Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 39

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Д.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй тус аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурал, түүнийг төлөөлж дарга Д.Ганбаярт холбогдох 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 01 дүгээр Багийн Засаг дарга томилуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Уранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн, хариуцагч Тсосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Ганбаяр, гуравдагч этгээд Т.Лхагварагчаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Уранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дашдоржийн Уранцэцэг нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт оршин суудаг. Би Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Засаг даргыг сонгох 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн сонгуульд Монгол ардын намаас, Төрмөнхийн Лхагварагчаа нь Ардчилсан намаас тус тус нэр дэвшин өрсөлдсөн. Харин тус сонгуулиар Т.Лхагварагчааг 203 хүний санал авсанд, намайг 202 хүний санал авсанд тооцож, 6 ширхэг саналын хуудсыг хүчингүйд тооцож, Т.Лхагварагчааг Улаантолгой багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэхүү сонгуулийн санал хураалтыг дүнг дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, багийн Засаг даргыг сонгох сонгуулийг товлож, тухайн өдрөө сонгуулиа явуулсан. Ийнхүү иргэдийн Нийтийн Хурал нь Засаг даргыг сонгох сонгуулийг явуулахаар шийдвэрлэхдээ тус сонгуулийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хэдэн цагаасхэдэн цагийн хооронд эхлүүлж, дуусгах, сонгуулийн санал хураалт ямар журмаар явагдах зэрэг нарийн зохион байгуулалтын дэгээ тогтоогоогүй учраас энэ талаар би хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй. Иргэдийн Нийтийн Хурлын дээрх сонгууль явуулах талаар нарийн дэг тогтоогоогүй эс үйлдэхүй нь багийн Засаг даргыг сонгох сонгуулийг будлиантуулах үндэслэл болсон гэж үзэж байгаа бөгөөд энэ эс үйлдэхүй нь тус сонгуульд оролцож өрсөлдсөн миний эрх ашиг болон надад саналаа өгсөн иргэдийн эрх ашгийг хохироосон гэж үзэж байна.Ийнхүү иргэдийн Нийтийн Хурлаас тухайн өдрийн хурлаараа сонгууль явуулах нарийн дэг журмаа тогтоогоогүйгээс Багийн Засаг даргыг сонгох сонгууль доорхи байдлаар будлиантсан болно. Тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Багийн Засаг даргыг сонгох сонгуулийн тооллогын комиссын даргаар Б.Даваацэрэн, гишүүдээр П.Ренчиндорж, Б.Хажидмаа, З.Бадамзул, М.Нямсүрэн нарыг томилсон. Томилогдсон тооллогын комисс нь иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Багийн Засаг даргыг сонгох саналын хуудсыг тус бүрд нь тоолон хүлээн авсан бөгөөд Багийн Засаг даргад нэр дэвшигч нарын 410 ширхэг саналын хуудсыг хүлээн авсан. Гэтэл санал хураалтын дараа саналын хайрцагнаас 411 ширхэг саналын хуудас гарган тоолсон. Мөн багийн Засаг даргыг сонгох сонгуульд санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалтанд байгаа хүний тоо 401 ширхэг байтал, саналын хайрцагнаас 411 ширхэг саналын хуудас гарч, санал өгсөн хүний тоо, хайрцагнаас гарсан саналын хуудас, анх тоолон хүлээн авсан саналын хуудас зэрэг нь бүгд зөрсөн учраас би хяналтын тооллого хийлгэх хүсэлт гаргахад хийх боломжгүй гээд тооллогын комисс нь холбогдох бүх материалыг аваад зугтсан. Мөн багийн Засаг даргыг сонгох сонгуульд тухайн багийн иргэд оролцож саналаа өгдөг байтал тухайн багт харьяалалгүй Их уул сумын иргэд, Дархан-уул, Рашаант багаас иргэд авчирч санал өгүүлсэн болох нь санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалтаас харагдаж байна. Иймд би дээрх үндэслэлүүдээр Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Багийн Засаг даргыг сонгох сонгуулийн Багийн Засаг даргын сонгуулийг нь хүчин төгөлдөр бус сонгууль болсон гэж үзэж байгаа учраас Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаар Багийн Засаг даргыг томилуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаантолгой багийн Засаг даргыг сонгох сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж оролцсон. Ингээд Улаантолгой багийн Засаг даргыг сонгох сонгууль 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр товлогдож, багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдсан. Иймд багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Дээрх тогтоолыг яагаад хүчингүй болгуулах гэж байна вэ? гэхээр Улаантолгой багийн Засаг даргыг томилох 2 дугаар сарын 5-ны өдрийн сонгуулиар Т.Лхагварагчаа 203 хүний саналаар, миний бие 202 хүний саналаар, мөн хүчингүй 6 хүний санал авсан. Ийм учраас иргэдийн Нийтийн Хурлаас Т.Лхагварагчааг багийн Засаг даргаар томилох тогтоолыг гаргаж, сумын Засаг даргад уламжилсан байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ? гэхээр Нэгдүгээрт Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргыг сонгох сонгууль явагдаж эхэлснээс хойш санал хураалт хэзээ эхэлж, хэзээ дуусах талаар дэг тогтоогоогүй. Ийнхүү дэг тогтоогоогүй нь багийн Засаг даргыг сонгох сонгуулийг будилаантуулах нэг үндэслэл юм. Хоёрдугаарт тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ комисс нь саналынхаа хуудсыг тоолж, хүлээж авсан. Ийнхүү хүлээж авсан саналын хуудас нь 410, харин саналын хайрцагнаас гарч ирсэн саналын хуудас нь 411, мөн санал хураалтанд оролцсон хүмүүсийн нэрсийн тоо нь 401 байгаа. Иймд анх тоолж хүлээж авсан саналын хуудас, хайрцагнаас гарсан саналын хуудас, санал өгсөн хүний тоо зэрэг нь бүгд зөрчилтэй байсан. Тийм учраас миний бие дахин хяналтын тооллого хийлгэхээр хүсэлт гаргасан юм. Гэтэл миний хүсэлтийг тооллогын комисс хүлээж аваагүй, зугтаагаад гараад явсан. Ийнхүү миний хүсэлтийг хүлээж аваагүй учраас Цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл Цагдаагийн байгууллага бид нарын хүсэлтийг хүлээж аваагүй. Учир нь сонгуулийн үйл ажиллагаанд оролцохгүй, манай байгууллагын хийх ажил биш гэж хэлсэн. Тийм учраас саналын хуудсаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Лхагважавд хүлээлгэж өгөөд, битүүмжлүүлсэн. Гуравдугаарт багийн Засаг даргыг сонгох сонгуульд тухайн багийн иргэд оролцох ёстой. Гэтэл багийн Засаг даргын сонгуульд Рашаант баг, Их-Уул сум, Дархан-Уул багийн иргэд оролцсон нь нэрсийн жагсаалтаас тодорхой харагдсан. Ийм учраас Улаантолгой багийн Засаг даргыг сонгох сонгууль хүчин төгөлдөр бус болсон. Иймд Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10-т зааснаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгч, багийн Засаг даргыг сонсох сонгуульд зөвхөн тухайн багийн сонгуулийн насны иргэд оролцохоор байгаа. Гэтэл нотлох баримт шинжлэн судалсан болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас харахад Жаргалсайхан, Ганчимэг, Дашдолгор, Бямбажав гэсэн өөр багийн иргэд ирээд, Улаантолгой багийн Хурлын дарга, Тэргүүлэгч, багийн Засаг даргыг сонсох сонгуульд оролцсон байна. Энэ бол Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10 дахь заалтыг зөрчиж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, холбогдох нотлох баримт, талуудын тайлбараар нотлогдлоо. Хоёрдугаарт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.11-т хуралдааны дэгийг Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална гэж заасан. Гэтэл иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргыг сонгох сонгуульд хурлын дэг батлаагүй. Хурлын дэгээр юу батлах ёстой байсан бэ? гэхээр санал хураалтын цаг, саналын хуудсныг хэн хүлээж аваад, хэнд хүлээлгэж өгөх, ямар журмаар хоорондоо хүлээлцэх, бусад зохион байгуулалтын ажлыг нэг бүрчлэн хурлын дэгээр тогтоогоод, тогтоолоор батлах ёстой байсан. Ийнхүү хурлын дэг тогтоогоогүй учраас өнөөдрийн маргаан үүссэн. Ийм учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.11 дэх заалтыг зөрчсөн байна. Гуравдугаарт тухайн өдрийн санал хураалтанд 403 хүн орсон байна. Гэтэл саналын хуудасны тоо 411 байна. Тэгэхээр санал хураалт өгсөн хүний тоо, саналын хуудасны зөрсөн. Энэ бол ноцтой зөрчил юм. Тэгэхээр 8 саналын хуудас хаанаас гараад ирсэн юм бэ? Хэрвээ 411 хүн санал хураалтанд оролцоод, саналаа хуулийн дагуу өгсөн юм бол Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т зааснаар багийг Засаг даргыг эрх бүхий албан тушаалтан санал болгоно гэж заасан. Тэгэхээр 411 хүн санал хураалтанд оролцсон юм бол Т.Лхагварагчаа нь 50 дээш хувийн санал аваагүй байна. Яагаад гэвэл 411 хүний 50 хувь нь 205 байх ёстой. Ийнхүү 205 хүний санал авсан бол багийн Засаг даргаар томилуулахаар нэр нь явахаар байна. Шүүхээс хийсэн үзлэгийн дүн, багийн Засаг даргад томилуулахаар явуулсан тооллогын дүн зөрж байгаа. Тооллогын комиссын дүнгээр Т.Лхагварагчаа 203, Д.Уранцэцэг 202 хүний санал тус тус авсан, 6 саналын хуудас хүчингүй байдаг. Харин шүүхийн үзлэгийн дүнгээр Т.Лхагварагчаа 203 хүний санал, Д.Уранцэцэг 201 хүний санал тус тус авсан байдаг. Тэгээд нэхэмжлэгчийн талаас гомдол гаргахаар саналын хайрцагны лацыг хөндөж будилаан оруулсан. Энэ нь гурван саналын хуудсыг ногоон лацаар лацдаж хүлээлгэн өгсөн зургаар тогтоогдож байгаа. Гэтэл шүүхээс хийсэн үзлэгээр ногоон лац нь байхгүй байсан. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн саналын хайрцагнаас гарсан тоо, нийт оролцсон иргэдийн тоо, бүртгэлийн тоо зэрэг нь хоорондоо зөрүүтэй байгаа. Ийм зөрчилтэй тоогоор багийн Засаг даргыг санал болгоод, уламжлаад, томилсон нь хууль зөрчиж байна. Дээрх байдлаас дүгнэхэд Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргыг томилуулах 01 дүгээр тогтоол нь нэхэмжлэгч Д.Уранцэцэгийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т заасан нөхцөл бүрдсэн тул маргаан бүхий 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Хариуцагч Д.Ганбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Засаг даргад Монгол Ардын намаас нэр дэвшигч Д.Уранцэцэг, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, багийн Засаг даргыг сонгох сонгуулийг хүчин төгөлдөр бус сонгууль болсон гэж үзэж байгаа талаар танай шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэжээ. 1.Тус багийн иргэдийн Нийтийн Хурлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар шийдвэрийн дагуу 2017 оны 2 дугаар сарын 5-ны 12.00 цагт Тосонцэнгэл сум дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн соёлын зааланд 210 хүний бүрэлдэхүүнтэй буюу 55.1 хувийн ирцтэйгээр хурал хийсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Я.Гарамсүрэн хуралд хэлэлцэх асуудал, хурлын дэг дотоод журам, зохион байгуулалтыг танилцуулан хуралд ирсэн нийт багийн иргэд 100 хувь санал нэгтэй баталсан. 2. Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор тооллогын комисс сонгохоор иргэдээс санал авч 5 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комиссыг 100 хувийн саналаар батлав. Тооллогын комисст: Б.Даваацэрэн-Ардчилсан нам, Б.Хажидмаа-Ардчилсан нам, З.Бадамзул-Монгол Ардын нам, М.Нямсүрэн-Монгол Ардын нам, П.Ренчиндорж-Багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч нарыг сонгон комисс хуралдаж тооллогын комиссын даргаар Б.Даваацэрэнг сонгож комиссын гишүүдийн ажлын хувиарыг дараах хувиарын дагуу хийж ажиллаа.

Тооллогын комиссын гишүүд: З.Бадамзул-санал өгөх ирцийг бүртгэх, М.Нямсүрэн-багийн Засаг дарга сонгох саналын хуудас олгох,П.Ренчиндорж-багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид сонгох саналын хуудас олгох, Б.Хажидмаа-санал өгсөн иргэдийн хуруунд тэмдэглэгээ хийх, Б.Даваацэрэн-санал өгөх байрны зохион байгуулагчаар тус тус хувиарын дагуу ажилласан болно. Монгол Ардын намаас санал авах байранд Ч.Энхтуяа ажиглагчаар ажилласан. Харин Ардчилсан намаас ажиглагч оролцоогүй болно. Иргэдээс санал авах ажиллагааг 13.30 цагт эхлэн 16.40 цагт дуусгаж багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч 5 хүн, багийн Засаг даргад олонхийн санал авсан Т.Лхагварагчааг Улаантолгой багийн Засаг даргад томилуулахаар тооллогын комиссын гишүүд 100 хувийн санал нэгтэй баталж, тооллогын комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулан сумын Засаг даргад хүргүүлсэн болно. Багийн нийт 411 сонгогч санал өгсөнөөс: Багийн Засаг даргад Т.Лхагварагчаад 203 сонгогч, Д.Уранцэцэгт 202 сонгогч тус тус санал өгсөн байна. Багийн иргэдийн Нийтийн Хурал, тэргүүлэгчид санал өгөх хайрцагнаас-411 саналын хуудас, багийн Засаг даргад санал өгөх хайрцагнаас-411 саналын хуудас тус тус гарч ямар нэгэн зөрүү гаргаагүй болно. Монгол Ардын намаас томилогдон ажилласан З.Бадамзул нь санал өгсөн иргэдийг иргэний үнэмлэхээр тулгаж хийж 401 хүн бүртгэж, 10 хүнийг бүртгээгүй орхисон нь санаатайгаар сонгуулийг будлиантай болгох оролдлого гэж үзэж байна. Саналын хуудас тооллого хийхийн өмнө санал өгсөн иргэдийн бүртгэл саналын хайрцагнаас гарсан иргэдийн тоо зөрүүтэй байгаа талаар тооллогын комисс ярилцан 2 саналын хайрцагнаас гарсан саналын хуудасны тоо зөрүүгүй байгаа тул бүртгэгч З.Бадамзул зарим иргэдийг бүртгээгүй байгаа гэж үзээд, тооллогын комисс 100 хувийн саналаар саналын хуудасны тооллого эхэлсэн болно. Санал тоолох ажиллагааг 18.40 цагт дуусгаж дүнг багийн хурал хийсэн зааланд байсан багийн иргэдэд танилцуулж тогтоолын төслийг батлуулсан. Монгол Ардын намын гишүүд болон зарим иргэд санал хураалтын хуудсанд дахин хяналтын тооллого хийлгэх хүсэлт тавьсан боловч багийн иргэдийн Нийтийн Хурлаас санал хураалтын хуудсанд дахин хяналтын тооллого хийх комисс томилох ирц бүрдэхгүй байсан учир хурлыг 19.30 цагт хааж, саналын хуудсыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн ажлын албанд өгөхөөр явах гэтэл Монгол Ардын намын гишүүд сумын цагдаагийн хэлтэст дуудлага өгч, цагдаагаас 4-5 хүний бүрэлдэхүүн ирж, тооллогын комиссыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Цагдаагийн хэлтэст саналын хуудсыг хүлээлгэн өгөх гэтэл манай байгууллага шалгахгүй, хуудас авахгүй гэсэн. Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн ажлын алба нарийн бичгийн дарга Б.Лхагважавд 21.00 цагт Монгол Ардын нам, Ардчилсан намын гишүүдийн хамтаар тооллогын комисс саналын хуудсыг хайрцагт хийн лацдаж, хүлээлгэн өгсөн. Хайрцагны лацыг Монгол Ардын намын дарга Н.Сүхбаатар лацадсан. Д.Уранцэцэгийн нэхэмжлэлд тооллогын комисс холбогдох бүх материалыг аваад зугтсан мэтээр бичсэн нь ор үндэслэлгүй гүтгэлэг байна. Тооллогын комисс хуулийн дагуу сайн ажиллаж тогтоолын төслийг багийн иргэдийн олонхи зөвшөөрч баталсан болно гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хурлын дэгийг би мэдэхгүй. Багийн Засаг даргыг сонгох сонгууль явагдаад, тооллогын комисс хүлээн зөвшөөрсний дараа би гарч ирсэн. Өөрөөр хэлбэл бүх зүйл баталгаажсаны дараа тогтоолыг үйлдсэн. Түүнээс биш саналынхаа хуудсыг аваад зугтаасан зүйл байхгүй. Тухайн үед хуралд ирсэн иргэд ерөнхийдөө тарсан. Харин Ардчилсан нам болон Монгол Ардын намын хүмүүс тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн хүмүүс байсан. Ялангуяа Монгол Ардын намыг дэмжсэн согтуу хүмүүс нилээн байсан. Тийм учраас саналын хайрцагийг тухайн үед задлах боломжгүй байсан байх гэв.

Гуравдагч этгээд Т.Лхагварагчаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэн Д.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийн дагуу зарлагдсан Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгууль нь багийн иргэдийн 55.1 хувийн ирцтэйгээр явагдаж, хуралд оролцсон иргэдийн олонхийн саналаар өрсөлдөгч хоёр намаас тус бүр 2 хүн, нам бус-1 хүн, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулан зохион байгуулж Т.Лхагварагчаа миний бие 203 хүний санал, Д.Уранцэцэг 202 хүний санал авч намайг тооллогын комиссын шийдвэрээр олонхийн санал авсан гэж үзэн тооллогын комисс тогтоол гаргаж, тооллогын комиссын 5 гишүүн гарын үсгээ зурж баталгаажуулсны үндсэн дээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гарч Улаантолгой багийн Засаг даргаар ажиллаж байгаа нь хууль зөрчөөгүй. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргын сонгууль хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. 2. Миний бие сонгуулийн үед ямар нэгэн булхай хийгээгүй шударгаар өрсөлдөж одоогоор надтай холбоотой ямар нэгэн гомдол санал гараагүй байна. Харин миний томилогдсон шийдвэрийг түдгэлзүүлвээс төрийн залгамж чанар алдагдах, багийн иргэд төрийн үйлчилгээ авах талаар хохирч болзошгүй тул миний төлөө саналаа өгсөн олонхи иргэдийг хүндэтгэн миний багийн Засаг даргаар томилогдсон шийдвэрийг түдгэлзүүлэхгүй байхыг хүсье. 3. Миний бие анх удаа багийн Засаг даргын сонгуульд өрсөлдөж байгаа бөгөөд надад саналаа өгсөн багийн иргэдээ хүндэтгэн цаашид шударга төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэж, залуу хүний чин сэтгэлээр ажиллах хүсэлтэй байгааг минь та бүхнийг ойлгож байгаа гэдэгт итгэж байна гэжээ.

Гуравдагч этгээд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний хувьд тооллогын комиссд ороод ажилласан биш. Орой дүн гарсан чинь л намайг багийн Засаг даргаар томилуулах тогтоол гарсан. Тэр санал хураалтын цагийг тогтоох ямар ч боломжгүй байсан. Яагаад гэвэл хэдэн хүн ирж санал өгөх нь тодорхойгүй, хэдэн цагт дуусах нь баримжаагүй байсан. Манай баг төвтэй, хөдөөтэй. Хөдөөний хүмүүс мал, идээгээ янзалчихаад ээлжлээд саналаа өгөхгүй бол бүл, зав муутай гэдэг байсан. Өөр тайлбар алга гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Т.Лхагварагчаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэгдүгээрт хурлын дэг тогтоох талаар нэхэмжлэгч тал тухайн үед маргаагүй. Хэрвээ нэхэмжлэгч Д.Уранцэцэг багийн Засаг даргаар сонгогдсон бол яах байсан бэ? нэхэмжлэгч тал 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахын тулд янз бүрийн юм ярьж байна. Тэгэхээр ийм зүйл ярих боломжгүй. Хурлын дэг тогтоогоогүй учраас багийн Засаг даргыг сонгох сонгуульд оролцохгүй гэсэн хүсэлт огт гаргаагүй байна. Гэтэл өөрт нь ашиггүй байдал үүсэхээр хурлын дэгийг батлаагүй гэж маргаад байх юм. Энэ хэрэгт зөвхөн багийн Засаг даргыг томилуулах талаар маргаж байгаа. Гэтэл өмнөх асуудлууд дээр өөрөө сайн дураараа орж, багийн Засаг даргад нэр дэвших асуудал дээр оролцож явчихаад, дараа нь хурлын дэг байхгүй. Тийм учраас хүчингүй болгуулна гэж маргалаа. Хоёрдугаарт хуралдаан хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Тиймээс хурлын дэгийн асуудал энэ хэрэгт хамааралгүй. Хурлын дэг тогтоогоогүй асуудал нь нэхэмжлэгчийн эрх ашгийг яаж хөндсөн юм бэ? үүнээс болоод таны саналын тоо буурсан юм уу? яасан юм бэ? ийм зүйл өнөөдөр байхгүй. Маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгуулахын тулд янз бүрийн тайлбар хэлээд байгааг гайхаж байна. Хэрэгт хамгийн ач холбогдолтой зүйл нь тооллогын комисс байгаа. Энэхүү тооллогын комиссын тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан. Үүнийг хөдлөшгүй нотлох баримт хэмээн ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл тухайн үед санал хураалт зөрчилгүй явагдсан, маргаан гараагүй гээд таван хүн гарын үсгээ зурж баталгаажуулсан. Үүнийг үндэслээд дараа дараагийн тогтоолууд гарсан. Тухайн саналын хуудсыг тоолохдоо машинаар тоолоогүй, хүн тоолсон учраас нэг саналын хуудсыг алдаж тоолох магадлалтай. Тухайн үед Т.Лхагварагчаа 203 хүний санал авсан, Д.Уранцэцэг 202 хүний санал авлаа. Үүн дээр ямар ч маргаан байхгүй гээд таван хүн гарын үсгээ зурсан. Энэ баримт л хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Тийм учраас тэр саналын хуудсыг засаж янзлах боломжгүй. Гэрч нарын мэдүүлгээс харахад яах аргагүй Т.Лхагварагчаа 203 хүний санал, Д.Уранцэцэг 202 хүний санал авсан гэж мэдүүлсэн байдаг. Ийнхүү хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг байгаа учраас саналын тоон дээр ярих боломжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа ирцийн хувьд дутуу гэж тайлбарлалаа. Хэрвээ дутуу байсан бол Бадамзул гэдэг хүн хөндөж ярих байсан. Гэтэл Бадамзул өөрөө хүлээн зөвшөөрөөд явсан асуудал байгаа. Мөн 205 хүний санал авч 50 хувьдаа хүрнэ гэж ярилаа. Энэ талаар ярих боломжгүй. Яагаад гэвэл 411 хүн санал хураалтанд оролцоод 6 хүний санал хүчингүй болсон. Ийнхүү хүчин болсон саналын хуудсыг тоолох боломжгүй. Үүн дээр хэн ч маргаагүй 6 саналын хуудас хүчингүй болгосон байгаа. Тэгэхээр хүчингүй болсон 6 саналын хуудсыг 50 хувьд оруулах боломжгүй. Угаасаа ойлгож ядаад байх зүйлгүй. Хоёр хүн багийн Засаг даргад өрсөлдсөн. Нэг хүн нь илүү санал авахад л 50 хувьдаа хүрнэ. Нэхэмжлэгч тал хурлын дэг батлаагүй гэж тайлбарладаг. Гэтэл энэ хэрэгт хуралдааныг хүчингүй болгуулах асуудал яригдаагүй учраас хамааралгүй юм. Хуралдаанаас санал гарна гэж байгаа. Хуралдаанаас ямар санал гарсан юм бэ? гэхээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 17.1.2 дахь заалтыг баримтлаад, багийн Засаг даргыг томилуулах тухай таван хүний гарын үсэгтэй шийдвэр гарсан. Үүн дээр хэн ч маргаагүй. Тэгэхээр тооллогын комиссын дүнг үндэслэж багийн Засаг даргыг томилуулах тогтоол гарсан учраас хууль зөрчсөн асуудал байхгүй. Мөн Д.Ганбаярыг яагаад хариуцагчаар татаад байгаа асуудал яригдана. Учир нь Д.Ганбаяр иргэдийн Нийтийн Хурлыг бүрэн төлөөлөх эрхтэй субьект мөн үү? биш үү? Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хамтын шийдвэр гаргадаг байгууллагыг тогтоосон. Үүнд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орно. Энэ байгууллагаас тогтоол гаргах тохиолдолд Д.Ганбаярын цаана сондгой тоотой 3-аас дээш хүн байх ёстой. Нэхэмжлэгч тал хариуцагчаа буруу татсан. Зөвхөн Д.Ганбаярыг хариуцагчаар татах ёсгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жаргалсайханыг оруулж ирсэн болохоор багийн Засаг даргыг сонгох сонгууль хүчингүй болно гэж тайлбарлалаа. Тэгэхээр Жаргалсайхан нь Т.Лхагварагчаад саналаа өгсөн, саналыг будилаантуулсан гэсэн зүйл байхгүй. Хэнд өгсөн нь одоо хүртэл мэдэгдэхгүй байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал миний эсрэг өгсөн учраас санал хураалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж байна. Санал хураалт нь нууцаар явагдсан. Ийнхүү нууцаар явагдсан санал хураалтыг үндэслэж тооллогын комисс дүнгээ гаргасан учраас үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэгч тал санал дээр маргаж байгааг шүүх анхаарч үзэх байх гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ

Иргэн Д.Уранцэцэг нь Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурал, түүнийг төлөөлж дарга Д.Ганбаярт холбогдуулж 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 01 дүгээр Багийн Засаг дарга томилуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Маргааны үйл баримтын тухайд:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тус багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 10 цагт Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулахаар шийдвэрлэж, 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр тус сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэх асуудлын 7 дугаарт багийн Засаг даргыг сонгох асуудлыг тогтоосон байна.

Ингээд 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 12 цагт тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 210 хүн буюу 55.1 хувийн ирцтэй хуралдаж эхэлсэн ба багийн Засаг даргыг сонгох хуралдааны санал хураалт явагдахад 401 хүний нэр уг хуралдааны ирцийн бүртгэлд тэмдэглэгдсэн байна. Уг багийн Засаг даргыг сонгох хуралдааны санал хураалтын хайрцагнаас 411 хүний саналын хуудас гарсныг Тооллогын комиссын дарга Б.Даваацэрэн танилцуулж үүнээс 6 саналын хуудас хүчингүй болж, хүчинтэй саналын хуудас 405, үүнээс Т.Лхагварагчаа 203 иргэний саналаар 50.13 хувь, Д.Уранцэцэг 202 иргэний саналаар 49.87 хувийн санал тус тус авч, 1 хүний илүү саналаар Т.Лхагварагчаа ялалт байгуулсан гэж үзэж 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 01 дүгээр Багийн Засаг даргыг томилуулах тухай тогтоолыг Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гэсэн тэргүүтэй үйлдэж Тооллогын комиссын дарга, гишүүд гарын үсэг зурсан байна.

Мөн өдөр Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын 01 дүгээр Багийн Засаг даргыг томилуулах тухай тогтоол гарч иргэдийн олонхийн санал авсан Т.Лхагварагчааг Улаантолгой багийн Засаг даргад томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан байх ба энэ тогтоол нь тус багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Ганбаярын гарын үсэгтэй байна. Улмаар 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Б/05 дугаар захирамжаар Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын 01 дүгээр тогтоолыг үндэслэн олонхийн санал авсан нэр дэвшигч Т.Лхагварагчааг Улаантолгой багийн Засаг даргаар батламжилсан байна.

Нэхэмжлэгч нь Улаантолгой багийн Засаг даргыг сонгох сонгуульд гадны багийн иргэд оролцож саналаа өгсөн, багийн Засаг даргыг сонгох сонгуульд санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалтад бичигдсэн тоо, саналын хайрцагнаас гарсан саналын хуудасны тоо зөрсөн зэрэг нь миний сонгогдох эрхийг зөрчсөн гэж, хариуцагч нь Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас олонхийн санал авсан Т.Лхагварагчааг томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан. Энэ нь ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж маргаж байна.

Хоёр: Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 01 дугаар Багийн Засаг дарга томилуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн багийн Засаг дарга сонгох хуралдааны ирцэд бүртгэгдсэн иргэдийг нийт 401 гэж ирцийн бүртгэлд тэмдэглэсэн байна. Харин ирцийн бүртгэлд давхардуулан бүртгэж балласан тэмдэглэгээгээр 412 гэж дугаарлан иргэдийн нэрсийг тэмдэглэсэн байна. Уг ирцэд бүртгэгдсэн иргэдийн нэрсийг тоолж үзэхэд 403 иргэний нэрс байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хуралдсан Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргыг сонгох хуралдаанд хэдэн хүн оролцсон нь дээрх ирцийн бүртгэлээс тодорхойгүй байна. Тооллогын комиссын хуралдааны тэмдэглэлээр санал хураалтад нийт 411 хүн оролцож, санал хураалтын хайрцагнаас 411 саналын хуудас гарсан талаар дурдсан боловч багийн Засаг даргын санал хураалтад хэдэн саналын хуудас хэвлэж тооллогын комисст хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, түүнтэй холбоотой баримт тус шүүхээс хийсэн үзлэгийн явцад байхгүй байсан ба хариуцагчаас шаардахад өөрт байгаа бүх баримтаа шүүхэд гаргаж өгсөн гэж тайлбарлаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь тус багийн Засаг даргыг сонгох хуралдаанд гадны багийн иргэд оролцсон зөрчил гарсан гэж маргаж байгаа бөгөөд Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны ирцийн бүртгэлийн 212, 234 дугаарт бүртгэгдэж саналаа өгсөн иргэн Ш.Жаргалсайхан, Ш.Ганчимэг нарын хаягийн бүртгэлийг тодруулахад Их-Уул сумын Хуягт багийн иргэний бүртгэлтэй болох нь тогтоогдож байна. Мөн тус сумын Оргих багийн иргэн н.Бямбажав, н.Дашдолгор нар Улаантолгой багийн Засаг дарга сонгох хуралдаанд оролцож санал өгсөн гэх талаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан ба эдгээр иргэдийг санал хураалтад оролцсон гэдэгтэй талууд маргахгүй байгааг дурдах нь зүйтээ байна. Нэхэмжлэгч Д.Уранцэцэг нь тус багийн Засаг даргыг сонгох хуралдаанаас 202 иргэний санал, гуравдагч этгээд Т.Лхагварагчаа нь 203 хүний санал авсан гэж тайлбарлаж байгаа ба энэхүү тайлбараар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн саналын зөрүү 1 байна. Иймд Улаантолгой багийн иргэн бус Их-Уул сумын Хуягт багийн 2 иргэн, мөн талуудын тайлбарлаж байгаачлан Оргих багийн 2 иргэн тус багийн Засаг дарга сонгох хуралдаанд оролцож санал өгсөн нь Д.Уранцэцэг, Т.Лхагварагчаа нарын саналын зөрүүнээс их байх тул сонгуулийн санал хураалтын дүнд нөлөөлөхүйц байна. Энэ нь санал хураалтын дүнд нөлөөлөх ноцтой зөрчилд тооцогдох үндэслэлтэй ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт: Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох..... гэсэн заалтыг зөрчсөнөөр тухайн санал хураалтын ажиллагаа хууль зөрчиж явагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн тус шүүхээс Улаантолгой багийн Засаг даргыг сонгох хуралдааны санал хураалттай холбоотой бичиг баримтад хийсэн үзлэгээр Т.Лхагварагчаад өгсөн хүчинтэй саналын хуудас 203, Д.Уранцэцэгт өгсөн хүчинтэй саналын хуудас 201 байсан ба Д.Уранцэцэгийн хүчинтэй 202 саналын хуудас дотор Т.Лхагварагчаагийн нэрийн ард тэмдэглэгээ хийсэн 1 саналын хуудас гарч ирсэн ба хүчингүй саналын хуудас 6 ширхэг нийт 411 саналын хуудас гарч ирсэн болно. Хэргийн оролцогчид шүүхээс хийсэн үзлэгийн тооллогын дүнтэй маргахгүй гэж байх боловч нэхэмжлэгчийн зүгээс санал хураалтын дүнд Т.Лхагварагчаа 203, Д.Уранцэцэг 202, хүчингүй 6, нийт 411 саналын хуудас гарсан. Энэ дүн саналын хуудсыг гараар 4-5 удаа тоолж гарсан дүн. Хариуцагч тал лацтай саналын хайрцагны ёроолыг задалж саналын хуудсан дээр тавьсан ногоон лацыг хөндөж санал хураалтын дүнд засвар оруулсан гэж маргаж байгаа ба санал хураалтын дүнг лацдаж хүлээлгэж өгсөнтөй холбоотой зурган баримт ирүүлснийг дурдах нь зүйтээ байна. Үүнээс үзэхэд Т.Лхагварагчааг олонхийн санал авсан гэж Улаантолгой багийн Засаг даргаар томилуулах санал уламжилсан тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Багийн Засаг даргад томилуулах тухай 01 дүгээр тогтоол нь тооцооллын хувьд алдаатай тооллогын комиссын тогтоолыг үндэслэсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нь дангаараа уг хэргийн хариуцагч биш. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хамтын шийдвэр гаргадаг байгууллагыг тогтоосон. Үүнд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал орно. Энэ байгууллагаас тогтоол гаргах тохиолдолд Д.Ганбаярын цаана сондгой тоотой 3-аас дээш хүн байх ёстой гэж маргаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Баг, хорооны Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 17.1.2 дахь заалтад баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх ... саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах, 17.2 дахь хэсэгт Баг, хорооны Хурлын энэ хуулийн 17.1.1-17.1.3 ...-д зааснаас бусад бүрэн эрхийг уг Хурлын хуралдааны чөлөө цагт тухайн Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ гэж заасан байна. Өөрөөр хэлбэл багийн Засаг даргыг томилуулахаар сумын Засаг даргад уламжлах саналыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэн олонхийн санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэж, уг тогтоолд хурлын дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг тул хариуцагч биш гэж үзэх үндэслэлгүй байна.

Зөвхөн тухайн багийн сонгуулийн насны иргэн оролцож болох багийн Засаг даргыг сонгох хуралдаанд тус багийн харьяалалын бус иргэд оролцож санал өгсөн нь нэхэмжлэгч Д.Уранцэцэг, гуравдагч этгээд Т.Лхагварагчаа нарын саналын зөрүүтэй тэнцүү буюу түүнээс их байх энэ нь Улаантолгой багийн Засаг даргыг сонгох хуралдааны санал хураалтын дүнд нөлөөлөхүйцноцтой зөрчил байна. Иймд 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хуралдсан Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлынхуралдааны 01 дүгээр Багийн Засаг даргыг томилуулах тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтээ байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3.1 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Уранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 01 дүгээр Багийн Засаг дарга томилуулах тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Уранцэцэгт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР