Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 206

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч Б.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт П.М-т холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж 2 дүүгийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум ............ тоотод оршин суух,

урьд 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн

Б овогт П.М,

 

П.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 06-наас 07-ны шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг, Мангирт 9 дүгээр хэсэг, 3 дугаар гудамж 235 тоот гэртээ Б.О хутгалж эрүүл мэндэд нь цээжинд шарх, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Н.О-ын “...М  гартаа барьсан хутгаар миний цээжний баруун хэсэг рүү хутгалсан. ...дахиад над руу заазуур бариад дайрахаар нь гараараа хаахад хүзүүний баруун талд зүсэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, “...гомдолтой байна, эмнэлэгт хэвтсэний төлбөр бусад зардал гарсан боловч эмнэлгийн төлбөр 300,000 төгрөгийн баримт л байгаа, бусад зардал нь баримтгүй учраас 300,000 төгрөг нэхэмжилж байна, хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэх мэдүүлэг,

 

Гэрч П.М-гийн “...М ах халамцуу орж ирээд та хоёр юу хийж байгаа юм гээд уурлаад ширээн дээрээс хар иштэй хутга, заазууур аваад О бид 2 луу дайраад байсан. ...найз залуугийн цээж цус болчихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

 

Гэрч Г.Л-ийн “...цээжний хөндий нэвтрээгүй,  ...баруун талын 4, 5 дугаар хавирганы түвшин дэх шарх нь суга руу чиглэлтэй хавсан шарх байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

 

Гэрч Д.А-ийн “...М тэр цуг ирсэн О гэх хүүхдийг хутгалсан юм шиг байна лээ. О гэх хүүхдийн цээж хэсэг цус болчихсон зүсчихсэн байдалтай байсан. Цамц нь цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 144 дугаартай “...Б.О-н биед цээжинд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг болон хоёр удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд саниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 51/,

 

Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн “хохирогчийн өмсөж явсан цамц ир үзүүртэй зүйлээр зүсэгдсэн талаарх 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 44 дугаартай дүгнэлт,

 

Өвчтөний түүх /хх-ийн 37-49 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд П.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.О нь нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд эмчилгээний төлбөр 300,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч П.М нь Баянзүрх дүүргийн шүүхийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгүүлж уг ялаа эдэлж дуусаагүй байхдаа дахин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний хувийн байдал болон дээрх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, энэ хэрэгт цагдан хоригдсон 46 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 368 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, үлдэх ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 178 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутга, 1 ширхэг зазуур, цагаан өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Шүүгдэгч Б овогт П.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч П.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.М-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 46 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 368 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялаас хассугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулснаас биечлэн эдлэх 352 цагийн нийтэд тустай ажил  хийлгэх ял дээр өмнө тогтоолоор оногдуулсан 250 цагийн ялаас эдлээгүй үлдсэн 178 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 530 /таван зуун гуч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

  1. П.М-ыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

  1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-аас 300,000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын ........ тоотод оршин суух Ч овогт Н.О-т олгосугай.

 

  1.  Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутга, 1 ширхэг зазуур, цагаан өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД