Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 200

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Лувсансамбуугийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06500 дугаар шийдвэртэй, Г.Лувсансамбуугийн нэхэмжлэлтэй, С.Отгонлхагвад холбогдох,

 

Гэм хорын хохиролд 4 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Судар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонлхагва,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт болсон зам тээврийн осолд С.Отгонлхагва буруутай болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч Г.Лувсансамбуугийн эзэмшил болох мөргүүлсэн машин 11 000 000 төгрөгийн үнэтэй. Осол болсон өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Судар миний бие унаж явсан. Машинд учруулсан хохирол нь үнэлгээний компанийн дүгнэлтээр 4 400 000 төгрөг болсон. Зам тээврийн ослоос үүдэн гарсан зардал нь 500 000 төгрөг, нийт 4 900 000 төгрөгийг иргэн С.Отгонлхагваас нэхэмжилж байна гэжээ

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Миний бие нэхэмжлэгч талыг зориуд өөртөө ашигтай зохиомол оношлогоо, хохирлын үнэлгээ хийсэн гэж үзэж байна. “Ю Би Пропертиз” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хохирлын үнэлгээ, автомашин оношилгоо хийлгэхэд хариуцагч намайг байлцуулаагүй. “Гурван баян жигүүр” ХХК буюу автомашин оношлох эрхгүй компаниар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр автомашинаа оношлуулсан нь хэрэгт хавсаргасан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа. Иймд тухайн компанийн болон “Хос стандарт” ХХК-ийн хийсэн 4 440 000 төгрөгийн хохирлын үнэлгээг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгохгүй байхыг хүсч байна. Нэхэмжлэгч Приус-20 автомашинд засвар хийлгэхдээ надад огт мэдэгдээгүйгээс миний дахин оношлогоо, үнэлгээ хийлгэх хүсэлт бүрэн хангагдах боломжгүй болсон. Энэ нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан бодит хохирлын хэмжээг үнэн зөв тогтооход хүндрэлтэй болгосон байна.

2. Замын цагдаагийн газраас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зам тээврийн осолд тогтоосон актаас үзэхэд нэхэмжлэгчийн автомашинд зүүн талын хоёр хаалга, урд гупер, крыло, толь, зүүн урд дугуй тэнхлэг, дотор дэр гарсан буюу нийт 6 ширхэг эд ангид эвдрэл гарсан байна. Эдгээрийг нэхэмжлэгчээс авсан үнээр тооцоход 1 405 000 төгрөг болж байна. Үүнийг 4 900 000 төгрөгөөс хасч тооцож, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа, эс үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзвэл гэм хорын хэмжээ буурахаар харагдаж байна. Тухайн нэхэмжлэх болон үнийн харьцуулалт бүхий хүснэгтийг хавсаргасан болно.

3. Нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Суурин газрын гадна замд цагт 80 км хэтрүүлэхгүй байх”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын зайд шилжүүлнэ.” гэснийг тус тус зөрчсөн нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зам тээврийн ослын акт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байхад ганц намайг буруутгаж байгааг эсэргүүцэнэ. Учир нь миний машин замын аль хэсэгт явж байснаас бус, нэхэмжлэгчийн машин маш хурдтай явж байснаас шалтгаалж хоёр машин илүү хүчтэй мөргөлдөж, эвдрэл их гарч, хохирлын хэмжээ нэмэгдсэн. Энэ шалтгаанаар нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлтэй төдийгүй осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зургаас харахад хоёр машин хоорондоо шүргэлцсэн, мөргөлтийн А цэгээс замын зах хүртэл 2,6 метр зай байсан бөгөөд Приус 20 машины өргөн 1,7 метр тул ослоос зайлсхийхэд хангалттай 90 см зай сул орон зайг нэхэмжлэгч ашиглаж ослоос урьдчилан сэргийлээгүй эс үйлдэл гаргасан гэж үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан гэм хор учрах буюу түүнээс гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэсний дагуу шийдвэрлэх боломжтой.

4. Осол гарах үед 2 см битүү цастай, 6,3 м/сек хурдтай хүчтэй салхитай, тас харанхуй буюу цаг агаарын хувьд автомашин жолоодоход хүнд нөхцөл байсан нь цаг уур, орчны шинжилгээний газрын 2016 оны 10 дугаар сарын 12-ны 6/506 тоот цаг агаарын тодорхойлолтоор нотлогдож байна. Зам хальтиргаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй байсан зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл энэ ослын үндсэн шалтгаан байгаль, цаг уурын нөлөө байсан гэдгийг шүүх харгалзан Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хэмжээг бууруулан тооцохыг хүсч байна.

5. Хэрэгт хавсаргасан Төв аймгийн Замын цагдаагаас гаргасан осол гарсан замын байдлын актыг надад танилцуулж гарын үсэг зуруулахгүйгээр орхигдуулсан, Төв аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 996 дугаар тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гэж заасан боловч уг тогтоолыг танилцуулж гарын үсэг зуруулахгүйгээр шууд шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн. Энэ тогтоолыг надад танилцуулаагүйгээс гадна надад эрүүгийн болон захиргааны ямар нэг хариуцлага тооцоогүй тул уг тогтоолд гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэгч, хариуцагчийн гэм буруугийн асуудлыг дан ганц энэ тогтоолыг үндэслэхгүйгээр, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харгалзан үзэж шийдвэрлэхийг хүсч байна.

6. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланд ослын улмаас миний унаж явсан Тоёота прадо” загварын машинд 3 005 000 төгрөгийн хохирол учирсан. Уг машины эзэн миний хүргэн ах бөгөөд би машиныг нь гуйж унаж явсан тул засварыг бүрэн хариуцаж төлсөн. Мөн шүүгчийн захирамжаар үнэлгээ хийлгэсэн шинжээчийн зардлыг нэхэмжлэгч хариуцна гэсэн байхад одоо болтол төлөөгүй бөгөөд би уг зардлыг төлсөн. Энэ мэтээр ослын улмаас миний төлсөн төлбөр багагүй болоод байгааг харгалзан үзнэ үү гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Отгонлхагваас 4 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Лувсансамбууд олгож, нэхэмжлэгчий шаардлагаас 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.Отгонлхагваас 85 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Лувсансамбууд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

1. Миний бие нэхэмжлэгчийг зориуд өөртөө ашигтай зохиомол оношлогоо, хохирлын үнэлгээ хийлгэсэн, хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа. “Ю Би Пропертиз” ХХК-иар 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч машинаа оношлуулж, үнэлгээ хийлгэхдээ намайг байлцуулаагүй бөгөөд энэ талаар би мэдэгдээгүй. Хэрэв “Хос стандарт” ХХК-иар үнэлгээ хийлгэхдээ байлцуулсан бол энэ талаар маргахгүй. Мөн “Гурван баян жигүүр” ХХК автомашин оношлох эрхгүй атал 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр автомашинаа оношлуулсан нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдох тул тухайн оношлогоо болон “Хос стандарт” ХХК-ийн 4 440 000 төгрөгийн хохирлын үнэлгээг шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Олон улсын стандарт, үнэлгээ хийлгэх журамд хоёр талыг байлцуулсан байх шаардлага тавьдаг. Гэтэл зөвхөн нэхэмжлэгчийг байлцуулан үнэлгээ хийлгэсэн бөгөөд ослын актад бичигдсэн, эвдэрч гэмтсэн эд ангиас илүү эд ангиудыг нэмж, хохирлын хэмжээг нэмэгдүүлэн тооцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Нэхэмжлэгч Приус 20 машинд засвар хийлгэхдээ надад мэдэгдээгүй нь хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн болохыг харуулана. Хэрэв засвар хийлгэхдээ намайг байлцуулж, бодит хохирлыг тооцуулж, төлбөр барагдуулах боломжийг олгосон бол 8 000 000 төгрөгийн төлбөрийг төлөхгүй байсан. Гэтэл хуурамч бичиг баримтаар үндэслэлгүй их хэмжээний төлбөр нэхэмжилсэнд гомдолтой. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар бодит хохирлын хэмжээг үнэн зөв тогтоохыг шүүхээс хүсч байна.

3. Замын цагдаагийн газрын ослын актаас үзэхэд нэхэмжлэгчийн машинд зүүн талын хоёр хаалга, урд гупер, крыло, толь, зүүн урд дугуй, тэнхлэг, дотор дэр гарсан буюу нийт 6 ширхэг эд ангид эвдрэл гарсан. Эдгээрийг нэхэмжлэгчийн өөрийн нь ашиг шингэсэн нэхэмжлэх баримтын үнээр тооцоход 1 405 000 төгрөг болсон тул 4 900 000 төгрөгөөс хасч, нэхэмжлэгийн буруутай үйл ажиллагаа эс үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан гэм хорын хэмжээг бууруулахыг хүсч байна.

4. Нэхэмжлэгч Замын хөдөлгөөний дүрэм 9.3, 15.1-д заасныг тус тус зөрчсөн, үүнийгээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн, иргэдийн төлөөлөгч хурдаа багасгасан бол хэрэг ингэж шийдвэрлэгдэхгүй байсныг тэмдэглэсэн, мөн ослын акт гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдж байхад дан ганц намайг буруутгасныг эсэргүүцэнэ. Нэхэмжлэгч маш их хурдтай явснаас хоёр машин илүү хүчтэй мөргөлдөж, эвдрэл их гарч, хохирлын хэмжээ нэмэгдсэн ба гэрэл гялбуулж, орон зайн баримжаа алдуулж, эсрэг урсгалд орсон ч бага хурдтай өөдөөс ирж яваа машинаас зайлсхийх арга хэмжээг авах байсан тул нэхэмжлэгчийг давхар буруутгах үндэслэлтэй. Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зургаас харахад хоёр машин хоорондоо шүргэлцэн, мөргөлтийн А цэгээс замын зах хүртэл 2.6 метр зай байсан бөгөөд Приус 20 машины өргөн 1.7 метр тул ослоос зайлсхийхэд хангалттай 90 см сул орон зайг нэхэмжлэгч ашиглаж ослоос урьдчилан сэргийлээгүй эс үйлдэл гаргасан нь Иргэний хуулийн 514 дүгээр 514.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

5. Осол гарах үед 2 см битүү цастай, 6.3 м/сек хурдтай хүчтэй салхитай, тас харанхуй буюу цаг агаарын хувьд автомашин жолоодоход хүнд нөхцөлтэй байсан нь Цаг уур, орчны шинжилгээний газрын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6/506 тоот цаг агаарын тодорхойлолтоор нотлогдсон. Зам хальтиргаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй байсан зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл энэ ослын үндсэн шалтгаан байгаль, цаг уурын нөлөө байсан гэдгийг шүүх харгалзан Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хэмжээг бууруулан тооцохыг хүсч байна.

6. Төв аймгийн ЗЦГ-аас гаргасан осол, замын байдал актыг надад танилцуулж гарын үсэг зуруулахгүй, Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 996 тогтоолд 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гэж заасан боловч уг тогтоолыг мөн танилцуулж гарын үсэг зуруулаагүй, шууд шүүхэд иргэний хэрэгт хавсаргасан байна. Үүнээс гадна надад эрүүгийн болон захиргааны ямар нэгэн хариуцлага тооцоогүй тул тогтоолд гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэгч, хариуцагчийн гэм буруугийн асуудлыг дан ганц энэ тогтоолд үндэслэхгүйгээр хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харгалзан үзэж шийдвэрлэнэ үү.

7. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланд дурдсанаар ослын улмаас миний унаж явсан “Тоёота Прадо” машинд 3 005 000 төгрөгийн хохирол учирсан, уг засварыг би бүрэн хариуцаж төлсөн. “Ю Би Пропертиз” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн зардлыг нэхэмжлэгч хариуцахаар заасан ч төлөөгүй тул би уг зардлыг гаргасан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн хэмжээг бууруулж, учирсан хохирлыг бодитоор үнэлүүлэхийг хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 1 240 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 3 160 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

8. Нэхэмжлэгч машинаа өөрсдөө засварлаж борлуулсан нь “Ю Би Пропертиз” ХХК-ийн үнэлгээний тайланд дурдсанаар нотлогдож байна. Нэхэмжлэгч Япон улсаас хуучин машин, сэлбэг оруулж дотоодын зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг тул зах зээлийн үнээс доогуур үнээр сэлбэг хэрэгслээ олж засварлах бүрэн боломжтой. Би ч мөн адил гадаадаас хямд үнээр автомашины сэлбэг оруулж байсан туршлагатай байхад дотоодын зах зээлийн үнэ ханшид тулгуурлан хохирлыг барагдуулах албагүй. Тухайн засвар үйлчилгээг хэдэн төгөрөгөөр хийсэн талаар бодит хохирлыг нотлох баримт болох сэлбэг хэрэгсэл худалдан авсан баримтыг хэрэгт нөхөж оруулж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, талуудын хооронд үүссэн маргааны зүйл, түүнд хамаарах нотлох баримтыг үнэлэх болон эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх талаар буруу тайлбар хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Лувсансамбуу нь хариуцагч С.Отгонлхагвад холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 4 900 000 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг нэхэмжлэгч Г.Лувсансамбуу, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Судар нарт тайлбарлах ажиллагааг огт хийгээгүй байна. Энэ нь хэрэг үүсгэсэн шүүгчийн хийвэл зохих ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан журмын дагуу явагдсан гэж үзэхгүй.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийн дагуу хариуцагч С.Отгонлхагва нь иргэн Л.Баянзулыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тухайн этгээдийг асуусан тэмдэглэл үйлдсэн байх боловч уг ажиллагааг шүүгчийн туслах хэрэгжүүлж, хуулиар тогтоосон журам зөрчжээ. /хх 52, 54, 55-58, 60-61/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4 дэх хэсэгт “шүүгч гэрчээс мэдүүлгийг урьдчилан авах” талаар зохицуулсан атал шүүгчийн туслах тухайн гэрчийг асуусан нь шүүгчийн эрх хэмжээнд хийгдэх буюу гэрчийн үүрэг, хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, асуулт асууж, мэдүүлэг авах ажиллагааг зохих ёсоор явуулаагүй байна.

 

Нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хуульд заасан дээрх ажиллагааг шүүн таслах эрхгүй этгээд хэрэгжүүлсэн байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг үндэслэл болгон шүүгчийн туслахын чиг үүргийн хүрээнд, гэрч асуух ажиллагааг шүүгчийн даалгаснаар гүйцэтгэсэн нь хууль ёсны  гэх агуулгаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалт нь шүүхийн захиргааны ажилтны чиг үүргийг тодорхойлсон болохоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч туслахад даалган хэрэгжүүлэх эрх хэмжээ олгосон зохицуулалт биш болохыг цаашид анхаарах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн ослын акт, “Хос стандарт” ХХК-ийн Тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ, тайлан гэх баримтуудыг Төв аймгийн Прокурорын газраас “хуулбар үнэн” гэж баталгаажуулсан хэлбэрээр ирүүлснийг шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд жинхэнэ эхээр, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх зохицуулалттай нийцэхгүй байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4. Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэсэн заалт хэргийн оролцогч нарт хамаарахгүйг шүүх анхаараагүй нь буруу.

 

Дээрхээс гадна талуудын хооронд үүссэн маргаан, тэдгээрт гаргасан мэтгэлцээний байр суурь, хэргийн нөхцөл байдал, осолд хохирсон этгээдийн гэм бурууг шүүх тодруулснаар маргааны зүйлийг тодорхойлох байжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ нэхэмжлэгчийн дүрэм зөрчсөн гэм буруу тухайн ослын шалтгаанд зохих ёсоор нөлөөлсөн, шүүх хуралдааны явцад хурд хэтрүүлсэн буруугаа хүлээн зөвшөөрсөн, ослын улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээ бодит байдалд нийцээгүй гэж тайлбарласан нь маргааны зүйл болж байхад энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна.

 

Нэхэмжлэгч хурд хэтрүүлсэн нь осол гарахад нөлөөлсөн гэх хариуцагчийн дээрх тайлбарыг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн хариуцлагын хэмжээг бууруулах нөхцөл байдал мөн эсэх талаас нь дүгнэх шаардлагатай байхад уг тайлбарыг бусдад гэм хор учруулсан этгээдийг хариуцлагаас чөлөөлөлөх хууль зүйн факт болох “гарцаагүй байдал”-тай холбон тайлбарласан нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус байгаагаас гадна, “гарцаагүй байдал нь иргэний эрх зүйн хамгаалалтын төрөл болно” гэх зэргээр онолын хувьд буруу, хууль зүйн логикийн зөрчилтэй дүгнэлт хийжээ.

 

Гарцаагүй байдал гэдэг ойлголт нь иргэний эрх зүйн хамгаалалтын хэрэгсэл бус харин гэм хор учруулсан иргэний эрх зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлд хамаарах нөхцөл байдал байхад шүүх энэ талаар буруу тайлбарлаж, дүгнэлт хийснээс талуудын маргааны зүйлээс хальсан агуулгатай болжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан үндэслэл нь өөрийн гэм буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бусдад шууд гэм хор учруулсан этгээдийн хохирол хариуцан арилгах үүргийг тодорхойлсон, харин мөн хуулийн 499 дүгээр зүйл нь тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигчийн хувьд гэм буруутай эсэхээс үл хамааран тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотойгоор үүссэн гэм хорыг хариуцан арилгах гэсэн гэм хор учруулснаас үүсэх үүргийн өөр өөр төрөлд хамаарах зохицуулалт байгааг анхааралгүй, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийн тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигчийн хувьд хүлээх үүргийг мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий зохицуулалтын нэг төрөл гэж хууль буруу тайларлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн хувиар шаардлага гаргасан, эсхүл гэм хор учруулсан буруутай этгээдийнх нь хувьд шаардлага гаргасны алинаас нь шалтгаалан гэм хор учруулснаас үүрэг үүсэх болон хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлийн талаар нотлох үүргийн хуваарилалт өөр байдаг тул дээрх байдлаар хуулийн зохицуулалтыг хольж хэрэглэн дүгнэх нь зохимжгүй болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэм хорын улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг хэрэглэж дүгнэлт өгөх шаардлагатай байтал шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хохирлын хэмжээг тогтоон шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу юм.

 

Давж заалдах шатны шүүхээс хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд эрх зүйн дүгнэлтийг хийх боломжтой боловч хэрэгт авагдсан баримтууд хуулиар тогтоосон нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримт бүрдүүлэх журам зөрчигдсөн тул тэдгээрт үндэслэн дүгнэлт хийх нь хуульд нийцэхгүй.

 

Анхан шатны шүүхийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болон хууль хэрэглээний дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, зөвтгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06500 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 65 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА