Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 263

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Г.Яндаг,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А овогт Б.Эад холбогдох эрүүгийн 1918000000269 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А овогт Б.Э /РД: /, Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын ............ байгууллагад манаач ажилтай, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Нэгдсэн эмнэлгийн арын хатуу хучилттай автозам дээр 00-00 ДАХ улсын дугаартай Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4 дэх заалтыг зөрчиж тухайн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явсан иргэн Б.Гг бүрэн гүйцэд буугаагүй байхад нь хөдөлгөөн эхлэх үйлдэл хийсний улмаас Б.Г нь газарт унаж эрүүл мэндэд нь зүүн атгаал ясны хүзүүний битүү хугарал, баруун хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Эын өгсөн: Хохирогчийн бууж байсан хаалганы эсрэг талын хаалгаар хүүхэдтэй хүн буугаад хаалгаа хаачхаар нь би буусан юм болов уу гэж бодоод машинаа хөдөлгөсөн. Хохирол төлбөрт 1.500.000 төгрөг төлсөн. Өөр мөнгө нэхэмжлээгүй. Цаашид тусламж дэмжлэг хэрэгтэй бол би тусална гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Б.Ггийн өгсөн: Би 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эмнэлэг явахаар хар хөх цэнхэрдүү машины арын суудалд суусан. Тэгээд эмнэлгийн үүдэнд буух гээд таягаа тулаад хөлөө гүйцэд буулгаагүй байтал нөгөө машин урагш хөдлөөд намайг унагаж зүүн гарыг хаалгандаа чирээд, баруун хөл дээгүүр гарах шиг болсон. ...Би эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн жолоочийг цаашид надтай холбоотой байгаасай гэж хэлмээр байна... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, ...Машины жолооч надад 1.500.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч Э.Эийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эмээ рүү утсаар залгахад машинаас буух гэж байгаад нөгөө машин нь хөдлөөд гэмтсэн талаар хэлсэн. Манай эмээгийн зүүн гар, баруун хөл хугарсан гэртээ хэвтэрт байгаа. Машины жолооч эмээгийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг миний ХАС банкны дансаар шилжүүлсэн. Эмээд данс байдаггүй тул би өөрийн дансаар мөнгийг нь аваад эмээд өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Шүүгдэгч Б.Эын яллагдагчаар өгсөн: Би өөрийнхөө 00-00 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гадуур явж байгаад 39 дүгээр байрны хажуугаас нэг эмээг суулгаад эмнэлгийн үүдэнд буулгах үедээ гүйцэд буугаагүй байхад нь хөдөлж явснаар эмээ унаж гэмтсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

Хэргийн газрын үзлэг хийсэн: ...хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Нэгдсэн эмнэлгийн хойд талын эсрэг урсгал бүхий асфальтан зам байна... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын бүдүүвч зураг, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-19/,

Б.Ггийн зүүн гарын бугалга яс хөндлөн хугарсан зөрөөтэй, баруун хөлийн шилбэ яс, нарийн савхан яс хугарсан зөрөөгүй гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 21/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 475 дугаартай “Б.Ггийн биед зүүн атгаал ясны хүзүүний битүү хугарал, баруун хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Б.Ггийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Нямцогтын “Б.Э нь Тоёота приус-11 маркийн 00-00 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөн. Зорчигч Б.Г нь замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Б.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/,

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн “Б.Эын жолоодож явсан 00-00 ДАХ улсын дугаартай Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн, бүтэн эд ангийн эвдрэл гэмтэлгүй, техникийн хувьд осол гарахад нөлөөлсөн зүйлгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-35/,

Хохирогч Б.Г нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүслэн тухай 5693 дугаартай өвчний түүх /хх-ийн 52-61/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Эын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Нэгдсэн эмнэлгийн арын хатуу хучилттай автозам дээр 00-00 ДАХ улсын дугаартай Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4 дэх заалтыг зөрчиж тухайн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явсан иргэн Б.Гг бүрэн гүйцэд буугаагүй байхад нь хөдөлгөөн эхлэх үйлдэл хийж Б.Гг унагасан үйлдэл нь хохирогч Б.Ггийн биед учирсан зүүн атгаал ясны хүзүүний битүү хугарал, баруун хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал бүхий хүндэвтэр хохиролтой шууд шалтгаант холбоотой ба хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Б.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  1. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ггийн биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Ггийн “...Би эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн жолоочийг цаашид надтай холбоотой байгаасай гэж хэлмээр байна... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, ...Машины жолооч надад 1.500.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17/, Гэрч Э.Эрдэнэтуяагийн “...Машины жолооч эмээгийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг миний ХАС банкны дансаар шилжүүлсэн. Эмээд данс байдаггүй тул би өөрийн дансаар мөнгийг нь аваад эмээд өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18/, Э.Эийн ХАС банк дахь ............ тоот дансанд Б.Эаас 1.500.000 төгрөг төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 14/-аар нотлогдож байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдах нь зүйтэй.

Гэвч хохирогчид цаашид зайлшгүй эмчилгээ, сувилгаа, асаргаа шаардлагатай болох нь түүнд учирсан гэмтлийн шинж байдал болон хохирогчийн өвчний түүх зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын ............ байгууллагад манаач ажилтай болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, Дархан-Уул аймгийн Дархан сумын ........ байгууллагын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай албан бичиг /хх-ийн 47/ зэргээр нотлогдож байгаа ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.

Шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Эын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзаж түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураасан эд зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР