Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 00266

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Дууш оргилуун банк бус санхүүгийн байгууллагаас гаргасан

           Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Төмөр замын 9А тоотод оршин суух 1971 онд төрсөн 45 настай Боржигон овогт Даваажавын Баярсайханд холбогдох зээлийн төлбөр 6776367  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Дууш оргилуун банк бус санхүүгийн байгууллагын захирал М.Энхмаа, хариуцагч Д.Баярсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч: Дууш оргилуун банк бус санхүүгийн байгууллагаас шүүхэд гаргасан нхэмжлэлдээ....иргэн Д.Баярсайхан нь 2015 онь 10 дугаар сарын 02-ны өдөр 3830000 /Гурван сая найман зуун гучин мянган/ төгрөгийн зээлин гэрээ хийж авсан. Иргэн Д Баярсайхан зээл авахийн тулд өөрийнхөө эзэмшилд байдаг Сэлэнгэ аймгийн Мандал сум 1-р баг Төмөр замын 9-р байрны А тоотод байрлах Г-307003596 тоот гэрчилгээтэй байрыг барьцаанд тавьж зээл авсан юм. Зээл олгохдоо барьцаа гэрээ давхар байгуулж өөрийнх нь үнэлсэнээр бүгд 20000000 /Хорин сая / төгрөг бүхий үл хөдлөх барьцаалуулж тухай үед энэхүү бичиг баримт үйлдсэнээр талууд харилцан тохиролцож явагдсан бөгөөд энэ нь хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон юм. Ингээд зээлдэгч нэгэнт мөнгөө авснаас хойш гэрээ болон түүний хавсралт хуваарийн дагуу сар бүр зээл.зээлийн хүүг тасралтгүй төлж манай байгууллагатай / ББСБ / тооцоо хийх үүрэг үүсч байгаа юм. Гэтэл зээл авагч Д Баярсайхан 2015.11.02 нд 229800 төгрөгийн хүү төлөхөөс 130000 төгрөг төлсөн 100,000 төгрөгийн дутуу төлсөнөөс гадна дараагийн саруудын төлөлт болох 2015 оны 12-р сарын 02-ны 229800 ?, 2016 оны 01 дүгээр сарын 02 хүү 229800 Т-г төлөөгүй гэрээний үүргээ үл биелүүлэн зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж эхэлсэн. Зээлдэгчийн гэрээ 2016. 01. 02 нд дууссан. Гэрээ дууссан боловч мөнгө барагдуулаагүйгээс үүдэн 2015. 11.02-ноос 2016 оны 6 дугаар сарын 21-г хүртэл зээлийн хүү 1,838,400 төгрөг үүнээс 130,000 төгрөг нэг удаа өгсөнийг хасаад 1,708,400 Т-н хүүн дээр үндсэн төлөлт 3830,000 төгрөгийг нэмээд 5,538,400 Т болно зээлийн гэрээний дагуу алданги тооцоход 1,107,680 Т бүгд 6,646,080 Т-ийн тооцооны үлдэгдэлтэй байна. Манай ББСБ-ийн зүгээс зээлдэгчийг хүндрүүлэхгүй өөрөө төлөхийг хүлээж уян хатан хандаж ирсэн. 2015 оны 12 сарын 02 ны өдрийн 10 тоот мэдэгдэл өгч түүндээ 828200 төлөөгүй байгааг дурьдаад түүнийг төлөхийг шаардсаны зэрэгцээ хэрэв уг шаардлагыг биөлүүлээгүй тохиолдолд хуулийн байгууллагад хандах болохыг мэдэгдсэн. 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдөр мэдэгдэл өгч түүнд 5,543,040 төгрөгийн үлдэгдэл тооцоотой болохыг дурдаад харилцан тохиролцож уг мөнгийг 2016 оны 02 дугаар сарын 19 нээс хойш 7 хоногийн хугацаанд төлөхийг мэдэгдэж гарын үсэг зурж улаан өнгийн дардасаар хурууний хээгээ дарж баталгаажуулсан боловч Д Баярсайхан нь одоо болтол тооцоо хийгээгүй байна. Зээлдэгч зээлийн төлөлт огт хийгдээгүй өнөөг хүрч утасаа ч авахаа болсоь тиймээс улсад татвар төлдөг манай байгууллагыг хэтэрхий хохироож байна.Д Баярсайхан нь зээл төлөх санаачлага огт гаргахгүй байна. Түүнээс бид бүрэн биш ч гэсэн зохих хэмжээгээр сар бүр төлөлт хийгээд явсан бол хэн хэнийхээ эрх ашигт нийцэх байсан, энэ нь огт төлбөрийн чадваргүйдээ биш төлье гэсэн бодолгүйдээ байгаа юм болов уу гэж ойлгогдож байна. Манай байгууллага зээлдэгч Д Баярсайханд удаа дараа уулзаж мэдэгдэх хуудас өгч гарын үсэг зуруулсан. Нэгэнт зээлдэгч мөнгө төлж чадахгүй байгаа тул гэрээ ёсоор манай байгууллагын хамгийн сүүлийн үндсэн зээл болон хүүгийн тооцоогоор 2016.06 21 ны өдрийн байдлаар 6,646,080 /Зургаан сая зургаан зуун дөчин зургаан мянга наян /- төгрөг дээр нэмэх нь шүүхийн тэмдэгтийн хураамжийн үнэ 121287 төгрөг нотариатын үйлчилгээний төлбөр 9000 Т бүгд 6,776,367 / Зургаан сая долоон зуун далан зургаан мянга гурван зуун жаран долоон/- төгрөгийг Д Баярсайханаас нэхэмжилж байна хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Баярсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: миний бие Дууш оргилуун ББСБ-аас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөхөө барьцаалж 3830000 төгрөг авсан нь үнэн. Тухайн үед сар бүрийн зээлийн төлөлтөө өгч чадаагүй явсаар байгаад 5538400 төгрөгийг төлөх боломжгүй учир нь гэр бүлийн хүн маань ажилгүй би ганцаараа ажил хийдэг тул үндсэн төлбөрөө бага багаар барагдуулах боломжтой байна. 2016 оны 09 сарын 30-ны дотор 1000000 төгрөгийг төлөх саналтай байна гэжээ.

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Дууш оргилуун ББСБ /захирал М.Энхмаа/ мэдүүлэхдээ: Манай байгууллага иргэн Баярсайханд 2015 оны 05 дугаар сарын 04-нд 3.000.000 төгрөгийн зээл гаргасан. Тухайн үед Баярсайхан ирж зээл авахдаа би төмөр замд ажилладаг. Цалингийн зээлтэй байгаа. Тэр зээлийн маань хугацаа нь дуусах болоогүй. Гэхдээ 6 сар нь хүүгээ төлсөн байвал дахиад зээл авах боломжтой байдаг гэж ярилцсан. Тэгээд би үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлмээргүй байна. Учир нь хаан банкнаас зээл авахад хүндрэл учирна гэсэн шалтгаанаар бид ярилцаад үл хөдлөхөөр оруулаагүй. Тэгээд 05 дугаар сарын 04-нд зээл аваад 5,6,7 сард тус бүр 180.000 төгрөг төлсөн. Түүнээс хойш мөнгө төлөөгүй. Ингээд 2 сарын дараагаас бид удаа дараа сануулж байж Баярсайхан 10 дугаар сарын 02-нд ирсэн. Тэгээд өөрийн хүсэлтээр сунгаж өгнө үү гэсэн хүсэлтээ бичиж өгсөн. Бид зээлийн гэрээний дагуу үндсэн зээл дээр хүүг нэмээд 20 хувийн торгуультай байдаг гэж албан ёсоор өөрт нь хэлсэн.  Баярсайхан ч  зөвшөөрөөд төлөөгүй байгаа хүүг нэмээд дахин гэрээ хийе гэсэн. Ингээд л 2 гэрээ болчихоод байгаа юм. Манай байгууллага дотооддоо хуралдаад шийдвэр гаргасан. Үүнээс ямар ч байсан 3.000.000 төгрөгөө нэхэмжилнэ. Гэхдээ манайх анх 6 сард шүүхэд хандсан. Энэ үеэс эхлэн хүү тооцохоо зогсоосон. Энэ хүртэлх хугацааны хүү нь 2.498.000 төгрөг болсон. Үүнээс Баярсайхан нь 180.000 төгрөгөөр нийт 3 удаа төлсөн. Харин 11 дүгээр сард 130.000 төгрөг өгсөн. Нийт 670.000 төгрөг өгсөн байдаг. Энийгээ хасаад үзэхээр 1.828.000 төгрөгний хүү төлөхөөр байгаа юм. Үүн дээр үндсэн зээлийн 3.000.000 төгрөг, нийлээд 4.828.000 төгрөг байгаа. Энийг зээлийн гэрээний дагуу нийт алданги 965.600 төгрөг 06 дугаар сарын 24-ний байдлаар гарч байгаа юм. Ингээд нийт нэхэмжилж буй мөнгө маань 5.793.600 төгрөг болж байна үүнийг гаргуулна  гэв

Шүүх хуралдаан дээр хариуцагч Д.Баярсайхан мэдүүлэхдээ: Би Дууш оргилуун ББСБ-тай 2015 оны 05 дугаар сарын 04-нд зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд 6, 7, 8 сард тус бүр 180.000 төгрөг сарын хүү төлсөн. Ингээд гэрээний хугацаа дууссан. Тэрнээс хойш гэрээ ч хийгээгүй, би ч хэл яриагүй байтал Дэлгэрцэцэг эдийн засагч над руу утсаар яриад би ажлаа өгөх гэж байна. Ирж мөнгөө төлөхгүй бол зээлийн гэрээний хугацаа чинь дууссан, байрыг чинь зарах болчихоод байна гэсэн. Би очоод эгчийнхээ юмыг сунгаад өгөөч гээд 3.800.000 төгрөгийн  зээлийн гэрээ хийсэн. Түүнээс хойш сард 229.800 төгрөг өгөх юм байна гэж ойлгосон. Тэгээд 130.000 төгрөг өгсөн. Үлдсэн 100.000 төгрөгийг өгөх гээд үнэхээр чадаагүй. Давхар хас банкны зээлтэй болохоор цалин маань хүрэхгүй байсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

Үндэслэх нь:

           

Нэхэмжлэгч Дууш оргилуун ББСБ нь хариуцагч Д.Баярсайханаас 6776367 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Баярсайхан Дууш оргилуун ББСБ-аас 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдөр гэрээ байгуулж 3000000 төгрөг 3 сарын хугацаатай зээлж авсан ба 6, 7, 8 дугаар сарын хүү төлсөн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ Д.Баярсайхан биелүүлээгүйгээ тул  хууль болон гэрээнд зааасны дагуу зээлдүүлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Зохигчдын хооронд анх 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд зээлдэгч Д.Баярсайханы хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулсан хэрэгт 2 гэрээ нотлох баримтаар авагдсан ба нэхэмжлэгч тал хуульд заасан эрхийн дагуу анх байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Дууш Оргилуун банк бус санхүүгийн байгууллага нь санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй бөгөөд хуульд заасан зээл олгох эрхтэй байгууллага байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.1.8-д зааснаар “гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлдэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө” гэж заасан гэрээний үүргээ бүрэн  биелүүлж дуусах хүртлэх хугацаанд зээлдэгч зээл, хүү нэмэгдүүлсэн хүүг төлөх, мөн гэрээний 2.1.11-д зааснаар “зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дараалалаар төлүүлнэ” гэж зааснаар зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дараалалаар төлүүлнэ гэсэн гэрээний үүргийн дагуу гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч тал  зээлийн  хүү 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 24-нийг хүртэлх хугацаа 13 сар 25 хоног сар бүрийн хүү 180000 төгрөг бүгд 2498000 төгрөг, үндсэн зээл 3000000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 965600 төгрөг бүгд 6463600 төгрөгөөс хариуцагчийн зээлийн хүүд төлсөн 670000 төгрөгийг хасч тооцон үлдэх 5793600 төгрөгийг хариуцагч Д.Баярсайханаас гаргаж нэхэмжлэгч Дууш оргилуун ББСБ-д олгох. Нэхэмжлэгч Дууш оргилуун ББСБ-ын  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 121287 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх, хариуцагч Д.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамжинд 107648 төгрөг, нотариат үйлчилгээний хөлсөнд 9000 төгрөг бүгд 116648 төгрөг гаргаж  нэхэмжлэгч Дууш оргилуун ББСБ-д  буцаан олгох.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж эд хөрөнгийн барьцааг чөлөөлүүлэх тухай шаардлагыг шүүх хуралдаанд гаргасан ба  Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчийг  гэрээний үүргээс  чөлөөлөх үндэслэлгүй ба Нэхэмжлэгч тал барьцааны гэрээний дагуу гэрээний үүрэг хангуулах шаардлага гаргаагүй, Хариуцагч тал барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардагаа хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ханган шүхэд нэхэмжлэл  гарган жич шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                         

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Боржигон овогт Даваажавын Баярсайханаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд 5793000 төгргийг гаргаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Дууш Оргилуун” банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Дууш Оргилуун ББСБ-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 121287 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамж болон нотариатын үнийн хөлс 107648 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Дууш Оргилуун ББСБ-д буцаан олгосугай.

3. Нэхэмжлэгчийн  гаргасан нэхэмжлэлийн шаардлага 6776367 төгрөгнөөс үлдэх 983367 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс  хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

         5.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас   хойш 14 хоногийн дотор, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.АЛТАНЦЭЦЭГ