Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01482

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00992 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1589 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранчимэг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 101/ШШ2016/08904 дугаар шийдвэрээр Н.Б-аас 69 813 330 төгрөг гаргуулж “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /170112/, ХД-69 байрны 58 тоот хаягт байрлах, 45.05 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг 66 914 100 төгрөгөөр үнэлсэн нь өнөөгийн зах зээлийн ханшаас хэт бага байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Монгол улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 816 дугаар тогтоолоор Н.Б-аас 145 561 350 төгрөгийг гаргуулж “Мөнгөн зоос кредит” ББСБайгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Н.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил ХД 69 дүгээр байрны 58 тоот хаягт байрлах 46.05 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хураасан. Төлбөр төлөгч Н.Б- нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн саналаа 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 160 000 000 төгрөгөөр ирүүлсэн бөгөөд төлбөр авагч “Мөнгөн зоос кредит” ББСБайгууллага нь уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт ирүүлсэн. Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор томилж, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 66 914 100 төгрөгөөр үнэлсэн тул уг үнэлгээний 70 хувь буюу 46 839 870 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00992 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг 66 914 100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1589 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00992 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд хууль зүйн хувьд үнэлэлт өгөөгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэрийг гаргасан. 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “'дараахь тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж заасан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд энэ хуульд заасан журмыг баримтална”. 6 дугаар зүйлийн 6.1.2-т “шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг”. 8 дугаар зүйлийн 8.3-т “Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулна” гэж тус тус заасан байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилохдоо шинжээч томилох хуулиар тогтоосон журмын ноцтой зөрчсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 66 914 100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай гэж/ оруулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэтэрхий доогуур үнэлсэн гэж үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлагаа тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж мэтгэлцжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүх 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101\ШШ2015\08904 дугаар шийдвэрээр Н.Б-аас 92 880 000 төгрөг гаргуулж, “Мөнгөн зоос кредит” ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 732 дугаар магадлалаар Н.Б-аас 127 880 000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Улсын Дээд шүүх 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 001\ХТ2016\00816 дугаар тогтоолоор Н.Б-аас 144 680 000 төгрөг гаргуулахаар магадлалд өөрчлөлт оруулсан байна.

Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай заалт байхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1., 53.6.-д зааснаар төлбөрийг төлбөр төлөгч-иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулах бөгөөд дээрх эд хөрөнгө байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулдаг байна. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага мөн зүйлийн 53.2., 53.3., 53.4.-т заасан ажиллагаа явуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай төлбөр төлөгчийн хүсэлт байгаа эсэх, хүсэлтийг харгалзан үзэх эсэхийг тогтоогоогүйгээс гадна гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулах ажиллагаа явуулаагүй байна. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах мэдэгдлийг зохих банк, банкны бус санхүүгийн байгууллагад хүргүүлсэн гэх баримт хэрэгт байхгүй байна. Хуулийн 53.3, 53.6-д заасан эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байвал төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулдаг байна.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн   53 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн байгааг шүүх анхааралгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болжээ.

Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд   барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах заалт байхгүй байхад хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хуульд заасан дээрх ажиллагааг хийгээгүй атлаа төлбөр төлөгчийн өмчлөлийн орон сууцыг төлбөрийг барагдуулах журмаар битүүмжлэн, хурааж, дуудлага худалдаанд оруулахаар ажиллагаа явуулсан нь хууль бус болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэлгүй, Н.Б-ын өмчлөлийн орон сууц  барьцааны зүйл мөн боловч шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар  ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах шийдвэр гаргаагүй болохыг анхаараагүй байна.

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 37 дугаар зүйлийн  37.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг байна. Харин мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гарсан боловч энэхүү гомдол нь шийдвэр гүйцэтгэлийн бүхий л ажиллагаанд хамааралтай ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах шаардлагатай тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Нэхэмжлэгч Н.Б- төлбөрийг сайн дураар төлж барагдуулахгүй, хуульд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсны эцэст төлбөр төлөгдөөгүй тохиолдолд түүний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах боломжтойг тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1589 дүгээр магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00992 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2., 34 дүгээр зүйлийн 34.3., 53 дугаар зүйлийн 53.3.-т зааснаар  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101\ШШ2015\08904 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 732 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 001\ХТ2016\00816 дугаар тогтоолын дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 774 дүгээр үнэлгээг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН