Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/01450

 

Г.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01365 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1547 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Г.Э-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г-т холбогдох,

Ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамбын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрхэмбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэрэндаваа, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Э- нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Г-ийн “Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төсөлд төслийн бүрэлдэхүүн хэсэг болон гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж хариуцлага хүлээж байгаагүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэдэг байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл ирүүлсэн бөгөөд ажил олгогч уг мэдэгдлийн хууль зүйн үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мэдэгдлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд тушаал гаргах ёстой байтал тушаал гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг хэрэглээгүй нь үндэслэлгүй. Ажил олгогч нь анхнаасаа байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн, мөн хөдөлмөрийн гэрээнд яг ямар ажил үүрэг гүйцэтгэх талаар тусгаагүй нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохироогүй гэж үзэх үндэслэлтэй.

Г.Э-гийн ажлын байр байгаад нэмэлт төсөл хэрэгжиж байгаа тул хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгагдах боломжгүй болсон гэж үзэх үндэслэлгүй. Г.Э- нь ажил эрхлэлтийн гарын авлагатай танилцсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул гарын авлагатай танилцсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд Г-ийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Г-ийн явуулж буй үйл ажиллагаа нь тус бүр 3 жилийн хугацаанд хэрэгжих төслийн хүрээгээр тодорхойлогддог. Ийм учраас ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг бөгөөд нэхэмжлэгч Г.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул энэ тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд заавал тушаал гаргах ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Манай байгууллагын зүгээс заавал дагаж мөрдөх баримт бичиг болох ажил эрхлэлтийн гарын авлагын 4 дэх хэсэгт зааснаар сул ажлын байранд ажилтан авахдаа нээлттэй ур чадварын өрсөлдөөн зарлаж сонгон шалгаруулсны үндсэн дээр ажилд авах заалттай. Үүний дагуу манайх сонгон шалгаруулалтад орох эрх нээлттэй гэдгийг Г.Э-д хэлсэн, өөрөө ч үүнийг мэдэж байсан атлаа эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд сонгон шалгаруулалтанд ороогүй нь ажил эрхлэх боломжоо өөрөө алдсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, талуудын тохирсон хугацаа дуусаж, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсныг мэдэгдсэн. Манай байгууллагад ажил эрхлэлтийн гарын авлага гэж байдаг түүнд хөдөлмөрийн гэрээнд заагдсан бүх зүйл тусгагдсан байдаг. Тус гарын авлагыг ажилтан бүрт танилцуулж, 4.1-д ажилтан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01365 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар Г- /GIZ/-т холбогдох, 2016 оны 12 сарын 22-ны өдрийн Г.Э-г ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Г.Э-гийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Э- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1547 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч, зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

...Нэхэмжлэлгч ажил олгогчийг хөдөлмөрийн гэрээг цуцласан үндэслэлийг хууль бус гэж маргаж байгаа тохиолдолд, хариуцагч нь байнгын ажлын байранд ажилтанг хугацаатай ажиллуулах болсон үндэслэл шалтгаанаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй ч энэ нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал, хариуцагчийн тайлбар зэргээс харилцан тохиролцож зөвшилцсөн гэх үйл баримт, хуульд заасан нөхцөл тус тус тогтоогддоггүй болно.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч буюу Г- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байранд тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй юм. Анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтыг дүгнэхдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах зохицуулалтад нийцсэн байна” хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, улмаар шүүхээс буруу жишиг тогтоон Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т заасан иргэний үндсэн эрх зөрчигдөх үндэс болж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3-т заасныг зөрчсөн гэх дүгнэлтэд хүрч байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Э- нь өөрийгөө Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд төслийн бүрэлдэхүүн хэсэг болон гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахаар хариуцагч Г-т холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г- нь Г.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Хариуцагч Г- нь Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр дамжуулан Г.Э-г Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд төслийн бүрэлдэхүүн хэсэг болон гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллуулахаар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1., 23.3.-т зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байж болдог бөгөөд хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцдог байна.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болдог байна.    

Г-ийн Суурин төлөөлөгчийн газар нь үндэсний ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулах эрхтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацаа нь тухайн төсөл, хөтөлбөрийн үргэлжлэх хугацаанаас шууд хамааралтай, тухайн хугацаанаас хэтрэхгүй байх учиртай байна. Тухайн ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байхаас гадна нийгэмлэгийн дотоод дүрэм, журмаар зохицуулагдах учиртай. Ажилтан нь гэрээнд гарын үсэг зурснаар өөрт болон ажлын байранд тавигдах шаардлага, гэрээний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, төсөл сунгагдах нөхцөлд хуучин ажиллаж байсан ажилтнууд болон шинээр ажилд орохыг хүсэгчид бүгд Г-ийн Монгол дахь ажил эрхлэлтийн гарын авлагын 4-т зааснаар сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн нь төслийн ажилтнаар ажиллах боломжтой байна.

Тодорхой хугацаатай төслийн ажилтны ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д заасан байнгын ажлын байр гэж үзэх боломжгүй юм. Байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил хамаардаг ба нэхэмжлэгчийн эрхэлж байсан  төслийн бүрэлдэхүүн болон гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний ажил нь дээрх шинжийг агуулж байгаа боловч төсөл өөрөө байнгын бус буюу тодорхой хугацаатай хэрэгжих үйл ажиллагаа тул төслийн ажилтнуудын ажиллах хугацаа уг төслийн хугацаанаас шууд хамааралтай болно. 

Хөдөлмөрийн гэрээний 1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээ нь төсөл дуусахаас өмнө нэг сарын өмнө сунгагдаагүй бол 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор байх ба ажил олгогч уг хугацааг баримтлан ажилтанд мэдэгдэл өгсөн байна.

Хариуцагч Г- нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Г.Э-д гардуулан өгсөн ба мэдэгдэл авсан талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Хариуцагч байгууллагыг төлөөлөх бүрэн эрх, итгэмжлэлийн хугацаа, агуулга, мэдэгдэлд хүний нэр ташаа бичигдсэн алдааны талаар давж заалдах шатны шүүх нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01365 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1547 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН