Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 67

 

Т.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0224/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

               Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

              Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ө.Өлзиймаа

              Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолтой Таасайн А-т холбогдох, 1918000000213 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь

 - 2001 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2.т зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн  462 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон, ********** регистрийн дугаартай, Боржигон овогт Таасайн А-.

Шүүгдэгч Т.А- нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дархан- Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 1 дүгээр гудамжны 4А тоотод байрлах иргэн Ц.Э-гийн байшингийн цонхыг хагалан орж 590.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс авсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Боржигон овогт Таасайн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч Т.А-ыг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.А-т хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Т.А-т 1 /нэг/ жил  хорих ял оногдуулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар Т.А-т оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нэмж, нийт  3 жил хорих ял оногдуулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Т.А-т оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч Т.А-ын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Т.А-аас 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Майхант 7 дугаар гудамж, 1116 тоотод оршин суух Баяд овогт Цээлэйн О- /РД:ОР72112508, утас: 99373857/-д олгож, хохирогч Ц.Э- нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

-Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.А- давж заалдах гомдолдоо:

...Миний бие хохирогч Ц.Э-д алдсан эд зүйлийг буцааж өгсөн, давж заалдах шатны шүүх хурлаас өмнө хохирогч Ц.О-д төлөх хохирол 200,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна.

Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан 2 жилийн хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар хорих ялаар өөрчилж багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.А-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа  тайлбартаа:

Шүүгдэгч Т.А-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгч нь давж заалдах гомдолдоо дурдсаны дагуу шүүх хурал болохоос өмнө хохирогчийн хохирлыг барагдуулсан болно. Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 2 жил хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Шүүгдэгч Т.А-т анхан шатны шүүх хоёр жилийн хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Т.А-ыг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 1 дүгээр гудамжны 4А тоотод байрлах иргэн Ц.Э-гийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 590.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан  дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж шүүгдэгч Т.А-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.А-т хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож,     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар түүнд оногдуулсан 2 жил хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж, нийт  3 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.А-ын үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч Ц.Э-, Ц.О- нарын болон  гэрч Л.Ц-ийн мэдүүлэг, Т.А- нь цонх хагалж хулгай хийхээр цонхоор орж, гарсныг харсан насанд хүрээгүй гэрч А.Э-гийн мэдүүлэг, хохирогч Ц.Э-д эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, алдагдсан эд зүйлсэд үнэлгээ тогтоосон “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн өөрийнх нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий  дүгнэлт  хийжээ.

Шүүгдэгч Т.А-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, түүний  үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.    

              Анхан шатны шүүх шүүгдэгч Т.А-ыг тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж урьд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа хуульд заасан ялыг оногдуулсан хэдий ч эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн үйлдсэн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч нь давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хохирогч Ц.О-д хохирол 200.000 төгрөгийг төлж барагдуулсан байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэргийн талаар үнэн, зөв хүлээн мэдүүлж, гэмшиж  байгаа  зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 2 жил хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан 1 жил хорих ял болгон хөнгөрүүлэн оногдуулах боломжтой байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Т.А-ын давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт  оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.   

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 5., 6 дугаар заалтыг:

              -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч Т.А-ыг 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй гэж.,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т заасныг баримтлан  Т.А-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял дээр  462 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнийг хүчингүй болгож,  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж, шүүгдэгч Т.А-ыг нийт  2  жил  хорих ялаар шийтгэсүгэй гэж.,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Т.А-т оногдуулсан 2  жил  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй... гэж тус тус  өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны үед шүүгдэгч Т.А- хохирогч Ц.О-д 200.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан,  төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

3. Шүүгдэгч Т.А-ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 

           4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

                                                               ШҮҮГЧИД                                  Ц.ТУЯА

                                                                                                                  Ц.АМАРЖАРГАЛ