооронд байгуулагдсан Малчны гэрээнд Маллуулагчийн эрх үүрэг: Маллуулагч нь малчныг хэрэгцээт зүйлээр хангах гэж заасан байх тул Иргэний хуулийн 363 дугаар зүйлийн 363.1 дэх хэсэгт ажиллуулагч нь ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй гэж зааснаар С.*******ийн мотоциклын эвдрэлийн үнэ 800,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Б.*******аас нийт 1,500,000 төгрөгийг гаргуулан хариуцагч С.*******т олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь: Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 445 дугаартай үнэлгээний тайланд Ява маркийн мотоциклыг 800,000 төгрөг гэж үнэлсэн нэгж үнийг тооцон гаргасныг үндэслэн хариуцагч С.*******ийн мотоциклын эвдрэлийн үнэ 1,000,000 төгрөг гэснийг 800,000 төгрөгөөр тодорхойлсон байна.
Хариуцагч С.******* нь сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлага болох 17 хонь, 2 ямаа, мотор зэргийг Б.*******аас шаардах шаардлагын үндэслэлээ нотлоогүй байх бөгөөд Б.******* нь гэрээний үүргээ зөрчсөн эсхүл түүний үйлдэл буюу эс үйлдэхүйтэй холбогдон С.*******т хохирол учирсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 313/ШШ2025/00055 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 313/ШШ2025/00055 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 128,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Г.БАЯРДАВАА
Х.ГЭРЭЛМАА