Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 225

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч Б.Ч,

Шүүгдэгч Г.Ба-ийн хэлмэрч Б.Жаргалсайхан,

Өсвөр насны шүүгдэгч Б.Өын хууль ёсны төлөөлөгч Б.С,

Шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Л.Цуурай,

Шүүгдэгч Г.Баийн өмгөөлөгч Л.Цуурай,

Өсвөр насны шүүгдэгч Б.Өийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч Б.Ц, Г.Б, Г.Ба,

Өсвөр насны шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаазгай овогт Гүнтэвийн Батцэнд, Шаазгай овогт Батцэндийн Өсөхбаяр, Хасгууд овогт Басангийн Цэдэндорж, Монголмуд овогт Гүнтэвийн Баттөр нарт холбогдох эрүүгийн 1818008350162 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Г.Б 1969 оны 09 дүгээр сарын 10-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 9, эхнэр, 7 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Хүйтний гол” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

2.Монгол Улсын иргэн, Б.Ц 1968 оны 04 дүгээр сарын 06-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сэлэнгэ аймгийн Сант сумын 2 дугаар багийн “Хушаат” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

3.Монгол Улсын иргэн, Г.Б 1985 оны 02 дугаар сарын 20-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Хүйтний гол” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

4.Монгол Улсын иргэн, Б.Ө 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 9, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Хүйтний гол” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Г.Б, Б.Ц, Г.Ба, Б.Ө нар нь бүлэглэн, 2018 оны 10 дугаар сарын 19-нөөс 2018 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Мөнгөт толгойн ар” гэх газарт байх тариан талбайгаас иргэн Б.Чгийн хураасан 5 тонн улаан буудайг иргэн Г.Отгонбаярын өмчлөлийн 79-17 ДАХ улсын дугаартай “Hyundai Porter” маркын бүхээгтэй ачааны машиныг ашиглан, хулгайлан авч 2450000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

-Шүүгдэгч Г.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цэдэндорж манай тэжээлээс ирээд авчих гэсэн. Баттөр нь миний төрсөн дүү. Би тухайн үед учрыг нь сайн ойлгоогүй Баттөр, Өсөхбаяр нартай хамт очиж авсан. Манай дүүгийн машинаар очиж тэжээлийг авсан нь үнэн. Уг машин Отгонбаяр гээд манай дүүгийн нэр дээр байдаг. Байцаагч ингэчих, тэгчихээч гэхээр нь юу болохыг нь мэдээгүй мэдүүлэг өгсөн. Би хохирогчид 2450000 төгрөгийг хохирол төлбөр болгож төлсөн.

... Би тэжээлийн будаа мэдэж байгаарай гэж Цэдэндоржид захиж байсан нь үнэн. Тэгэхдээ тэжээлийн будаа илүү гарвал хэлээрэй гэж Цэдэндоржид хэлж байсан.

...Отгонбаярын машины түлхүүрийг манай дүү Баттөр хадгалж байдаг учир манай хүү Өсөхбаяр нь Цэдэндоржоос будаа авахаар явахдаа Баттөрийг дагуулж явсан байх.

...Өсөхбаяр, Баттөр нарын авчирсан будаа нь 5 тн будаа байгаагүй, дөнгөж 6 шуудай л будаа байсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Б.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Батцэндийн эхнэр нь намар тэжээлийн будаа гарвал хэлээрэй гэж надад захиж байсан. Би тэгээд тэжээлийн будаа гарсан тул ирээд авчихаарай гэж утсаар хэлэхэд манай ажилчид байхгүй байхад Баттөр, Өсөхбаяр нар нь шөнө ирж будаа аваад явсан.

...би Өсөхбаярыг ирэхэд нь комбайнаас унасан хогийн будааг аваарай гэж хэлсэн болохоос товаарын будааг аваарай гэж хэлээгүй. Гэтэл Өсөхбаяр нь миний ялгасан будааны хогийг биш өөр будаанаас ачаад явсан байсан.

...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бага ял оноож өгөхийг хүсье. Би ганц ач охинтойгоо хамт амьдардаг. Дахиж ийм гэмт хэрэг хийхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Өсвөр насны шүүгдэгч Б.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..хэрэг гардаг шөнө би вагончикт унтаж байсан. Шөнө 12 цагийн үед Цэдэндорж гуай утсаар ярьж, “ирээд будаа авчих” гэж хэлсэн. Тэгээд би Баттөрийн хамт очоод будаа байгаа газрыг заалгаад будаанаас авсан. Гэтэл маргааш нь цагдаа нар ирээд цохиж зодоод эхэлсэн. Тэгээд цагдаа нар “чамайг будаа ав гэж хэлсэн үү?” гэхэд нь би “хогийн будаа ав гэж хэлсэн” гэхэд цохиод байсан. Будааг авахад бол манай аав хамт яваагүй, гэртээ унтаж байсан. Харин Баттөр ах бид хоёр л очиж авсан.

...Үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч Г.Баийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэртээ байхад шөнө Өсөхбаяр намайг дуудсан. Өсөхбаяр машин бариад би жолооны хажуу талын суудалд суусан. Хамт явж очоод 6 ширхэг шуудайнд хийсэн. Намайг хий гэсэн болохоор нь би шуудайлсан.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Чгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-нөөс 2018 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө тариа хураалт 20-30 хувьтай явж байсан. Би “Түрүү шим” ХХК-нд хувьцаа эзэмшдэг. “Түрүү шим” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Мөнгөт толгойн ар” гэх газарт 274 га газрыг эзэмшдэг юм. Би 2018 оны 10 дугаар  сарын 19-ний орой байгаагүй Хушаат руу комбайны сэлбэгэнд явсан, манай нөгөө залуу түлшинд явж, Цэдэндорж үлдсэн байсан. Цэдэндорж тэр хооронд шүүгдэгч нартай утсаар холбогдож будаа хулгайлсан байсан.

...өнгөрсөн өвөл энэ хэдийн дүү нь гээд нэг залуу утсаар яриад “бид нар өмгөөлөгчтэйгөө яриад 6 шуудай будаа хулгайлсан гэж мэдүүлэг өгсөн байгаа, та тэгж мэдүүлэг өгөөрэй” гэж хэлж байсан.

...хэдий хэмжээний будаа хурааж, хэдий хэмжээний будаа алга болсон гэдэг нь комбайны жолооч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. Миний хувьд алдсан будаагаа харин ч бага үнээр үнэлж нэхэмжилсэн.

...тариа хураалтын үеэр намайг ажлын гэрт байхад Батцэнд эхнэртэйгээ гэрийн гадаа ирээд Цэдэндоржид хандаж “тэжээлийн будаа мэдэж байгаарай” гэж хэлэхэд нь Цэдэндорж “чиш, гэрт хүн байгаа” гэж хэлж байсан тохиолдол ч байгаа.

...тэр шөнө будаа хулгайлж 2 удаа явсан гэдэг нь тодорхой байгаа. Учир нь эд нар машины гэрлээ унтрааж явж байсан болохоор тарианы хашааг 2 удаа мөргөж, хашааг эвдсэн байсан.

...миний хувьд хуулийн байгууллагын өмнө худлаа хэлэх ямар ч шаардлага байхгүй. Харин энэ хэд ямар үйл явдал болсон талаар үнэн зөвөөр ярьсан нь дээр байх. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нарт хамгийн багаар ял шийтгэж өгнө үү гэж хүсч байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 10/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-13/,

-7917 ДАХ улсын дугаартай “Хуайндай портер” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 14-17/,

-Г.Б, Б.Ц нарын гар утаснуудын гадагш хийсэн дуудлагуудад үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 18/,

-88381068 дугаартай Б.Ц, 89224079 дугаартай Б.С нарын гар утасны орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа /хэргийн 20-24/,

-Г.Б-ийн 93209451 дугаарын утасны орсон гарсан яриа, мессежний дэлгэрэнгүй болон эзэмшигчийн мэдээлэл /хэргийн 26-27/,

-Өсвөр насны шүүгдэгч Б.Ө-ын нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 28/,

 

-Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чойжилсүрэн “будаанаас хураагаад өгөөч” гэхээр нь ажилд нь туслах гэж очсон. Тэгээд будаа хураалцсан. Би тэр өдөр Жаргалсайхан ахтай будаа хурааж байсан. Будаа хурааж байсан газар будааг нь ачих машин байхгүй, гэр барьсан газрын урд хэсэгт будааг цэнхэр бүтээлэг дэвсээд буулгасан байсан. Тэр газарт 3 удаа бүтэн комбайнаар, 1 удаа талаас дээгүүр буулгасан, тэгээд орхисон байсан.

...миний унаж байсан комбайн Орос улсад үйлдвэрлэсэн “Нива” маркын комбайн байсан. Нэг удаа дүүргээд буулгахад 2 тонн гаран буудаг.

...маргааш өглөө нь нилээн будаа алга болчихсон байсан. Би хичнээн будаа алга болсон гэдгийг анзаараагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 44-45/,

 

-Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим “Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас будаа хураагаад өг” гэж Чойжилсүрэнг дуудахаар нь очсон өдрөө будаан талбай дээрээ ажилласан. Шөнө манай талбай дээр буулгасан будаанаас алга болсон байсан байна лээ. Бид нар шөнө 03 цаг өнгөрөөгөөд буугаад гэртээ очиж амарцгаасан.

...Тэр шөнө би хурааж байсан будаагаа гэрийн гадаа буулгасан. Очсон өдрөө би 4 тонн гаран будаа буулгасан байхаа.” гэх мэдүүлэг /хэргийн 46-47/,

 

-Гэрч Н.Ж-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид нар хураасан будаагаа ачих машин олдохгүй талбай дээр цэнхэр бүтээлэг дэвсээд буулгаж байсан.

...миний явж байсан комбайн Оросын “Нива” маркийн комбайн юм. 1 удаа дүүргээд буулгахад 2 тонн ордог. Би тэр өдөр 3 удаа буулгасан. Тэгэхээр 7 тонн орчим будаа тэр газар байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 48-50/,

 

-Гэрч П.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг үүрээр тариан талбай дээрээ 4-5 цагийн үед байж байхад нэг гэрлээ унтраасан машин манай тариан талбайн хашааны цаад талаар явж байсан. Би машин дотроо сууж байсан. Тэгээд энэ хүмүүс манай хашааны торон хаалга онгорхой орхисон байна гээд би ирж байсан машины өөдөөс нь зөрж очоод хартал манай хашааны хаалга онгорхой орхисон байсан. Тэгээд би өөрөө очоод хаалгаа хаагаад буцсан. Очиж байхад надтай хажуу талаар 6 метр зайтай өнгөрсөн. Би харахдаа портер маркын машин байна гэж анзаарсан. Ямар ч байсан бүхээгтэй машин байсан. Үүр сайн цайгаагүй, харанхуй байсан. Би тэр машины дугаар, маркыг нь анзаарч хараагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 51-52/,

-Гэрч Г.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...9717 ДАХ улсын дугаартай машин нь миний нэр дээр байдаг. Би 2 жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор суманд байдаг Г.Б, Г.Ба гэх ах, дүү хоёртоо хэрэглэж бай гээд өгсөн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 53/,

-Гэрч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 10 сарын 19, 20-ны өдрүүдэд гэртээ байгаагүй юм. Манай нөхөр Батцэнд, манай хүү Өсөхбаяр нар байсан юм. Би Дарханд дөнгөж сургуульд орсон 6 настай хүүхэд дээрээ очоод хэд хонож байсан юм. Тэгсэн намайг байхгүй хойгуур ийм асуудал болсон байна лээ. Миний 89224079 гэсэн дугаар хөдөө гэрт байсан юм. Ямар учиртай юу ярьсныг нь би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 57-58/,

 

-Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн үнэ цэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 2450 000 төгрөг байна.” гэх 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 61-62/,

 

-“Магадлуулагч Г.Ба нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл болно. Магадлуулагч Г.Ба нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл, сэтгэцийн удамшлын болон олдмол өвчингүй болно. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг үнэн зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай. Магадлуулагч Г.Ба нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир түүнд эмнэлгийн чанартай албадан эмчилгээ шаардлагагүй болно. Магадлуулагч Г.Ба нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №34/19 /хэргийн 69/,

 

-Үнэлгээнд хамрагдсан дээрхи автомашины зах зээлийн үнэ цэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 3200000 төгрөг байна.” гэх 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 72-73/,

 

-Хохирогч Б.Ч-д хохирол төлбөр болох 2450000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг төлсөн банкны баримт /хэргийн 174/,

-“Хохирол болох 2450000 төгрөгийг Г.Бээс авсан. Иймд миний бие хохиролгүй болсон тул гомдол саналгүй.” гэх хохирогч Б.Чгээс гаргасан хүсэлт /хэргийн 175/,

-Хохирогч Б.Чгээс гаргаж өгсөн “Спирт бал бурам” ХХК-нд 2018 онд тарьж ургуулж тушаасан буудайн чанарын үзүүлэлтийн баримт бичиг /хэргийн 181-185/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлалаа.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Г.Б, Г.Ба нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй, шүүгдэгч Б.Ц нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, харин хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус мэтгэлцэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 

 

Шүүгдэгч Г.Б нь шүүгдэгч Б.Цоос тэжээлийн будаа авах талаар удаа дараа ярьж байсан бөгөөд шүүгдэгч Б.Ц нь хохирогч Б.Ч болон компанийн эрх бүхий хүмүүсийг ажлын байран дээрээ байхгүй байгаа үеийг ашиглан Г.Бтэй утсаар холбоо барьж, будаа авахыг санал болгосон бөгөөд улмаар шүүгдэгч Г.Ба, өсвөр насны шүүгдэгч Б.Ө нар нь иргэн Г.Отгонбаярын эзэмшлийн 79-17 ДАХ улсын дугаартай “Hyundai Porter” маркын бүхээгтэй ачааны машинаар тухайн будааг тээвэрлэж авч явсан байна.

 

Шүүгдэгч Г.Б нь шүүгдэгч Б.Цид өөрөө захиран зарцуулах будаа байхгүй гэдгийг мэдсээр байж, тэжээлийн будаа авах талаар удаа дараа захиалга өгч байсан бөгөөд шүүгдэгч Б.Ц нь түүний захиалгыг биелүүлж, 2018 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө 00 цагийн орчим утсаар холбоо барьж, будаа өгч авалцсан байх тул шүүгдэгч Г.Бийг гэмт хэрэгт оролцоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн шүүгдэгч Б.Ц нь тариан талбайн харуулаар ажиллах талаар хохирогч Б.Чтэй амаар тохиролцон, сард 500000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа боловч тухайн үед талбайгаас хурааж буулгасан будааг шүүгдэгч Б.Цид итгэмжлэн хариуцуулж өгсөн талаар хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Цийг “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлгүй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Өын хувьд шүүгдэгч Б.Цоос будаа авахаар явахдаа харанхуй шөнө, машины гэрлээ унтраах байдлаар явж, шүүгдэгч Б.Цийн зааж өгсөн газраас будааг ачиж явсан байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгч Г.Баийн хувьд “сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл болно. Магадлуулагч Г.Ба нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл сэтгэцийн удамшлын болон олдмол өвчингүй болно. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг үнэн зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай болно.” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №34/19 /хэргийн 69/ гарсан боловч тэрээр хэлгүй, 100 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас хугацаагүй группт байдаг болох нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар /хэргийн 128/ нотлогдож байна.

 

Шүүгдэгч Г.Ба нь төрөлхийн хэлгүйн улмаас ямар үйл явдал болж байгаа талаар өөрийгөө илэрхийлж ярих чадваргүй, тэр байтугай “хулгай хийх” гэдгийг юу гэж ойлгодог талаар ямар нэгэн ойлголт байдаг эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь тэрээр дохионы хэл мэдэхгүй бөгөөд өдөр тутмын ахуйн хэрэглээний талаар ар гэрийнхэнтэйгээ дохиогоор ойлголцдог байна.

Хэлмэрч Б.Жаргалсайхан нь “Г.Ба нь хулгай хийх гэж юу байдаг талаар огт ойлгож, өөрийнхөө хэмжээнд тайлбарлаж чадахгүй байна” гэж мэдүүлэг өгч байх тул шүүгдэгч Г.Баийг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон гэдэгт эргэлзээ төрж байх тул “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг удирдлага болгон шүүгдэгч Г.Бад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Баийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Б, Б.Ц, өсвөр насны шүүгдэгч Б.Ө нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдэж, бусдад 2450000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Чд 2450000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 61-62/ нотлогдож байх бөгөөд хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирол төлсөн баримт /хэргийн 174/ болон хохирогч Б.Ч нь “...хохирол болох 2450000 төгрөгийг Г.Бээс авсан. Иймд миний бие хохиролгүй болсон тул гомдол саналгүй.” гэх хүсэлт /хэргийн 175/ ирүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.Б, Б.Ц, өсвөр насны шүүгдэгч Б.Ө нар нь 2018 оны 10 дугаар сарын 19-нөөс 2018 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Мөнгөт толгойн ар” гэх газарт байх тариан талбайгаас иргэн Б.Чгийн хураасан 5 тонн улаан буудайг иргэн Г.Отгонбаярын өмчлөлийн 79-17 ДАХ улсын дугаартай “Hyundai Porter” маркын бүхээгтэй ачааны машиныг ашиглан хулгайлан авч, 2450000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Г.Б, Б.Ц, өсвөр насны шүүгдэгч Б.Ө нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Б, Б.Ц, өсвөр насны шүүгдэгч Б.Ө нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд мөн байна.

 

Шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Ө нар нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Харин шүүгдэгч Г.Б, Б.Ц, өсвөр насны шүүгдэгч Б.Ө нарт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа боловч шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Б, Б.Ц нарт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Өын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, нас, сэтгэхүйн онцлог зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 79-17ДАХ улсын дугаартай, “Хуайндай портер” маркийн бүхээгтэй ачааны машин нь Г.О нэр дээр бүртгэлтэй /хэргийн 15/ байгаа бөгөөд уг автомашин нь 3200000 төгрөгийн үнэтэй болох нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 72-73/ нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 3200000 төгрөгийг шүүгдэгч Г.Б, Б.Ц, өсвөр насны шүүгдэгч Б.Өын хууль ёсны төлөөлөгч Б.С нараас хувь тэнцүүлэн тус бүр 800000 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Хэлмэрч Б.Жаргалсайхан нь тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Баийн хэлмэрчээр оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1 цагийн хөлсийг 29000 төгрөгөөр тооцож, 87000 төгрөг нэхэмжилж байгааг Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газраас гаргуулж, хэлмэрч Б.Жаргалсайханд олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б, Б.Ц, өсвөр насны шүүгдэгч Б.Ө нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт Г.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Г.Б-г цагаатгасугай.

 

2.Шүүгдэгч Г.Б, Б.Ц, өсвөр насны шүүгдэгч Б.Ө нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Б, Б.Ц, өсвөр насны шүүгдэгч Б.Ө нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Өт оногдуулсан хорих ялын хэмжээг 2 дахин багасгаж, ялын хэмжээг 1 жил хорих ялаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Б, Б.Ц нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Б.Өт оногдуулсан 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Өт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн /нэг жилийн/ хугацаагаар хойшлуулсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.Б, Б.Ц, өсвөр насны шүүгдэгч Б.Ө, хууль ёсны төлөөлөгч Б.С нараас тус бүр 800000 /найман зуун мянга/, нийт 3200000 төгрөгийг /гурван сая хоёр зуун мянга/ гаргуулж, улсын орлого болгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэлмэрчийн зардалд 87000 /наян долоон мянга/ төгрөгийг Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газраас гаргуулж хэлмэрч Б.Ж-д олгосугай.  

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Б, Б.Ц нарын ялыг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б, Б.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Я.ТУУЛ