Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 53

 

П.Бямбадэлгэрт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                      

          Прокурор Б.Байгалмаа,                                        

          Ялтан П.Бямбадэлгэрийн өмгөөлөгч Н.Нарантуяа,

          Хохирогч Ж.Түшиг,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан П.Бямбадэлгэрийн өмгөөлөгч Ц.Тунгалаг, Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Бямбадэлгэрт холбогдох 2016 2503 1209 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайж овгийн Пунцагийн Бямбадэлгэр, 1988 оны 5 дугаар сарын 28-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, “Эйшлив транс” ХХК-д орчуулагч ажилтай байсан гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз-13а дугаар гудамжны 311 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЗП88052831/,

П.Бямбадэлгэр нь бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж согтуугаар 2016 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дотно” караокед хохирогч Ж.Түшигийг үл ялих зүйлээр шалтаглан пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэж толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: П.Бямбадэлгэрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Бямбадэлгэрийг бусдыг илтэд үл хүндэтгэн, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар П.Бямбадэлгэрийг 5 жил, 10 хоног хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар П.Бямбадэлгэрээс хохиролд нийт 237.463 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Түшигт олгуулж, хохирогч Ж.Түшиг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан П.Бямбадэлгэрийн өмгөөлөгч Ц.Тунгалаг давж заалдах гомдолдоо: “...2016 оны 27-ноос 28-нд шилжих шөнө “Дотно” пабад П.Бямбадэлгэрийн найз болох Э.Энхтөгс, хохирогч Ж.Түшиг нарын хоорондын маргааны улмаас П.Бямбадэлгэр нь найз Э.Энхтөгсийг өмөөрч “чи яагаад манай найз руу дайраад байгаа юм бэ” гэхэд “чамд хамаагүй, чи бид хоёрын дунд юу болсныг мэдэхгүй байна. Юу яриад байгаа юм бэ” гээд “бага залуу байж” гэж янз бүрийн үгээр хараагаад, уурлаад дайраад байхаар нь П.Бямбадэлгэр ширээн дээгүүр гараа савах шиг болоход Ж.Түшигийн духанд гэмтэл учирсан үйл явдал болсон.

1. Хоорондын таарамжгүй харилцаа, үг хэлээ ойлголцоогүй байдлаас найзыгаа өмөөрч Ж.Түшигт гэмтэл учруулсан үйлдэл нь хувийн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй.

2. Ж.Түшигт учирсан гэм хорын хохирол баримтаар 237.850 төгрөг боловч нийт 15.000.000 төгрөг нэхсэн байдаг. П.Бямбадэлгэр өөрийн бололцоогоор төлье, тохиръё гэхэд 10.000.000 төгрөгөөс буухгүй гэж нэхэмжилснийг П.Бямбадэлгэр ар гэрийнхнээсээ нууж хэлээгүй байдаг. Баримтаар төлөх хохирлыг төлж хохиролгүй болгосон. Энэ байдал ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болно.

3. Хохирогч Ж.Түшиг нь ээжтэйгээ муудалцан гарсан. Энэ хувийн сэтгэл зүйн байдлаа бусдад гаргасан нь нотлогддог. Насанд хүрээгүй хүүхэд ийм газраар шөнийн цагаар үйлчлүүлж байгаа нь түүний шууд буруутай үйлдэл нөлөөлсөн гол шалтгаан болж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх үндэслэлтэй.

4. П.Бямбадэлгэрийн зүйлчлэлийг анхаарах, ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх хуульд заасан үндэслэлүүд бүрэн тогтоогдож байна.

Иймд П.Бямбадэлгэрийн гэм буруу сэдэлт хувийн сэдэлттэй болохыг анхааран үзэж зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, оногдуулах шийтгэлийг хуульд заасан үндэслэлээр хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Ялтан П.Бямбадэлгэрийн өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

П.Бямбадэлгэрийг анхан шатны шүүхээс бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэсэн.

Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаант холбоо болох хохирогч, насанд хүрээгүй Ж.Түшигийн 00 цагийн үед бааранд согтуу үйлчлүүлж, улмаар бусдыг зайл хэмээн хөөж, хэл амаар доромжилсон байдал, шүүгдэгчийг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд өмгөөлөгчөөр хангагдаагүй байдлыг харгалзаж үзээгүй, мөн хохирогч шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохиролд 1.000.000 төгрөг төлмөөр байна гэхэд хууль зүйн туслалцаа аваагүйн улмаас өгч чадаагүй байсаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хүнд ял оноосон.

Учир нь уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч өөрөө мөн зодуулж гэмтэл авсан талаар шинжилгээ хийгээгүй, шүүгдэгч хохирогчийг урьд өмнө харж байсан танилууд, найзыгаа өмөөрч гарт таарсан зүйлээ шидсэн, ингэхдээ уг зүйлийг шил хэмээн мэдээгүй, нарийн төлөвлөөгүй гэдгийг тогтвортой мэдүүлдэг ба энэ нь хохирогч Ж.Түшиг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед “Би Э.Энхтөгстэй фэйсбүүкээр танилцсан найзууд, П.Бямбадэлгэр намайг Э.Энхтөгстэй муудалцаад байхаар нь найзыгаа өмөөрч ийм зүйл болсон, миний найзын ялыг хөнгөрүүлж өгнө үү...” хэмээн шүүх хуралдаанд мэдүүлсэн.

2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Э.Энхтөгс “1 залуу нь хэл амаар доромжлоод, гэтэл 1 том биетэй залуу босч П.Бямбадэлгэрлүү дайрсан” гэх мэдүүлэг /хх-15 дугаар тал/, шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “Ж.Түшигийн нүүрэнд учирсан гэмтэл бол засрашгүй гэмтэлд орохгүй” /хх-67-68 дугаар тал/ гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдоно.

Үүнээс харахад П.Бямбадэлгэрийн үйлдэлд Улсын Дээд шүүхийн 2006 оны 3 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зүйл ангийн зэвсгийн шинж чанартай зүйл хэрэглэх субъектив санаа зорилго харагдахгүй байгаа юм. П.Бямбадэлгэр нь мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “би найзыгаа өмөөрсөн, хохирогчтой уулзаж уучлалт гуйсан, өмгөөлөгч аваагүйн улмаас зүйл ангиа тайлбарлуулж, хохирол төлмөөр байсан ч яг хэдэн төгрөг хэрхэн, хаана хүлээлцэхээ мэдэхгүй байсаар байгаад шүүх хуралдаанд орсон гэсэн нь мөрдөн байцаалтын ажиллагаанд мөрдөн байцаагч, прокурорын зүгээс шүүгдэгчийг ямар зүйл ангиар яллаж байгаа талаар тайлбарлаж өгөөгүй болох нь харагддаг. Мөн П.Бямбадэлгэр нь анх удаа гэмт хэрэгт холбогдоод сэтгэл санааны гүн цочролд орж, улмаар гэр бүлийнхэндээ хэлэлгүй нуун дарагдуулснаас болж шүүх хуралдаанд орж, улмаар хоригдоод 3 хоногийн дараа түүний гэр бүлийнхэн хайж олж мэдсэн.

Хавтаст хэрэгт баримтаар 237.463 төгрөгийн баримт авагдсан байх бөгөөд цаашид гарах зардал, эмчилгээ сувилгаанд зарцуулах зардлыг нэхэмжилснийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байсан тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хохирогч Ж.Түшигт хохирлын мөнгөнд 800.000 төгрөгийг хүлээлгэн өгч, уучлалт гуйж, цаашид шүүгдэгч ажил хөдөлмөрөө эрхлэн цалингаасаа хохирогчид мөнгө нэмж төлж байхаар харилцан тохиролцсон болно.

Хохирогчийн зүгээс ах хүнийг хүндлэлгүй хөөж туун, хэл амаар доромжилсны улмаас найзыгаа өмөөрч тохиолдлын шинж чанартай бий болсон нөхцөл байдлын улмаас шүүгдэгч анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчоос удаа дараа уучлалт гуйж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж байгаа байдал, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, төлөв даруу зантай, нөхөрсөг, тусархуу, тогтмол ажил хөдөлмөр эрхлэн бусдын итгэлийг даах чадвартай залуу хүн юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт тус тус зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх, түүнд оноосон ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, хянан харгалзах шийдвэр гаргаж өгөхийг хүсэе...” гэв.

Хохирогч Ж.Түшиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны дараа П.Бямбадэлгэр нь хохиролд 800.000 төгрөг төлсөн. Миний бие 7.500.000 төгрөг нэхэмжилж байснаасаа татгалзаж байна. Иймд П.Бямбадэлгэрт оногдуулсан ялыг хөнгөрүүлж тэнсэж, хянан харгалзаж өгнө үү..” гэв.

Прокурор Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд нотлогдвол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гаргасан. П.Бямбадэлгэр нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй гэж байх тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар П.Бямбадэлгэрт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

П.Бямбадэлгэр нь согтуугаар 2016 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дотно” караокед бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Ж.Түшигийг үл ялих зүйлээр шалтаглан пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэж толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ж.Түшигийн “...Төгсөө бид хоёр хэрэлдэж байсан чинь хажуу талаас Дээгий гэх залуу намайг хараагаад байхаар нь би “чи бид хоёрын дундах асуудлыг мэдэхгүй байж” гэсэн чинь ширээн дээрээс пивоны шил аваад миний өөдөөс шидэж миний духыг оносон. Тэгээд би санахгүй байгаа. Манай найз Дөлгөөн, Д.Бямбасүрэн нар намайг ухаан алдаж унасан гэж хэлсэн. Төгсөө орж ирээд “танилцъя” гэхээр нь би “танина шүү дээ” гэсэн чинь намайг “их зантай хачин пизда” гэж хараагаад эхэлсэн. Тэгсэн хажуу талаас Дээгий гэх найз нь өмөөрч пивоны шил миний өөдөөс шидэж духыг маань оносон...” /хх-4-5, 10-12, 61/,

Гэрч Д.Бямбасүрэнгийн “...Ж.Түшиг, О.Ундармаа, Аагий, Б.Мөнх-Эрдэнэ бид 5 гараад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байдаг “Дотно” төвийн заал руу орж ширээн дээр суухад Дөлгөөн арын ширээнд танихгүй 2 залуугийн хамт сууж байсан. ...Өрөөнд ороход нэг нь дуулж байсан, нөгөө 2 залуу цаанаа пиво уугаад сууж байсан. Дуу дуусаад 2 залуу босоод алхсан. Нөгөө залуу нь нэг юм хэлсэн чинь Ж.Түшиг “чи юу гээд байгаа юм,  яг яах гээд байгаа юм” гэж хэлсэн. Дээгий гэх залуу барьж байсан пивоны шилээр Ж.Түшигийн дух хэсэгт цохиод дээр нь дараад унасан. ...Уг 2 залуу их хурдан алга болсон. Ж.Түшигийг Аагий, Б.Мөнх-Эрдэнэ хоёр аваад гэмтлийн эмнэлэг явсан...” /хх-8-9, 13/,

Гэрч Э.Энхтөгсийн “...Нэг залуу нь танилцахгүй гээд хэл амаар доромжилсон. Тэгтэл П.Бямбадэлгэр босч ирээд ширээн дээгүүр гараа савах шиг болсон. Тэгтэл араас нь нэг том биетэй залуу босч ирээд П.Бямбадэлгэр рүү дайраад зодолдоод эхлэхээр нь би П.Бямбадэлгэрийг хурдан салгаад авч гараад шууд явсан...” /хх-14-15/,

Гэрч Э.Энхдөлгөөний “...Ж.Түшиг Дээгийгийн найзтай хэрэлдэхэд удаагүй Дээгийтэй хэрэлдээд Дээгий ширээн дээр байсан пивоны шилийг шидчихсэн юм. Ж.Түшигийн толгойноос нь цус гараад, цусаа хараад ухаан алдаад уначихсан. ...Тэр хоёр нилээн согтуу байсан...” /хх-63-64/,

Гэрч Б.Мөнх-Эрдэнийн “...Ж.Түшигтэй танилцах гээд гар барих гэсэн чинь “таньдаг юм байж битгий маяглаад бай” гээд өөдөөс нь жаахан үгээр идсэн юм хэлчихсэн. Тэгээд тэрнээс болоод Төгсөө, Ж.Түшиг хоёр хоорондоо хэрэлдэх маягтай болоод байж байтал цаанаас Дээгий гэдэг залуу нь “чи манай найзыг юу гээд байгаа юм бэ” гээд Ж.Түшиг рүү уурлаад пивоны шил шидчихсэн. Пивоны шил Ж.Түшигийн дух хэсэгт оноод ухаан алдаад уначихсан...” /хх-65-66/,

Шинжээч шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...Ж.Түшигийн нүүрэнд учирсан гэмтэл бол засрашгүй гэмтэлд орохгүй...” /хх-67-68/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ж.Түшигийн биед духны гадна ялтаснаас баруун нүдний ухархайн дотор дээд хана, баруун этмойд хөндийн дээд хана дайрсан шугаман хугарал, баруун духны хөндийд шингэн хуралт /цус/, тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” гэсэн 7521 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-17-20/, ялтан П.Бямбадэлгэрийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

П.Бямбадэлгэрт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын шатанд чухал ач холбогдолтой байж болох зүйлийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэн ялтны гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэсэн ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Гэвч П.Бямбадэлгэр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн, хохирогч Ж.Түшиг нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “…хохирол барагдсан, гомдол саналгүй, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Байгалмаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэхэд татгалзах зүйлгүй...” гэсэн тайлбар, дүгнэлт зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж П.Бямбадэлгэрт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур тогтоох боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ялтан П.Бямбадэлгэрийн өмгөөлөгч Н.Нарантуяа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, хянан харгалзах шийдвэр гаргаж өгнө үү...” гэж давж заалдах гомдол гаргасан байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “...таван жилээс дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ...” гэж зааснаар хүнд гэмт хэрэгт багтах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг “...Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно...” гэсэн хуулийн заалтыг энэ хэрэгт хэрэглэж болохгүйг дурдах нь зүйтэй.

П.Бямбадэлгэр нь бусдыг илтэд үл хүндэтгэн, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, оногдуулсан ял шийтгэл ялтны гэм бурууд нь тохирсон, хэргийн зүйлчлэл зөв байх тул ялтан П.Бямбадэлгэрийн өмгөөлөгч Ц.Тунгалаг, Н.Нарантуяа нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү...”, мөн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар П.Бямбадэлгэрийг 5 /таван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1. дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар П.Бямбадэлгэрийг 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан П.Бямбадэлгэрийн өмгөөлөгч Ц.Тунгалаг, Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Ялтан П.Бямбадэлгэр нь хохиролд 800.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ