Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 327

 

   Б.Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор С.Энхтуул,

            ялтан Б.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 201625032309 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаан гэр овгийн Баттогтохын Лхагвасүрэн, 1985 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10 дугаар гудамжны 496 тоотод оршин суух,

2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж,  тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд багтааж, 2 жил 6 сар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн хорих ялын зарим 6 сарыг нэмж нэгтгэн нийт 3 жил хорих ял шийтгүүлсэн,  

2007 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ИЦ85100996/,

Б.Лхагвасүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 27-наас 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10 дугаар гудамж, 496 тоотод оршин суух өөрийн гэртээ найз Б.Бат-Очиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар хэвлийн тус газар нь хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Лхагвасүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Лхагвасүрэнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Лхагвасүрэнгийн цагдан хоригдсон 84 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.Лхагвасүрэн нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

Ялтан Б.Лхагвасүрэн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Би тухайн өдөр баз хүргэн Б.Бат-Очирын дуудснаар очиж караокенд суусан. Удалгүй гаднаас 1 хүүхэн орж ирээд бид гурав архи, пиво ууж суусан. Гэтэл Б.Бат-Очир нь зүс танихгүй эмэгтэйд мөнгө гаргаж өгөөд байсан. Тухайн үед би Б.Бат-Очирт хамаагүй хүнд мөнгө өглөө гэж уурласан ба бид хоёрыг маргалдахад нөгөө хүүхэн уурлаад явсан. Тэгээд бид хоёр дэлгүүрээс архи аваад манайх руу явах замд зүс таних Тэмүүжинтэй таарсан. Тэгтэл Б.Бат-Очир, Тэмүүжинтэй маргалдаж, зодолдсон. Тэгэхээр нь би салгаад авч явж байтал Б.Бат-Очир нэг эвгүй болоод байна гэсэн. Бм гэрт ороод “чамаас болж хүнтэй зодолдоод, зүгээр архи ууж чадахгүй байна” гээд уурлатал Б.Бат-Очир намайг нэг удаа өшиглөсөн. Би “зүгээр бай” гэсэн чинь Б.Бат-Очир гэнэт ухаан алдаж унасан.

2. Би 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өглөө гэртээ согтуу байж байтал цагдаа ирээд намайг авч явж байцаалт авсан. Намайг О.Нармандах байцаагч “чи Бат-Очирыг хутгалсан” гэж хэлсэн. Тухайн үед Б.Бат-Очирын бие муу хагалгаанд орж, наркоз нь бүрэн гараагүй байхад байцаалт авсан байсан.

3. Миний эхнэр болох гэрч Д.Оюунхишигийг Нармандах байцаагч дуудаж тулгаж байцаалт авсан байсан. Манай эхнэр шүүхийн хэлэлцүүлэгт “би ийм байцаалт өгөөгүй” гэж хэлэхэд шүүх авч хэлэлцээгүй. Тухайн үед бага хүүхэд 1 сар гарантай байсан тул гарын үсэг зур гэхээр нь гарын үсгээ зурсан. Гэтэл миний хэлж, яриагүй зүйлийг өөрөө зохиож бичсэн байсан. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, миний эрх зүйн байдлыг дордуулж ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Эрх зүйн туслалцааны төвөөс ялтны өмгөөлөгчөөр томилогдсон. Хэргийн материалаас үзэхэд Б.Лхагвасүрэнгийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй байна. Хууль зүйн мэдлэггүй хүн шүүх хуралдаанд прокурортой мэтгэлцэх боломжгүй юм. Б.Лхагвасүрэнгийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Б.Лхагвасүрэн нь Б.Бат-Очиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хэвлийн тус  газар нь хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Оюунхишиг болон Б.Лхагвасүрэнгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон. Мөрдөн байцаалтын шатанд Б.Лхагвасүрэнд өмгөөлүүлэх эрхийг хангалттай тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан. Шүүх хуралдаан дээр ч даргалагч шүүгч өөрийгөө өмгөөлж чадах юм уу, прокурортой мэтгэлцэж чадах уу гэж асуухад чадна гэсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.    

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол “хууль ёсны байх” шаардлагыг хангаагүй байна.

   Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Лхагвасүрэн нь төлбөрийн чадваргүйн улмаас мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд өмгөөлөгчгүй байцаан шийтгэх ажиллагаанд оролцож, хэрэг нь шүүхэд шилжиж ирсний дараа 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд “төлбөрийн чадваргүй тул өмгөөлөгч авч чадаагүй, шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулна уу” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр албан бичгээр улсын өмгөөлөгч томилуулахаар Хууль зүйн туслалцааны төвд хүсэлт хүргүүлсэн атлаа уг албан бичгийн хариуг шаардан авалгүйгээр Б.Лхагвасүрэнгийн өөрийгөө өмгөөлөх тухай бичгээр гаргасан хүсэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “би өмгөөлөгчгүй оролцоно. Учир нь би цагдан хоригдож байгаа учраас өмгөөлөгч авах боломжгүй байна, мөн улсын өмгөөлөгч томилогдоогүй байна” гэснийг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “төлбөрийн чадваргүй этгээд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан бол заавал өмгөөлөгч оролцуулна”, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийг өмгөөлүүлэх бололцоогоор заавал хангах үүрэгтэй” гэснийг ноцтой зөрчжээ.  

 Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон тул ялтны гаргасан давж заалдах гомдлыг энэ удаад хэлэлцээгүй болно.