Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 57

 

П.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2019/0186/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Аймгийн ерөнхий прокурор         С.Ёндонсамбуу

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолтой, П-ын М-т холбогдох, 1918001160176 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд:

 -2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 91 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 31 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, ********** регистрийн дугаартай Б- овогт П-ын М-.

Шүүгдэгч П.М- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дугаар баг, Мангирт * дүгээр хэсэг, * дугаар гудамжны *** тоотод гэртээ Б.О-ыг хутгалж эрүүл мэндэд нь цээжинд шарх, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт П-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч П.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.т зааснаар П.М-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 46 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 368 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялаас хасч,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулснаас биечлэн эдлэх 352 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнө тогтоолоор оногдуулсан 250 цагийн ялаас эдлээгүй үлдсэн 178 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 530 /таван зуун гуч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,

-П.М-ыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.т зааснаар шүүгдэгч П.М-аас 300,000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, **-** тоотод оршин суух Ч- овогт Н-ийн О- /РД:**********/-т олгож,

-Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутга, 1 ширхэг заазуур, цагаан өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

Шүүгдэгчийн сүүлд үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, /тухайн төрлийн ялын дээд хэмжээ/ тус ялаас энэ хэрэгт шүүгдэгчийн цагдан хоригдсон 46 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 368 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч тооцсоны дараа шүүгдэгчид шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 178 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж, нийт эдлэх ялыг 530 цагийн хугацаагаар тогтоосон нь үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.М-т 898 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2., 6.9 дүгээр зүйлийн 3.т заасныг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолын тоггоох хэсэгт тусгах зүйлсийн дарааллаас үзэхэд:

-шүүх шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээг Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор тодорхойлж эдэлбэл зохих ялын хэмжээг тогтоох,

-шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон талаар тогтоохоор хуульчилжээ.

Анхан шатны шүүх энэ журмыг баримталж, шүүгдэгчийн эдэлбэл зохих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу бүрэн тогтоолгүйгээр шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас хасч тооцсоны дараа дахин эдлээгүй үлдсэн ялыг нэмж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон аймгийн ерөнхий прокурор С.Ёндонсамбуу дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн байна. Хоёр гэмт хэргийг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Иймд шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.М-ын өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн байна. Хэргийг анхан шатны шүүхэд буцаахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч П.М-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар арын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дугаар баг, Мангирт * дүгээр хэсэг, * дугаар гудамж, *** тоотод гэртээ Б.О-ыг хутгалж эрүүл мэндэд нь цээжинд шарх, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, энэ хэрэгт цагдан хоригдсон 46 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 368 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялаас хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулснаас биечлэн эдлэх 352 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнө тогтоолоор оногдуулсан 250 цагийн ялаас эдлээгүй үлдсэн 178 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 530 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, түүнийг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, энэ ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч П.М-аас 300,000 төгрөг гаргуулж хохирогч Н.О-т олгож, шүүгдэгч П.М-т урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч П.М-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч П.М- нь согтуугаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, хохирогч Б.О-, гэрч П.М-, Г.Л-, Д.А- нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.02.21-ний өдрийн 144 дугаар дүгнэлт, өвчний түүхийн хуулбар болон тухайн үед болсон үйл баримтаар хөдөлбөргүй нотлогдсон, энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч П.М-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, энэ хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3.т зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2.т ...нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 240-өөс 720 цагаар тогтооно гэснийг зөрчиж,  шүүгдэгчийн сүүлд үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, уг ялаас шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 46 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 368 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч тооцсоны дараа шүүгдэгчид шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 178 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж, нийт эдлэх ялыг 530 цагийн хугацаагаар тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.М-т нийт 898 цаг /720 цаг+178 цаг=898 цаг/  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байх ба зүй нь нэмж нэгтгэсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээ нь 720 цагаас хэтрэхгүй байхаар оногдуулах байжээ.

Түүнчлэн шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор тодорхойлж эдэлбэл зохих ялын хэмжээг тогтоох, хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоосны дараа шүүгдэгчийн баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох, эсхүл эдлэх ялаас хасч тооцох талаар Эрүүгийн хуулийн 6.9., 6.10 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

Иймд шүүгдэгч П.М-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тусдаа ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх  тогтоолоор оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 178 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэхэд бүгд 898 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болж, энэ төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс 178 цаг хэтэрсэн тул үүнийг хасаж 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, үүнээс энэ хэрэгт цагдан хоригдсон 368 хоногийг /8 цаг х 46 хоног = 368/ эдлэх ялаас нь хасаж тооцоход шүүгдэгч нь одоо 352 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхээр байна.

/энэ шийтгэх тогтоолоор 720 цаг+ өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 178 цаг = 898 цаг - /178 ялын дээд хэмжээнээс хэтэрсэн/ = 720 цаг – 8 цаг х 46 хоног = 368  цагдан хоригдсон хоног=352  цаг---одоо эдлэх ял/

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй ба харин эсэргүүцлийн ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах...гэснийг хүлээн авах боломжгүй тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дүгээр заалтыг:

         -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар шүүгдэгч П.М-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тусдаа ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 178 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 898 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхээс хуульд зааснаас хэтэрсэн 178 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай гэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2.т зааснаар П.М-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тусдаа ажил хийлгэх ялаас энэ хэрэгт цагдан хоригдсон 46 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 368 цагийг хасч, П.М-ыг 352 цаг   нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй....гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МАНЛАЙБААТАР

                                                                  ШҮҮГЧИД                                Ц.ТУЯА

                                                                                                                  Ц.АМАРЖАРГАЛ