Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 110/2023/0046/з |
Дугаар | 001/ХТ2024/0124 |
Огноо | 2024-11-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2024/0124
Т.Ө-ы нэхэмжлэлтэй,
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг
даргын Тамгын газрын даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Шүүгчид: Г.Банзрагч
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2024/0014 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2024/0308 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2024/0336 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч С.Ж /цахим сүлжээгээр/ нарыг оролцуулан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн төлөлт хийхийг ажил олгогчид даалгах тухай;
2.Хэргийн нөхцөл байдал:
Монгол Улсын Засгийн газар сумын багийн нийгмийн ажилтны албан тушаалыг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолуудаар “төрийн захиргааны албан тушаалын туслах түшмэл”-ийн ангилалд, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолоор “ТЗ-1” зэрэглэлийг “ТЗ-10” болгон өөрчлөн баталсан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга тус сумын арван хоёр “багийн нийгмийн ажилтан”-ыг төрийн захиргааны албан тушаалд хамааруулж, зэрэглэлийг “ТЗ-1” болгон баталж, захиалга хүргүүлсний дагуу төрийн жинхэнэ албаны шалгалтыг зохион байгуулсан.
Улмаар хариуцагч албан тушаалтан тус сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтан Т.Ө-ыг “төрийн албаны тусгай шалгалтад тэнцээгүй” үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
3.Нэхэмжлэгчээс “... багийн нийгмийн ажилтны ажил үүрэг өөрчлөгдөөгүй, төрийн үйлчилгээний албанаас төрийн захиргааны алба болж өөрчлөгдсөн нь төрийн албаны тусгай шалгалт өгөх, ажил үүрэг өөрчлөгдөх болон миний ажилдаа тэнцэхгүй байх үндэслэл болохгүй” гэж, хариуцагчаас “ ... Т.Ө нь төрийн албаны тусгай шалгалтад тэнцээгүй” гэж тус тус маргажээ.
4.Анхан шатны шүүх: “ ... “Нэхэмжлэгч төрийн албаны шалгалтуудыг өгөөгүй тул төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхгүй” үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.Давж заалдах шатны шүүх: “... “анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан“ гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.4, 10 дугаар зүйлийн 10.4, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Хариуцагч С.Ж гомдолдоо:
6.1.Давж заалдах шатны шүүх төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүйгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан хууль зүйг үндэслэл муутай шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.
6.2.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг”, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 1.1-т “Төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх, төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулах, төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, шатлан дэвшихтэй холбогдсон харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол энэхүү журмаар зохицуулна” гэж тодорхойлсон.
6.3.Төрийн үйлчилгээний албан тушаал төрийн жинхэнэ албан тушаал болж өөрчлөгдсөнийг төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын шинэ орон тоо бил болсон гэж үзнэ.
6.4.Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлөөс баталсан журамд заасан төрийн жинхэнэ албанд томилогдоход тавигдах шалгуур болох “ерөнхий” болон “тусгай” шалгалтыг өгөөгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тул түүний төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй.
6.5.Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор Монгол Улсын 21 аймгийн төвийн бүх сумдын багийн нийгмийн ажилтан төрийн захиргааны албан тушаалын зэрэглэлд ТЗ-10-аар баталсан тул нийгмийн ажилтны сул орон тоонд төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын шалгалтад иргэд өрсөлдөөний үндсэн дээр хамгийн өндөр оноо авсан иргэд одоо ажиллаж байна.
6.6.Давж заалдах шатны шүүх төрийн ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй иргэнийг төрийн жинхэнэ албанд ажиллах ёстой гэж Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарласан, зөвхөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хамгаалсан, цаашид төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоонд төрийн албаны шалгалт өгөхгүйгээр томилогддог болох шийдвэр гаргасан.
6.7.Иймд магадлалыг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2024/0336 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
9.Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 354 дүгээр тогтоолоор “багийн нийгмийн ажилтан”-ы албан тушаалыг “төрийн захиргааны албан тушаалын туслах түшмэл”-ийн ангилалд хамааруулж, “ТЗ-1” зэрэглэлээр баталсан, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” 275, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 487 дугаар тогтоолд хэвээр тусгасан, зэрэглэлийн тухайд “ТЗ-10” болон өөрчлөгджээ.
10.Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан.
11.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/04, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалуудаар арван хоёр багийн нийгмийн ажилтны албан тушаалыг төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-4 зэрэглэлээр тус тус баталж, тухайн албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулалтгүйгээр томилж, төрийн үйлчилгээний албан тушаалтны зэрэглэлээр цалинжуулж иржээ.
12.Энэ хүрээнд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээний ТҮ-4 зэрэглэлээр, сумын 1 дүгээр баг хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн Т.Ө-ыг иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-4 зэрэглэлээр, сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтнаар томилжээ.
13.Үүний дараа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар тус сумын арван хоёр “багийн нийгмийн ажилтан”-ыг төрийн захиргааны албан тушаалд хамааруулж, зэрэглэлийг “ТЗ-1” болгон баталж, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өлгий сумын багийн нийгмийн ажилтны албан тушаалд сонгон шалгаруулах захиалга хүргүүлсний дагуу Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан тус сумын арван хоёр багийн нийгмийн ажилтны албан тушаалын тусгай шалгалтад төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэд оролцоход 8 дугаар багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Т.Ө оролцоогүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
14.Хариуцагчаас Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, багийн нийгмийн ажилтны орон тоонд сонгон шалгаруулалт зарласан нь Төрийн албаны тухай хуулийн 3.1.4-д “”сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг“ гэж заасан сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд ... журмын дагуу уг орон тоог нөхнө“ гэсэн заалтуудад нийцжээ.
15.Нөгөөтээгүүр, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 1.1-д Төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх, төрийн жинхэнэ албаны сул орон1 тоог нөхөх шалгалт зохион байгуулах, төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, шатлан дэвшихтэй холбогдсон харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол энэхүү журмаар зохицуулна” /1Шинээр бий болсон орон тоог сул орон тоонд тооцно/, 8.2-т “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх, туслах албан тушаалын сул орон тоог дараах дарааллаар сонгон шалгаруулж нөхнө. 8.2.1.тухайн байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас; 8.2.2.энэ журмын 8.2.1-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс” гэж тус тус зохицуулсан.
16.Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудаас үзвэл төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй төрийн үйлчилгээний албан хаагч төрийн албаны шалгалт өгч тэнцсэнээр төрийн жинхэнэ албанд томилогдох эрх үүсэх бөгөөд төрийн жинхэнэ албаны шалгалт өгөөгүй тохиолдолд төрийн жинхэнэ албанд томилогдох хууль зүйн боломжгүй.
17.Тодруулбал, хариуцагч албан тушаалтан хууль тогтоомжоор төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд хамаарах төрийн албан тушаалын ангиллыг өөрчлөн баталж, багийн нийгмийн ажилтнуудыг төрийн үйлчилгээний албан тушаалд хамааруулан томилж байсан нь төрийн захиргааны албан тушаалд сонгон шалгаруулалтад оролцоогүй этгээдийг ажиллуулах боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
18.Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Төрийн албаны тухай хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
19.Хариуцагч албан тушаалтан Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр магадлалыг биелүүлэхэд энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2024/0308 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2024/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Ц.ЦОГТ
Д.БАТБААТАР