| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 181/2020/02693/И |
| Дугаар | 210/МА2025/00536 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/00536
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/00397 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 920,381,000 төгрөг, алданги 332,400,000 төгрөг, нийт 1,252,781,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
******* нь *******-тай 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* багт байрлах ******* ******* зочид буудал болон үйлчилгээний цогцолбор барих ажлыг гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж санхүүжилтийг шилжүүлсэн.
Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй төдийгүй чанаргүй, доголдолтой барилгын ажлыг гүйцэтгэж улмаар компанид их хэмжээний хохирол учруулсан.
******* нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл *******-тай нийт 9 удаагийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 12 удаа ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж инженерийн тодорхойлолт акт үйлдэж, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрээнд заасан ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэх талаар албан бичгийг тус тус хүргүүлж, 5 удаа *******-ийн захирал болон менежертэй уулзалт хийж гэрээний биелэлт хангалтгүй байгаа, заасан хугацаанд ажлыг чанартай хийж дуусгах талаар гэрээнд зааснаар удаа дараа мэдэгдсэн. Гэтэл ******* нь гэрээнд заасан 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд заасан хугацаанд ажлыг 100 хувь хийж захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, улмаар барилгын ажлыг орхиж явсны улмаас чанаргүй дээврээс борооны ус орж барилгын дотор заслыг чанарыг алдагдуулж дахин хийх хэмжээнд хүргэсэн болно.
Иймд *******-аас 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар ******* аймгийн ******* сумын ******* багт байрлах ******* ******* зочид буудал, кино театрын барилгын чанаргүй ажлын доголдол арилгах зардал 920,381,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний алданги 332,400,000 төгрөг, нийт 1,252,781,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 6,421,855 төгрөгийн хамт гаргуулж *******-д олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Манай компани нь *******-тай 2015 оноос эхлэн хамтран ажилласан бөгөөд ******* хот дахь ******* кино театрын барилгын ажил, ******* аймгийн ******* ******* кино театрын барилгын ажлыг гүйцэтгэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч байгууллагатай 17-1039 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх болон өр авлага барагдуулах, санхүүжилтийн талаар хамтран ажиллах ерөнхий гэрээ болон ******* ******* кино театрын 17-1041 тоот гэрээ, ******* ******* цогцолборын 17-1040 гэрээг тус тус байгуулагдсан. Энэхүү гэрээний 3.3-т нэхэмжлэгч *******-ийн толгой компани болох *******-ийн *******-аас авах авлага болох 1,867,989,300 төгрөгийн авлагыг шилжүүлэн тооцохоор ажлын санхүүжилтэд зарцуулахаар тохирсон. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17-1040 тоот гэрээгээр гүйцэтгэх ажлын зурагт өөрчлөлт орж нэмэлт ажил хийх шаардлагатай болсон учир дээрх гэрээг талууд хааж, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх 18-1900 тоот гэрээг байгуулсан.
Энэхүү гэрээгээр гүйцэтгэх ажлын үнэ 2,300,000,000 төгрөг байхаар тохирсон бөгөөд энэхүү төлбөрийн 1,867,989,300 төгрөгт Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, *******-д 18 ширхэг орон сууцыг 2017 оны 05 дугаар сард шилжүүлэн өгсөн. Гэрээний хугацааг 2018 оны 0******* сарын 30-ны өдөр гэж талууд тохирсон боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас талууд харилцан тохиролцож хугацааг сунгаж 2019 оны 0******* сарын 25-ны өдөр болгон өөрчилсөн.
Манай компанийн зүгээс өөрийн хөрөнгөөр ажлаа эхлүүлэн нэхэмжлэгч байгууллагын шилжүүлсэн бартерыг борлуулан барилгын ажил гүйцэтгэж ирсэн бөгөөд *******-ийн удирдлагуудын удаа дараагийн шийдвэр болох, барилгын ажлын хийц болон загвар, материалын өнгөний сонголт өөрчлөх, дуусгавар болсон өмнөх гэрээний санхүүжилтийн үлдэгдлийг олгоогүй зэргээс шалтгаалан тухайн ажлын цаг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй байдал удаа дараа үүсч байсан. Энэ талаар нэхэмжлэгч байгууллагын удирдлагад албан бичгээр удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд дээрх бартерт өгсөн бараа материалыг зах зээлийн үнээс хямд борлуулж бид мөн их хэмжээний алдагдал хүлээж байна.
Мөн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17/1041 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр ******* ******* кино театрын барилгын ажлыг гүйцэтгэж 2017 оны 0******* сарын 27-ны өдрийн Гэрээ дүгнэх инженерийн тодорхойлолтоор 100% гэж дүгнэн дуусгавар болгон ашиглалтад оруулсан. Уг ажлын үлдэгдэл төлбөрийг байнга хойшлуулах болон удаашралтайгаар шийдвэрлэж байсан бөгөөд одоогийн байдлаар ******* нь 388,387,108 төгрөгийн авлагатай гарсан.
2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өр, авлагын хувьд хоёр байгууллага тооцоо нийлсэн. 2018 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээний ******* ******* цогцолбор барилгын урьдчилгаа төлбөр болгон Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах, ******* хотхонд 18 ширхэг орон сууцыг 1,867,989,300 төгрөгт тооцон өгсөн нь үе шатны явцын ажлын гүйцэтгэлээр хаагдсан. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар ажлын явц 94,6%-тай байна гэж талууд дүгнэснээр манай компанийн авлага 263,884,444.87 төгрөг болж байна. Ингэснээр *******-ийн захиалгаар ******* ******* кино театр болон ******* ******* цогцолборын барилгуудын гэрээт ажлуудын авлага 652,271,552.87 төгрөг болсон байна. Гэвч энэхүү авлага нь шийдэгдэхгүй компанийн бусад санхүүгийн эх үүсвэр хүндрэлтэй болсноос хугацаа хэтэрч одоогийн байдал үүсээд байна. Бид үлдэгдэл санхүүжилтээ шийдэх хүсэлт удаа дараа гаргасан бөгөөд ******* нь энэ асуудлыг шийдвэрлээгүй өдийг хүрсэн. Нэхэмжлэгч үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэсэн тохиолдолд үлдэх 5,4%-ийн ажлыг хийж гүйцэтгэх бүрэн боломж бидэнд байсан.
Нэхэмжлэлд дурдсан чанаргүй ажлын доголдол арилгах зардал 920,381,000 төгрөг болон гэрээний алданги 332,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн барилгын дээвэр болон гадна фасаданд гарсан эвдрэл гэмтлийг тухайн эвдэрсэн хэсэгт нь шинэчлэн засварлах боломжтой. Өөрөөр хэлбэл, дээвэр фасадыг бүхэлд нь солих шаардлагагүй. Гэрээт ажил нийтдээ 2 тэрбум гаруй төгрөг байсан бөгөөд тухайн барилгад гарсан жижиг хэмжээний гэмтлийг нийт ажил гүйцэтгэсэн төсөвт өртгийн 50%-тай тэнцэх хэмжээний мөнгөөр засварлана гэх шаардлага нь бодит байдалд нийцэхгүй.
Ажил хугацаандаа дуусаагүй шалтгаан нь ******* ажил гүйцэтгэх төлбөрөө хугацаанд нь өгөөгүй байдлаас болсон, мөн бид хийсэн ажлаа дүгнэж тооцоо нийлсэн бөгөөд нийт гүйцэтгэсэн ажлыг 94,6%-тай гэж талууд хүлээн зөвшөөрч тухайн тооцоо нийлсэн гэрээнд алданги төлөхөөр тохиролцоогүй, хугацаа алдсан шалтгаан ажил гүйцэтгэгчээс болоогүй. Энэхүү үлдэгдэл төлбөрийг барагдуулсан тохиолдолд бид ажлаа гүйцээж хийх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар *******-аас 1,252,781,000 төгрөг гаргуулж *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,421,855 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 6,421,855 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн зүгээс шүүх хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр болох талаар хариуцагч байгууллагад тов мэдэгдэлгүй хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээр хангалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
Шүүгчийн туслах 2025 оны 01 сарын 21-ний өглөө *******-ийн захирал ******* надруу залгаж шүүх хуралдаан эхлэх гэж байгаа талаар мэдэгдсэн. Миний бие ийм богино хугацаанд шүүх хуралдаанд очиж амжихгүй, өмгөөлөгчийн хамт хуралд оролцох хүсэлтэй байгаа, манай өмгөөлөгчтэй холбогдож мэдэгдээч гэж хэлсэн. Гэтэл шүүх хуралдааны товыг өмгөөлөгчид мэдэгдсэн гэдэг үндэслэлээр шүүх хуралдаанд хариуцагч талыг байлцуулалгүй явуулсан байна.
Манай компанийн өмгөөлөгч ******* нь тухайн үед хөдөө ажлаар явж гар утасны сүлжээгүй газар байсан учир бид холбогдож чадаагүй. Тухайн хурлын товыг бид мэдээгүй бөгөөд шүүх бидэнд албан ёсоор мэдэгдэх ёстой байсан гэж үзэж байна.
4.2. Олон удаа гэрээ байгуулж байгаад хамгийн сүүлчийн байдлаар 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* ******* кино театрын барилгын ажлыг 2,300,000,000 төгрөгөөр барьж ашиглалтад оруулахаар тохирч гэрээний хугацааг 2018 оны 0******* сарын 30-ны өдөр гэж тохирсон.
Дараа нь дээрх гэрээний хугацааг сунгаж 2019 оны 0******* сарын 25-ны өдөр байхаар тохирсон. Нэхэмжлэгч компани нь дээрх барилгын ажил гүйцэтгэх хөлсөнд бэлэн мөнгө өгөөгүй, 1,867,989,300 төгрөгт 18 ширхэг орон сууц, бага хэмжээний төлбөрт шатахуун олгосон. Манай компани дээрх орон сууц болон шатахууныг анх авсан үнээс нь бууруулан худалдаж, өөрийн компаниас санхүүжилт гарган дээрх барилгыг барьсан бөгөөд үлдэгдэл санхүүжилтээ өгөхгүй байсан учир 2020 оны 03 дүгээр сарын 09-ний өдөр гэрээгээ дүгнэж 94,6 хувийн гүйцэтгэлтэй гэж талуудын инженер акт үйлдэж тухайн ажлыг харилцан зөвшөөрч хүлээлгэн өгсөн.
Мөн тооцооны үлдэгдлийн баталгаагаар нэхэмжлэгч компани нь манай компанид 388,387,108 төгрөгийн өртэй гарсан.
Талууд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлсон актад /хх58/ дээврийн ажил 92.6 хувьтай, гадна фасадны ажил 93.4-96.8 хувьтай талаар харилцан хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, дээрх ажлуудыг дутуу хүлээлгэн өгч байгаа гэдгийг гэрээний 2 тал мэдэж байсан бөгөөд энэхүү дутуу ажлаас цаашид гарах үр дагаврыг тухайн ажлыг хүлээлгэн өгсөн ажил гүйцэтгэгч хариуцах боломжгүй юм.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ үнэлгээчин *******гийн хөрөнгө үнэлсэн тайланг үндэслэл болгосон байна. Гэтэл анхан шатны шүүхийн 2020 оны 0******* сарын 29-ний өдрийн захирамжаар /хх107/ нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа хөрөнгө үнэлсэн тайланг нэг талын хүсэлтээр буюу нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр хийгдсэн баримт учир тухайн хөрөнгөд үнэхээр доголдол учирсан эсэх, тухайн доголдлыг арилгахад гарах зардлыг нэхэмжлэгч, хариуцагч нараас хамааралгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн.
Шүүгчийн дээрх захирамжийн дагуу *******-аас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг гаргахдаа шинжээч өмнө хөрөнгө үнэлсэн үнэлгээчний үнэлгээг үндэслэл болгосон учир Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 0******* сарын 26-ны өдрийн 01810 дугаар магадлалын 5 дахь хуудсанд “шинжээч хараат бусаар бие даан дүгнэлт гаргасан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэгдсэн. Анхан шатны шүүхээс дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд ******* 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын буюу нэг талын хүсэлтээр хамгийн анх хийгдсэн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн шийдвэр гаргасан бөгөөд шинжээчийн бусад дүгнэлтийг яагаад үндэслэл болгоогүй шалтгаанаа шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй, мөн нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй учир анхны үнэлгээнд үндэслэсэн шаардлагад нийцүүлэн шийдвэрлэсэн байдал харагдаж байна. Анхан шатны шүүх магадлалд дурдсан асуудлыг шийдвэрлэж тодруулалгүй шийдвэр гаргасан. Хэргийн 194-197 дугаар хуудсанд 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дээврийн доголдлыг 45,000,000 төгрөгөөр засварласан талаар баримт авагдсан байгаа. Гэтэл энэхүү доголдлыг арилгахад хэдий хэмжээний зардлыг шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан талаар тусад нь нарийвчлан тогтоолгүй нийт зардалд хамруулан тооцсон.
Мөн гадна фасадны доголдол A, В, С блокод хамаарч байгаа бөгөөд A, С блокыг 2020 оны 02 сарын 21-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байгаа. /2хх65/ Энэ барилгын ажлыг гүйцэтгэхэд батлагдсан төсвийн дагуу барилгын материалыг худалдаж авсан ба улсын комисс хүлээн авсан, мөн талууд зарим ажил дутуу гэдгээ харилцан зөвшөөрч хүлээлцсэн байхад тухайн дээвэр болон гадна фасадыг бүхэлд нь солих шаардлагатай гэж зах зээлийн ханшаар тооцон шинжээчийн дүгнэлт гаргуулан тухайн барилгыг барьсан зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг гүйцэтгэгч компаниас гаргуулахаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө энэ хэргийн шүүх хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зарлагдсан бөгөөд тус шүүх хуралдааны товыг хариуцагч компанийн захирал ******* болон өмгөөлөгч ******* нарт тус тус мэдэгдсэн. 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч компанийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул манай компанийн зүгээс хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлье гэх хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч талыг нэг удаа мэтгэлцэх боломжоор нь хангана гэж хуралдааныг 40 хоногоор хойшлуулсан буюу 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зарлаж, тус хурлын товыг хариуцагч компанийн төлөөлөгч ******* болон өмгөөлөгч ******* нарт мэдэгдсэн. Түүнчлэн өмгөөлөгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр буюу шүүх хуралдаан болохоос 19 хоногийн өмнө хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдааны тов дээр гарын үсэг зурсан нь 2 дугаар хавтаст хэргийн 238 дугаар талд баримтаар авагдсан. Иймд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үлдэгдэл төлбөр 600,000,000 гаруй төгрөг байсан гэх гомдлын тухайд энэ хэрэг нь *******-ийн үндсэн нэхэмжлэлтэй хэрэг болохоос хариуцагч *******-ийн хувьд өөрийн авах ёстой байсан 388,000,000 төгрөгийн асуудалд ямар нэгэн байдлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул үүнтэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлээгүй. Доголдолтой холбоотой зардалд хэдэн төгрөгийг нэхэмжлэх нь нэхэмжлэгч талын эрхийн асуудал юм.
Манай зүгээс анх 920,381,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд доголдолтой холбоотой зардлын талаарх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй. Учир нь, нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулах гэж цаг хугацаа авах хэрэггүй гэж үзсэн. Анхан шатны шүүхээс томилсон *******-ийн доголдлыг арилгах зардлын хэмжээг 1,100,000,000 төгрөгөөр тогтоосон байдаг гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас учирсан хохиролд 920,381,000 төгрөг, алдангид 332,400,000 төгрөг, нийт 1,252,781,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******-тай 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч ******* нь захиалагчийн ******* аймгийн ******* сумын ******* багт баригдаж буй *******ы ******* палас нэртэй кинотеатр бүхий худалдаа, үйлчилгээний цогцолбор барилгын гэрээний 2.1-д заасан 27 нэр төрлийн ажлыг хийж гүйцэтгэн 2018 оны 0******* сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, захиалагч нь гүйцэтгэгчид 2,300,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон./1хх 6-11, 52-57/
2.2. Талууд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дээрх ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ №1-ээр барилгын фасадыг зургийн дагуу 470,000,000 төгрөгийн хөлсөөр хийж гүйцэтгэх, гэрээний дуусах хугацааг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байхаар, гэрээний №2-т нэмэлтээр хоёр барилгын хооронд сендвичин дээвэр хийх, үүдний хэсгийн орон зайн хучилт, дээврийн усны хаялга хийх, дотор өрлөгийн ажил зэргийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх, гэрээний хугацааг 2019 оны 0******* сарын 25-ны өдөр байхаар тус тус тохиролцжээ./1хх12-14/
2.3.Талууд 2019 оны 01 дүгээр сарын 30-нд гэрээг дүгнэж акт үйлдсэн байх ба хариуцагч талын нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээг 74 хувь гэж тогтоосон байна./1хх91-92/
2.4. Мөн талууд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт ажлын 94.6 хувийг гүйцэтгэсэн болохыг нэхэмжлэгч *******-ийн *******-ийн гэрээ дүгнэх, инженерийн тодорхойлолт актаар баталгаажуулжээ./1хх 58-60/
2.5. Талууд 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд *******-д 388,387,108 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй талаар “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтыг үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан./1хх61/
2.6. Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн барилгын А болон С блокыг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-аар тухайн барилга байгууламжийг барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж улсын комисс дүгнэсэн./2хх65-69/
2.7. Талууд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр уулзалт хийж, хариуцагч тал барилгын дээврийн ажлын доголдлыг засварлах, гэрээт ажлын дутуу хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэх талаар дурдсан байх ба уг протоколд хариуцагч талын захирал ******* гарын үсэг зурсан байна./2хх 75/
3. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.
3.1. Нэхэмжлэгч талаас ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас барилгын А, В, С блокийн гадна фасадыг бүхэлд нь солих шаардлагатай, дээврийн дутуу болон алдаатай ажлын улмаас барилгын В блокийн 8,7,6 дугаар давхрын заслын ажилд хохирол учирсан гэж, хариуцагч талаас барилгын А, С блокийг улсын комисс хүлээж авсан учраас гүйцэтгэсэн ажлын доголдол барилгын зөвхөн В блокт хамаарах ёстой, мөн дээврийн ажлын улмаас нэхэмжилж буй хохирлын хэмжээг их байна гэж маргасан.
4. Нэхэмжлэгч талаас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, үнэлгээчин *******гийн гаргасан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай үнэлгээний тайланг үндэслэн барилгын чанаргүй ажлын доголдлыг арилгах зардалд 920,381,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг./1хх16-36/
4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс *******-ийг шинжээчээр томилсон байх ба, шинжээч нь хийгдэх ажлын тоо хэмжээг дээр дурдсан үнэлгээчин *******гийн тооцсон тоо хэмжээнд үндэслэн доголдлыг арилгах зардлыг 917,437,000 төгрөг гэсэн дүгнэлтийг гаргасан нь шинжээч хараат бусаар, бие даан гаргасан дүгнэлт гэж үзэхгүй. Мөн, *******-ийн шинжээч ******* нь барилгын ажил доголдолтой эсэх, доголдлыг арилгахад гарах зардлыг тогтоох тусгай зөвшөөрөлтэй этгээд мөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй тул уг дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. /1хх143-197/
4.2. Түүнчлэн, анхан шатны шүүхээс *******-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтээр: маргаан бүхий барилгын дээврийн парпетыг төмөрлөх ажил хийгдээгүй, усны хаялга хийгдээгүй, дээврийн өндрийн ажил хийгдэж байсантай улбаалан ган татлагатай дүүжинт өргүүр буюу люлька байрлуулах үедээ “Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.3.3.7-г зөрчсөнөөс үүдэн төмөр хавтанг гэмтээсэн байна.Уг дутуу алдаатай ажлуудаас улбаалан В блокийн барилгын Х6, Х5, Х4 тэнхлэгийн дагуу гадна ханын дулаалга болон гадна фасадны завсраар цас борооны ус нэвчиж, В блокийн барилгын 8,7,6 дугаар давхрын Х4, Х5, Ү1, Ү2 тэнхлэгүүд/шатны хонгил/-ын ханыг дагаж ус алдсанаас дотор ханын заслын ажлын нийт хэмжээ 60 м.кв, дээврийн ажилд цас борооны усны нэвчилт үүссэн, чанар, технологийн шаардлага хангахгүй. “Дээврийн ажил” БНбД 31-07-05-ийг зөрчсөн тул дээврийн ажилд хийгдэх ажил 95 м.кв. Гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэх үедээ хөнгөн цагаан композит хавтанг сонгон хийж гүйцэтгэсэн. Уг хавтанг угсрах үед хэд хэдэн технологийн алдаа гаргасан. Тухайлбал, хавтан суулгах явцад хугалснаас үүдэн өнгө үзэмжгүй харагдах, Т-профил буюу тогтоогчийг суурилуулахдаа тэгш бус суурилуулснаас болж нэг эгнээнд бус тэгш бус харагдах, хавтанг зарим хэсэгт зүүсгэл хийж тогтоохдоо хэмжээ алдаж угсарснаас маш үзэмжгүй харагдах, хавтангийг тогтоогчийг суурилуулахдаа тэгш бус суурилуулснаас болж залгаасууд үзэмжгүй, тэгш бус байгаа тул залгаас хоорондын шаваас нь 5 мм-40 мм хүртэлх хэлбэлзэлтэй хийгдсэн учраас гадна фасадны ажлыг бүхэлд нь дахин хийж гүйцэтгэх шаардлагатай. Солих хавтангийн хэмжээ зураг төсөвт зааснаар 3445 м.кв. Доголдлыг арилгах зардал 1,158,699,890 төгрөг болохыг дүгнэжээ./2хх 201-213/
Шинжээч *******-ийн дээрх дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 болон 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлал, хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагад тус тус нийцсэн байна.
5. Дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд талуудын тохиролцсон 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажил доголдолтой байсантай холбоотой нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь талуудын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн уулзалтын протокол, *******-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт, *******-ийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 20/30, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20/45 дугаартай албан бичиг/1хх77-78/, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул уг доголдлыг арилгах зардал буюу гэрээнээс учирсан хохиролд 920,381,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт нийцнэ.
Тодруулбал, маргаан бүхий барилгын гадна фасадны ажлыг бүхэлд нь дахин хийж гүйцэтгэх шаардлагатай болсон байх ба солих хавтангийн хэмжээ 3445 м.кв, мөн дээврийн парпетыг төмөрлөх ажил хийгдээгүй, усны хаялга хийгдээгүй, дээврийн өндрийн ажил гүйцэтгэхээр ган татлагатай дүүжинт өргүүр буюу люлька байрлуулах үедээ төмөр хавтанг гэмтээсэн, уг дутуу алдаатай ажлуудаас улбаалан “В” блокийн барилгын Х6, Х5, Х4 тэнхлэгийн дагуу гадна ханын дулаалга болон гадна фасадны завсраар цас борооны ус нэвчиж, В” блокийн барилгын 8,7,6 дугаар давхрын Х4, Х5, Ү1, Ү2 тэнхлэгүүд/шатны хонгил/-ын ханыг дагаж ус алдсантай холбоотой дотор ханын заслын ажлын нийт хэмжээ 60 м.кв, дээврийн ажил цас борооны усны нэвчилт үүссэн, чанар, технологийн шаардлага хангаагүй, дээврийн ажилд хийгдэх ажил 95 м.кв болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул дээрх доголдлыг арилгах зардал нь тухайн барилгыг барьсан зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг гүйцэтгэгч компаниас гаргуулахаар шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй гэх гомдлыг хангахгүй.
Мөн, хариуцагч талаас нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
5.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн анхны үнээр буюу барилгын дээвэр болон гадна фасадын ажлын доголдлыг арилгах зардалд 920,381,000 төгрөгийг нэхэмжилснийг анхан шатны шүүх энэ хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй тул үнэлгээчин *******гийн гаргасан үнэлгээний тайланг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Харин 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ дүгнэсэн акт, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн уулзалтын протокол зэргээс үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2020 оны 05 дугаар сарын 15 хүртэл гэрээг сунгасан гэж үзэхээр байх ба түүнчлэн, нэхэмжлэгч талаас гэрээг цуцалж, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо шаардсан байх тул нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардах эрхгүй тул 332,400,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулна.
7. Хариуцагч талаас гаргасан шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх гомдлыг хангахгүй. Учир нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас шүүх хуралдааны мэдэгдэх хуудастай танилцсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх боловч шүүхээс хариуцагч талыг хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулсан байна./2хх230, 234-237/
7.1. Түүнчлэн, шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09.00 цагт шүүх хуралдааныг товлосон мэдэгдэх хуудсанд хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр танилцаж гарын үсэг зурсан атлаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна./2хх238/
8. Хариуцагч талаас дээврийн доголдлыг 45,000,000 төгрөгөөр засварлуулсан байхад энэхүү доголдлыг арилгахад шинжээчийн дүгнэлтэд тусд нь нарийвчлан тогтоолгүй нийт зардалд хамруулан тооцсон гэсэн агуулгатай гомдол гаргасан. Ажил гүйцэтгэх явцад хариуцагч талаас дээврийн ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй, мөн ажил гүйцэтгэх явцдаа дээврийн ажлыг эвдэж гэмтээсэн талаар хариуцагч тал өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд уг эвдрэлээр бороо, цасны ус нэвчээд байсан учраас *******-аар 2020 оны 7 дугаар сард зөвхөн дээврийг битүүмжлүүлэх ажлыг хийж гүйцэтгүүлсэн гэж тайлбарлаж байх ба уг 45,000,000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч тал шаардаагүй бөгөөд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын нийт доголдлыг арилгасан зардал биш байх тул хариуцагчийн гаргасан уг гомдлыг хангахгүй.
9. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан магадлалд дурдсан асуудлыг шийдвэрлээгүй гэх гомдлыг хангахгүй. Учир нь талууд нийтдээ 9 удаа гэрээ байгуулсан нь ******* хотод барьсан өмнөх барилга байгууламжийн гэрээтэй холбоотой, уг гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаж байх тул маргаанд хамааралгүй гэрээг шийдвэрт дүгнэх шаардлагагүй болно.
10. Нэхэмжлэгч талаас талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж,учирсан хохирлоо шаардсан байхад шүүх ажил гүйцэтгэх гэрээний талуудын гаргах шаардлагат хамаарах Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 болгон өөрчлөлт оруулна.
11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/00397 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 920,381,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 332,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... хариуцагч *******-иас 6,421,855” гэснийг “хариуцагч *******-аас 4,759,855” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,421,855 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ