Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 330

 

 

 

 

 

 

 

 

 

        Ж.Дөлгөөн, Ч.Бадрал нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Гансүх, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

ялтан Ч.Бадралын өмгөөлөгч Ц.Ганчимэг,

ялтан Ж.Дөлгөөний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ж.Дөлгөөний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Бадрал, Ж.Дөлгөөн нарт холбогдох 201626030117 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Чимэгсайханы Бадрал, 1980 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 27-22 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 30-73 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЦА80100819/

 

2. Сутай овгийн Жаргалсайханы Дөлгөөн, 1983 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Энхтайваны өргөн чөлөө” гудамжны 12-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ХН83012279/

 

Ч.Бадрал, Ж.Дөлгөөн нар 2016 оны 1 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд Б.Алтанцогийг “Н.Мөнхбат аваргатай гар барих гэж оролдон хэрүүл маргаан үүсгэж, Ж.Дөлгөөний араас савтай ус шидлээ” гэж маргалдан улмаар бие засах өрөөнд бүлэглэн зодож биед нь тархи доргилт, дээд уруулын язарсан шарх, доод уруулын цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ч.Бадрал, Ж.Дөлгөөн нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Бадрал, Ж.Дөлгөөн нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Ч.Бадрал, Ж.Дөлгөөн нарт тус бүр 300 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд эдлээгүй 8 цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар солихыг Ч.Бадрал, Ж.Дөлгөөн нарт сануулж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг “CD”-г хавтаст хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Ж.Дөлгөөний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 78 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

1. Уг эрүүгийн хэргийн хохирогч Алтанцогийн биед учирсан уруулын язралт буюу “хөнгөн” зэргийн гэмтэл нь яллагдагч Дөлгөөн, Бадрал нарын яг хэнийх нь цохилтоос үүссэн болохыг хохирогч зааж чаддаггүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хохирогчид хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг  сануулж мэдүүлэг авсан. Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Согтуугаар энд тэнд очиж хүмүүстэй маргалдаж зохисгүй авирлаж байсан. Мөн Дөлгөөнтэй маргалдаж түлхэлцэн улмаар бие засах өрөөний орчимд түүний араас савтай ус шидэн, хэрүүл өдөж, Мөнхбатын гарыг хүчээр барих гэж зүй бус авирлан агсам согтуу тавьж танхайрсан гэдгийг Мөнхбат, Ганзориг, Октябрь, хохирогчтой хамт байсан түүний эхнэр мэдүүлсэн байдаг.

Хохирогч Алтанцог нь мэдүүлэгтээ “тухайн үед эхнэр жирэмсэн хоёулаа ажил хөдөлмөр эрхлээгүй, байрны лизингтэй, эдийн засгийн хувьд асуудалтай, яллагдагч нараас 20,000,000 төгрөг нэхэж байгаа” талаар тодорхой тооцоотой хэлсэн байдаг. Энэ байдлаас харахад зориуд бусдыг өдөн хоргоож, ямар нэг байдлаар хохирогч болоод бусдаас хохирлын мөнгө ахиу авах санаа зорилго агуулсан юм биш биз гэсэн сэтгэгдэл төрж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хөнгөн гэмтлийг Бадрал нь эрүүгийн хэрэг үүссэн цагаас сэжигтэн, яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ “хохирогчид миний цохилтоос гэмтэл үүссэн байх магадлалтай, хохирогч согтуу намайг маргааныг болиулах гэж очиход над руу дайраад заамдаж аваад цамцны захаар боож хана руу шахаад тавихгүй улам чангалаад цохиод байсан учир би тавиулах гэж цохиж байсан. Миний цохилтоос гэмтэл үүссэн байх, би цохьсон” гэж тогтвортойгоор мэдүүлсээр ирсэн. Харин Дөлгөөн нь “би аргаа бараад гарынхаа ар талаар хацар хавьд нь нэг удаа хальт алгадсан... хохирогчид учирсан хөнгөн гэмтлийг би учруулаагүй, миний цохилтоос үүсээгүй, би хөл хавьцаа нь 2-3 удаа өшиглөсөн” гэж мөн л тогтвортойгоор мэдүүлж ирсэн.

Шүүх эмнэлгийн дүгнэлтэд хохирогчийн хөл, гар, хацар, шанаа орчим ямар нэг хөхрөлт, няцралт гэмтэл тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл Дөлгөөний хөл орчимд өшиглөснөөс хохирогчийн биед гэмтэл учраагүй юм. Гэрч Октябрь “намайг бие засах өрөө рүү явж байхад хүмүүс, өндөр туранхай залуу Мөнхбат аваргатай маргалдаж байх шиг байсан. Би юунаас болж маргасныг анзаараагүй, бие засах өрөөнд орох үед өндөр туранхай залуу өндөр махлаг залуугийн араас савтай ус шидэж, тэд хэрэлдээд орсон, бие засч байх үедээ маргалдаад байснаа пижигнээд явчихсан. Би шээж байсан учир очиж салгах боломжгүй байсан. Тэгсэн тэнд байсан намхан залуу боль боль гээд зохицуулахаар очсон чинь өндөр туранхай залуу намхан залуу руу дайраад тэр хоёр барилцаад, заамдалцаад цохилцож байтал өндөр залуугийн хамраас цус гараад больцгоосон... Би өндөр туранхай залууг дагуулж камерийн өрөөнд оруулсан. Нөгөө хоёр нь гараад явцгаасан. Хохирогч нилээд согтуу байсан” гэж мэдүүлжээ. Энэ мэдүүлгээс ч үзэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Мөн Бадралын цохилтоос хохирогчид хөнгөн гэмтэл учирсан болох нь тодорхой байна.

Иймд хохирогчийн биед хөнгөн гэмтлийг яллагдагч Дөлгөөн Бадралтай бүлэглэн санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Дөлгөөнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Ялтан Ч.Бадралын өмгөөлөгч Ц.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Бадрал нь миний үйлдлийн улмаас хохирогч Б.Алтанцогт хөнгөн гэмтэл учирсан байх” гэж мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад уг хэргийг бүлэглэж үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн байр суурьтай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Давж заалдах шатны шүүх хуралдаанд энэхүү саналаа дэмжиж байна.” гэв.

 

 

ХЯНАВАЛ:

                

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн тогтоохын зэрэгцээ, давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Ч.Бадрал, Ж.Дөлгөөн нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй, мөрдөн байцаалт бүрэн биш хийгдсэн, эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. Үүнд:

 

1. Ч.Бадрал, Ж.Дөлгөөн нар нь олон нийтийн газарт “Мөнхбат аваргатай гар барих гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодож гэмтээсэн үйлдлийг хувийн сэдэлттэй гэж зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон эд мөрийн баримтаар хураагдсан “Минт” баарны бие засах өрөөний хяналтын камерын бичлэг зэргээс үзэхэд Мөнхбат гэгчтэй хохирогч гар барихыг оролдсон асуудлаас үүссэн маргаан дууссны дараа хохирогчийг нийтийн бие засах өрөөнд бие засч байхад нь шүүгдэгч нар зодсон үйлдэл нь хувийн сэдэлттэй гэхээс илүүтэй бусдыг үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжийг агуулсан байна.  

 

            2. Хэргийн үйл баримт болон сэдэлтийг тогтооход ач холбогдол бүхий хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг ноцтой зөрүүтэй. Тухайлбал: Хохирогч Б.Алтанцог “... Мөнхбат аваргатай гар барих гэсэн чинь хажуу талаас нэг том биетэй залуу ирээд түлхээд ойртуулахгүй байхаар нь чамтай гар барих гээгүй, хүндэлж явдаг хүнтэйгээ гар барих гэж байна гээд гар барьсан. Ингээд гарахаасаа өмнө бие засах өрөө ороод зодуулсан...” /хх 7/, гэрч Д.Баясгалангийн “... энэ үед тэр бөхийг хүмүүс тойроод зогсож байсан ба түүнд дотор манай нөхөр Алтанцог байсан. Цаанаас том биетэй залуу гарч ирээд бие хамгаалагч нь юм шиг тэнд байсан хүмүүсийг явцгаа гээд түлхээд байсан. Тэгсэн манай нөхөр чамтай гар барих гээгүй, хүндэлдэг бөхтэйгөө гар барьчихаад явлаа гэсэн. Би нөхрөө дагуулаад ширээндээ очиж суусан. Энэ явдал болсноос хойш хэсэг бүжиглэж байгаад явахаар болсон. Хувцсаа аваад үүдэнд зогсож байхад манай нөхөр Алтанцог бие засахаар явсан. Ирэхдээ зодуулчихаад ирсэн...” /хх 54/ гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, Мөнхбат гэгчтэй гар барих гэж маргаан болж өнгөрснөөс хойш бие засах өрөөнд зодоон болох хүртэл ямар нэгэн асуудал болоогүй байна. Гэтэл тухайн үед хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан гэх гэрч А.Октябрийн “... өндөр туранхай залуу Мөнхбат аваргатай маргалдаад байх шиг байсан. Тэр залуу /Б.Алтанцог/ өөрөөсөө арай том биетэй залуу /Ж.Дөлгөөн/ руу савтай ус шидээд бие засах өрөөнд ороод маргалдаад, удалгүй пижигнэлдээд явчихсан...” /1-р хх 222/ гэж зөрүүтэй мэдүүлсэн байхад мөрдөн байцаалтын шатанд энэ зөрүүг арилгалгүй хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, шүүх харилцан зөрүүтэй нотлох баримтуудаас нэгийг авч, бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байна.

 

            Гэрч А.Октябрь гэгч тухайн үед “Минт” бааранд хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй, хэрэв хамгаалагчаар ажиллаж байсан бол ямар учраас үүргээ биелүүлж маргаан зодооныг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, түүний мэдүүлсэнчлэн хохирогч, шүүгдэгч рүү ус шидснээс болж маргалдан, зодолдсон гэх боловч Ж.Дөлгөөн, Ч.Бадрал нар энэ талаар сэжигтэн, яллагдагчаар анх мэдүүлэхдээ огт дурьдаагүй, маргалдаж зодолдсон шалтгаанаа “бие засч байхад түлхсэн”, “мөрөлсөн”, “найз Бадралтай маргалдсан” /хх 22, 25, 28, 31/ гэж мэдүүлж байснаа сүүлд “араас савтай ус шидсэн” болж мэдүүлэг нь өөрчлөгдсөн зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд гэрч А.Октябрийн мэдүүлэг үнэн зөв болох нь эргэлзээ төрүүлж байна. Иймээс гэрч А.Октябрь гэгч тухайн үед “Минт” бааранд хамгаалалтын үүрэг хариуцан ажиллаж байсан эсэх, бие засах өрөөнд байсан эсэх, хохирогч шүүгдэгч рүү савтай ус шидсэн асуудал бодитой эсэхийг дахин нягталж шалгах нь зүйтэй.

 

            3. Хохирогчид учирсан гэмтлийн зэрэг эргэлзээтэй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1311 дүгээр дүгнэлтээр Б.Алтанцогийн биед зүүн гайморын хөндийн урд ханын хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэж тогтоосон бол дахин хийсэн №254, №565 дугаар дүгнэлтүүдээр уг гэмтэл тогтоогдоогүй гэж үзэн гэмтлийн зэрэг хөнгөн болж өөрчлөгджээ. Гэмтлийн зэрэг өөрчлөгдөх болсон үндэслэл нь “Натур” КТГ зураг, түүний уншсан эмч нарын хариунууд байсан тул эдгээр эмч нараас ямар учраас гайморын хөндийн хугарал байсан, байгаагүй гэж үзээд байгааг асууж тодруулаагүй, зургийг хэрэгт хавсаргаагүй байна. Нөгөө талаар гэмтлийн зэргийг хөнгөн гэж үзсэн шинжээч А.Амгаланболд, Ө.Сарангэрэл, Б.Долгормаа нарын 565 тоот дүгнэлт нь шинжээчээр томилогдоогүй, байцаан шийтгэх ажиллагааны оролцогч бус эмч С.Батзориг гэгчийн бичгээр гаргасан саналд үндэслэснээс уг дүгнэлт хууль зөрчиж гарсан гэж үзэхэд хүргэв. Иймээс хохирогчийн КТГ зураг болон гэмтэлтэй холбоотой эмнэлгийн бусад бичиг баримтуудыг хэрэгт хавсаргаж, дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилж дүгнэлт гаргуулан, хохирогчид учирсан гэмтлийн зэргийг эргэлзээгүй тогтоох шаардлагатай. 

 

            Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Дөлгөөн, Ч.Бадрал нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан “Ж.Дөлгөөний үйлдлийг хэрэгсэхгүй болгох” талаар өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг энэ удаа хэлэлцээгүй болно.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Дөлгөөн, Ч.Бадрал нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

            2. Хэрэг прокурорт очтол Ж.Дөлгөөн, Ч.Бадрал нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыгдурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

                                                                                                М.ПҮРЭВСҮРЭН