Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дашдаваа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогчийн Ч.Байгалмаагийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Иргэний нэхэмжлэгч Ц.Б,

Шинжээч Д.Туяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... дугаартай эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимаас  2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймаг, Есөнбулаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, ............. тоотод оршин суух хаягтай,

урьд: Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор 20002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар 1 жил, 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

 Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, О овогт О.Г,

 

О.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Г нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 22 цаг 40 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сум 13-р баг, Үйлдвэрийн хотхон луу явах зам дээр 1551 УБС улсын дугаартай Лексус 470 загварын авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1а, 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам дээр явж байсан явган зорчигчдыг мөргөж, Д.С амь насыг хохироосон, явган зорчигч Ц.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг замаар уруудах үед Галсаннамжил нэлээн хол зайтай явж байгаад машины бөгсний гэрэл мурилзах шиг болоод зүгээр яваад өгсөн. “...Би машинаас буугаад очиход машиных нь жолооч талын 2 дугуй хагараад мөн хойд багажны шил хагарсан байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 48/,

 

Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...уулнаас машинтайгаа уруудаад засмал замаар төв рүү орох гээд явж байтал тас түс гэх чимээ гарахад би юу мөргөчихвөө гээд эргээд харах үед С машины хойд талын салхины шил хагарчихсан байсан. Тэр үед С машинаа зогсоох үед Б жолоочийн хаалганы хажуу талд ирээд С заамдаж машинаас буулгаад тэр хоёр хоорондоо зодолдсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53/,

 

Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... намайг замаар явж байхад машины эд анги зам дээр унасан байсан. Тэр бутархай эд ангийн ойролцоо замын хажууд хүн хэвтэж байсан. Би бодохдоо машин мөргөсөн байна гэж бодсон” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 56/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “...талийгаач Д.С нь гавал тархины гэмтлийн улмаас гэмтлийн шокт орж нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй” гэх 04 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 145/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “...хар хөх богино хүрмэнд гарсан 13*5 см, 6*4 см хэмжээтэй уранхай нь хатуу гадаргуутай зүйлийн нэг удаагийн харилцан үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна, хар майканд гарсан 48 см, 9 см, хар өмдөнд гарсан 14 см, 12 см хэмжээтэй уранхай нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна” гэх 666 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 138/

 

Цогцосны гадна болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 153-163/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 7-19/,

 

Согтуурал шалгасан “О овогт О.Г согтуурал шалгах драйгер багажаар үлээлгэн шалгахад 0,31 хувь гарсан байна” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 23/,

 

Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 25-32/,

2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн “... О.Г нь Лексус-470 маркийн 15-51 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган зорчигч Д.С  мөргөж зам тээврийн осол гаргах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1-а, 2.7-а, 9-р бүлгийн 9.1 гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65/,

 

Шинжээч Б.Ө мөрдөн байцаалтад өгсөн “...шүүх шинжилгээний албаны химийн шинжээч Д.Туяагийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаартай шинжилгээний дүгнэлтэд О.Галсаннамжилийн цусанд спирт илэрсэн. 0,4 промиль спирт нь согтолтын зэрэгт хамаарахгүй гэж тусгагдсан. Замын цагдаагийн одоо ашиглагдаж байгаа 75-10 маркийн согтолт хэмжих багажаар ослын дараа шалгахад 0,31 хувь гарсан. Энэ нь одоо бидний мөрдөж байгаагаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонд тооцогддог. 0,20 хувийн согтолттой буюу түүнээс дээш тохиолдолд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасдаг” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 121/,

 

Шинжээч С.Г мөрдөн байцаалтад өгсөн: “...Эрүүлжүүлэх, саатуулах байранд түүнийг хүргэж өгөхдөө согтолтын зэргийг согтуурал хэмжигч багаж болох драйгераар үлээлгэсэн байдаг. Уг драйгер үлээлгэсэн тэмдэглэлээр О.Г нь 0,31 хувийн согтолттой байсан учир үүнийг үндэслэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж тавьсан юм” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-69/,

 

Шүүгдэгч О.Г мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон үйл баримтын талаар маргаагүй, харин “согтуурсан үедээ” гэж хүндрүүлсэн нь эргэлзээтэй тул яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцжээ.

 

Яллагдагч О.Г согтуурлыг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр амьсгал дахь спиртийн агууламж хэмжих багажаар үлээлгэн шалгахад 0.31 хувь, /1 дүгээр хавтаст хэргийн 23, 24/ цусанд этилийн спирт илэрч байгаа эсэхийг шалгахад 0.4 промиль этилийн спирт илэрчээ.

 

Яллагдагч О.Г нь хэрэг учрал болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, “согтуурсан” байсан болох нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагч О.Г-н өгсөн “...машинд байсан 0,5 литр архийг задлаад уусан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 173/, гэрч У.А-ын өгсөн “...дэлгүүрээс 0,5 литрийн алтан чингис нэртэй архи аваад бид хоёр тал хүртэл нь уугаад байж байхад Батнасан залгаад хэрүүл хийсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54/, жолоочийн согтуурал шалгасан магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 23/, эрүүжлүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 24/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Хэдийгээр яллагдагч О.Г-ын цусанд 0,4 промиль этилийн спирт илэрч, энэ нь согтолтын зэрэгт хамаарахгүй гэж 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 8 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /1 дүгээр хавтаст хэргийн  109/ тусгагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч дүгнэлтийн талаар мэдүүлэг өгсөн боловч шинжээчийн мэдүүлэг болон дүгнэлт нь хэрэг учрал болох үед шүүгдэгчийн цусан дахь этилийн спиртийн хэмжээг тогтоосон дүгнэлт биш ба шүүгдэгчийн цуснаас дээж авсан цаг хугацаанд цусанд байсан спиртийн хэмжээг тогтоосон дүгнэлт юм.

 

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай “Журам батлах тухай” хамтарсан тушаалын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан нь хэрэг учрал болох үед “согтуурсан” байсан эсэхийг тогтоох үндэслэл биш, шалгах тухайн цаг хугацаанд “согтуурсан” гэж үзэх эсэхийг тодорхойлох үндэслэл болно.

 

Шалгуулагчийн биеийн жин, физиологийн онцлог, согтууруулах ундаа хэрэглэснээс хойш хэдий хугацаа өнгөрсөн зэргээс хамаарч амьсгал болон цусан дахь спиртийн агууламж өөрөөр гарах ба шалгах үед цусанд 0,5 промилээс доош спиртийн агууламж илэрсэн гэх үндэслэлээр осол хэрэг болох үед эрүүл байсан гэж дүгнэх нь өрөөсгөл юм.

Хууль тогтоогч “согтуурсан үедээ” авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульчилсан ба Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай “Журам батлах тухай” хамтарсан тушаалын заалтыг баримтлан хэргийг зүйлчлэх үндэслэлгүй байна.

 

Жолооч аюул учруулж болохуйц бүх эрсдэлийг тооцоолж, ослоос сэргийлэн ухамсартай жолоодсоноор тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах учиртай. Тархинд ирэх мэдээллийг хөрвүүлэх процессыг “Өвчтэй үедээ жолоо барих, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хэт ядарсан, шөнийн цагаар тээврийн хэрэгсэл жолоодох, анхаарал сарних гэх мэт нөхцөл байдал удаашруулж улмаар самбаачлах хугацааг богиносгодог.

 

Тийм ч учраас согтуурсан мансуурсан, хэт ядарсан үед тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог.

 

О.Г-ын цусанд 0,4 промиль спиртийн агууламж илэрсэн боловч осол хэрэг гарснаас 2 цаг 20 минут орчмын дараа түүний амьсгал дахь спиртийн агууламж 0,31 хувь байсан болох нь хэрэгт авагдсан эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /1-р хавтас хэргийн 24/-ээр тогтоогдож байна.

 

Мөн 2018 оны 1-р сарын 8-ны 00 цаг 30 минутад Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт О.Г-ын биед үзлэг хийсэн тодорхойлолтод “архи ихээр үнэртэнэ” гэжээ.

Энэ нь түүнийг “согтуурсан үедээ” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл ба осол гарснаас хойш 2 цаг гаруйн дараа шүүгдэгчийн амьсгал дахь спиртийн агууламж зөвшөөрөгдсөн доод хэмжээ 0,19 хувиас 0,12 хувиар илүү буюу 0.31 хувь байсан байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлд зааснаар гэмт хэргийг “согтуурсан үедээ үйлдсэн” гэх зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийг хэрэглэхэд ямар нэгэн эргэлзээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Эрүүл  мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай тушаалын хавсралт “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1.6 дахь хэсэгт “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасан нь хэт өрөөсгөл байх ба Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэх эрх зөвхөн шүүхэд олгогдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн шатанд Ц.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор дахин шинжээч томилсон ба Ц.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 1-р сарын 7-ны өдрийн 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сум, 13-р баг, Анагаах ухааны дээд сургуулийн замын эсрэг талд Б.Б-тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны шарх, баруун, зүүн хацар, баруун чих, доод эрүү, баруун зүүн шуу, бугалга, зүүн гарын 4-р хурууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний ядам хурууг хазаад авахаар нь тавиулах гээд орилоход зүүн гарын шуун дотроос хазаж авсан. Машин дотроос цахилгаан бороохой гаргаж ирээд толгой руу цохиулсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 48/,

 

Гэрч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б жолоочийн хаалганы хажуу талд ирээд С заамдаж машинаас татаж буулгаад тэр хоёр хоорондоо зодолдсон. Тэр үед нь би дундуур нь орж боль гээд салгахад С-гийн цамцных нь зах урагдчихсан, баруун талын шанаа хамар хэсгээс нь цус гоожчихсон, харин Б-ийн зүүн шанаа хэсгээс нь цус гоожчихсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн “...Д.Б-ийн биед тархи доргилт, зулайн хуйхны шарх, баруун, зүүн хацар, баруун чих, доод эрүү, баруун зүүн шуу, бугалга, зүүн гарын 4-р хурууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 156 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 76/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Г-ыг жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр заасан, шүүгдэгч О.Г нь 2018 оны 1-р сарын 7-ны өдөр Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн, байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

  1. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Ч.Б, иргэний нэхэмжлэгч Ц.Б нар нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Д.Б нь нэхэмжлэл, түүнтэй холбоотой баримт ирүүлээгүй боловч мөрдөн байцаалтын шатанд 400,000 төгрөг хүлээн авсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан”материаллаг” хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

  1. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч О.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “учруулсан ”материаллаг” хохирлыг нөхөн төлсөн, амь хохирогч Д.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 3-р бүлэг 3.1 дэх хэсэгт заасан “явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явна, өөрийгөө хянах чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэснийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Г нь гэм буруугийн талаар маргаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаараа гэрчээр мэдүүлэг өгөхөөс эхлэн мэдүүлж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, учруулсан “”материаллаг” хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул О.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолохоор тогтоов.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Г-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 76 хоногийг хорих ялын 76 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн 23-р байрны дээд талд байрлах камерын бичлэг бүхий 1 ширхэг си-ди, “Дарханнэхий” ХХК-ийн камерын бичлэг бүхий 1 ширхэг си-диг хэрэгт хавсаргаж, талийгаачийн өмсөж явсан хар шар алаг өнгийн ороолт, хар өнгийн ороолт, хар өнгийн хүрэм, шаргал өнгийн урд талдаа цахилгаантай цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн өмдний тэлээ, хар өнгийн ноосон өмд, саарал өнгийн дотоож, хар өнгийн ноосон 1 хос оймс, хар өнгийн мак, ногоон өнгийн 1 хос гутал, хэргийн газрын үзлэгээр хураан авсан авто тээврийн хэрэгслийн хойд талын гэрлийн 7 ширхэг хагархай, буферийн 1 ширхэг хагархай, салхины шилний хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, О.Г-ын өмчлөлийн 58-85 ДАА улсын дугаартай Ховосинотрак загварын авто тээврийн хэрэгсэл, Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг 1-р гудамж 55 тоот байрлалтай 572,0 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О овогт О.Г-ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар О овогт О.Г-д  холбогдох “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар О.Г-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Г-ын энэ хэрэгт  цагдан хоригдсон 76 хоногийг хорих ялын 76 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Г-д оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан төрийн үйлчилгээний нэгдсэн системийн 23-р байрны дээд талд байрлах камерын бичлэг бүхий 1 ширхэг си-ди, “Дарханнэхий” ХХК-ийн камерын бичлэг бүхий 1 ширхэг си-диг хэрэгт хавсаргаж, талийгаачийн өмсөж явсан хар шар алаг өнгийн ороолт, хар өнгийн ороолт, хар өнгийн хүрэм, шаргал өнгийн урд талдаа цахилгаантай цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн өмдний тэлээ, хар өнгийн ноосон өмд, саарал өнгийн дотоож, хар өнгийн ноосон 1 хос оймс, хар өнгийн мак, ногоон өнгийн 1 хос гутал, хэргийн газрын үзлэгээр хураан авсан авто тээврийн хэрэгслийн хойд талын гэрлийн 7 ширхэг хагархай, буферийн 1 ширхэг хагархай, салхины шилний хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, О.Г-ын өмчлөлийн 58-85 ДАА улсын дугаартай Ховосинотрак загварын авто тээврийн хэрэгсэл, Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг 1-р гудамж 55 тоот байрлалтай 572,0 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД