Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 33

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                                                    Б.Батзориг

Шүүгчид                                                                  С.Оюунцэцэг

                                                                                               Г.Давааренчин

Оролцогчид:

Хариуцагчийн өмгөөлөгч                                     Х.Даваасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 266 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Дууш-Оргилуун” ББСБ-ын нэхэмжлэлтэй, Д.Баярсайханд холбогдох “6.776.367 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...иргэн Д.Баярсайхан нь 2015 онь 10 дугаар сарын 02-ны өдөр 3830000 /Гурван сая найман зуун гучин мянган/ төгрөгийн зээлин гэрээ хийж авсан. Иргэн Д Баярсайхан зээл авахийн тулд өөрийнхөө эзэмшилд байдаг Сэлэнгэ аймгийн Мандал сум 1-р баг Төмөр замын 9-р байрны А тоотод байрлах Г-307003596 тоот гэрчилгээтэй байрыг барьцаанд тавьж зээл авсан юм. Зээл олгохдоо барьцаа гэрээ давхар байгуулж өөрийнх нь үнэлсэнээр бүгд 20000000 /Хорин сая/ төгрөг бүхий үл хөдлөх барьцаалуулж тухай үед энэхүү бичиг баримт үйлдсэнээр талууд харилцан тохиролцож явагдсан бөгөөд энэ нь хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон юм. Ингээд зээлдэгч нэгэнт мөнгөө авснаас хойш гэрээ болон түүний хавсралт хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүүг тасралтгүй төлж манай байгууллагатай /ББСБ/ тооцоо хийх үүрэг үүсч байгаа юм.

Гэтэл зээл авагч Д Баярсайхан 2015.11.02-нд 229800 төгрөгийн хүү төлөхөөс 130000 төгрөг төлсөн 100,000 төгрөгийн дутуу төлсөнөөс гадна дараагийн саруудын төлөлт болох 2015 оны 12-р сарын 02-ны 229800, 2016 оны 01 дүгээр сарын 02 хүү 229800 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ үл биелүүлэн зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж эхэлсэн. Зээлдэгчийн гэрээ 2016.01.02-нд дууссан. Гэрээ дууссан боловч мөнгө барагдуулаагүйгээс үүдэн 2015.11.02-ноос 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл зээлийн хүү 1,838,400 төгрөг, үүнээс 130,000 төгрөг нэг удаа өгснийг хасаад 1,708,400 төгрөгийн хүүн дээр үндсэн төлөлт 3,830,000 төгрөгийг нэмээд 5,538,400 төгрөг болно. Зээлийн гэрээний дагуу алданги тооцоход 1,107,680 төгрөг бүгд 6,646,080 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байна. Манай ББСБ-ийн зүгээс зээлдэгчийг хүндрүүлэхгүй өөрөө төлөхийг хүлээж уян хатан хандаж ирсэн. 2015 оны 12 сарын 02-ны өдрийн 10 тоот мэдэгдэл өгч түүндээ 828200 төлөөгүй байгааг дурьдаад түүнийг төлөхийг шаардсаны зэрэгцээ хэрэв уг шаардлагыг биөлүүлээгүй тохиолдолд хуулийн байгууллагад хандах болохыг мэдэгдсэн. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэл өгч түүнд 5,543,040 төгрөгийн үлдэгдэл тооцоотой болохыг дурдаад харилцан тохиролцож уг мөнгийг 2016 оны 02 дугаар сарын 19-нөөс хойш 7 хоногийн хугацаанд төлөхийг мэдэгдэж гарын үсэг зурж улаан өнгийн дардасаар хурууний хээгээ дарж баталгаажуулсан боловч Д.Баярсайхан нь одоо болтол тооцоо хийгээгүй байна.

Зээлдэгчийн зээлийн төлөлт огт хийгдээгүй өнөөг хүрч утсаа ч авахаа больсон. Тиймээс улсад татвар төлдөг манай байгууллагыг хэтэрхий хохироож байна. Д.Баярсайхан нь зээл төлөх санаачлага огт гаргахгүй байна. Түүнээс бид бүрэн биш ч гэсэн зохих хэмжээгээр сар бүр төлөлт хийгээд явсан бол хэн хэнийхээ эрх ашигт нийцэх байсан, энэ нь огт төлбөрийн чадваргүйдээ биш төлье гэсэн бодолгүйдээ байгаа юм болов уу гэж ойлгогдож байна. Манай байгууллага зээлдэгч Д Баярсайханд удаа дараа уулзаж мэдэгдэх хуудас өгч гарын үсэг зуруулсан. Нэгэнт зээлдэгч мөнгө төлж чадахгүй байгаа тул гэрээ ёсоор манай байгууллагын хамгийн сүүлийн үндсэн зээл болон хүүгийн тооцоогоор 2016.06.21-ний өдрийн байдлаар 6,646,080 /Зургаан сая зургаан зуун дөчин зургаан мянга наян/ төгрөг дээр нэмэх нь шүүхийн тэмдэгтийн хураамжийн үнэ 121287 төгрөг нотариатын үйлчилгээний төлбөр 9000 төгрөг бүгд 6,776,367 / Зургаан сая долоон зуун далан зургаан мянга гурван зуун жаран долоон/ төгрөгийг Д.Баярсайханаас нэхэмжилж байна хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч “Дууш Оргилуун” ББСБ-ын захирал ажилтай М.Энхмаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Манай байгууллага иргэн Баярсайханд 2015 оны 05 дугаар сарын 04-нд 3.000.000 төгрөгийн зээл гаргасан. Тухайн үед Баярсайхан ирж зээл авахдаа би төмөр замд ажилладаг. Цалингийн зээлтэй байгаа. Тэр зээлийн маань хугацаа нь дуусах болоогүй. Гэхдээ 6 сар нь хүүгээ төлсөн байвал дахиад зээл авах боломжтой байдаг гэж ярилцсан. Тэгээд би үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлмээргүй байна. Учир нь хаан банкнаас зээл авахад хүндрэл учирна гэсэн шалтгаанаар бид ярилцаад үл хөдлөхөөр оруулаагүй. Тэгээд 05 дугаар сарын 04-нд зээл аваад 5,6,7 сард тус бүр 180.000 төгрөг төлсөн. Түүнээс хойш мөнгө төлөөгүй. Ингээд 2 сарын дараагаас бид удаа дараа сануулж байж Баярсайхан 10 дугаар сарын 02-нд ирсэн. Тэгээд өөрийн хүсэлтээр сунгаж өгнө үү гэсэн хүсэлтээ бичиж өгсөн. Бид зээлийн гэрээний дагуу үндсэн зээл дээр хүүг нэмээд 20 хувийн торгуультай байдаг гэж албан ёсоор өөрт нь хэлсэн. Баярсайхан ч зөвшөөрөөд төлөөгүй байгаа хүүг нэмээд дахин гэрээ хийе гэсэн. Ингээд л 2 гэрээ болчихоод байгаа юм. Манай байгууллага дотооддоо хуралдаад шийдвэр гаргасан. Үүнээс ямар ч байсан 3.000.000 төгрөгөө нэхэмжилнэ. Гэхдээ манайх анх 6 сард шүүхэд хандсан. Энэ үеэс эхлэн хүү тооцохоо зогсоосон. Энэ хүртэлх хугацааны хүү нь 2.498.000 төгрөг болсон. Үүнээс Баярсайхан нь 180.000 төгрөгөөр нийт 3 удаа төлсөн. Харин 11 дүгээр сард 130.000 төгрөг өгсөн. Нийт 670.000 төгрөг өгсөн байдаг. Энийгээ хасаад үзэхээр 1.828.000 төгрөгний хүү төлөхөөр байгаа юм. Үүн дээр үндсэн зээлийн 3.000.000 төгрөг, нийлээд 4.828.000 төгрөг байгаа. Энийг зээлийн гэрээний дагуу нийт алданги 965.600 төгрөг 06 дугаар сарын 24-ний байдлаар гарч байгаа юм. Ингээд нийт нэхэмжилж буй мөнгө маань 5.793.600 төгрөг болж байна үүнийг гаргуулна...” гэжээ.

Хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би Дууш оргилуун ББСБ-тай 2015 оны 05 дугаар сарын 04-нд зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд 6, 7, 8 сард тус бүр 180.000 төгрөг сарын хүү төлсөн. Ингээд гэрээний хугацаа дууссан. Тэрнээс хойш гэрээ ч хийгээгүй, би ч хэл яриагүй байтал Дэлгэрцэцэг эдийн засагч над руу утсаар яриад би ажлаа өгөх гэж байна. Ирж мөнгөө төлөхгүй бол зээлийн гэрээний хугацаа чинь дууссан, байрыг чинь зарах болчихоод байна гэсэн. Би очоод эгчийнхээ юмыг сунгаад өгөөч гээд 3.800.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Түүнээс хойш сард 229.800 төгрөг өгөх юм байна гэж ойлгосон. Тэгээд 130.000 төгрөг өгсөн. Үлдсэн 100.000 төгрөгийг өгөх гээд үнэхээр чадаагүй. Давхар хас банкны зээлтэй болохоор цалин маань хүрэхгүй байсан...” гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 266 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Боржигон овогт Даваажавын Баярсайханаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд 5.793.000 төгргийг гаргаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Дууш Оргилуун” банк бус санхүүгийн байгууллагад олгож,

-Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Дууш Оргилуун ББСБ-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 121287 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамж болон нотариатын үнийн хөлс 107.648 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч “Дууш Оргилуун” ББСБ-д буцаан олгож,

-Нэхэмжлэгчийн  гаргасан нэхэмжлэлийн шаардлага 6.776.367 төгрөгнөөс үлдэх 983.367 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Би 3 сая төгрөгийг 3 сарын хугацаатай өөрөөр хэлбэл 2015 оны 05 сарын 04-нөөс 2015 оны 08 сарын 04-ний өдөр хүртэл хугацаатай зээлсэн бөгөөд 3 сарын хугацаанд нийт 540,000 төгрөг буюу 3 сар, сар бүрд 180,000 төгрөгний хүүг төлсөн болно.

Энэ зээлийг авахад Төмөр замчны 9А тоот байрыг барьцаалж мөнгө өгсөн нь хүчин төгөлдөр бус гэрээ байсан учир нь Иргэний хуульд зааснаар барьцаалбарыг үл хөдлөх бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, ипотекийн зээлийн барьцаалбар нь хүчин төгөлдөр бус үл хөдлөх улсын бүртгэлд бүртгэлийн газар бүртгүүлээгүй, эрх үүсээгүй байхад орон сууцыг маань авна гэж айлган сүрдүүлсэн.

Зээлийн гэрээний хугацаа 3 сар болоод хүүг төлсөн байсан. Үндсэн мөнгөө төлж чадаагүй амьдралын боломжгүй эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон болно. Зээлийн гэрээний хугацаа 3 сар байсан. Хугацаа дуусахад гэрээг шинэчилж хийгээгүй. Гэтэл 2015 оны 11 сарын 02-нд дуудахад дарамталж байгаад мөнгөө нэмж зээлээгүй байхад хуурамч дүр эсгэж гэрээ хийж, өнөөдөр надаас 6 сая 700 мянган төгрөг нэхэмжилснийг эс зөвшөөрсөн. Учир нь 3 сарын хугацаа дууссаны гэрээ сунгагдаагүй учир хүү алданги болон бусад зүйл Иргэний хуулийн дагуу зогсох байтал нэмж их хэмжээний хүү алданги нэмэгдүүлсэн хүү нэхэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус учир нэмэгдүүлсэн хүү алданги тооцох ёсгүй.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг, үндэслэл хэсэгт дурьдсан тэмдэглэл дээр дурьдсан үг яриа огт хурал дээр яригдаагүй, намайг өөрөө гуйж 2015 оны 11 сарын 02-нд тодорхойлолт гаргаж гэрээг зээл аваагүй байхад авсан мэтээр ярьсан гэж дурьдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин уг байгууллагын зүгээс айлгаж дарамталж, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байхад орон сууцыг чинь зарж борлуулна, авна гэж айлган сүрдүүлж мөнгө аваагүй байхад авсан мэт гэрээ хийж итгэл эвдэх замаар их хэмжээний мөнгө нэхэж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би үндсэн зээлийн мөнгө болох 3,000,000 төгрөгөө өгнө /3 сарын хүүг төлсөн/. Мөн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож миний байрны ордерийг чөлөөлж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Д.Баярсайхан дээрх байгууллагаас 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 3 сая төгрөгийн зээл 3 сарын хугацаатай авсан. Уг зээлийн хугацаа 2015 оны 08 дугаар сарын 04-нд хугацаа дууссан ба хариуцагч үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авсан юм.

Нэхэмжлэгч Ипотекийн хуулийн дагуу уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Гэтэл үүнийг хуулийн дагуу бүртгүүлээгүй атлаа шаардлагаа нэмж нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн. Ийм учраас энд ипотек яригдах ёстой гэж үзэж байна.

Нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 02-нд гэрээ хийсэн гэсэн байдаг. Хариуцачг энэ гэрээг хийгээгүй. Уг гэрээ дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ юм. Учир нь тухайн үед хариуцагч нэхэмжлэгчид 3.860.000 /гурван сая найман зуун жаран мянга/ төгрөг өгсөн зүйл байхгүй. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт зааснаар бүх зүйл хугацаа дуусахад дуусах ёстой. Гэрээний хугацаа 8 сард дууссан.

Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус, тэгэхээр ипотек хүчин төгөлдөр бус болно. Үүнээс улбаалан нэмэгдүүлсэн хүү хүчингүй болж байна. Хариуцагч нийт өгөх ёстой хүүнээс 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөг төлсөн, одоо 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөг өгөх ёстой. Иргэний хуульд заасны дагуу үүрэг гүйцэтгэгчийн буруугаас бус ар гэрийн боломжгүй байдал зэргээс хүүг төлөх боломжгүй байвал саад гарсан гэж үздэг. Иймээс нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй.

Мөн 10 дугаар сард байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус, хариуцагчийн ар гэрийн байдал хүнд, гэхдээ нэхэмжлэгчид 3,410,000 /гурван сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгөө төлнө. 410,000 төгрөг нь хүү юм...” гэв.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч “Дууш Оргилуун” ББСБ нь хариуцагч Д.Баярсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6.776.367 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Боржигон овогт Даваажавын Баярсайханаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд 5.793.000 төгргийг гаргаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Дууш Оргилуун” банк бус санхүүгийн байгууллагад олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзвэл: Нэхэмжлэгч  “Дууш Оргилуун” ББСБайгууллага нь  2015 оны 05 сарын 04 ны өдөр 3.000.000 төгрөгийг  сарын 6 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлэхээр хариуцагч Д.Баярсайхантай зээлийн гэрээ байгуулсан байх  бөгөөд тус  зээлийн гэрээгээр талууд  үүрэг гүйцэтгэгч үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна. Мөн 2015 оны 05 сарын 04-ны өдөр 19 дугаартай барьцааны гэрээ байгуулж Д.Баярсайханы өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавьжээ. Тус зээлийн гэрээний дагуу зээлдэгч Д.Баярсайхан нь 3.000.000 төгрөгийг хүлээн авч улмаар зээлийн төлбөрт 670.000 төгрөг эргүүлэн төлжээ.

Дээр дурьдсан зээлийн гэрээ байгуулагдсаны дараа 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахин Д.Баярсайхантай 3830000 зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу зээлийн үүргийн биелэлтийг шаардаж шүүхэд анх нэхэмжлэл гаргасан байх боловч нэхэмжлэгч тал уг шаардлагаа өөрчлөн анх байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн, хариуцагчын зүгээс ч анх байгуулсан зээлийн гэрээг баримтлах ёстой гэсэн тайлбар гаргасан,анх байгуулсан гэрээний дагуу зээл өгөлцөж, авалцсан зэргээс үзэхэд зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар зохигчид маргаагүй байна.

 Нэхэмжлэгч “Дууш Оргилуун” ББСБ нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилж, хариуцагч талтай 2015 оны 05 сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 3.000.000 төгрөг, зээлийн хүү 1.828.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 965.600 төгрөг нийт 5.793.600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага  гаргасаныг хариуцагч Д.Баярсайхан нь зээлийн гэрээний хугацаа дууссан тул гэрээнд заасан хугацааны буюу 3 сарын хүү төлнө, харин хэтэрсэн хугацаа хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж  маргажээ. 

“Дууш Оргилуун”ББСБ нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн хувьд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар  зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эрүүлэн төлөөгүй тохиолдолд   нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээндээ заах эрхтэй тул нэмэгдүүлсэн хүү төлүүлэх тухай түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар “зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаанаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул  талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн хугацаа дууссан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь зээлийн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаагаар тооцон зээлийн хүү болон тухайн хугацаагаар нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар гаргасан  нэхэмжлэлийн шаардлага  нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн...үндсэн зээлээ төлнө,хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх ёсгүй...гэх үндэслэлээр бичсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан  журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэргийг хянан шийдвэрлэсэн боловч тооцоололын алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Үүнд:Хариуцагч Д.Баярсайхан нь зээлийн гэрээ байгуулснаас хойш  нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлэх хугацааг 13 сар 20 хоногоор  хэтрүүлсэн байна гэж үзэхээр байна.

Хариуцагч Д.Баярсайхан нь зээлийн гэрээний хугацаанд  670.000 төгрөг төлснийг  нь 4 сарын хугацааны хүү төлсөн байна гэж үзэн хариуцагч Д.Баярсайханаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар үндсэн зээл болон гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага 9 сар 20 хоногийн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон /үндсэн зээл 3.000.000 төгрөг,  9 сар 20 хоногийн зээлийн хүү 1.740.000 төгрөгнэмэгдүүлсэн хүү 324.00 төгрөг / нэмэгдүүлсэн хүүг 9 сарын хугацаагаар үндсэн хүүгийн 20 хувиар тооцсон/ нийт 5.064.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дууш Оргилуун” ББСБ-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 05 сарын 04-ны өдрийн 19 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т заасан  шаардлагыг хангаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд  бүртгүүлээгүй  тул тус гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр  хангуулах тухай шаардлага гаргаагүй тул  шүүх барьцааны талаар хууль зүйн дүгнэлт хийх  боломжгүй байна. Зохигч талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус тул тухайн гэрээнээс ямар нэгэн үр дагавар үүсэхгүй болохыг талуудад  тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 266 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг:

“...1.Иргэний хуулийн 451 үгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар  хариуцагч 5.064.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Дууш Оргилуун” ББСБайгууллагад олгож нэхэмжллэлийн шаардлагаас 1.582.080 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. ” гэж,

2 дахь заалтыг:

“...107648 төгрөг гаргуулж” гэснийг “...95.974  төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт  зааснаар хариуцагчаас 107648  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                               С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                     Г.ДАВААРЕНЧИН