Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 66

 

Б.Э-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0256/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Д.Энхтуяа

Хохирогчийн өмгөөлөгч              Ө.Өлзиймаа

Шүүгдэгч                                       Б.Э-

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 263 дугаар шийтгэх тогтоолтой, Б-гийн Э-ад холбогдох, 1918000000269 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Г-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Алаг морь овогт Б-гийн Э-.

Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Нэгдсэн эмнэлгийн арын хатуу хучилттай засмал зам  дээр 46-73 ДАХ улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн машин  жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4.д заасныг зөрчиж тухайн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явсан иргэн Б.Г-г бүрэн гүйцэд буугаагүй байхад нь хөдөлгөөн эхлэх үйлдэл хийсний улмаас Б.Г- нь газарт унаж эрүүл мэндэд нь зүүн атгаал ясны хүзүүний битүү хугарал, баруун хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  263 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Алаг морь овогт Б-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар Б.Э-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

-Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

-Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураасан эд зүйлгүй болохыг дурдаж,

-Б.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Г- давж заалдах гомдолдоо:

... Миний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж гэмтээснээс би дахин дахин хагалгаанд орж маш их зовиур шаналгааг амсаж хохирч байхад шүүгдэгч Б.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзээд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох буюу хамгийн хөнгөн ял оногдуулсан нь надад учруулсан бодит хор уршиг арилаагүй байгаатай нийцэхгүй, хохирогч надад гомдолтой байна.

Иймд тус хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өөрийн биед учирсан гэмтлийн хор уршиг арилахгүй, эдгэрэхгүй, олон дахин мэс ажилбарт орж цаашид ч орох шаардлага үүсээд байгаа тул шүүх эмнэлгийн гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахгүй хүнд гэмтэл авсан гэж ойлгож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Г-гийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдолдоо эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж гэмтээснээс би дахин дахин хагалгаанд орж маш их зовиур шаналгааг амсаж хохирч байхад шүүгдэгч Б.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзээд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох буюу хамгийн хөнгөн ял оногдуулсан нь надад учруулсан бодит хор уршиг арилаагүй байгаатай нийцэхгүй хохирогч надад гомдолтой байна гэсэн байгаа. Давж заалдах гомдол гаргаснаас хойш шүүгдэгч Б.Э- нь хохирогчийг эргэж тойрч халамжилж байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Э- тайлбартаа:

Миний бие хохирогчийг байнга эргэж тойрч туслаж байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо хохирогч Б.Г- хөл дээрээ явж байгаа. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж  өгнө үү гэв.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй  гарсан тул хэвээр үлдээж, хохирогчийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Э-ыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр, Нэгдсэн эмнэлгийн арын хатуу хучилттай засмал зам дээр, 46-73 ДАХ улсын дугаартай, “Тоёота приус-11” маркийн  машин  жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4.т заасан заалтыг зөрчиж тухайн машинаар үйлчлүүлж явсан иргэн Б.Г-г машинаас бүрэн гүйцэд буугаагүй байхад нь хөдөлгөөн эхлэх үйлдэл хийсний улмаас Б.Г- нь газарт унаж эрүүл мэндэд нь зүүн атгаал ясны хүзүүний битүү хугарал, баруун хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б.Э-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй  байна.

Шүүгдэгч Б.Э-ын дээрх үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг тодорхойлсон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.05.29-ний өдрийн 475 дугаар дүгнэлт,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч д/ч Б.Нямцогтын гаргасан ...Б.Э- нь “Тоёота приус-11” маркийн 46-73 ДАХ улсын дугаартай машин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4.т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Зорчигч Б.Г- нь замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Б.Э- нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан... гэсэн дүгнэлт,  

-Б.Э-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, эд ангийн эвдрэл гэмтэлгүй, техникийн хувьд осол гарахад нөлөөлөөгүй талаар Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Л-гийн гаргасан дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Г- нь ослын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар, ослын талаар мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг, гэрч Э.Э-гийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулжээ. 

            Мөн шүүгдэгч Б.Э- нь хохирогч Б.Г-д эмчилгээний зардлаас гадна 1.500.000 төгрөг өгсөн нь хохирогч болон хохирогчийн ач охин Э.Э-, шүүгдэгч Б.Э- нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Г-  “.. би олон удаа хагалгаанд орсон, эм тариа хэрэглэж эмчлүүлсэн, одоо ч эмнэлэгт хэвтэж байна, миний биед учирсан гэмтэл нь хүндэвтэр биш хүнд зэрэгт хамаарна хэргийг дахин шалгуулж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч хэрэaгт хохирогч нь хүнд гэмтэл авсан тухай эрх бүхий шинжээчийн дүгнэлт гараагүй, түүнчлэн шинжээчийн дүгнэлт гарснаас хойш дахин олон удаа  хагалгаанд орсон., эсхүл гэмтлийн зэрэг өөрчлөгдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаарх эмчийн тодорхойлолт, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай баримт байхгүй байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр  шийтгэх тогтоолыг хүчингүй болгох боломжгүй.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь цуглуулсан, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдээс хуулийн дагуу мэдүүлэг авч, шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон бөгөөд шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор  шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Г-гийн гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 263 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Г-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                               ШҮҮГЧИД                                   Ц.ТУЯА

                                                                                                                   Ц.АМАРЖАРГАЛ