Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 657

 

 

 

 

 

 

    2016 оны 09 сарын 27 өдөр

      Дугаар 182/ШШ2016/00657

 

          Улаанбаатар хот

 

 

                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 18а тоотод оршин суух, 58 настай, эрэгтэй, Далай овгийн Магвандалайгийн Баярсуурь /РД:УХ58020217/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 58 дугаар гудамжны 675 тоотод оршин суух, 57 настай, эмэгтэй, Өртөмт овгийн Базарын Дулам /РД:ХН59070405/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болох 1 550 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Дулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Баярсуурь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Б.Дулам, түүний хүү н.Нямбаяр нарт 1 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Б.Дулам, н.Нямбаяр нар нь мөнгө зээлснээс хойш элдэв шалтаг шалтгаан зааж, зээлээ төлөхгүй байна. Иймд Б.Дуламаас үндсэн зээл 1 000 000 төгрөг, алданги 550 000 төгрөг нийт 1 550 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Баярсуурь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хэрэг шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад бид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 1 550 000 төгрөгөө 1 050 000 төгрөгөөр багасгаж, үлдэх 500 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Дулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Баярсуурьтай харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1 050 төгрөгөөр багасгаж, үлдэх 500 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Бид сайн дурын үндсэн дээр эвлэрч байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:      

 

Нэхэмжлэгч М.Батсуурь нь хариуцагч Б.Дуламд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 1 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Баярсуурь, хариуцагч Б.Дулам нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 1 550 000 төгрөгөө 1 050 000 төгрөгөөр багасгаж, үлдэх 500 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар  эвлэрсэн болох нь зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 43 тал/

 

Зохигчид эвлэрлийн гэрээг хуульд заасан журмаар бичгээр байгуулж, талууд гарын зурсан ба эвлэрэл нь хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2016 оны 09 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч М.Баярсуурьт хүргүүлж, гарын үсэг зуруулсан боловч, тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай учир шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тухайгаа мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 42 тал/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дах заалтыг тус тус удирдлага болгон

 

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Баярсуурь, хариуцагч Б.Дулам нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 500 000 /таван зуун мянган/ төгрөгийг хариуцагч Б.Дулам нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны дотор төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 750 төгрөгийг  улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Дуламаас 15 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Баярсуурьт олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                       

                                  ДАРГАЛАГЧ                        Ж.ЦЭНГЭЛ