Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 236

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Т.Ат холбогдох эрүүгийн 1918000000213 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Т.А /РД: /, Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух хаяггүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Т.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

1.1. Шүүгдэгч Т.А нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 дугаар багийн Майхантын 00 дүгээр гудамжны 00 тоотод байрлах иргэн Ц.Эгийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 590.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс авсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Аын өгсөн: Би гэр оронгүй, сэтгэл санаагаар унаад архи уугаад хулгай хийсэн. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ц.Эгийн эд зүйлсийг буцааж өгсөн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ц.Эгийн өгсөн: ...2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дүү Л руу залгаад манай гэрийг эргэж тойрч үзээдэх гэж хэлсэн. Удалгүй Л над руу залгаад “гэрийн чинь цонх хагарчихсан, бүргэд хаалга чинь онгорхой байна” гэж хэлэхээр нь эрэгтэй дүүгээ дотор талын бүргэд хаалгаа онгорхой орхиод явсан юм байх гэж бодсон. Тэгээд Лд “чи явахдаа гэрээс гурил, тос, хүнсний ногоо аваад яваарай” гэж хэлэхэд Л нь “тос байхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрт хулгай орчихлоо гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс миний хөх өнгөтэй жинсэн хүрэм, жинсэн өмд, хар өнгөтэй урт түрийтэй өсгийтэй 2 ширхэг хос гутал, богино түрийтэй ногоон өнгийн өсгийтэй гутал, цэнхэр өнгөтэй индүү, төмөр иштэй сүх, хүүхдийн 2 ширхэг зодог шудаг, монгол гутал, мөнгөн гинж, эрэгтэй дүүгийн хар саарал өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн даавуун өмд, алаг эрээн үүргэвчтэй цүнх зэрэг эд зүйлс алдагдсан. Цагдаагийн байгууллагаас миний алдагдсан зарим эд зүйлсийг буцааж олж өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24-27/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б-ны өгсөн: ...гэртээ иртэл манай гэрийн үүдний амбаарын цонх хагарчихсан байсан. Тэгээд гэр лүү ороход гэрийн юмнуудыг онгойлгоод буулгасан байдалтай байсан. Тэгээд хөргөгчөө онгойлгоод тос авах гэтэл байхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

Үзлэгийг Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар багт байх ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан байрлалтай бор өнгийн хашаатай ногоон өнгийн хашааны хаалга байх... гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4/,

Шүүгдэгч Т.Аын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/,

Шүүгдэгч Т.Ааас урт түрийтэй хар өнгийн өсгийтэй гутал 2 хос 4 ширхэг, хар өнгийн куртик, цэнхэр улаан өнгөтэй зодог шуудаг 2 хос 4 ширхэг, монгол гутал 1 хос 2 ширхэг, ногоон өнгийн богино түрийтэй өсгийтэй гутал 1 хос 2 ширхэг, цэнхэр цагаан өнгийн БСБ загварын индүү 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хураан авч, хохирогч Ц.Эд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 12-13/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “иргэн Ц.Эгийн гэрээс алдагдсан 12 нэрийн хувцас, хэрэглэл, эд зүйлс 590.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.2. Шүүгдэгч Т.А нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 дугаар багийн Майхантын 00 дүгээр гудамжны 00 тоотод байрлах иргэн Х.Дын байшингийн цонхыг хагалан нэвтэрч 165.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс авсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Аын өгсөн: Би гэр оронгүй, сэтгэл санаагаар унаад архи уугаад хулгай хийсэн. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ц.Оыхаас хатгамал зураг, тогоо хулгайлсан. Хатгамал зургийг хүнд зарчихсан учир буцааж өгөх боломжгүй. Хохирогч Ц.Од хохирол төлбөр төлөөгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ц.Оы өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр манай хажуу айлын хүүхдүүд “танай гэрийн цонхыг хагалаад хулгайч ороод гэрээс чинь юм аваад гараад явчихлаа” гэж утсаар хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр Х.Д очтол хатгамал зураг, индүү, хүүхдийн хичээлийн 2 цүнх, тогоо зэрэг эд зүйлсийг аваад явсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

Насанд хүрээгүй гэрч А.Эийн өгсөн: ...би хашаа дээрээ гараад сууж байтал манай урд айл болох Нааяа гэж дууддаг Х.Д гэдэг ахын хашаанд цэнхэр өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн савхин хүрэмтэй, хар өнгийн даавуун өмдтэй ах байсан ба чулуугаар байшингийн цонхыг хагалаад гэр рүү нь орж байсан. Тэгээд тэр ах Х.Д ахын хүү Д.Дын хичээл номоо хийдэг саарал өнгийн цүнхийг үүрчихсэн, хар өнгийн тогоо барьчихсан буцаад хагалсан цонхоороо гараад ирсэн. Би араас нь хулгайчаа гэж дуудсан боловч тоолгүй Х.Дын хажуугийн 111 тоотод айл руу яваад орчихсон... гэх мэдүүлэг /хх-ийн 51/,

Гэрч Х.Дын өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн үед би хүүхдүүдтэйгээ хөдөөнөөс ирэхэд манай гэрийн цонх хагарсан байхаар нь гайхаад гэртээ орж хартал хулгайч орсон шинжтэй байсан. Тэгэхээр нь шууд цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Гэрч Л.Цийн өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нөхөр Чулуунхүүгийн хамт гэртээ байж байтал зүс таних Т.А гэх залуу манайд ирээд явсан. Т.А манайд ирэхдээ эмэгтэй хүний хавар намрын хар өнгийн түрийтэй 1 хос гутал, хагас түрийтэй ногоон өнгийн эмэгтэй хүний 1 хос гутлыг “эгч та өмс” гээд үлдээсэн. Мөн манай нөхөрт өмсөж явсан хар, бор өнгийн савхин хүрэм, хилийн цэргийн ногоон эрээн өнгийн өмд, цамц, улаан өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн футболка 1 ширхэг зэрэг хувцаснууд үлдээгээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн 00 дугаар багийн Майхант 00 тоотод байсан... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-43/,

Шүүгдэгч Т.Аын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-47/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “иргэн Ц.Оы гэрээс алдагдсан хэрэглэж байсан 20 литрийн ширмэн тогоо 1 ширхэг, индүү 1 ширхэг, жаазалсан хатгамал 1 ширхэг, хүүхдийн хичээлийн цүнх 2 ширхэг, вакуум цонх 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 200.000 төгрөг/ гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Аын 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 дугаар багийн Майхантын 00 дүгээр гудамжны 00 тоотод байрлах иргэн Ц.Эгийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлс авч 590.000 төгрөгийн хохирол, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 дугаар багийн Майхантын 00 дүгээр гудамжны 00 тоотод байрлах иргэн Х.Дын байшинд нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйлс авч 165.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Т.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Эд алдсан эд зүйлийн үнэ болох 590.000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Од алдсан эд зүйлийн үнэ 165.000 төгрөг, хагарсан цонхыг шиллэсэн зардал 35.000 төгрөг, нийт 200.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Ц.Э нь зарим эд зүйлсээ буцаан авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Т.Ааас урт түрийтэй хар өнгийн өсгийтэй гутал 2 хос 4 ширхэг, хар өнгийн куртик, цэнхэр улаан өнгөтэй зодог шуудаг 2 хос 4 ширхэг, монгол гутал 1 хос 2 ширхэг, ногоон өнгийн богино түрийтэй өсгийтэй гутал 1 хос 2 ширхэг, цэнхэр цагаан өнгийн БСБ загварын индүү 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хураан авч, хохирогч Ц.Эд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 12-13/, хохирогч Ц.Эгийн өгсөн “...Цагдаагийн байгууллагаас миний алдагдсан зарим эд зүйлсийг буцааж олж өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27/-ээр нотлогдож байна.

Харин хохирогч Ц.Од учирсан хохирлыг шүүгдэгч нь нөхөн төлөөгүй бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байх тул шүүгдэгчээс 200.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Од олгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Т.А нь урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараас нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нь  2018 оны 12 дугаар сард тэнсэж байсан. Тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоох санал гаргажээ.

Шүүгдэгч Т.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Т.Аыг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон ба Т.А нь тэнссэн хугацаанд буюу 2019 оны 4 дүгээр сарын 09, 10-ны өдөр согтуурсан үедээ дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй боловч Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 4 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэсэн байх тус 4 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Ат хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ат оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Ат оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Ааас 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б овогт Ц.О /РД:, утас: /-д олгож, хохирогч Ц.Э нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР