Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 243

 

Ю.Энхтуул, Н.Гантулга нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ш.Нямдорж,

Ялтан Ю.Энхтуул,

Ялтан Ю.Энхтуулын өмгөөлөгч Д.Тунгалаг, М.Баасанбат,

Шүүгдэгч Н.Гантулгын өмгөөлөгч Т.Амгаланбат,

Нарийн бичгийн дарга А.Ханджамц нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ю.Энхтуул, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, М.Баасанбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ю.Энхтуул, Н.Гантулга нарт холбогдох эрүүгийн 201501000137 дугаартай хэргийг 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бэсүд овогт Юурагийн Энхтуул, 1964 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, 51 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, математик-Физикийн багш мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ өглөө хотхоны С-16 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /УС64061404/,

2. Хар бүргэд овогт Нохойжавын Гантулга, 1968 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамжны 139В тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /УС68022833/.

Ю.Энхтуул нь Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх үедээ, 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр тус сургуулийн цайны газрыг түрээслэн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байсан “Санчир олуулаа” ХХК-ийн захирал Н.Гантулгаас "цаашид 3 жил хамтарч ажиллана, үдийн цайны 5 хоногийг танай компанид өгнө" гэх зэргээр хэлж буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлан, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банк дотор 4.000.000 төгрөгийг хясан боогдуулах замаар хээл хахуульд авсан гэмт хэрэгт,

Н.Гантулга нь Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн цайны газрыг түрээслэн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллуулж байх үедээ 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ю.Энхтуулд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банк дотор 4.000.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ю.Энхтуулд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, Н.Гантулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Н.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6, 10.7 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Ю.Энхтуулыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, өөрөө хээл хахууль авсан гэмт хэргийг хясан боогдуулах замаар үйлдсэн гэм буруутай тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Энхтуулыг 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 cap хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Энхтуулд оногдуулсан 5 жил 1 cap хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14.5x21.0 хэмжээтэй Монгол бичгийн дэвтэр гэж уйгаржин Монгол бичгээр бичсэн хавтасны гол хэсэгт бичигдсэн хээ угалз бүхий зурагтай, мөн хавтасны хойд талын нүүр хэсэгт уйгаржин Монгол бичгээр бичигдсэн бичвэртэй хавтас бүхий 1 ширхэг тэмдэглэлийн дэвтэр, 19x27 хэмжээтэй улаан өнгийн хавтас бүхий 1 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гантулгаас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ю.Энхтуулын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 23/2 дугаар байрны 63 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009862 дугаартай авто зогсоолыг эд хөрөнгө хураах ялыг хангах зорилгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ю.Энхтуул нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Ю.Энхтуул гаргасан давж заалдах гомдолдоо: “...2014 оны 2 дугаар сарын 5-ны өдөр томилогдон ажиллахад “Санчир олуулаа” ХХК, “Коко Десерт” ХХК-ийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. 2014 оны 4 дүгээр сарын сүүлээр “Коко десерт” ХХК-ийн сав, баглаа боодол гологдолтой гарч, үйл ажиллагаагаа зогсоосон. Иймд хяналтын комисс 15 нэр төрлийн 10 гаруй сургуульд түгээдэг “Алиман сар” ХХК-ийг ажиллуулахаар болсон. Эдгээр компаниудын үдийн цайны санхүүжилтийг цаг тухайд нь саадгүй бүтнээр нь олгож байсан нь баримтаар нотлогдоно. Мөнгө санхүүжилтийг олгохгүй хясан боож дарамталсан ямар ч зүйл байхгүй юм. 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Энхболдын цайны газрын түрээслэгч нарыг сонгон шалгаруулах тухай бичгийг Л.Амарзаяа хүлээн авч, 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр багш нарын зөвлөгөөний хуралд тайлангаа тавьж, багш нарын санал шүүмжлэл хэлэлцүүлгийг сонссон байдаг. Ийм байтал “цаашид гурван жил хамтарч ажиллана, үдийн цайны 5 хоногийг танай компанид өгнө” хэмээн Н.Гантулгад хэлж байгаагүй, надад сургуулийн захиралд тийм эрх мэдэл байхгүй гэдгийг эдгээр хүмүүс сайн мэдэж байсан. Үүнийг Н.Гантулга шүүх хурал дээр тодорхой хэлж, Л.Амарзаяа нь мөрдөн байцаалтанд “Би Энхтуул захиралд хээл хахууль өгөөгүй” гэж мэдүүлсэн байсан. Эндээс үзэхэд авгай, нөхөр хоёр зөрүүтэй мэдүүлгүүдийг өгч, санаатай намайг гүжирдэж байгаа нь илт байна. 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Л.Амарзаяа нь зээл өгсөн. Зээлийн тухай анх санаачилж, санал тавьж “Хаан банк”-наас зээлүүлэх 4 сая төгрөгийг надад авч өгсөн. Энэ зээл нь найз нөхдийн хүрээнд /2014 оны 6 дугаар сарын 4-нд тус компанитай гэрээний хугацаа дуусч тасалбар болсон байсан/ бие биедээ мөнгө төгрөг зээлж, зээлүүлж байсан. Л.Амарзаяа зээлсэн мөнгөө буцааж авахдаа зээлийн төлөлт гэсэн баримтан дээр уншиж гарын үсгээ зурсан. Гэтэл мөрдөн байцаалтын явцад чөлөөт гарын үсэг зурахдаа уг гарын үсгийг харин зориудаар худал зурж, “би зураагүй, миний гарын үсэг биш” гэж хэлж байгаа нь хээл хахууль болгох гэсэн оролдлого юм. Нөхөр Н.Гантулга нь “манай авгай гарын үсгээ зураад авсан, мөнгөө авсан гэж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Гарын үсгийн шинжилгээ дахин өгөх хүсэлт өгсөн боловч мөрдөн байцаагч хүлээн аваагүй болно. 2014 оны 6 дугаар сарын эхээр Б.Энхжаргал, Т.Оюунтунгалаг нарын хажууд зээлэх хүн байгаа тухай, зээлээ буцаагаад төллөө гэж Л.Амарзаяа ярьж байсныг гэрчүүд гэрчилсэн байдаг. Мөн гэрч Ю.Хуланг харж байхад мөнгөө тоолж аваад, уншаад гарын үсгээ зурсныг гэрчилсэн байдаг. Хэрэв энэ 4 сая төгрөг хээл хахууль байсан бол би өөрөө гүйн очиж, банкинд гэгээн цагаан өдөр камерийн өөдөөс хараад авахгүй, нууцаар эсвэл өрөөндөө дуудаж авчрахыг шаардах ... гэх мэтээр авах байсан байх. Л.Амарзаяа нь байн байн утсаар ярьж, хэзээ явах, хэдэн төгрөг олох, хаанаас хэдэн төгрөгийн зээл авах гэж байгаа тухай байнга асууж шалгаадаг байсан. Би Л.Амарзаяаг зээл бүтээнэ гэж бодоогүй, бүтээгээд өгөөч гэж хэлээгүй. Өөрөө санаачилж, бүтээгээд дуудаад зээл өгсөн. Хэнээс, хаанаас авсныг би мэдэхгүй. 2015 оны 7 дугаар сарын 10-нд захирлын сонгон шалгаруулалтаар 1 дүгээр байранд оноогоор тэнцэж жинхэлсэн. Зээл авах үед би өөрөө түр орлон гүйцэтгэгч, тус ХХК-ийг тендерт орох эсэх, шалгарах эсэхийг ч мэдэхгүй байсан. Мөн ажлын байраа алдах эсэхийг би биш энэ хүмүүс өөрсдөө Нийслэлийн Өмчийн харилцааны газрын тендерт орж байж шийднэ. 3 жил хамтарч ажиллах байтугай, нэг жил хамтрах, 5 өдөр өгөх тухай ярих, амлах, дараагийн өөр ямар мөнгөтэй компани байгааг мэдэх аргагүй, би тэгж нэг ч удаа ярьж байгаагүй. Энэ бол анхнаасаа намайг зохион байгуулалттай гүтгэж, намайг ажилгүй болгох, нэр төрд маань халдах, санаатай худал зөрүүтэй мэдүүлгүүдийг өгсөн байна. Л.Амарзаяа нь 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шийтгэгдэж, ял эдэлж байсан ба юуг ч хувирган худал хэлж чадах зальтай, хуурамч материал бүрдүүлдэг болох нь дараах мэдүүлгүүдээс нь илт байна. Үүнд: Ц.Ууганбаярт “бичлэг, дансны хуулга байгаа” гэж худал хэлсэн. Н.Болдбаатарт “СД, мессэж хэрэгтэй үед нь өгнө ” гэж хуурсан. 2015 оны 8 дугаар сарын 24-нд гарын үсгээ зурж, 2 сая төгрөг хүлээн авангуутаа, маргааш нь 2015 оны 8 дугаар сарын 25-нд Нийслэлийн Боловсролын газарт өргөдөл өгч, намайг гүжирдсэн байсан. Энэ нь Н.Гантулгын “би анх боловсролын хэлтэст өргөдөл өгсөн” гэх, “Би Энхтуул захиралд 5 сая төгрөг өгсөн. Манай цайны газрыг ажиллуулахгүй, дараа дараагийн мөнгөтэй компани байгаа гэж дарамтлаад байсан болохоор мөнгө өгсөн” гэсэн худал ярьж гүжирдсэн мэдүүлгээс харагдаж байна. Хуурамч СД өгч, эвлүүлэг болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Ямар нэгэн мессэж байхгүй, хэнээс, хэзээ, юу гэж бичигдсэн нь тодорхойгүй нүдээрээ хараад уншсан нэг ч хүн байхгүй. 4 сая төгрөг зээлүүлж, хүүгүй гэж байсан ч 5 сая төгрөг нэхэж авсан. Нөхөр Н.Гантулга нь үнэнээ хэлнэ гэж өмгөөлөгчийн хөлс 2.5 сая төгрөгийг хуурч авсан. Шүүх хурал дээр үнэнээ хэлэлгүй залилж мөнгө авсан. Захирал мөнгө авахаасаа өмнө амласан мэт худал ярьсан. Гэтэл шүүх хурал дээр Н.Гантулга “тендер” гэж яриагүй, хоолонд орсны дараа “3 жил хамтарч ажиллана, 5 өдөр өгнө” гэж хэлсэн мэтээр худал мэдүүлсэн. 2015 оны 5 дугаар сарын 26-нд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Ганбат өөрийн биеэр ирж, “Санчир олуулаа” ХХК нь түрээсийн төлбөр болох 2.138.000 төгрөг төлөөгүй тул Л.Амарзаяаг дуудан сануулж, 6 дугаар сарын санхүүжилтийг зогсоохыг үүрэг болгосон. Гэтэл захирал мөнгө өгөхгүй боож байсан мэт Ц.Алтанцэцэг нябо, Л.Амарзаяа нар ярьж байгаа нь зүйд нийцэхгүй юм. Нябо Ц.Алтанцэцэг, нярав Г.Цацрал, Л.Амарзаяа нар нь олон жилийн найз, мөнгө төгрөгийн олон асуудалтай болох нь 2014 оны 3 дугаар сарын 4-нд байгуулсан дотоод хяналт шалгалтын комиссын шалгалтаар илэрч байсан. Нябо Ц.Алтанцэцэг нь 2014 оны 9 дүгээр сард 300.000 төгрөг, 12 дугаар сард 800.000 төгрөгийг сургуулийн багш, ажилчдын хоолны мөнгө гэж цалингаас нь дур мэдэн татаж, нярав Цацралын дансанд Амарзаяад бэлэн мөнгө өгдөг. Нябо Ц.Алтанцэцэг нь цайны газрын түрээсийн төлбөрийг багаар бодож авах, хүүхдийн тоог тулгалгүй санхүүжилт олгох, гэрээний дагуу хугацаандаа түрээсээ төлөөгүй байхад шаардлага тавьдаггүй, дараагийн санхүүжилтийг сар дуусаагүй байхад орсон даруйд нь Л.Амарзаяад мэдэгдэж, нэхэмжлэл бичүүлдэг, түрээсийн төлбөрөө төлөөгүйд алданги тооцож авдаггүй, урьд жилийн төлбөрийг барагдуулалгүй санхүүжилт олгох зэрэг дутагдлууд гаргаж, Л.Амарзаяад үйлчилдэг байсан. Нярав Г.Цацрал нь цайны газрын талбайн хэмжээг зориудаар буруу хэмжиж /6м2-р/ дутуу бодож, төлбөр бага авч байсан, сургуулийн эд хөрөнгийг цайны газарт зөвшөөрөлгүй өгөх, тог усны мөнгийг зориуд дутуу бичиж авах гэх мэт зөрчлүүд гаргаж, мөнгө төгрөгөөр холбогдсон хүмүүс байсан. Эдгээр байдал, ажил үүргээ хангалтгүй биелүүлж аудитын шалгалт, төрийн сангийн удаа дараагийн албан шаардлага, торгууль, хөдөлмөрийн хуулийн дагуу нябо, нярав нарт арга хэмжээ авч, эдгээр хүмүүсийн дургүйцлийг хүргэж, өс хонзон санасан байсан. 2015 оны 9 дүгээр сарын 17-нд улсын архивын үзлэгт 96 хувийн буюу “А” үнэлгээтэй шалгагдсан. Энэ үзлэгт бэлтгэн бүх бичиг баримт гэрээг архивт хадгалуулсан байсан бөгөөд 9 дүгээр сарын 20-ноос нябо Ц.Алтанцэцэг, нярав Цацрал нар мэдүүлэг өгөхдөө авч алга болгосон тул номын санч, архив хариуцсан Цэрэннадмидад дахин бүрдүүлэхийг үүрэг болгосон. Гэтэл эдгээр хүмүүс захирал алга болгосон, өрөөнд нь байсан гэх зэргээр худал мэдүүлэг өгсөн байсан. 2015 оны 6 дугаар сарын 8-нд Нийслэлийн Боловсролын газрын дарга Отгонбаганын 51 дүгээр сургуулийн үдийн цайны гэрээг цуцалсан тухай албан бичиг ирсэн. Үүнийг Л.Амарзаяад танилцуулахад ихэд уурлан “Би ингэж амархан хоолноосоо салахгүй, чамтай нэгийгээ үзнэ” гэсээр гарч, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Нэмэхбаяр чамайг манай компанийг ажиллуулахгүй гэсэн гэж байна гээд чамайг хоолноос чинь салгана, Амгалан эгч дарга нараар чамайг яаж ч чадна” гэж занаад гарсан. Би Нэмэхбаяр гэдэг хүнийг огт танихгүй тул утсыг нь олж лавлаж асуутал “би таныг андуурсан байна лээ. Удахгүй албан бичиг явуулна гээд 2015 оны 7 дугаар сарын 3-нд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын болон Боловсролын зэрэг 5 газрын шалгалтаар 12 төрлийн зөрчил илэрч, түрээсийн гэрээ цуцалсан албан бичгийн хуулбар ирсэн. Үүнээс хойш намайг утсаар болон өрөөнд дайрч давшлан, нөхөр Гантулга болон Амгалан нараар утасдуулж дарамталдаг байсан. 2015 оны 8 дугаар сарын 17-нд манай өрөөнд ирж “Захирлууд гарын үсгээ зурахгүй байвал энэ “Энхэт трейд” компани ажиллахгүй, чи гарын үсгээ битгий зур, зурахгүй байхад болно гэж байна” гэж над руу хэлсэн. Өөрсдийнхөө санасан зоргоор ажиллуулж, эрх мэдэлдээ оруулах гэж янз бүрээр үзээд болохгүй болохоор гүжирдэж, гэмт хэрэгт гүтгэж байна. Энэ тухайгаа надад хэлж, чамайг дээш нь бичнэ, өгнө гэж занадаг байсан. Эдгээрээс харахад л Амарзаяа уг хэргийг зохион байгуулж, нөхөр Н.Гантулгыг оролцуулан, миний эсрэг хүмүүсийг дуудан гэрчээр мэдүүлэг өгүүлсэн байна. Шүүх хуралд гэрчээр орох гэж байсан Д.Энхжаргал, Т.Оюунтунгалаг нарыг Л.Амарзаяа нь сургууль дээр очиж, та нарыг очвол хам хэргээр татна гэхчилэн сүрдүүлж, ирүүлээгүй байсан. Бас сургууль дээр очоод би үнэнээ хэлбэл өөрөө хэрэгт орчихно гэж яриад яваад байгаа нь энэ хэрэгт Л.Амарзаяа гол үүрэгтэй оролцсон болохыг илтгэнэ. Би боловсролын байгууллагад 22 жил ажиллаж, олон шавь нар төрүүлж, өөрийн эзэмшсэн багш гэдэг мэргэжлээрээ чин үнэнгээрээ ажиллаж, худал хэлж, хууран мэхлэж байгаагүй. Сургуулийн захирал гэдэг нэр хүндтэй үүргийг хүлээн авч, төрийн хууль тогтоомжийн дагуу норм, стандарт, сахилга батыг чанд сахиулж, бага ангийн 720 хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой үдийн цайны үйл ажиллагааг хянаж, үнэнч шударгаар урьд нь олон жил болж бугшсан зөрчил дутагдлыг арилгаж, ном журмаар нь ажиллаж ирсэн. Үүний дагуу сургууль маань дүүргийн тэргүүний “Авьяасыг дэмжигч”, “Эко сургууль”, БСШУ-ны яамны 2016 оны “Дэлхийн банкны төслийг хэрэгжүүлэгч батламж” цогцолбор сургууль болох зураг төсөл хэрэгжиж эхэлсэн байсан. Би “Боловсролын тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт” цол тэмдгээр шагнагдаж, ажлаа 94-100 хувь дүгнүүлсэн. Ийм байтал яллах дүгнэлтээр гавьяа шагнал огт байхгүй, шүүхийн шийтгэх тогтоолд Энхтуулыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь мөрдөн байцаалтын үйл ажиллагааг хэт нэг талыг барьж явагдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл миний бие улсаас авсан гавьяа шагналтай, өрх толгойлсон, ард үлдсэн өнчин охины минь хувь заяа, савны хорт хавдартай, анх удаа хэрэгт холбогдож байгаа, Л.Амарзаяагаас зээлсэн 4 сая төгрөгийг төлсөн, илүү 2.5 сая төгрөг төлүүлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Л.Амарзаяа, Н.Гантулга нар намайг гүжирдэн гүтгэж, хувийн өс хонзонгийн шинжтэй байгааг тогтоож өгөхгүй байгаад гомдолтой байна. Миний бичсэн бүх зүйл баримт нотолгоотой, шударга үнэнээр нь бичсэн болно. Одоо зүрхний хэм алдагдаж, нойргүй болсон тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр нь шийдэж, шийтгэх тогтоолыг дахин хянаж, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Ялтан Ю.Энхтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Л.Амарзаяатай найз нөхдийн харилцаатай байсан. 4.000.000 төгрөгийг Л.Амарзаяагаас зээлж авсан. “Хаан банк”-наас зээл авах гэж байсан учир сургуулийн нябо Ц.Алтанцэцэгт мэдэгдэж, зээлийн хүсэлт бичсэн. Гэтэл энэ хугацаанд нябо Ц.Алтанцэцэг, Л.Амарзаяа нар нь холбоотой байж, Л.Амарзаяад Ц.Алтанцэцэг нь миний талаар мэдээлэл өгч байсан байна. Л.Амарзаяагаас мөнгө зээлж авсан болохоос биш хясан боогдуулах замаар хээл хахууль авсан зүйл байхгүй. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Н.Гантулгыг танихгүй, уулзаж байгаагүй. Н.Гантулга нь анхан шатны шүүх хуралдаанд “...хэдийгээр “Санчир-Олуулаа” ХХК-ийн захирал боловч Л.Амарзаяа үйл ажиллагааг нь хариуцаж явуулдаг...” гэсэн тайлбар өгсөн” гэв.

 

Ялтан Ю.Энхтуулын өмгөөлөгч М.Баасанбат гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасны дагуу "хууль ёсны ба үндэслэлтэй байх" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Мөн хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2-т “хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэж заасан бол мөн зүйлийн 284.3 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэж тус тус заасан. 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоол нь хуулийн эдгээр шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт авагдсан болон шүүхэд гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй болох нь дор дурьдсан байдлаар нотлогдоно.

Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Н.Гантулгын мэдүүлэг болон гэрч гэх Л.Амарзаяагийн худал мэдүүлгийг дурьдаж "...гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдлоо ... " хэмээн дүгнэж, Ю.Энхтуулыг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "...Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй. ... " гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт "...Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. ..." хэмээн хуульчилсан байх бөгөөд яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, гэм бурууг тогтоох боломжгүй юм. Нөгөө талаар мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг баримтлан тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Ю.Энхтуултай эсрэг ашиг сонирхол бүхий багш, ажилчдыг сонгон гэрчээр байцаасан байдаг. Гэтэл тухайн гэрчүүд нь удирдах албан тушаалтны хууль ёсны шаардлага тавьж байсныг эсэргүүцэж, өмнө нь сургуулийн захиргаанаас хууль бус үйлдлийнхээ төлөө арга хэмжээ авагдаж байсан хүмүүс байх бөгөөд зөвхөн Ю.Энхтуулын хувийн байдалтай холбоотойгоор мэдүүлснээс хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчлээгүй байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт "...Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ. ..." гэж заасныг зөрчсөнөөс гадна, гэрч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул мөн хуулийн 84 дүгээр зүлийн 84.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт болохгүй байхад эдгээр мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй юм. Энэ бүхнээс үзэхэд гэрч гэх эдгээр хүмүүс нь тухайн хэрэгт холбогдолтой, Ю.Энхтуултай хувийн таарамжгүй харьцаатай байхын зэрэгцээ 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тус сургуулийн багш нарын хурлын тэмдэглэлтэй холбогдуулан бусад багш, ажилчдыг асуугаагүй. Л.Амарзаяагаас сургуулийн Үдийн цай хэрэгжүүлэх үйл ажиллагаанд захирал ямар ч оролцоогүй болсныг хэзээ мэдсэн эсэх талаар асууж тодруулалгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа огт явуулаагүй нь мөрдөн байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох болон мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн нотлоогүйтэй холбоотой юм. Нөгөө талаар прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон гэрч Л.Амарзаяагийн мэдүүлэг нь тогтворгүй, зөрүүтэй байхаас гадна Эрүүгийн хэргийг прокурорт шилжүүлэх хүртэл хугацаанд Л.Амарзаяа нь сэжигтнээр тооцогдон явж байсан болно. Өөрөөр хэлбэл прокуророос тухайн хэрэгт хамгийн их хамааралтай, сэжигтнээр тооцогдсон этгээдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, улмаар гэрч хэмээн шүүх хуралдаанд оролцуулан ялласан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Мөрдөн байцаалтын шатанд Л.Амарзаяагийн зээлийн төлөлт гэсэн мөнгө хүлээн авсан баримтад шинжээч томилсон бөгөөд шинжлэгдэж буй Л.Амарзаяагийн гарын үсгийн чөлөөт загварыг бичүүлж шинжилгээнд өгөөгүй орхигдуулсан, мөрдөн байцаагчаас тухайн баримт дээрх гарын үсгийг Л.Амарзаяад өөрт нь үзүүлж гарын үсгийн хэв, загвар авсан нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6059 дугаартай шинжээчийн дүгнэлт нь үнэн зөв гарсан гэхэд эргэлзээтэй байхад шүүх Ю.Энхтуулыг гэм буруутайд тооцох үндэслэл болсон нотлох баримт мэтээр шийтгэх тогтоолд дурьдсан нь үндэслэлгүй болжээ. Мөн түүнийг уг баримт дээр гарын үсгээ зурсан болохыг гэрч Хулан тодорхой мэдүүлсэн бөгөөд Л.Амарзаяагийн гарын үсгийн хэв загвар нь тогтсон нэг хэв, загвартай бус өөр хоорондоо өөр өөр байхаас гадна түүний албадан загварт зурагдсан зарим нэг гарын үсэг нь шинжилгээнд өгсөн баримт дээрх гарын үсэгтэй төстэй байгааг анхаарч үзээгүй байна. Түүнчлэн гэрч гэх Л.Амарзаяа нь өмнө нь Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан байх бөгөөд Ю.Энхтуулаас мөрдөн байцаалтын шатанд Л.Амарзаяагийн шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг прокурор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Л.Амарзаяад холбогдох Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолын ач холбогдол нь тэрээр өмнө нь бичиг баримт хуурамчаар үйлдэж байсан эсэх, гарын үсэгтэй холбоотой эсэхийг шалгаж тогтоох шаардлага байсан юм.

Ю.Энхтуул нь тус сургуульд 2014 оны 2 дугаар сард томилогдон ирсэн бөгөөд шүүгдэгч Н.Гантулга, гэрч гэх Л.Амарзаяа нар нь сургуулийн цайны газарт 2007 оноос хойш 8 жилийн турш дангаараа үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Тухайн үед сургуулийн дотоод хяналт шалгалтын комиссыг 3 дугаар сард байгуулан, 3 удаа албан шаардлагыг хүргүүлсэн бөгөөд сурагчид, багш, ажилчид, эцэг эхчүүдээс гомдол ирсний дагуу Л.Амарзаяа нь гаргасан зөрчил дутагдлаа арилгаж байсан болох нь хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн "Санчир-Олуулаа" ХХК-ийн захирал гэх Л.Амарзаяагийн албан бичгээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл сургуулийн зүгээс зүй ёсны шаардлага тавьж байсныг нотолно. Энэ үеэс Л.Амарзаяа нь өөрийгөө тус компанийн захирал гэж танилцуулан үдийн цайны санхүүжилтийг Төрийн сангийн дансанд орсон тухай бүрт саадгүй авч ирсэн байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд гомдол гаргагч, яллагдагч нар нь Ю.Энхтуул нь хясан боогдуулж, санхүүжилтийг өгдөггүй байсан тул аргагүй эрхэнд өөр компанид ажлын байраа алдахгүйн тулд хээл хахууль өгсөн мэтээр мэдүүлэг өгсөн нь огт үндэслэлгүй байна. Учир нь захирал Ю.Энхтуул 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдөр томилогдон ирснээсээ хойш сургуулийн цайны газрыг түрээслэн ажиллуулагч "Санчир-Олуулаа" ХХК-ийн үдийн цайны мөнгийг төрийн сангийн дансанд орсон тухай бүрт нь тус компанийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг олгож байсан болох нь хэрэгт авагдсан санхүүгийн баримтуудаар хангалттай нотлогдох бөгөөд энэ талаарх баримтыг ч хяналтын прокурорт өгсөн хүсэлтдээ хавсарган өгсөн болно. Өөрөөр хэлбэл 2014 оны 2 дугаар сарын 26, 2014 оны 3 дугаар сарын 31, 2014 оны 4 дүгээр сарын 23, 29, 2014 оны 5 дугаар сарын 28, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрүүдэд тухайн cap бүрт санхүүжилтийг саадгүй олгож ирсэн байхад хясан боогдуулсан хэмээн хүндрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Харин ч захирал Ю.Энхтуул нь томилогдон ирснээс хойш "Санчир-Олуулаа" ХХК-ийн санхүүжилтийг 2014 онд нэг удаа, 2015 онд 2 удаа урьдчилан өгч байсан талаар тус сургуулийн нягтлан бодогч Ц.Алтанцэцэг гэрчээр мэдүүлсэн байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын ажилтан Нэмэхбаярын гэрчээр “...2014 оны 5 дугаар сарын үед дүүргүүдийн боловсролын хэлтсээр дамжуулан нийт Нийслэлийн өмчит 93 сургуулийн захирал нарт мэдэгдсэн, захирал нарт тухайн сургууль дээр ажиллаж байгаа цайны газар түрээслэгч компаниудаар засвар хийлгэх зэрэг ажлыг хийлгэхгүй байх, түрээсийн төлбөр тооцоог бүрэн дуусгасан байх үүргийг өгсөн...", Улаанбаатар хотын төрийн өмчит бүх сургуулиудын захирлуудад дээрх асуудлын талаар 2014 оны 5-6 дугаар сард албан ёсоор мэдэгдэж, тухайн сургууль дээр цайны газрыг түрээслэгч болон үдийн цай хэрэгжүүлэгчээр ажиллаж байсан аж ахуй нэгж, иргэнтэй тухайн жил байгуулсан гэрээг дуусгавар болгож, мөн ямар нэгэн гэрээ хэлцэл урьдчилан байгуулахгүй байх үүргийг өгсөн..." хэмээн мэдүүлжээ. Дээрх гэрчийн мэдүүлэг нь Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Энхболдын 51 дүгээр сургуульд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн албан бичгээр давхар нотлогдож байна. Түүнчлэн тус сургуулийн 2013-2014 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа дуусч, засаг даргын орлогч Энхболдын ирүүлсэн албан бичигтэй холбоотойгоор 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Багш нарын зөвлөлийн хурлыг хуралдуулсан байдаг. Уг хуралд "Санчир-Олуулаа" ХХК-ийн захирал гэх Л.Амарзаяа нь өнгөрсөн хичээлийн жилд явуулсан үйл ажиллагааныхаа тайланг тавих үеэр ирэх хичээлийн жилээс сургуулийн үдийн цайны үйл ажиллагаа эрхлэх компанийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас сонгон шалгаруулалт явуулах замаар сонгох болсныг мэдсэн байдаг. Өөрөөр хэлбэл сургуулийн захирал нь тендерийн хороо, үнэлгээний хорооны гишүүн биш, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт нөлөөлөх байдлаар ямар нэг албан бичиг, санал явуулах эрхгүй, захирлын эрх хэмжээнд хамааралгүй, Нийслэлийн өмчийн харилцааны газраас сонгон шалгаруулалт явуулахаар 2014 оны 5 дугаар сард шийдвэрлэсэн асуудалд "Санчир-Олуулаа" ХХК-ийн захирал, ажилтан гэх этгээдүүд нь хясан боогдож, хичээлийн жил дууссан, сурагчдын амралт эхэлсэн цаг хугацаанд буюу 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ямар ч шийдвэр гаргах эрхгүй сургуулийн захиралд хээл хахууль өгсөн гэдэг нь үндэслэлгүй, тийм шаардлага ч байхгүй бөгөөд яллагдагч нарын мэдүүлээд байгаа "...3 жил хамтарч ажиллана, үдийн цайны 5 өдрийг өгнө..." гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байгаад шүүх эрх зүйн талаас нь үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй байна. Үүнийг ч 2007 оны 8 дугаар сараас буюу олон жил дангаараа үйл ажиллагаа явуулж буй Н.Гантулга, Л.Амарзаяа нар маш сайн мэдэж байсан нь ойлгомжтой юм. Түүнчлэн яллагдагч Н.Гантулга нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбар, сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ "...Би тухайн үед нь Энхтуулаас мөнгө авсан талаар гарын үсэг зуруулах гэтэл надад итгэхгүй байгаа юм уу гээд байхаар нь гарын үсэг зуруулалгүй өгсөн. Надад харин мөнгө өгөхдөө Энхтуул нь гарын үсэг зуруулаад өгсөн. ... " гэжээ. Үүнээс үзэхэд уг 4 сая төгрөгийг зээлээд, дараа нь буцаан авна гэсэн санаа зорилго анхнаасаа байсан болох нь тодорхой байхаас гадна үнэхээр хууль бусаар бусдад хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдэж байгаа юм бол мөнгө өгсөн талаарх баримтад гарын үсэг зуруулах ямар ч шаардлага байхгүй бөгөөд иргэд хоорондын зээлийн харилцаа үүсэн болох нь өөрсдийнх нь мэдүүлгээр нотлогдож байна.

Л.Амарзаяа нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа "...2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр манай ах Бямбадорж нь хүнээс хүүтэйгээр 5 сая төгрөгийг зээлээд, "...гэрээний хугацаа 2015 оны 5 дугаар сарын 30-нд дууссан. Тухайн үед манай эгч өвчтэй байгаад дахин сонгон шалгаруулалтад оролцож чадаагүй, "...сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар гомдол гаргахгүй, нэгэнт гэрээний хугацаа дууссан, ганцхан дарамт шахалтад оруулж, мөнгө төгрөг авч байгаа асуудлыг шалгуулахаар гомдол гаргаж байгаа, би захирлын ярьж хэлж байсныг СД-д буулгасан байгаа. ..." гэсэн бол Н.Гантулга нь “...5 сая төгрөгийг ах Бямбадоржоос авлагатай байсан учраас авч өгсөн”, "...манай компани нэгэнт ажилгүй болсон учраас Нийслэлийн боловсролын газарт гомдол гаргасан юм”, “...цайны газрын сонгон шалгаруулалт болох гэж байна гээд 1 сая төгрөг, нийт 6.500.000 төгрөгийг бэлнээр авсан. ...”, “сонгон шалгаруулалтад ч тэнцүүлж өгөөгүй, ер нь бол амласандаа хүрээгүй л дээ. ..." хэмээн гомдол гаргагч гэр бүлийн гишүүд илт худал, зөрүүтэй мэдүүлсэн байдаг. /хх-ийн 24, 32/ Үнэн хэрэгтээ ямар нэгэн хясан боогдуулсан үйлдэлтэй хамааралгүй, өөрсдийн буруутай үйлдлээс шалтгаалан 12 заалт бүхий шалгалтын дүнгээр гэрээгээ цуцлуулсанд захирал Энхтуулыг буруутгаж, хоолноосоо салахгүй гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн зээлийн төлбөрийг буцаан авснаасаа хойш үндэслэлгүйгээр гомдол гаргаж явсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 2, 4 дүгээр хуудсанд авагдсан баримтууд болон "Санчир-Олуулаа" ХХК-иас 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Төмөрбаатарт гаргасан "...манай компанийг ирэх хичээлийн жилд тендерт орох боломжгүй болгосонд бид гомдолтой байна. Манай компани нь тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа түрээслэгчийн хувьд гэрээг сунгах давуу эрхтэй учир манай гэрээг сунгаж, хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү..." гэсэн захирал гэх Л.Амарзаяагийн албан бичгээс тодорхой байна. Өөрөөр хэлбэл зээлийн төлбөрийг хүлээн авснаас хойш буюу өөрсдийн буруутай үйлдлээс шалтгаалан 2015-2016 оны хичээлийн жилийн үдийн цайны тендерт оролцож чадаагүйдээ бухимдаж, хувийн сэдэлтээр өргөдөл гаргасан болох нь Л.Амарзаяагийн өргөдөл, гомдол гаргасан цаг хугацаа, тэдний зөрүүтэй мэдүүлгүүдээс тодорхой харагдана.

Яллагдагч Н.Гантулга болон түүний эхнэр Л.Амарзаяа нар нь ямар нэг байдлаар Ю.Энхтуулыг буруутгах санаа зорилготой болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Тухайлбал анх гаргасан гомдол, тайлбар, мэдүүлгүүд болон дуу ярианы бичлэгийг хүртэл засварлаж өгсөн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр "...дуу авианы бичлэг нь орчны шуугианы нөлөөлөл бага буюу завсрын шуугиан дарагч ашигласан, мөн харилцан ярианд оролцож буй субъектүүдийн дуу авиа нь хэлбэлзлийн далайцын зөрүүтэй байна. Иймд шинжлэх дуу авианы бичлэгт засвар буюу монтаж хийгдсэн. ...", шинжилгээнд тэнцэхгүй..." хэмээн дүгнэжээ.

Ю.Энхтуул нь АНУ руу сургалтад явах талаар 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр түүний мэйл хаягаар хариу ирж, шийдэгдсэн байна. Үүний дагуу 2014 оны 6 дугаар сард түүний өрөөнд Америк явах эсэх талаар яриа болсон нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Гэрч Энхжаргал мэдүүлэхдээ "...2014 оны 6 дугаар сарын эхээр санагдаж байна, захирал Энхтуулын өрөөнд байхад Энхтуул нь Америк явах асуудлыг яриад зардал нь их өндөр юмаа гэж ярихад Амарзаяа нь зээлээд аваад явж болно, надад хэдэн төгрөг байгаа гэж хэлсэн. Тухайн үед захирлын өрөөнд Оюунтунгалаг, би, Амарзаяа нар байсан..." гэсэн бол гэрч Оюунтунгалаг мэдүүлэхдээ "...Тэгэхэд Амарзаяа нь мөнгө зээлэх хүн олдоно ш дээ гэж хэлж байсан. Энхтуулыг Америк явах үед Амарзаяа нь мөнгө зээлсэн эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед Амарзаяа нь надаас мөнгө зээлсэн байсан юм. Тэгэхээр нь би надаас зээлсэн мөнгөө өгөөч гэхэд надад мөнгө байхгүй, Энхтуулаас мөнгөө авч байгаад өгнө, дараа нь Амарзаяатай уулзахад Энхтуулаас зээлсэн мөнгөө 2 хуваагаад авсан гэж ярьж байсан юм... " гэжээ. Дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан мөнгө хүлээн авсан баримтуудаас үзэхэд Л.Амарзаяа нь анхнаасаа Ю.Энхтуулд өгсөн мөнгөө буцаан авахаар тохиролцсон болох нь нотлогдоно. Иргэний хуульд зааснаар иргэд хүү тооцоогүй зээлийн гэрээг амаар хийхийг хориглоогүй бөгөөд дээрх гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд Энхтуул, Амарзаяа нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хангалттай нотлогдоно.

Тус сургуулийн цайны газар нь анхнаасаа зориулалтын бус, стандартын шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Өмчийн харилцааны газраас баталсан "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.19-д "...зориулалтын бус цайны газартай сургуулийг түрээслэгч нь 7 хоногийн 3 ба түүнээс дээш өдөр халуун хоолоор үйлчилнэ. ... " хэмээн заажээ. Ю.Энхтуулыг захирлаар ажиллахаас өмнө нь цаг хугацаанд "Санчир-Олуулаа" ХХК нь үдийн цайны 3 өдрийг авч “Коко десерт” ХХК 2 өдөрт нь үдийн цайг хэрэгжүүлж ирсэн байдаг. Энэ талаар Гантулга, Амарзаяа нар нь ямар нэг гомдол, санал гаргаж байгаагүй байдаг. Ю.Энхтуулын хувьд Н.Гантулгатай уулзаж, харьцаж байгаагүй, хууль ёсны шаардлага тавьж байсан бөгөөд түүний эхнэр Л.Амарзаяатай найз нөхдийн харьцаатай байсны хувьд 4 сая төгрөгийг Н.Гантулгаас бус Л.Амарзаяагаас зээлсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл тэднийг зориудаар хясан боогдуулж, хээл хахууль өгөх зайлшгүй нөхцөл байдлыг үүсгээгүй бөгөөд яллагдагч Н.Гантулга нь өөрийн үйлдэл нь Өршөөлийн хуульд хамаарагдаж байгаа тул ямар нэг аргаар Ю.Энхтуулыг чадах гэсэн хувийн таарамжгүй харьцаа нь илэрхий байна. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэв.

Ялтан Ю.Энхтуулын өмгөөлөгч Д.Тунгалаг гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолд "...шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна" гэж дүгнэсэн мөртлөө мөрдөн байцаалтын шатанд цугларсан баримтуудыг үнэлж, өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргаж өгсөн бичгийн баримтуудыг үнэлж дүгнээгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “... мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, ... яллагдагч, шүүгдэгчийн яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй" гэж заасан байхад мөрдөн байцаалтын ажиллагааны явцад ялтан Ю.Энхтуулын хувийн байдлын талаарх ямар ч баримтууд хэрэгт авагдаагүй байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн өмнө 16 хуудас баримт, төгссөн сургууль, гавьяа шагналын талаар гаргаж хэлэлцүүлсэн. Гэтэл шүүх эдгээр баримтуудыг үнэлээгүйгээс "...шүүгдэгч Ю.Энхтуулд ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй" гэж дүгнэсэн байна. Эдгээр баримтууд нь ялтны хувийн байдлыг илтгэхээс гадна түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг зөв тогтооход чухал ач холбогдолтой байсан.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад өмгөөлөгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.2 дахь хэсэгт "...баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах" эрхийнхээ хүрээнд ялтны өмгөөлөгч Д.Мөнхцэцэгээс 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 15/69 тоот, 6-ны өдрийн 15/71 тоот, мөн сарын 30-ны өдрийн 15/74 тоот, мөн оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 15/77, мөн сарын 4-ний өдрийн 15/78 тоот хүсэлтүүдийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар ганц ч хариу өгөөгүй бөгөөд энэ нь энэхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьж явагдаж байсныг илтгэнэ. Мөрдөн байцаагчаас Ю.Энхтуулын өмгөөлөгчид мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараагаар хэргийн материалтай танилцуулахгүйгээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Иймээс өмгөөлөгч хэргийн материалтай прокурорын хяналтын явцад танилцаж, улмаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлд зааснаар хяналтын прокурорт 2016 оны 1 дүгээр сарын 20-ны, мөн дээд шатны прокурорт 2 дугаар сарын 1-ний өдөр тус тус хүсэлт гаргасан хэдий ч мөн л хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар хариу өгөхгүйгээр өмгөөлөгч болон яллагдагчийн эрхийг ноцтой зөрчиж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Өмгөөлөгч нарын хүсэлтүүдэд дурдсан асуудлуудыг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шалгаагүйн улмаас арга буюу өмгөөлөгч М.Баасанбат нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар Нийслэлийн 51 дүгээр сургуулийн захиргаанд болон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус хүсэлт гаргаж, хүсэлтийн дагуу гаргуулан авсан бичгийн баримтуудыг хуулийн шаардлагад нийцсэн тухайн байгууллагын хуулбар үнэн дардастай баримтуудыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргаж, шинжлэн судалж өмгөөллийн үгээ явуулсан боловч шүүхээс үнэлсэн эсэх нь ойлгомжгүй байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа хэт яллах байдлаар явагдсан байдал нь "Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчийн мэдэгдэл 02" гэх 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 3 хуудастай материалаас дүгнэгдэхээр байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр зүйлд "...гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоомогц ... мөрдөн байцаагч, прокурор зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж, хуулбарыг хэрэгт хавсаргана" гэж заасан бөгөөд дээрх 02 тоот мэдэгдлийн хувь хэрэгт байхгүй байхаас гадна энэхүү мэдэгдлийн агуулгаар Ю.Энхтуулын гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй байхад тогтоогдсон байдлаар бичсэн байгаагаар дүгнэгдэхээр байна. Мөн хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлснээс 12 хоногийн дараа бичигдсэн байдлаас харагдаж байна.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсгийг зөрчсөн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгохгүй байхыг зөрчсөн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар яллагдагч Н.Гантулга нь хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд мөн хуулийн 82 дугаар зүйлд зааснаар тэрээр өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад баримтаар батлагдвал яллах үндэслэл болохоор байна. Гэтэл Н.Гантулгын мэдүүлгийг баталж байгаа баримтыг шүүхээс дүгнэхдээ гэрч Л.Амарзаяагийн мэдүүлгээр нотлогдсон гэжээ. Гэвч ялтны өмгөөлөгчийн зүгээс энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Л.Амарзаяа нь Н.Гантулгын эхнэр бөгөөд өмнө нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэгдэж байсан байдаг. Мөн тэрээр анх гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан "бүртгэл хяналтын карт”-нд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр "Л.Амарзаяа миний бие 51 сургуулийн цайны газрыг түрээслэн ажиллаж байсан. 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дарамталсны улмаас 5 сая төгрөгийг Хаан банкнаас бэлнээр аваад Ю.Энхтуул захиралд өгсөн. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажлаас халж гэрээ цуцалсан тул тус сургуулийн захирал Ю.Энхтуулыг шалгаж, арга хэмжээ авч өгнө үү. Ер нь мөнгө маш их авдаг, шинээр орж байгаа багш нараас байнга мөнгө авдаг" гэсэн атлаа мөн хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд авагдсан 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Н.Гантулгаас гаргасан ““Санчир-Олуулаа” ХХК нь 51 дүгээр сургуулийн цайны газрыг түрээслэн өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Энэ хугацаанд өөрийн хөрөнгөөр тохижуулан чанартай бүтээгдэхүүнээр хангаж ажилласан. Гэтэл сургуулийн захирал Ю.Энхтуул томилогдон ирсэн цагаасаа дарамт учруулж ирлээ. Иймд энэ хүнд арга хэмжээ авч өгнө үү" гэж 2 өөр агуулга бүхий мэдээлэл өгсөн байгаа нь эргэлзээтэй байна. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Л.Амарзаяа нь 1 удаа 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тайлбараар /1 дүгээр хавтасны 23-25 хуудас/, гэрчээр 2 удаа 2015 оны 10 дугаар сарын 26, мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрүүдэд /2 дугаар хавтасны 126-131, 132-133 хуудас/. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр /2 дугаар хавтасны 243-245 хуудас/ тус тус байцаагдаж байгаад хэрэгт яллах дүгнэлт үйлдэх үед Нийслэлийн прокурорын газраас 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 18 тоот "Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоолоор Л.Амарзаяагийн Ю.Энхтуулд 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1 сая төгрөг, 2015 онд 1 сая төгрөг өгсөн болох нь мөрдөн байцаалтын явцад цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ингээд прокуророос хэрэгт 2016 оны 2  дугаар сарын 5-ны өдөр 16 тоот яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Хэдийгээр Л.Амарзаяагийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон хэдий ч түүнийг дахин гэрчээр байцаагаагүй байхад шүүхээс түүнийг улсын яллагчийн хүсэлтээр гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан нь буруу гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд " ...тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ" гэж заасан бөгөөд Л.Амарзаяа нь энэ хэрэгт хамааралтай хэргийн сэжигтэн байсан байна. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 106-107 дугаар хуудсанд авагдсан "яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох” тогтоолыг Ю.Энхтуул болон Л.Амарзаяад танилцуулахаар тогтоолд заасан боловч танилцуулаагүй нь тэдний гомдол гаргах эрхийг хязгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан болохыг харуулж байна. Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хууль ёсны зарчмыг зөрчиж авагдсан бичгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байснаас ялтны өмгөөлөгч нараас нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан. Хэрвээ шүүх Ю.Энхтуулыг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутай гэж дүгнэсэн бол Л.Амарзаяагийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол нь үндэслэлгүй байхаар байна. Өөрөөр хэлбэл Н.Гантулга нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гаргасан "...Ю.Энхтуул захирал манай эхнэртэй уулзаад америк явах боллоо, мөнгөний хэрэг байна, 5 сая төгрөг хэрэгтэй байна, одоо олж өг гэсэн байсан. ... Цайны газрыг манай эхнэр Амарзаяа ажиллуулдаг байсан. ... ХААН банк дээр эхнэр Амарзаяагийн хамт Энхтуул захирал ирээд бэлнээр 4 сая төгрөгийг Энхтуулд өгсөн. ..." гэх /1 дүгээр хавтас, 32 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 233 дугаар хуудас/ мэдүүлгүүдээр Л.Амарзаяа нь энэ хэрэгт холбогдолтой, өөрөөр хэлбэл "хээл хахуульд зуучлах" гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байгаа эсэхийг шалгаагүйг анхаарсангүй. Шүүх Н.Гантулга болон Л.Амарзаяагийн удаа дараагийн мэдүүлгүүд өөр хоорондоо болон дотроо эрс зөрүүтэй, цаг хугацааны хувьд эргэлзээтэй, тогтворгүй, хэргийн бусад баримтуудаар давхар нотлогдоогүй байдлыг анхаарсангүй. Тухайлбал: Н.Гантулгын 1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд авагдсан 2015 оны 10  дугаар сарын 8-ны өдрийн тайлбарт “...манай эхнэр бид 2 ах, дүү нартайгаа ярилцаад 5 сая төгрөгийг ах Бямбадоржоос авлагатай байсан учраас авч өгсөн гэсэн атлаа мөн тайлбарын үргэлжлэл 33 дугаар хуудсанд "...Дархан-Уул аймагт байдаг худ Бямбадоржоос зээлээд 5 сая төгрөг миний ХААН банкны дансанд ..." гэж, мөн 2 дугаар хавтасны 235-237 дугаар хуудсанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ "...Дархан-Уул аймагт байдаг Бямбадорж ахаас шилжүүлж аваад ... одоо болтол төлөөгүй байгаа ..." гэх, мөн Л.Амарзаяагийн 1 дүгээр хавтасны 23-25 дугаар хуудсанд "...ах Бямбадорж руу яриад мөнгө өгөхгүй бол намайг дараа жил ажиллуулахгүй гээд байна, мөнгө олоод өгөөч гээд..." 2 дугаар хавтасны 126-133 дугаар хуудсанд өгсөн мэдүүлэгтээ "...нөхөр хөдөөнөөс 7 дугаар сарын 4-ний үед ирээд Дархан-Уул аймагт байдаг Бямбадоржоос 5 сая төгрөг зээлэхээр боллоо гэсэн. ..." гэх зэргээр зөрүүтэй мэдүүлсэн боловч энэ нь гэрч Я.Бямбадоржийн 2 дугаар хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудсанд өгсөн мэдүүлэгт "...2014 оны 7 дугаар сарын эхээр 5 сая төгрөг хэрэгтэй байна гээд зээлж авч байсан.  ... эргээд хэсэг хугацааны дараа цувуулаад төлсөн. ..." гэх мэдүүлгээр нотлогдоогүй болно. Мөн Д.Амарзаяа 1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дугаар хуудсанд өгсөн тайлбартаа "...2014 оны 5 дугаар сарын 15-ны үеэр нягтлан бодогчоор дуудуулж, би америк сургалтанд явах гэж байгаа. ... 2014 оны 6 дугаар сарын эхээр дахиад намайг цайны газар луу шагайгаад өөрөө дуудсан. ... 2014 оны 9 дүгээр сард нярав Цацралаас Энхтуул бэлнээр 500.000 төгрөг авсан байсныг 250.000 төгрөгөөр 2 хувааж төлсөн. ... 2014 оны 5 сарын сүүлээр билетийн үнэ болох 1 сая төгрөгийг өгсөн. ...”, 2 дугаар хавтаст хэргийн 126-130 дугаар хуудсанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ "...Одоо хэн дуудсаныг санахгүй байна, би захирал Энхтуулын өрөөнд ортол дүүргүүдийн захирлууд АНУ руу сургалтад явах гэж байгаа ..." гэж, "...2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр билетийн кассан дээр 1 сая төгрөг Энхтуулд өгсөн. ...", 2 дугаар хавтасны 132-133 дугаар хуудсанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ "...2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Энхтуулд онгоцны билетийн мөнгө аваад ир гэж нэхэхэд 1 сая төгрөг" гэсэн бол 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ "...билетийн үнэ 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1 сая төгрөгийг өгсөн. ..." гэж цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлсэн байх бөгөөд Амарзаяагийн энэхүү мэдүүлэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар хуудсанд авагдсан Ю.Энхтуул нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 0165227661040 дугаартай тийз худалдан авсан талаар “Эйр маркет” ХХК-ийн албан бичгээр үгүйсгэгдэж байгаа болно. Дээрх байдлаар Н.Гантулга болон Л.Амарзаяа нарын мэдүүлгийн эх сурвалж нь тодорхойгүй, улмаар өөр хоорондоо зөрүүтэй, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар давхар нотлогдохгүй байгаа болно. 2 дугаар хавтаст хэргийн 198 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн 5651 тоот дүгнэлтээр "...Амарзаяагаас хураалгасан СД-ний бичлэг, файлд шинжилгээ хийхэд ... шинжлэх дуу авианы бичлэгт засвар буюу бичлэгийн монтаж хийгдсэн байх бөгөөд шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь байна гэсэн дуу авианы адилтгалын шинжилгээний объект түүнд тавигдах ерөнхий шаардлагыг хангахгүй байна. ..." гэсэн байгаагаас Амарзаяа өөрөө хуурамч нотлох баримтыг зориудаар бий болгож, Ю.Энхтуулыг гүтгэсэн болох нь илтэд байна. Ялтан Ю.Энхтуулын үйлдсэн гэх гэмт хэрэг нь бүрэн нотлогдоогүй, Н.Гантулга болон Л.Амарзаяа нарын мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, эх сурвалж нь тодорхойгүй байх бөгөөд харин хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар, тухайлбал: гэрч Т.Оюунтунгалагийн /2 дугаар хавтаст хэргийн 164-165 дугаар хуудсанд өгсөн/ "...Тухайн үед надаас Амарзаяа нь мөнгө зээлсэн байсан юм. Тэгэхээр нь би надаас зээлсэн мөнгөө өгөөч гэхэд надад мөнгө байхгүй, Энхтуулаас мөнгөө авч байгаад өгнө гэсэн, дараа нь Амарзаяатай уулзахад Энхтуулаас зээлсэн мөнгөө 2 хуваагаад авсан гэж ярьж байсан. ...", гэрч Д.Энхжаргалын /мөн хавтасны 166-168 дугаар хуудсанд өгсөн/ "...намайг ээлжийн амралтаа авахаас өмнөхөн 2014 оны 6 дугаар сарын эхээр захирал Энхтуулын өрөөнд байхад Энхтуул Америк явах асуудлыг яриад зардал нь их өндөр юмаа гэж ярихад Амарзаяа зээлээд аваад явж болно, надад хэдэн төгрөг байгаа гэж хэлсэн. Тухайн үед захирлын өрөөнд Оюунтунгалаг, Амарзаяа бид нар байсан. ..." гэх, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ю.Хулангийн "...Захирал Энхтуул Амарзаяад 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төрөг бэлнээр өгч байхад би хамт байсан. Амарзаяа зээлийн тооцоон дээр гарын үсэг зурж, дээрх мөнгийг хүлээн авсан. ..." гэх мэдүүлгүүд, "мөнгө хүлээлцсэн тодорхойлолт" болон шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нарын шинээр гаргаж өгсөн бичгийн баримтуудаар Ю.Энхтуулыг цагаатгах бүрэн үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 223 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Гантулгын өмгөөлөгч Т.Амгаланбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд хэргийг олон талаас авч үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан” гэв.

 

Прокурор Ш.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Улсын яллагчийн яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцсан. Ялтны өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьсан, Н.Гантулгын өгсөн мэдүүлгийг үнэлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх заалтыг зөрчсөн гэж байна. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэж заасан байгаа. Яллагдагч өөрийн гэм буруугаа хүлээж болохгүй, яллагдагчийн хэлсэн зүйлийг худал гэж болохгүй. Яллагдагчийн өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогддог. Жишээ нь, Н.Гантулга нь ахаасаа мөнгө зээлж Ю.Энхтуулд өгсөн болох нь нотлогдсон байдаг. Л.Амарзаяаг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар гэрч биш ээ гэж байна. Гэтэл Л.Амарзаяа нь мөрдөн байцаалтын шатанд зайлшгүй гэрчээр мэдүүлэг өгсөн. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Л.Амарзаяаг сэжигтнээр тооцсон. Тухайн хүн эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч байгаад хэргийг шалгах явцад гэмт хэргийн шинжтэй, гэм буруутай, зуучилсан байх шинжтэй зүйл ярьсан байж болно. Үүнийг нь мөрдөн байцаагч шалгасан. Мөн хэрэгт ач холбогдолтой гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх нь шүүгчийн эрх хэмжээний асуудал. Ю.Энхтуул 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр бусдаас мөнгө зээлж авсан юм бол яахаараа 2015 оны 8 дугаар сард төлдөг юм бэ?, үнэхээр мөнгө зээлж авсан юм бол урьд нь зээлээ төлөх арга хэмжээ яагаад аваагүй юм бэ?. Н.Гантулга “...Л.Амарзаяа нь хорт хавдартай байсан. Эхнэрийнхээ эмчилгээний зардалд их хэмжээний мөнгө зарцуулсан. ...” гэж мэдүүлдэг. Ийм байхад яагаад зээлсэн мөнгөө буцааж төлөх талаар яагаад санаачилга гаргадаггүй юм бэ?, мөн Ю.Энхтуул нь Америк явж ирээд хувцас зарсан гэж байна, хувцас зарсан мөнгөнөөсөө төлөх боломж байсан гэдэг нь харагдаж байна. Үүнээс үзэхэд зээл авсан гэх үндэслэл байхгүй байна. Мөн Н.Гантулга “...Ю.Энхтуул удаа дараа утасдаж, мөнгө олж өг, олж өгөхгүй бол дараа дараагийн асуудал яригдана гэдэг байсан. ...” гэж мэдүүлдэг. Ер нь бол тэр байгууллагыг удирдан зохион байгуулж байгаа хүн бол тухай байгууллагатай холбоотой бүхий л шийдвэрийг гаргах эрхтэй байдаг. Ю.Энхтуул бол удирдах албан тушаал хашдаг, Л.Амарзаяа нь уг байгууллагад түрээсийн гэрээгээр үйл ажиллагаагаа явуулдаг учир эдгээр хүмүүсийн хооронд ашиг сонирхлын зөрчил үүсч байна. Тиймээс захирал гэх хүн бусдаас мөнгө авах нь хуулиар хориотой. Өмгөөлөгч Д.Тунгалаг шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн гэж байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд шаардлагатай гэсэн гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийг өргөн хүрээнд шийдвэрлэсэн байдаг. Мөн Л.Амарзаяа нь эрс зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байхад анхан шатны шүүхээс Л.Амарзаяагийн мэдүүлэгт үндэслэн шийдвэр гаргасан гэж байгаа боловч Л.Амарзаяагийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Бямбадорж нь Н.Гантулгын данс руу мөнгө шилжүүлсэн гэх дансны хуулгаар нотлогддог. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Ю.Энхтуул, Н.Гантулга нарт холбогдох хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлагдахгүйгээр анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт байгаа материалд үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ю.Энхтуул нь Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх үедээ, 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр тус сургуулийн цайны газрыг түрээслэн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байсан “Санчир олуулаа” ХХК-ийн захирал Н.Гантулгаас "“Америкийн Нэгдсэн Улс руу сургалтад явах гэж байгаа тул 5 сая төгрөг хэрэгтэй байна, чамайг мөнгө төгрөг өгч чадахгүй гэвэл сургуулийн цайны газрыг түрээслэх өчнөөн мөнгөтэй компани байна, тэд нарт өгье” гэх зэргээр хэлж буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлан, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банк дотор 4.000.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг,

Н.Гантулга нь Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн цайны газрыг түрээслэн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллуулж байх үедээ 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ю.Энхтуулд “цаашид тус сургуулийн цайны газрыг түрээслэн ажиллах шийдвэрийг гаргуулах” зорилгоор Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банк дотор 4.000.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Ц.Ууганбаярын "...51 дүгээр сургуулийн цайны газрыг ажиллуулдаг гэх нэг эмэгтэй анх манай байгууллагад гомдол гаргахаас 7 хоногийн өмнө биеэр ирж уулзсан. Нэрээ Амараа гэж байсан санагдаж байна. Тэгээд 51 дүгээр сургуулийн захирлын ёс зүйн талаар гомдол гаргамаар байна. Манай компани тус сургуулийн цайны газрыг ажиллуулж байгаад түрээсийн гэрээгээ цуцлуулаад гарах гэж байгаа юм. Надад сургуулийн цайны газрыг өгөхөд татгалзах зүйл алга, харин сургуулийн захирлын ёс зүйн асуудлаар хэлмээр байна. Захирал Америк явах гэж байна гээд надаас 5 сая төгрөг нэхэж авсан. Мөнгө өгвөл гэрээг чинь цуцлуулахгүй гээд дарамталсан тухай ярьсан. Би Санчир-Олуулаа компанийн тэр эмэгтэйд таны хэлж байгаа асуудал чинь гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүлээх хариуцлага нь өндөр шүү, хүн гүтгэх чинь эргээд хариуцлага хүлээнэ шүү, наад мэдээлэл чинь үнэн зөв юм уу гэтэл нөгөө эмэгтэй би тэрийг мэдэж байна, би хүн гүтгээгүй, надад бичлэг, дансны хуулга байгаа, баримттай гэж ярьсан. Тэгээд би тэр эмэгтэйд ярьсан зүйлээ бичгээр манайд хандах хэрэгтэй гэж хэлээд явуулсны дараа манай байгууллагад бичгээр гомдол гаргасан байсан. ..." /2 дугаар хавтас, хуудас 134-135/,

гэрч Н.Болдбаатарын "...Иргэн Гантулгын гомдол дэд дарга Түвшинбатын цохолтоор орж ирсэн. Гомдолд тухайн үед хавсаргасан зүйл байхгүй байсан. Тухайн үед би өргөдлийг авчирч өгсөн эмэгтэйгээс өргөдөлд дурьдсан СД, мессэжний талаар тодруулж асуухад хэрэгтэй үед нь авчирч өгнө, намайг өргөдлийг өг гэсэн юмаа гэж байсан. Гомдол гаргагчтай биечлэн уулзаагүй. Харин өргөдөл барьж ирсэн хүнээс өргөдөлд дурьдсан зүйлийг нэхсэн боловч шаардлагатай үед нь өгнө, нотлох баримт нь байгаа гэж байсан. Ингээд өргөдлийг хуулийн зөвлөх Ууганбаярт шилжүүлсэн" /2 дугаар хавтас, хуудас 136-137/,

гэрч С.Байгалмаагийн "...2014 онд 2 удаа АНУ-д зорчсон. 2014 оны 2 дугаар сард Олон улсын багш нарын удирдах ажилтны семинарт явах гэж байгаад виз гарахгүй удсаны улмаас хурал дууссан хойно, визний асуудал шийдэгдээд нэгэнт виз гарсан тул хувиараа өөрөө АНУ-д зорчсон. Боловсролын яам, Олон улсын боловсролын хамтын ажиллагаа нийгэмлэг, Ахмад захирлуудын холбоотой хамтарч Чингис зочид буудалд 1 өдрийн уулзалт сургалт зохион байгуулаад олон улсын багш нарын удирдах ажилтны семинарт оролцож болох тухай ярьсан. Үүний дагуу 2014 оны 7 дугаар сарын 13-ны үед санагдаж байна, АНУ-ын Сент-Луис хотод 7 хоногийн семинарт оролцсон. Дээрх сургалт семинарт Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн захирал Энхтуул оролцсон. … Сургалтанд оролцох зардлыг бүгд хувиасаа гаргасан байхаа. Миний хувьд өөрөөсөө гаргаж оролцсон. Тухайн үед надаас 7-8 сая төгрөг гарсан. ..." /2 дугаар хавтас, хуудас 138-139/,

гэрч Л.Жаргалын "...2014 онд Баянгол дүүргээс ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудыг гадаад улсад ямар нэгэн сургалтанд хамруулаагүй. Монголын багш нарын холбооноос голдуу ерөнхий боловсролын сургуулиудыг гадаад улсад сургалтанд хамрагдах саналыг мэйлээр илрүүлдэг юм. Энэ дагуу 51 дүгээр сургуулийн захирал Энхтуул, 13 дугаар сургуулийн захирал Байгалмаа нар явсан гэж байсан. ..." /2 дугаар хавтас, хуудас 140-141/,

гэрч Д.Нэмэхбаярын "...Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид сонгон шалгаруулах журам"-ыг баталсан. 2014 оны 8 дугаар сарын 14-нд А/698 дугаартай Нийслэлийн засаг даргын захирамж гарч, үүний дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын А/596 тоот тушаалаар сонгон шалгаруулалтыг явуулах ажлын хэсгийг байгуулсан. Өөр өөрийн үүргийн дагуу хүлээх ёстой байгаа. Ялангуяа сургуулиудын захирлуудыг аж ахуйн үйл ажиллагаанаас холдуулж, мөнгө төгрөг нэхдэг, авдаг, өөрсдөө ажиллуулдаг, ах дүү, төрөл саднаа ажиллуулдаг гэсэн ямарваа нэг мөнгө санхүүгийн холбоотой хууль бус асуудалд оролцуулахгүй гэсэн үүднээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар болсон. Гэрээг 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл байгуулсан байна. Нэгдүгээрт гэрээний хугацаа дууссан. 2 дугаарт 2015 оны 4 дүгээр сарын 24-нд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга А/131 тоот тушаал гаргаж, 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудын цайны газар, үдийн цайг хэрэгжүүлэгч компаниудын үйл ажиллагаанд шалгалт явуулах ажлын хэсгийг байгуулж, үүний дагуу шалгалт хийх удирдамжийг баталсан. Шалгалтыг 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 94 сургууль дээр явуулсан. Шалгалтаар 51 дүгээр сургуулийн цайны газар, үдийн цайг хэрэгжүүлэгч "Санчир-Олуулаа" ХХК нь цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, хоолны эрүүл ахуй стандартыг мөрдөөгүй, түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлдөггүй, зориулалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй зэрэг олон зөрчил илэрсэн. Үүний дагуу ажлын хэсгээс гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан. Тухайн үед “Санчир-Олуулаа” компанийн ажилтан Амарзаяа гэх эмэгтэй ирээд ямар учраас гэрээ цуцлах болсон талаар асууж тодруулж байсан. Манай зүгээс гарсан зөрчил, шалгалтын дүнг танилцуулаад явуулсан. Гурвалсан гэрээ байгуулсан байхад захирал цайны газрын болон үдийн цайны үйл ажиллагаанд оролцож, дахин өөр компанитай гэрээ байгуулах эрхгүй. Тендерт нэгэнт сонгогдож гэрээ байгуулсан компани дангаараа гэрээний 4.19-д заасны дагуу үдийн цайг хариуцан өгөх ёстой. Захирал нь гурвалсан гэрээний 4.19-д зааснаар ямар ч ийм эрх байхгүй. Захирал гэрээг зөрчиж түрээслэгчийн үйл ажиллагаанд оролцож байна. Эцэг, эхчүүдийн саналаар ч гэсэн Алимансар компанид үдийн цайны 2 өдрийг өгөх ёсгүй. Захирал зөвхөн хяналтын үүргийг гүйцэтгэх ёстой. ...Улаанбаатар хотын төрийн өмчит бүх сургуулиудын захирлуудад дээрх асуудлын талаар 2014 оны 5-6 сард албан ёсоор мэдэгдэж, тухайн сургууль дээр цайны газрыг түрээслэгч болон үдийн цай хэрэгжүүлэгчээр ажиллаж байсан аж ахуй нэгж, иргэнтэй тухайн жил байгуулсан гэрээг дуусгавар болгож, мөн ямар нэгэн гэрээ хэлцэл урьдчилан байгуулахгүй байх үүргийг өгсөн. Үүний дагуу сургуулиудын захирал нь цайны газрын тоног төхөөрөмж, эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах бэлтгэл ажлыг ч гэсэн зохион байгуулсан. Өмнө нь 51 дүгээр сургууль дээр ажиллаж байсан “Санчир-Олуулаа” ХХК нь 2014-2015 оны хичээлийн жилд сонгон шалгаруулалтанд оролцож, үргэлжлүүлэн ажиллахаар болсон. ...Цайны газрын түрээслэгч нар албан бусаар энэ асуудлын талаар их гомдол мэдүүлдэг. Сургуулийн захирлууд өөрсдийн дураар байнгын мөнгө төгрөг авах, хандив, санхүүгийн туслалцаа авах, үнэгүй хоол унд идэх зэрэг асуудал их байгаа юм. Сургуулийн захирлуудыг аж ахуйн үйл ажиллагаанаас хол байлгах гэж л тендер сонгон шалгаруулалтыг явуулах болсон. Гэтэл захирлууд өөрсдөө хувийн ашиг сонирхлын зүгээс хандаад байгаа нь асуудал болоод байгаа. Нийслэлийн өмчийн харилцааны газраас дээрх асуудалтай тэмцэж, холбогдох арга хэмжээнүүдийг цаг бүрт нь авч ажиллаж байна. ..." /1 дүгээр хавтас, хуудас 145-148/,

гэрч Г.Цацралын "...Амарзаяад мөнгө төгрөг зээлүүлээд, тэр нь илрээд би зөрчил гаргасан асуудал байхгүй. Миний ажилд байнгын хяналтыг Энхтуул захирал, нягтлан бодогч Алтанцэцэг нар тавьж ажилладаг. Энхтуул захирал харин эхлээд ажлынхаа утсаар намайг өрөөндөө дуудаад "чи надад 500.000 төгрөг зээлээдэх ээ, би чамд маргааш өгье, аваад ирээ" гээд явуулаад би захиралд өрөөнд нь оруулж өгсөн. Маргааш нь захирлаас мөнгийг авахаар ортол "наад мөнгөө Амарзаяагаас аваарай" гэсэн. Тэгэхээр нь би Амарзаяагаас "захирал чамаас 500.000 төгрөг ав" гэсэн гэтэл Амарзаяа би яахаараа танай захиралд 500.000 төгрөг өгөх юм бэ” гэхлээр нь би "захирал та хоёрын асуудлыг би яаж мэддэг юм, захирлаас орж асуу” гэж хэлсэн. Тэгээд Амарзаяа нь 500.000 төгрөгийг надад 4 хуваагаад өгсөн. Би "Монгол бичгийн дэвтэр" гэсэн дэвтэртээ Энхтуул захиралд мөнгө зээлсэн, Амарзаяагийн өгсөн мөнгийг он, cap, өдөртэй нь бичиж тэмдэглэсэн байгаа. Би энэ дэвтрээ авчирч өгнө. Би хувиасаа захирал Энхтуулд мөнгө зээлүүлээгүй, няравын касснаас 500.000 төгрөг зээлүүлсэн. Өөрийн буруугаа ойлгож байна. Захирал зээлээдэх, маргааш авчирч өгнө гэсэн учраас зээлүүлсэн. Дахин мөнгө төгрөг Энхтуул захирал зээлээгүй. Харин 2015 оны намар 10 дугаар сарын 7-нд утасны төлбөр төлнө 55.000 төгрөг гээд авсан. Энэ асуудлыг тухайн үед нягтлан бодогч зөвшөөрөхгүй гээд баримтан дээр гарын үсэг зураагүй байгаа. ...Энхтуул захирал, Амарзаяа нар эхлээд хоорондоо их сайн харьцаатай байсан. Харин 2015 оны хавар 6 дугаар сарын үед 3 газрын хамтарсан бичиг ирээд, түүний дагуу “Санчир-Олуулаа” ХХК-ийг ажиллуулахгүй байхаар болоод захирал, Амарзаяа хоёрын хооронд харьцаа муу болсон байх. Энэ үеэс Амарзаяа нь захирал Энхтуулыг 5 сая төгрөг авсан гээд яриад эхэлсэн. ..." /2 дугаар хавтас, хуудас 149-152/,

гэрч Ц.Алтанцэцэгийн "...Үдийн цай хөтөлбөрт урьд нь ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулдаггүй байсан. Жилийн эцэст багш нарын тайлангийн хурлаар тухайн жилд үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн компанид нууцаар санал хураалт явуулаад дахин ажиллуулах уу, үгүй юу гэдгийг шийдвэрлэдэг байсан. 2013-2014 оны хичээлийн жилд үдийн цай хөтөлбөрт ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулаагүй. 2008 оны үеэс 51 дүгээр сургуулийн цайны газрыг түрээсээр "Санчир-Олуулаа" ХХК нь ажиллуулж эхэлсэн. Энэ үед сургуулийн захирлаар С.Самдандовжид гэдэг хүн ажиллаж байсан. Самдандовжид захирал нь анх “Санчир-Олуулаа” ХХК-тай цайны газрыг түрээслэх түрээсийн гэрээг байгуулан, тус компани нь цайны газрыг 2015 оны 6 дугаар cap хүртэл ажиллуулсан. "Санчир-Олуулаа" ХХК нь гэрээний дагуу сард түрээсийн төлбөрт 1.000.000-1.200.000 төгрөгийг Төрийн сангийн дансанд төлдөг байсан. “Санчир-Олуулаа” ХХК нь анх тус сургуулийн цайны газрыг түрээсээр ажиллуулах болсон үеэс эхлэн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байсан. “Санчир-Олуулаа” ХХК-ийн цайны газарт мэргэжлийн хяналтын газраас байнгын ээлжит шалгалтуудыг хийдэг байсан. Энэ компанийн ажиллуулж байсан цайны газраас ямар нэгэн ноцтой зөрчил илэрч байгаагүй. ...Cap бүрийн 25-нд үдийн цайны санхүүжилтийн тооцоо бодож олгодог. Үдийн цайны санхүүжилт нь дүүргийн төрийн сангаас cap бүрийн 13-16-ны хооронд орж ирдэг. Яахав хааяа ганц нэг удаа компанийн гуйснаар санхүүжилт орж ирсэн үед үдийн цайны мөнгийг урьдчилаад өгдөг юм. “Санчир-Олуулаа” ХХК-ийн хувьд захирал Энхтуулын зөвшөөрлөөр 2014 онд 1 удаа, 2015 онд 2 удаа тус бүр өгч байсан. 2015 оны 5 дугаар сард олгох санхүүжилтийг 2015 оны 5 дугаар сарын сүүлээр бараг л cap дуусах үед эхний санхүүжилтийг олгоод дараа нь 2015 оны 7 дугаар сарын 10-нд үлдэгдлийг олгосон. Захирал олгож болохгүй гээд наадам болох гээд би бөөн асуудал болж байж шилжүүлсэн юм. Үдийн цайтай холбоотой гэрээнүүд бүгд захирал Энхтуул дээр байдаг. Гэрээг улирал бүр захирал тухайн компанитай байгуулдаг. Санхүү дээр гэрээ байдаггүй. Захирал өөр дээрээ хадгалдаг юм. 2014 оны 8 дугаар сараас өмнө буюу Нийслэлийн өмч харилцааны газраас тендер шалгаруулалт зохион байгуулахаас өмнө сургуулийн захирал үдийн цай хэрэгжүүлэх компанийг захирал өөрөө сонгоод улирал бүр гэрээ байгуулдаг байсан. Гэрээнүүдийг хуулбарлаж танай байгууллагад авчрах гэтэл гэрээнүүд архивт байхгүй байна гэж архивын ажилтан Цэрэннадмид, нарийн бичиг Мөнхцэцэг нар хэлсэн. Уг нь архивт байх ёстой гэсэн. Гэвч үзсэн боловч олдоогүй тул “Санчир-Олуулаа” ХХК-тай байгуулсан гэрээг авчирч чадаагүй болно. ...Амарзаяа нь Энхтуул захиралтай харилцаа муудаад байх үедээ надад Энхтуул захирлаас ирсэн мессэжүүдийг өөрөө уншиж өгч байсан. Одоо санахад Энхтуул захирал "Амарзаяаг өргөдлөө буцааж ав, мөнгийг чинь буцааж өгнө" гэсэн утгатай мессэжүүдийг уншиж өгч байсан. ..." /2 дугаар хавтас, хуудас  153-157/,

гэрч Г.Ундралын "...Цайны газрын орлогыг улаан өнгийн хавтастай дэвтэр дээр бичдэг байсан. Өмнө нь Амарзаяа эгч бичиж байсан гээд намайг ажилд ороход тэр дэвтэр дээр бич гээд өгсөн. ... Амарзаяа эгч Энхтуул захиралд "мөнгө өгнө" бэлдчихээрэй гэхэд нь хэлсэн мөнгийг орлогоосоо хурааж байгаад Амарзаяа эгчид өгдөг байсан. Мөн Цацрал эгчид хэд хэдэн удаа захирлын мөнгө гээд өгүүлж байсан. Би өгсөн мөнгөнийхөө талаар тухай бүр нь тэмдэглээд явдаг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд нэг биш удаа тэгж мөнгө бэлдүүлээд авч байсан. Яг хэдэн удаа, хичнээн төгрөг гэдгийг одоо сайн санахгүй байна. Би Амарзаяа эгчийн орлого, зарлагаа бичиж бай гээд өгсөн улаан өнгийн хавтастай дэвтэр дээр бүгдийг бичсэн байгаа" /2 дугаар хавтас, хуудас 158-159/,

гэрч Я.Бямбадоржийн "...Гантулга нь надаас 2014 оны 7 дугаар сарын эхээр санагдаж байна, 5 сая төгрөг хэрэгтэй байна гээд зээлж авч байсан. Тухайн үед би өөрийн ХААН банк дахь дансаараа дамжуулан Гантулгын Хаан банкны данс руу шилжүүлж байсан. Эргээд хэсэг хугацааны дараа надад зээлсэн 5 сая төгрөгөө цувуулаад өгсөн. ..." /2 дугаар хавтас, хуудас 160/,

гэрч Т.Оюунтунгалагийн "...Энхтуул захирал 2014 оны 6 дугаар сарын сүүлээр амралт эхлэхээс өмнө өрөөнд нь Энхжаргал, Амарзаяа бид нарыг байж байхад захирлуудыг Америк явуулна гэж байна. Би дөнгөж ороод Америк явах гэхлээр хамт олон юу гэх болоо, мөнгө төгрөг нь ч алга байна гэж байсан. Тэгэхэд Амарзаяа нь мөнгө зээлэх хүн олдоно шүү дээ гэж хэлж байсан. Энхтуулыг Америк явах үед Амарзаяа нь мөнгө зээлсэн эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед надаас Амарзаяа нь мөнгө зээлсэн байсан юм. Тэгэхээр нь би надаас зээлсэн мөнгөө өгөөч гэхэд надад мөнгө байхгүй, Энхтуулаас мөнгөө авч байгаад өгнө гэсэн. Дараа нь Амарзаяатай уулзахад Энхтуулаас зээлсэн мөнгөө 2 хуваагаад авсан гэж ярьж байсан юм. ..." /2 дугаар хавтас, хуудас 164-165/,

гэрч Д.Энхжаргалын "...2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр би сургууль дээр очоогүй. Харин намайг ээлжийн амралтаа авахаас өмнөхөн 2014 оны 6 дугаар сарын эхээр санагдаж байна. Захирал Энхтуулын өрөөнд байхад Энхтуул нь Америк явах асуудлыг яриад зардал нь их өндөр юмаа гэж ярихад Амарзаяа нь зээлээд аваад явж болно, надад хэдэн төгрөг байгаа гэж хэлсэн. Тухайн үед захирлын өрөөнд Оюунтунгалаг, би, Амарзаяа нар байсан. 2015 оны хичээл тарах үеэр Амарзаяа нь өөрийн гар утсанд Энхтуул захирлаас ирсэн мессежийг уншуулах гэхлээр нь "би уншихгүй ээ, та нарын асуудалд би оролцохгүй" гэж хэлээд оролцоогүй. Амарзаяа, Энхтуул нар нь хоорондоо гайгүй харьцаатай байсан. 2015 оны хичээл тарах үеэр хоорондоо муудацгаасан санагдаж байна. ..." /2 дугаар хавтас, хуудас 166-168/,

гэрч Б.Мөнхцэцэгийн "...Захирал нь түрээслэгч үдийн цайны компанитай улирал бүр гэрээ байгуулж ажилладаг байсан. Дараа нь Нийслэлийн өмчийн харилцааны газраас гурвалсан гэрээг байгуулдаг болсон. Үдийн цайтай холбоотой гэрээг "Үдийн цай" гэсэн хар өнгийн хавтсанд хийдэг байсан. ...Захирал Энхтуул нь архивын ажилтан Цэрэннадмид бид хоёрыг дуудаад өрөөндөө байсан баримт бичгүүдээ цэгцлүүлсэн. Намайг бичиг хэргийн ажлыг хүлээн авахад тус сургуулийн баримт бичиг үдэж цэгцлэгдээгүй, хавтсанд задгай байдаг байсан. ...Цэрэннадмид бид хоёр захирал Энхтуулд тухайн үед “Санчир-Олуулаа” ХХК-тай байгуулсан гэрээнүүд байхгүй байна гэтэл захирал "та 2 баримт бичиг янзалсан биз дээ, олж тавихгүй бол та 2 дээр арга хэмжээ авна шүү" гээд гаргаж байсан" /2 дугаар хавтас, хуудас 176-178/,

Л.Амарзаяагийн сэжигтнээр өгсөн “…Энхтуул бид хоёр найз нөхдийн холбоотой байсан. Энхтуул надаас болон манай нөхрөөс Америк явах гэж байна, 5 сая төгрөг өг, хэрвээ өгөхгүй бол дараачийн мөнгөтэй компанийг оруулна гэж хэлж дарамталдаг байсан нь үнэн. Тухайн үед манай компанид бэлэн ийм их хэмжээний мөнгө байхгүй байсан. Би Энхтуулд хээл хахууль өгөөгүй. Харин нөхөртөө хэлэлгүйгээр, онгоцны билет бичүүлэх гэж байна, 1 сая төгрөг аваад ирээч гэхлээр нь төв шуудангийн урд байрлах “Эйр маркет” билетийн кассанд 1 сая төгрөгийг бэлнээр 2014 оны 5 дугаар сарын 20-ны үед санагдаж байна, аваачиж өгсөн. Дараа нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны үед захирлын сонгон шалгаруулалтанд оролцох гээд байна, 1 сая төгрөг өгөөч гэхлээр нь өөрийн орлогоосоо, мөн нөхөртөө хэлэлгүйгээр 1 сая төгрөг өгсөн. Энэ нь бол Энхтуул бид хоёрын найз нөхдийн хоорондын асуудал юм. Манай нөхрийн хувьд “Санчир-Олуулаа” компанийн захирал юм. Энхтуул нь манай компаниас байнга 5 сая төгрөг нэхээд дарамт шахалтанд оруулж, үдийн цайны санхүүжилтийг цаг хугацаанд өгөхгүй, хясаж боож байсан тул Гантулга нь цаашид түрээслэгчээр ажиллахын тулд Энхтуулын хүсэж байсан 4 сая төгрөгийг хүнээс зээлээд өгсөн нь үнэн. Энэ 4 сая төгрөгийг манай компани Энхтуулд зээлээгүй. Дараа нь манай нөхөр хүнээс зээлсэн мөнгөө өөрөө төлсөн. Би Энхтуулд мөнгө төгрөг зээлүүлье гэж хэний ч хажууд хэлж байгаагүй. Энхтуул бид хоёрын харилцаа сайн байсан учраас хоорондоо яриад зохицоод мөнгө төгрөг өгөх авах асуудал байдаг. Энхжаргал, Оюунтунгалаг нарын хажууд мөнгө төгрөгийн талаар юу ч ярьж байгаагүй. …Компаниас хээл хахуульд Энхтуулд 4 сая төгрөг, би хувиасаа 2,5 сая төгрөг тус тус өгсөн. Үүнээс 5 сая төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 31-нд хамгийн сүүлд авсан. …” /2 дугаар хавтас, хуудас 244-245/,

Н.Гантулгын яллагдагчаар өгсөн “...Ю.Энхтуул захирал нь 5 сая төгрөг өгөө, өгөхгүй бол дараагийн мөнгөтэй компани орууллаа гээд байсан учраас би амьдралын эх үүсвэр болсон ажлын байраа алдахгүй гээд Энхтуулын хүссэн мөнгө 5 сая төгрөгийг өгсөн. Гэхдээ би 4 сая төгрөгийг Энхтуулд Хаан банк дотор бэлнээр өгсөн. Мөнгийг би ах Бямбадоржоос зээлсэн. Энхтуул нь томилогдон ирсэн үеэсээ хойш дараа дараагийн мөнгөтэй компаниуд байна, америк явах гэж байна гээд дарамтанд оруулж хясан боогдуулж мөнгө нэхдэг байсан. Би ийм учраас өөрийн амьдралын эх үүсвэрээ алдахгүй гээд хүссэн мөнгийг Энхтуулд өгсөн. Энхтуул мөнгийг аваад солонгос хоолны газарт хоол идэж байх үедээ Энхтуул нь “3 жил хамтарч ажиллана, үдийн цай хөтөлбөрт 5 хоног болгож өгнө” гэж амлалт өгсөн боловч 2014 онд хичээлийн жил эхлэхэд үдийн цай хөтөлбөрийн 5 хоногийг өгөөгүй амлалтандаа хүрээгүй. ...” /2 дугаар хавтас, хуудас 247-248/,

Ю.Энхтуулын яллагдагчаар өгсөн “...Амарзаяа нь 7 хоногийн дотор над руу залгаад мөнгө төгрөг зээлэх юм уу гэж ярьсан, би мөн Хаан банкнаас зээл хөөцөлдөж байсан. Тэгээд наадам болох дөхөж байсан, миний явах хугацаа дөхөөд байсан тул Амарзаяагаас 4 сая төгрөг зээлсэн. Тухайн үед Амарзаяагаас би 4 боодол арван мянгатын дэвсгэртээр мөнгийг авсан. Билетний зардал, визний мөнгөнд Амарзаяагаас зээлсэн мөнгийг хэрэглэсэн. Эдгээр нь нийтдээ 3.700.000 гаруй төгрөг болсон. ...” /3 дугаар хавтас, хуудас 1-3/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн "...2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Зээлийн төлөлт" гэсэн баримтын гар бичмэл нь Ю.Энхтуулын бичгийн хэвийн загваруудтай тохирно. Зээлийн төлөлтийн "Хүлээн авсан" гэсний ард зурсан гарын үсэг нь Ю.Энхтуулын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй. Зээлийн төлөлтийн "Хүлээн авсан" гэсний ард зурсан гарын үсэг нь Л.Амарзаяагийн гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй" гэх 6059 тоот шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтас, хуудас 221/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /1 дүгээр хавтас,  хуудас 36-37/, Үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 38, 45-46, 72, 153/, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол /1 дүгээр хавтас, хуудас 73/, Нийслэлийн Өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам /1 дүгээр хавтас, хуудас 74-77/, Нийслэлийн Өмчийн эд хөрөнгийг түрээслэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах журам /1 дүгээр хавтас, хуудас 78-80/, Нийслэлийн засаг даргын захирамж /1 дүгээр хавтас, хуудас 81/, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаал /1 дүгээр хавтас, хуудас 82-83/, Сонгон шалгаруулалтын урилга /1 дүгээр хавтас, хуудас 84/, Нийслэлийн Өмчит ерөнхий боловсролын сургуулиудын цайны газрын үйл ажиллагааг эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулсан дүн /1 дүгээр хавтас, хуудас 85-88/, Нийслэлийн Өмчит ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газар болон “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн түрээсийн гэрээ /1 дүгээр хавтас, хуудас 89-94/, Нийслэлийн Өмчит ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийн үйл ажиллагааг шалгаж сонгон шалгаруулалт зарласан тухай илтгэх хуудас /1 дүгээр хавтас, хуудас 99-107/, Хаан банкны дансны хуулга /2 дугаар хавтас, хуудас 13, 29-91/, Ю.Энхтуулыг 51 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Нийслэлийн Боловсролын Газрын даргын тушаал /3 дугаар хавтас, хуудас 15 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Ю.Энхтуул нь 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байхдаа тус сургуулийн цайны газрыг түрээслэн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байсан “Санчир-Олуулаа” ХХК-ийн захирал Н.Гантулгад “Америкийн Нэгдсэн Улс руу сургалтад явах гэж байгаа тул 5 сая төгрөг хэрэгтэй байна, чамайг мөнгө төгрөг өгч чадахгүй гэвэл сургуулийн цайны газрыг түрээслэх өчнөөн мөнгөтэй компани байна, тэд нарт өгье.” гэх зэргээр мөнгө нэхсэний улмаас Н.Гантулга нь цаашид тус сургуулийн цайны газрыг түрээслэн ажиллах шийдвэр гаргуулах зорилгоор Ю.Энхтуулд 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банк дотор 4.000.000 төгрөг өгсөн бөгөөд Ю.Энхтуул нь тухайн мөнгийг авахдаа "цаашид 3 жил хамтарч ажиллана, үдийн цайны 5 хоногийг танай компанид өгнө" гэх зэргээр амлалт өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Харин яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг “Ю.Энхтуул нь Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх үедээ, 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр тус сургуулийн цайны газрыг түрээслэн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байсан “Санчир-Олуулаа” ХХК-ийн захирал Н.Гантулгаас "цаашид 3 жил хамтарч ажиллана, үдийн цайны 5 хоногийг танай компанид өгнө" гэх зэргээр хэлж буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлан, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банк дотор 4.000.000 төгрөгийг хясан боогдуулах замаар хээл хахуульд авсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд … гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах” гэсэн шинжийг, мөн зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “… хясан боогдуулах замаар … хээл хахууль авах” гэсэн шинжийг тус тус оруулан дүгнэлт хийжээ.

Аль үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд … гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах” гэсэн шинжийг агуулж байгааг, аль үйлдэл нь мөн зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “… хясан боогдуулах замаар … хээл хахууль авах” гэсэн шинжийг агуулж байгаа талаар яллах дүгнэлтэд дүгнээгүй байгаа нь хэргийн зүйлчлэлийг эргэлзээтэй болгосон байна.

Н.Гантулгын яллагдагчаар өгсөн, Л.Амарзаяагийн сэжигтнээр өгсөн /өөрсдийн гэм буруугийн талаар биш, Ю.Энхтуулын хэрхэн хээл хахууль авсан талаар/ мэдүүлгүүдээс үзэхэд Ю.Энхтуул нь “Америкийн Нэгдсэн Улс руу сургалтад явах гэж байгаа тул 5 сая төгрөг хэрэгтэй байна, чамайг мөнгө төгрөг өгч чадахгүй гэвэл сургуулийн цайны газрыг түрээслэх өчнөөн мөнгөтэй компани байна, тэд нарт өгье” гэх зэргээр мөнгө нэхсэний улмаас Н.Гантулга нь Ю.Энхтуулд 4.000.000 төгрөг өгөхөд Ю.Энхтуул нь тухайн мөнгийг авахдаа "цаашид 3 жил хамтарч ажиллана, үдийн цайны 5 хоногийг танай компанид өгнө" гэх зэргээр амлалт өгсөн байна.

Иймд яллах дүгнэлтэд … "цаашид 3 жил хамтарч ажиллана, үдийн цайны 5 хоногийг танай компанид өгнө" гэх зэргээр хэлж буюу “гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлан, …” гэсэн үйл баримтыг … “Америкийн Нэгдсэн Улс руу сургалтад явах гэж байгаа тул 5 сая төгрөг хэрэгтэй байна, чамайг мөнгө төгрөг өгч чадахгүй гэвэл сургуулийн цайны газрыг түрээслэх өчнөөн мөнгөтэй компани байна, тэд нарт өгье” гэх зэргээр хэлж буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлан, …” гэж өөрчлөн, хэргийн үйл баримтад зөв дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэв.

Ингэж, хэргийн үйл баримтыг зөвтгөн өөрчилж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт “Шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх эрхтэй” гэж заасан зохицуулалтад нийцнэ.

Хясан боогдуулах гэдгийг хээл хахууль өгөгчид тохиолдсон онцын шаардлага, тулгамдсан хэрэгцээ зэргийг ашиглан хээл хахууль өгсөн тохиолдолд бүтээх боломжтой гэдгийг ойлгуулж, хээл хахуул авдаг ба гэхдээ хээл хахууль авснаар асуудлыг нь шийдвэрлэх эрх байхгүй байсан нөхцөл байдал нь албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амласан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул хясан боогдуулсан гэж үзэхээргүй байна.

“Санчир-Олуулаа” ХХК-ийн захирал Н.Гантулга нь 2014 оны 7 дугаар сарын 7-ны үед сургуулийн сурагчдын амралттай холбоотойгоор үйл ажиллагаагаа түр зогсоосон байсан бөгөөд энэ үед түүнд тохиолдсон онцын шаардлага, тулгамдсан хэрэгцээ байгаагүй бөгөөд “Санчир-Олуулаа” ХХК-ийн захирал Н.Гантулга нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр сонгон шалгаруулалтын урилагыг хүлээн авч, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 51 дүгээр сургуулийн хувьд “Санчир-Олууллаа” ХХК шалгарч, Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газар болон “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн түрээсийн гурвалсан гэрээг 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулснаас үзэхэд захирал Ю.Энхтуул нь хээл хахууль авснаар хахууль өгөгчийн хүсэлтийг гүйцэтгэх боломжгүй байсан гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлуудыг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар буюу хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэж үзэхэд эргэлзээ үүсч байх тул Ю.Энхтуулд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн байцаан шийгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан зохицуулалтын хүрээнд Ю.Энхтуулд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 65 тоот тогтоолоор Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам тус тус батлагдаж, Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн өмчийн харилцааны газар зохион байгуулж, сонгон шалгаруулалтаар түрээслэгчийг сонгодог болсон байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/698 тоот захирамжаар Ерөнхий боловсролын сургуулиудын захирал болон иргэн аж ахуй нэгж байгууллагуудын хооронд байгуулсан сургуулийн цайны газрын түрээсийн гэрээг цуцалж, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагч, багш ажилчдыг чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнсээр үйлчлэх, Монгол Улсын Засгийн газрын “Үдийн цай” хөтөлбөрийг ханган ажиллах цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, сургуулийн захирал, иргэн аж ахуй нэгж, нийслэлийн өмчийн харилцааны газартай цайны газрын түрээсийн гурвалсан гэрээ байгуулахаар болжээ.  

Уг захирамжийн дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газар 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр сонгон шалгаруулалтын урилагыг нийтэд зарлаж, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 51 дүгээр сургуулийн хувьд “Санчир-Олууллаа” ХХК-ийг сонгон шалгаруулж, Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газар болон “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн түрээсийн гурвалсан гэрээг 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулжээ.

Уг гэрээ нь 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд үйлчлэхээр гэрээнд заасан байна.

Дээрх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 65 тоот тогтоол гарч, энэ тухай Ерөнхий боловсролын сургуулиудын захиралуудад мэдэгдсэн байх бөгөөд энэ үеэс Ю.Энхтуул нь Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн өмчийн харилцааны газар зохион байгуулж, сонгон шалгаруулалтаар түрээслэгчийг сонгодог болохыг мэджээ.

Эндээс үзвэл Ю.Энхтуул нь 2014 -2015 оны хичээлийн жилийн сургуулийн цайны газрын түрээсийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрхгүйгээ мэдсээр байж, тус сургуулийн цайны газрыг түрээслэн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байсан “Санчир- Олуулаа” ХХК-ийн захирал Н.Гантулгад “Америкийн Нэгдсэн Улс руу сургалтад явах гэж байгаа тул 5 сая төгрөг хэрэгтэй байна, мөнгө төгрөг өгч чадахгүй гэвэл сургуулийн цайны газрыг түрээслэх өчнөөн мөнгөтэй компани байна, тэд нарт өгье” гэх зэргээр хэлж, өөрөө бие даан шийдвэрлэх эрхтэй мэт ойлгуулан мөнгө нэхэж, улмаар Н.Гантулга нь Ю.Энхтуулд 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 4.000.000 төгрөг өгөхөд Ю.Энхтуул нь "цаашид 3 жил хамтарч ажиллана, үдийн цайны 5 хоногийг танай компанид өгнө" гэх зэргээр амлалт өгчээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд … гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлан … хээль хахууль авах” ойлголт нь хахууль авч байгаа албан тушаалтан нь өөрийн эрхэлж байгаа ажил, албан тушаалын эрх хэмжээнд хамаарагдахгүй эрх, үүргийг дур мэдэн хэрэгжүүлэхээр урдчилан амласан шинжийг агуулдаг байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “… хясан боогдуулах замаар … хээл хахууль авах” ойлголтод хээл хахууль өгөгчид тохиолдсон онцын шаардлага, тулгамдсан хэрэгцээ зэргийг ашиглан түүний хүсэлтийг хээл хахууль өгсөн тохиолдолд л бүтээх боломжтой гэдгийг илээр тулгах буюу эсхүл далдуур ямар нэгэн хэлбэрээр ойлгуулахыг хэлэх бөгөөд заавал хээл хахууль өгсөн тохиолдолд хахууль өгөгчийн хүсэлтийг гүйцэтгэх зорилгоор элдэв саад учруулах аргуудаар илэрдэг.

Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх, Нийслэлийн өмчийн байр, талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журмуудаар Ерөнхий боловсролын сургуулийн захирал тухайн цайны газрыг түрээслүүлэх, түрээслүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түрээслэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд оролцох эрхгүй байх бөгөөд Ю.Энхтуул "“Америкийн Нэгдсэн Улс руу сургалтад явах гэж байгаа тул 5 сая төгрөг хэрэгтэй байна, чамайг мөнгө төгрөг өгч чадахгүй гэвэл сургуулийн цайны газрыг түрээслэх өчнөөн мөнгөтэй компани байна, тэд нарт өгье” гэж амласан байдал нь түүний албан тушаалын эрх хэмжээнд хамаарагдахгүй байх тул албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амласан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд Ю.Энхтуулыг Н.Гантулгаас 4.000.000 төгрөгийг хясан боогдуулах замаар хээл хахуульд авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Ю.Энхтуулын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгон ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Ю.Энхтуулын цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцов.

Ю.Энхтуулд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Н.Гантулгад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269  дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Ю.Энхтуул нь 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байхдаа тус сургуулийн цайны газрыг түрээслэн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байсан “Санчир-Олуулаа” ХХК-ийн захирал Н.Гантулгаас 4 сая төгрөг зээлж авсан нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд харин уг мөнгийг хэрхэн авсан талаар Н.Гантулгын яллагдагчаар өгсөн, Л.Амарзаяагийн сэжигтнээр өгсөн /өөрсдийн гэм буруугийн талаар биш, Ю.Энхтуулын хэрхэн хээл хахууль авсан талаар/ мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

Ю.Энхтуулын зарим үйлдэл, холбогдлыг болон Л.Амарзаяад холбогдох хэргийг прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэснийг шүүх хөндөхгүй орхисныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан зохицуулалтад нийцсэн байна гэж үзэв.

Иймд ялтан Ю.Энхтуул, түүний өмгөөлөгч М.Баасанбат, Д.Тунгалаг нарын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсгийн Н.Гантулгад холбогдох хэргийн үйл баримтыг талаар бичсэн хэсэгт “Ю.Энхтуулыг” “Ю.Энхтуяа” гэж буруу бичсэн байгааг тэмдэглэж байна.