Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 123/2019/0019/З |
Дугаар | 221/МА2020/0132 |
Огноо | 2020-02-19 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2020/0132
“А а” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-Ө нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаар шийдвэртэй “А а” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр:
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А а” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Т.Ц давж заалдах гомдолдоо: “... Тус шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.
Маргаан бүхий актын тухайд 2016 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй, 2018 онд хариуцагчаас гэрээг нь 2 жилийн хугацаагаар сунгах үедээ ч уг төлбөрөө 2018 оны 2 дугаар улиралд багтаан төлөх мөн мэдэгдэл өгч гэрээгээ дүгнүүлэх төлбөрөө төлж баримтаа авч ирэх боломжийг олгосон байдаг ч нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан үүргээ маргаан бүхий Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн захирамжийг гаргах хүртэл хугацаанд биелүүлээгүй байсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Гэтэл анхан шатны шүүхээс “ ... газрын төлбөрийг 2018 оны 2 дугаар улирал, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл төлөөгүй боловч харин Төв аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн нэхэмжлэхийн дагуу 2017-2018 оны газрын төлбөр гэж 463200 /дөрвөн зуун жаран гурван мянга хоёр зуу/ төгрөгийг төлсөн нь нотлогдож байна... хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” нь үндэслэлгүй болсон байна гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг нэхэмжлэгчид ашигтай байдлаар үнэлж, зарим нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй нь буруу болсон гэж үзэж байна.
Тодруулбал, хариуцагчийг буруутгаж байгаа үндэслэл нь захирамж гаргахаасаа өмнө нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэх үндэслэлийг зааж байгаа боловч хариуцагч нь уг ажиллагааг хийсэн бөгөөд энэ тухай баримтаа гаргасан, бусад байдлаар нотлогдох эх сурвалжаа заасан байхад шүүхээс баримтыг эргэлзээтэй, хариуцагчийн тавьж буй үндэслэлийг няцаахдаа зөвхөн шуудангийн баримт болон 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн бичилтийг үндэслэсэн нь нотлох үүргээ дутуу хэрэгжүүлснээс болж ийм дүгнэлтэд хүрсэн гэж үзэж байна.
Захиргааны шүүхийн онцлог зарчим нь шүүхийн нотлох зарчим буюу шүүхийн шийдвэр яагаад ийм үндэслэлээр гарах болсон шалтгааныг холбож өгөх баримт, сэлтийн хуулийн хүрээнд бүрэн дүүрэн цуглуулах арга хэмжээг авч нөхцөл байдлыг тал бүрээс нь судлах, холбогдох байгууллага, албан хаагчаас шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж буй этгээдийг гэрчээр асуух зэрэг ажиллагааг бүрэн хийсэн байх шаардлагатай бөгөөд түүнээс бус зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай баримтыг цуглуулах замаар шийдвэрээ гаргах нь буруу бөгөөд энэ тохиолдолд хариуцагч талын амаар болон бичгээр мэдэгдсэн мэдэгдлийг бүрэн шалгаж тогтоогоогүй.
Гэрчээр газрын даамал, татварын байцаагч, шууданч нарыг асуух, утсаар мэдэгдсэн эсэхийг холбогдох үүрэн холбооны байгууллагаас шалгаж тодруулах байтал энэхүү ажиллагааг хийгээгүй атлаа шууд мэдэгдээгүй гэх үндэслэл зааж байгаа нь буруу болсон.
Хэрэв шүүхээс нотлох ажиллагааг бүрэн хийсэн бол эсрэг үр дагавар бүхий шийдвэр гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа тул энэхүү үндэслэлийг гомдолдоо дурдаж байгаа болно.
2. Нэхэмжлэгч компани нь 2017, 2018 оны газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар маш тодорхой нотлогдож байгаа.
Ганц эргэлзээтэй зүйл бол маргаж буй захирамж гарсныг мэдээгүй байж байгаад Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн нэхэмжлэхийн дагуу төлбөрийг төлсөн гэж нэхэмжлэгч үндэслэлээ тайлбарлаж бид хуулийг биелүүлсэн атал хариуцагч бидний эрхэд хууль бусаар халдсан гэж маргадаг.
Энэхүү хэрэгт авагдсан баримт нь нэг талаас нь харахад үнэхээр шүүх болон нэхэмжлэгч нарын үзэж байгаагаар Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын нэхэмжлэхийн дагуу төлбөрөө төлсөн нь хууль биелүүлсэн мэт харагдах боловч тухайн нэхэмжлэх өгч буй байгууллага нь Төв аймгийн Жаргалант сумын газрын төлбөрийг сумын орон нутгийн төсөвт төвлөрүүлэх үүргийг хүлээсэн захиргааны байгууллага мөн эсэх, хэрэв мөн бол сумын Засаг дарга, газрын даамал нь заавал яагаад давхар нэхэмжлэж төрийн үйл ажиллагааг давхардуулан явуулах шаардлага бий болсон эсэхийг тодруулах шаардлагатай байсан.
Гэтэл анхан шатны шүүхээс уг нотлох баримтыг үнэлэхдээ уг үйл баримтыг анхаарч үзээгүй, яагаад нэхэмжлэгч байгууллага газар эзэмшүүлсэн этгээдийн шаардлагыг үл тоон олон жилийн хугацааг өнгөрөөсөн атлаа уг маргаан бий болох үед өөр газрын нэхэмжлэхийн дагуу газрын төлбөрөө тухайн өдөр нь төлж байгаа үйлдэл нь маргаан бүхий акт гарахыг мэдсэн, үүний эсрэг хууль биелүүлсэн болж харагдахыг хүссэн үйлдэл гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, тухайн нэхэмжлэхэд тус газрын хэн гэж хүн ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, гарын үсэг, нэхэмжлэхийн дугаар байхгүй хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад төлбөр төлсөн гэж шүүхээс үзэж байгаа нь буруу бөгөөд шүүхээс зөрчигдсөн эрхийг хамгаалах ёстой болохоос бус хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдлээ зөвтгөж, хуулийг биелүүлсэн мэтээр харагдахыг хүссэн энэ мэт үйлдлийг хамгаалах нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн энэ үйлдэл ч гэсэн хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдох бөгөөд хариуцагчийн зүгээс тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжиж их хэмжээний газар, гаргасан зөрчлөөр нь эрхийг нь цуцлалгүйгээр газрын төлбөр төлөх боломжийг удаа дараа хангалттай хугацаагаар олгож өгсөн байхад нэхэмжлэгч аж ахуй нэгж нь газрын төлбөрөө төлөх, гэрээгээ дүгнүүлэх, зориулалтын дагуу ашиглах сонирхолгүй болох нь хэрэгт авагдсан сүүлийн 2 жилийн тариалангийн мэдээ, цахим хаягт байршуулсан “газраа зарах гэсэн” зарын баримт, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй байдлаас тодорхой харагдаж байгаа болно.
3. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг гэрээгээ дүгнүүлээгүй, сунгуулаагүй гэж буруутгасан нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасан үүргээ биелүүлээгүй гэдгийг дурдаж өгсөн бөгөөд энэ үүргээ ч бодит байдал дээр нэхэмжлэгч тал биелүүлээгүй. Тариалангийн зориулалтаар эзэмшүүлж буй газар нь бусад газраас онцлог бөгөөд үүнтэй холбогдуулан хариуцагчийн хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь зайлшгүй уялдах нь зүйн хэрэг бөгөөд үүнийгээ ч хуулийн хүрээнд “жил бүр гэрээг дүгнэнэ” гэж тусган оруулсан бөгөөд энэ нь алдаа биш гэж үзэж байна.
Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хуулийн заалтыг хэрэглэлгүйгээр гэрээний хугацаа дуусаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжтой гэх үндэслэлийг зааж нэхэмжлэгчийн гэрээ болон хууль зөрчсөн үйлдлийг хамгаалсан дүгнэлт хийсэн нь дээрх хуулийн заалттай нийцээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс маргааны үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэрэгт ач холбогдолтой бүхий нотлох баримтыг цуглуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.
Нэхэмжлэгч “А а” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5-д заасныг үндэслэн үр тарианы зориулалтаар эзэмшдэг 200 га газрынхаа төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газар эзэмших гэрээгээ сунгах хүсэлт гаргаагүй гэж үзэн тус сумын Засаг даргын 2017 оны А/403 дугаар захирамжийг үндэслэж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч “А а” ХХК нь газар эзэмших эрхийг “А а т” ХХК-иас шилжүүлэн авснаас хойш 2017, 2018 оны газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бөгөөд маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш буюу 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн нь Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “... газрын гарц муутай байснаас төлбөр төлөхөд хүндрэлтэй байсан, төлбөр төлөх, гэрээ дүгнэх талаар мэдэгдээгүй” гэх зэргээр маргах боловч Газрын тухай хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг захиргааны байгууллага газар эзэмшигчид заавал мэдэгдэх, мөн хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тодруулах үүрэггүй. Газар эзэмшигч нь газар эзэмших эрх эдэлсэн бол үүрэг хүлээх бөгөөд газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх нь зайлшгүй юм.
Хариуцагч Засаг дарга нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/403 дугаар захирамжаар “А а т” ХХК-иас “А а” ХХК-д уг газар эзэмших эрх шилжүүлснийг үндэслэн тус компанитай 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хийсэн газар эзэмшүүлэх гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан, уг гэрээний 3.5-д зааснаар газрын төлбөрийг хугацаанд нь төлөхийг үүрэг болгосон атлаа 3.6-д төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги төлүүлэхээр заажээ.
Үүнээс үзвэл эрх бүхий этгээд нь газар эзэмшигчийг үр тарианы зориулалтаар газар эзэмшиж байгаа байдлыг харгалзан төлбөр төлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг шууд хэрэглэхгүйгээр газар эзэмшигчид боломж олгож, төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн хариуцлагад алданги ногдуулахаар гэрээгээр тохирсныг хууль буюу нийтийн эрх зүйн зарчим зөрчсөн гэж үзэхгүй тул уг гэрээг хэрэглэх боломжтой байна.
Гэтэл нэгэнт гэрээгээр тохирсон атлаа уг гэрээний биелэлтийг хангахгүйгээр гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг хэрэглэж газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Захиргааны байгууллага захиргааны гэрээний биелэлтийг хангах үүрэгтэй ...” гэж заасныг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгч “А а” ХХК-ийн газар эзэмшүүлэх гэрээгээр тохирсон боломжийг эдлэх ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан “... шүүх ... Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасан үүргээ бодит байдал дээр биелүүлээгүй, уг хуулийн заалтыг хэрэглэлгүйгээр гэрээний хугацаа дуусаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй гэж нэхэмжлэгчийн гэрээ болон хууль зөрчсөн үйлдлийг хамгаалсан дүгнэлт хийсэн” гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.