Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 120/2019/0024/З |
Дугаар | 221/МА2020/0110 |
Огноо | 2020-02-12 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2020/0110
“Хз” ХХК-ийн гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Г.Н, хариуцагч Т.Т, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Хз” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч М.Т-т холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус баримтлан “Хз” ХХК-ийн гаргасан “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0142166 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н давж заалдах гомдолдоо: “... уг шийдвэрт “Олныг хамарсан хоолны хордлого гарах тухайн цаг үед “Наран” супермаркетад хаяг шошготой, хаяг шошгогүй 2 төрлийн тахианы цээж мах худалдаж байсан бөгөөд улсын байцаагч Б.О, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын а-103 дугаар “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах тээвэрлэхтэй холбоотой журам”-ын дагуу “Т а т” ХХК-ийн хятад улсаас импортолсон тахианы махнаас дээжийг авсан бөгөөд “Наран супермаркет дээр бичсэн дээжийн протокол дээр үйлдвэрлэсэн болон хэрэглэж дуусах хугацааг бичсэн байдаг. Тус протокол дээр худалдагч Ц.Б-аар гарын үсэг зуруулан нэг хувийг өгсөн. Тухайн дээжийг тэр даруй буюу 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 10 минутад Өмнөговь аймгийн Мал эмнэлэг ариун цэврийн итгэмжлэгдсэн лабораторид хүлээлгэн өгсөн” гэсэн байгаа нь Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчийн 20109 оны 08 сарын 10-ны өдрийн 14 цаг 59 минутад манай “Наран” дэлгүүрээс тахианы махны дээж авахдаа хөргүүрээс хаяг шошго бүхий тахианы махыг авч дээж авсан тэмдэглэлийг үйлдэж худалдагч Ц.Б-аар гарын үсэг зуруулан, торонд савлуулан авч буй нь хяналтын камерын бичлэгт харагдаж байгаа нь тус тус байцаагчийн мал эмнэлгийн лабораторид хүргэж өгсөн тахианы махыг хаяг шошготой байсныг нотолж байна.
Даян хаан зоогийн газар нь 2019 оны 08 сарын 07-ны өдрийн 15 цаг 59 минутад 6 кг тахианы цээж мах, 2019 оны 08 сарын 08-ны өдрийн 13 цаг 25 минутад 4 кг тахианы цээж мах, нийт 10 кг “Х” ХХК-ийн импортолсон тахианы цээж мах худалдан авсан байгаа нь хаяг шошготой байсан нь хяналтын камераар харагдаж байна.
Мөн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд улсын байцаагч “... дэлгүүрт хаяг шошготой, шошгогүй 2 төрлийн мах байсан. Б.Оюунсүрэн байцаагч шошгогүй махнаас дээж авсан гэх”, мөн эмч М.Лг “дээж битүүмжилсэн, хаяг шошго байгаагүй” гэх тайлбарууд гаргасан байна.
Иймээс манай компани нь Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалаар батлагдсан “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам”-ын 3.8 “Улсын байцаагч шинжилгээнд авсан дээжийн ариун чанар, бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд хадгалалт болон тээвэрлэлт, температурын горимыг баримтална”, 3.9-д “Улсын байцаагч дээжийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр лабораторид хүргэдээ дээж өгсөн тэмдэглэлийг 2 хувь үйлдэн, лаборатори тус бүрт 1 хувийг дээжийн хамт хүлээлгэж өгнө. Бүтээгдэхүүний эрсдэл, тухайн бүтээгдэхүүний онцлог, шинж чанараас хамаарч дээж өгөх лаборатори /нян судлал, хими гэх мэт/ болон шинжлэх үзүүлэлтийг улсын байцаагч сонгоно. Шалгуулагч этгээд хүсвэл дээжийг лабораторид хүргэхэд байлцаж болно” гэж заасныг “Наран” дэлгүүрээс хаяг шошготой тахианы мах шинжилгээнд өгсөн нь нотлогдож байхад хаяг шошгогүй тахианы мах нь чанар аюулгүйн шаардлага хангаагүй гэсэн Мал эмнэлгийн сорилын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж гомдол гаргаж байна.
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 39 дүгээр шийдвэр хууль ёсны үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н давж заалдах гомдолдоо: “ ... анхан шатны шүүх шийдвэртээ ... лабораторийн 2019 оны 08 сарын 15-ны өдрийн 12 дугаар Сорилтын дүнгээр Наран супермаркетын худалдаалж байсан тахианы махнаас Salmonella нян илэрсэн нь тогтоогдож байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан ба 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд “Хз” ХХК-д холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна” гэжээ.
Хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд Өмнөговь аймгийн мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн сорилтын дүн авагджээ. Уг сорилтын дүнд тусгагдсанаар MNS ISO 4891:998 MNS ISO7251:95, MNS USO7932:99 CA3 стандартын шаардлагыг тус тус ариун цэврийн лабораторид ирүүлсэн тахианы махнаас шинжилсэн байна. Шинжилгээг шинжээч эмч М.Л, Ж.А нар хийж гарын үсэг зурсан байх боловч уг шинжилгээг стандартаар баталгаажсан ямар хэмжилт хяналтын төхөөрөмжөөр хийсэн, түүнчлэн Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори нь шинжилгээ хийх итгэмжлэгдсэн лаборатори эсэх нь тодорхойгүй, эдгээрийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй болно.
Холбогдогч этгээд энэ сорилтын дүнг хүлээн зөвшөөрч хууль, журмын дагуу гомдол хүсэлт гаргаагүй, хууль ёсны төлөөлөгч А.Маань шийтгэл оногдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар, мэдүүлэг гаргасан болох нь тогтоогдсон гэж шүүх үзжээ.
Хавтас хэргийн 46-р хуудсанд авагдсан Зөрчил гаргагчийн тайлбарт А.М миний бие аймгийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан зөрчилд холбогдсон нь үнэн. Манай дэлгүүрийн худалдаж байсан 4 кг тахианы цээж мах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний чанар стандартын шаардлагыг хангаагүй нь үнэн болно”, хэргийн 40-41-р хуудсанд авагдсан А.М-ийн мэдүүлэгт “... зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байдаг. Эдгээр нотлох баримтуудаас зөрүүтэй байх бөгөөд “Хз” ХХК нь зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, энэ нотлох баримтаар тогтоогдсон хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хууль ёсны төлөөлөгч А.М тайлбартаа өөрийнхөө хүсэлт зоригийн дагуу гаргасан эсэхэд эргэлзээ төрөхөөр байна.
Гомдол гаргагч тал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагч М.Т нь хууль ёсны төлөөлөгч А.М-ийг зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхийг шаардаж “... аймгийн онцгой комисс хуралдаж байгаа. Танайх зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй бол цаашаа бөөн юм болох нь ... танайд 5.000.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчихсан байгаа: Мөнгөө шууд төлчих” гэх зэргээр тулган шаардсан тайлбарыг А.Мааньд үг зааж өгч бичүүлсэн гэж маргасан. Учир нь хэрэгт авагдсан А.М-ийн тайлбар, мэдүүлэгт холбогдсон зөрчлийнхөө талаар өөрөөр мэдүүлж, бичсэнээс эрх бүхий албан тушаалтны холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан үйлдэл байгаа нь харагдана.
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч М.Тг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зөрчиж “Хз” ХХК-д шийтгэл оногдуулсан гэж үзнэ.
Иймд хууль зөрчиж шийтгэл оногдуулсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул байцаагчийн шийтгэлийн хуудас болон уг шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн анхан шатны шүүхийн 2019 оны 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу “Хз” ХХК-ийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч нь “Хз” ХХК-ийн эрхлэн явуулдаг “Н” супермаркетын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0142166 дугаар шийтгэлийн хуудсаар “Хз” ХХК нь хүнсний чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнс худалдаалсан нь лаботаторийн шинжилгээгээр тогтоогдсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан үндэслэн 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх бөгөөд анхан шатны шүүх уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
“Хз” ХХК нь давж заалдах гомдолдоо “...уг шинжилгээг стандартаар баталгаажсан ямар хэмжилт хяналтын төхөөрөмжөөр хийсэн, түүнчлэн Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори нь шинжилгээ хийх итгэмжлэгдсэн лаборатори эсэх нь тодорхойгүй, эдгээрийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй болно” гэжээ.
Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар “Хз” ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах “Н” супермаркетын худалдаалж байсан тахианы цээж махнаас дээж авсныг Өмнөговь аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн итгэмжлэгдсэн лаборатори 2019 оны 08 дугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд шинжилгээ хийж, “тахианы мах хүнсэнд тэнцэхгүй” гэсэн дүгнэлт гаргасан байна.
Тус аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн итгэмжлэгдсэн лаборатори нь Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Итгэмжлэгдсэн төрийн, орон нутгийн болон хувийн өмчит лаборатори хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын тандалт судалгаа, дээжийн шинжилгээ хийхэд оролцоно” гэж заасны дагуу дээрх шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх бөгөөд нэгэнт эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авч хуульд заасан эрх, үүргийн хүрээнд гаргасан сорилтын дүнг мэргэжлийн хяналтын улсын байцаагч үндэслэх эрхтэй.
Харин гомдол гаргагч нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ хийсэн багаж, төхөөрөмж, уг лабораторийн зөвшөөрөл зэргийг шаардлага хангаагүй гэж үзвэл гомдлоо зохих этгээдэд гаргаж шийдвэрлүүлэх боломжтой юм.
Мөн давж заалдах гомдолд “...“Хз” ХХК нь зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж шүүх үзсэн. Өөрөөр хэлбэл, хууль ёсны төлөөлөгч А.М тайлбартаа өөрийнхөө хүсэл зоригийн дагуу гаргасан эсэхэд эргэлзээ төрөхөөр байна. ... улсын байцаагч албадаж зөвшөөрүүлсэн ...” гэжээ.
Анхан шатны шүүх тухайн үед дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан А.М-ийг зөрчил шалган шийдвэрэх ажиллагаанд оролцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчөөгүй талаар зөв дүгнэсэн байх бөгөөд улсын байцаагч нь А.М-ийг дарамталж, албадаж зөвшөөрүүлсэн гэдэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан тэмдэглэл, бусад баримтуудаар тогтоогдохгүй байна.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.О нь “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах тээвэрлэхтэй холбоотой журам”-ын дагуу 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дээрх дэлгүүрээс тахианы цээж махыг дээжинд авахдаа “Дээж авсан тэмдэглэл” үйлдэж худалдагч Ц.Б-аар гарын үсэг зуруулсан, мөн өдрөө мал эмнэлгийн лабораторид хүргүүлж “Дээж хүлээлгэн өгсөн баримт” үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул уг журмыг зөрчсөн талаарх гомдол үндэслэлгүй.
Иймд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, ... хүнсний бүтээгдэхүүн ..., худалдсан, ... бол...хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.