Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 331

 

 

 

 

 

 

 

 

 

     О.Дарам, Ю.Саясүх нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Гансүх, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор О.Пүрэвсүрэн,

ялтан О.Дарам,

ялтан О.Дарамын өмгөөлөгч Э.Ганбат,

ялтан Ю.Саясүхийн өмгөөлөгч Б.Солонго,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаа, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Дашдондов, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан О.Дарам, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.Дарам, Ю.Саясүх нарт холбогдох 201526012610 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Хиад боржигон овгийн Очиржанцангийн Дарам, 1953 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1; Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ЭМЯ байрны 01 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48Б байрны 80 тоотод оршин суух,

1986 онд Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б, 213 дугаар зүйлийн А-д зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж, 1987 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 146 дугаар зарлигийн 5 дугаар зүйлийн Б-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 21 хоног хорих ялын 1/3 хувь болох 11 сар 17 хоногийн хорих ялыг өршөөн хасч, 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 9 cap 28 хоногийн хорих ялыг хөдөлмөрт татан оруулахаар тэнсэж сулласан. /регистрийн дугаар: УУ53102512/

 

2. Боржигин овгийн Юндэнгийн Саясүх, 1963 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Аэродромын 1-1 тоотод суух албан ёсны хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЧМ63062617/

 

О.Дарам нь 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48Б байрны 80 тоот гэртээ согтуурсан үедээ төрсөн дүү О.Ламжавыг хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр “дэрэн доороос тамхи авах гэлээ” гэх шалтгаанаар зодож алсан гэмт хэрэгт,

 

Ю.Саясүх нь тэднийг салгах зорилгоор хохирогч О.Ламжавыг баруун гарнаас нь угз татан нүүрэнд нь 2 удаа цохиж, дарж хэвтсэнээс болж цээжний баруун талд 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, цээж баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвууд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас О.Дарамын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар, Ю.Саясүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Дарамыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэгт, Ю.Саясүхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар О.Дарамд 15 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Ю.Саясүхэд 2 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар О.Дарамд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ю.Саясүхэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, шүүгдэгч О.Дарам, Ю.Саясүх нарын цагдан хоригдсон 463 хоногийг тус тусын хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, Ю.Саясүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар О.Дарамаас 2,491,500 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаад олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч О.Ламжавын өмсөж байсан гэх ногоон эрээн шоотой цамц, саарал футболк, хар эрээн турсик, саарал ноосон цамц, хар өнгийн даавуун өмд, хар өнгийн даавуун халаастай өмд, хар ногоон өнгийн куртик, хүрэн өнгийн тэлээ, хөх өнгийн куртик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 12 ширхэг гутлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаад буцаан олгож, амь хохирогч О.Ламжавын өвчний түүх бүхий дэвтэрийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Ялтан О.Дарам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцож гаргасан тайлбартаа: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гардаж авсан бөгөөд энэхүү шийтгэх тогтоолын заалтыг зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг үүсгэсэн цагаас гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоодог. Гэвч надад холбогдуулан тулгаж хүлээлгэх гээд байгаа эрүүгийн хэргийн шалтгаан нөхцөлийг огт тогтоогоогүй ба цаашдаа ч  тогтоогдохгүй учир зөвшөөрөхгүй байна.

2. Хэрэгт оролцсон гэрч нь бодит биш, худал хуурмаг зүйл мэдүүлсэн. Жишээ нь: хохирогчоор тогтоогдсон О.Цэвэлмаагийн ятгалга дарамтаар гэрч Алтанцэцэг нь өөрийн хүүгийн үйлдлийг миний нэрээр сольж гэрчилсэн, гэрч Чулуунбат гэгчийг би ерөөсөө танихгүй. Иймд дээрх 3 гэрчийн мэдүүлгийг хуулийн дагуу хүчингүй болгох хэрэгтэй байна.

3. Хохирогчоор тогтоогдсон О.Цэвэлмаа нь бодит биш гүтгэлгийн шинжтэй мэдүүлэг өгч байна.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг надад тулгаж хүлээлгэх гээд байгаа боловч би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй учир цаг хугацааны хувьд ч байсан, санаа бодол ч, гэмт хэргийн бүрэлдэхүүнээрээ ч надад таарч тохирохгүй зүйл заалт учир зөвшөөрөхгүй байна. Харин дээрх Эрүүгийн хуулийн зүйл анги нь Ю.Саясүхийн үйлдэл, шалтгаан нөхцөл, шүүх эмнэлгийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нь бүрэн байгаа юм шиг санагддаг.

5. Онц ноцтой дээрх гэмт хэргийг намайг үйлдсэн гэж үзэх шууд ба шууд бус нотлох баримт ерөөсөө тогтоогдоогүй, цаашдаа ч тогтоогдохгүй гэж үзэж байгаа. Иймд надад холбогдуулах гээд байгаа энэ гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгож, миний амьдрал ахуйд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Хэрвээ миний хүсэлтийг бүрэн биелүүлэх боломж бага гэж үзвэл энэхүү эрүүгийн хэрэгт дахин мөрдөн байцаалт явуулах боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Учир нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тухайн хэргийн урьдчилсан мөрдөн байцаалтад буцаасан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолд “талийгаачийн цогцост дахин задлан шинжилгээг бүрэлдэхүүнтэй гаргуулах, миний өргөдөлд нэр заан дурьдсан 8 хүнийг хууль ёсны нэрээр байцаах заалт оруулсан юм. Гэтэл шүүхийн дээр дурьдсан тогтоол нь одоо хүртэл хүчинтэй хэвээр байхад дахин задлан шинжилгээ хийгээгүй учир дахин задлан шинжилгээг бүрэлдэхүүнтэй шинжээчээр дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Мөн 8 хүнийг бодит гэрчээр байцаах заалттай байхад 3 хүнийг нь огт байцаагаагүйн дээр Ю.Саясүхийн манай гэрээс 2 удаагийн үйлдлээр 854,000 төгрөг хулгайлсныг харсан Даваанямыг гэрчээр байцааж өгөхийг хүссэн өргөдөл, мэдүүлгийг хүлээн авсан байтлаа гэрчээр байцаагаагүй учир дээрх 4 хүнийг гэрчээр байцаалгахыг хүсэж байна.

2. Хэдийгээр өөрийн хүсэлтээр О.Цэвэлмааг хохирогчийн төлөөлөгчөөр тогтоосон нь хууль бус үйлдэл болжээ. О.Цэвэлмаа нь талийгаачийн төрсөн дүү боловч ахынхаа талаар мэдэх зүйл байхгүй учир зөвхөн өөрийн хувийн санаа зорилгоор хохирогчийн төлөөлөгчөөр тогтоолгосон гэж үзэж байна. Харин жинхэнэ хохирогчийн төлөөлөгч тогтоох онцгой шаардлага байсан бол би л хохирогчийн төлөөлөл болох үндэслэлтэй юм. Төрсөн цагаас нь аваад нас барах хүртэл нь бүх үйл ажиллагаанд нь тусалж, дэмжиж явсны хувьд бүгдийг мэдэх учир би л төлөөлөл болох нь зөв гэж үзэж байна.

3. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтад надаас 2,450,000 төгрөг гаргуулж О.Цэвэлмаад олгуулахаар заасан. Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу өөрийнхөө тусын тулд зарцуулсан мөнгийг өөр хүнээс нэхэмжлэх ёсгүй. О.Цэвэлмаа нь өмгөөлөгч авсан хөлсөнд төлөх 2,000,000 төгрөг, шашин ном хуруулсан төлбөр 450,000 төгрөг нэхэмжилж байгаа нь өөртөө зарцуулсан мөнгөө нэхэмжлэх учир би зөвшөөрөхгүй байна. Харин Иргэний хуулийн дагуу сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна. О.Цэвэлмаад төрсөн цагаас нь эхлэн үйлчилсэн үйлчилгээ, 6 жил бүрэн хувцаслаж байсныг, том охин нь дутуу төрсөн ба тэр үед нэг өрөө байраа суллаж байлгасан, хувцасласан зэрэгт нь сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Тэр үеийн үнийн ханш нь одоогийн ханшаас 1000 дахин буурсан тул 2,450,000,000 төгрөгийг О.Цэвэлмаагаас нэхэмжилж байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч та бүхэн харилцан зөвлөлдснийхээ дагуу үнэн зөвийг олж, миний хоёр хүсэлтийн аль боломжтой гэсэн хүсэлтийг бүрэн дүүрэн шийдэж өгнө үү... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Ялтан О.Дарамын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй. О.Дарамын төрсөн дүү О.Ламжавын дэрэн доороос тамхи авах гэлээ гэж зодож алсан гэж үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Ю.Саясүх нь хохирогч О.Ламжавыг зодсон, хавиргыг нь хугалсан гэдгээ хүлээн мэдүүлсэн бөгөөд О.Дарамыг унтаж байхад О.Ламжав, Ю.Саясүх нарын хооронд зодоон болсон нь тогтоогдсон. Гэтэл шүүх Ю.Саясүхийн мэдүүлэгт үнэн гэж дүгнэлт хийсэн нь бусад нотлох баримттай огт нийцээгүй үндэслэлгүй шийдвэр болсон.

О.Дарам нь дүү О.Ламжавыг асарч хамгаалж, тэтгэврийн мөнгө дүүгийнхээ группийн мөнгөөр амьдарч байсан бөгөөд дүүгээсээ тамхи харамлах ямар ч үндэслэлгүй, тэдний гэрт тамхи нь байдаг байсан. Харин ч өгөөмөр тусч сэтгэлээр Ю.Саясүхийг гэртээ хэд хонуулж хоол унд, татах тамхийг нь өгч байсан ба Ю.Саясүх нь очих айлгүй хүнд хэцүү байдалтай явж байсан.

Ю.Саясүхийн мэдүүлэг огт нотлогдоогүй байгааг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй. Хохирогч О.Ламжав нь 1-рт биеийн эрүүл мэндийн хувьд ах руугаа дайрч зодолдох боломжгүй, мөн түүний асрамжинд байж ахыгаа хүндэтгэж түүнд баярлаж явдаг нэгэн байсан. О.Дарамыг гутлаар цохьсон гэх боловч үүний дараа Ю.Саясүх нүүр рүү нь 2 удаа цохьсон, гудсан дээр нь дарж хэвтүүлсэн гэж мэдүүлсэн боловч энэ нь түүний сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд эрс зөрүүтэй байхад шүүх Ю.Саясүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Ламжавын тархинд цус харваж үхэлд хүргэсэн нь тогтоогдсон. Гэтэл тархинд даралт өгч судас хагарч цус харвасан нь толгой руу 2 удаа гараар цохьсон Ю.Саясүхийн үйлдлээс үүсээгүй гэж ялгаж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогчийн цээжний баруун талын 4, 5, 6, 7 дугаар хавирга нь Ю.Саясүхийн дарсан гэх үйлдлээс үүссэн гэдэг нь үндэслэл муутай. Шууд хугарал нь тухайн цэгт цохих үед тэр цэгтээ хугарал үүсснийг хэлнэ. Гэтэл бусад шинжээч нарын дүгнэлтэд уг хугарал нь дарах үед үүснэ гэдгийг шүүх Ю.Саясүхийн мэдүүлэгтэй уялдуулан дүгнэлт гаргасан нь анхны шинжээчийн дүгнэлттэй зөрүүтэй, таамагласан дүгнэлт гарсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хохирогчийн тархинд гэмтэл учирсан. Анхны задлан шинжилгээгээр 2*0.4 см цөмөрсөн хугарал үүссэн гэдэг боловч мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцэхэд шинээр үүсгэгдсэн гэдэг. Сүүлд шинжээч нарын дүгнэлтэд цөмөрсөн хугарал байсан гэж тусгасан. Гэтэл цөмөрсөн хугарал гэдэг нь талбай багатай зүйлээр цохих, хүч үйлчилсэн хэсэгт буюу газарт хонхойж, хугарахыг хэлдэг. Гэтэл Ю.Саясүхийн мэдүүлэгт гутлаар цохьсон гэдэг. Гутлаар цохиход 2*0.4 см хугарал үүсэх боломжгүй. Хэрэв үүссэн гэж үзвэл эхлээд няцарсан шарх үүссний дараа ясны цөмрөл үүсэх боломжтой. Мөрдөн байцаалтад буцааж цөмөрсөн шарх өмнө нь үүссэн байсан юм уу, шинэ шарх байсан уу гэдгийг тогтоо гэсэн боловч хохирогчийн оршуулсан газар олдоогүй учраас шүүхийн тогтоолын заалт биелэгдээгүй. Мөрдөн байцаагч цөмөрсөн шархыг фото зурганд шинжээчээр дахин дүгнэлт гаргуулсан. Энэхүү гаргасан шинжээчийн 1239 дугаартай дүгнэлтэд цөмөрсөн хугарлыг үгүйсгээгүй. Тэгэхээр Ю.Саясүхийн гутлаар цохьсон гэх эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэхээр байна. Хохирогчийн тархинд шугаман хугарал, баруун чамархай дагзны хэсэгт няцрал, зөөлөн бүрхүүл дор цус харвасан зэрэг хэд хэдэн гэмтэл үүссэн. Эдгээр гэмтлийг авсан хүн идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй, ухаан алдсан байхаар шинжээчийн дүгнэлт гарсан боловч Ю.Саясүхийн мэдүүлэгт О.Дарам эдгээр гэмтлийг учруулсан боловч хохирогч ах руугаа дайрах үед нь Ю.Саясүх нүүр рүү нь 2 удаа цохиж, дарж учруулсан хавирганы хугарал нь О.Дарамын хийгдсэн үйлдлийн хувьд тархины гэмтэлтэй тохирохгүй байна. Цусан хураа нь үүссэн гэдэг нь аль нэг гэмтлээс үүсч судас хагарч цус харвасан. Тархинд доргилт үүссэн тохиолдолд үүсэх боломжтой. Ю.Саясүхийн мэдүүлгээр О.Дарамын мэдүүлгийг худлаа гэж үзсэн. О.Дарамын мэдүүлэгт хэрэг болох үед унтаж байсан. Гэтэл миний дүү нас барьсан байсан учраас дүү нартай хэлсэн. Өөр зүйл мэдэхгүй гэдэг. Иймд О.Дарамын үйлдлийг нотолж байгаа Ю.Саясүхийн мэдүүлэг нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан гэмтлээс эрс зөрүүтэй нотлох баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл хэсэгт Ю.Саясүхийн мэдүүлгүүдийг дурдсан нь анхны мэдүүлэгт ах руугаа дайраад байхаар нь би нүүр рүү нь 2 цохиод, гарнаас нь татаад орон дээр хэвтүүлж, цээжин дээр нь хөнжил нөмрүүлэн дарсан гэдэг. Дараагийн мэдүүлэгт салгах гэж татаад нүүр рүү нь цохьсон. 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ О.Дарамын зодсон үйлдлээс болж хавиргыг нь хугалсан юм шиг мэдүүлсэн байдаг. Эдгээр мэдүүлгүүдээс 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг үнэн гэж үзвэл хохирогчийн биед хэрхэн гэмтэл учирсан гэдэгт нийцээгүй дүгнэлт гэж үзэхээр байна... Өмгөөлөгчийн зүгээс тархины гэмтлийн улмаас талийгаач амь хохирсон гэсэн дүгнэлт гарсан гэж ойлгосон. Ю.Саясүх талийгаачийн нүүр рүү нь 2 удаа хүчтэй цохиж, дээрээс нь дарсан үйлдлээс тархины цус харвалт, бусад гэмтлүүд үүссэн гэдгийг ялгаж тогтоосон дүгнэлт байхгүй байгаа тул энэ талаар шаардлагатай ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

Ялтан Ю.Саясүхийн өмгөөлөгч Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэж гарсан шийдвэр гэж үзэж байна. Ялтан О.Дарам, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоос үзэхэд талийгаачийн амь хохирсон үйлдэл нь Ю.Саясүхийн үйлдлээс болсон гэж байна. Удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр Ю.Саясүхийн үйлдлээс болж талийгаач нас барсан гэх үйлдэл тогтоогдоогүй. Харин шинжээчийн дүгнэлтээр ялтан нарын үйлдэл, амь хохирогчид учруулсан хохирлыг ялгамжтай оногдуулж зөв зүйтэй тооцсон гэж үзэж байгаа. Ю.Саясүх мэдүүлгээ өгөхдөө тухайн үед болсон үйл явдлыг тогтвортой мэдүүлдэг. Харин цаг хугацааны хувьд сандарсандаа тогтворгүй мэдүүлсэн байж болох ч хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн. Хэргийн үйл баримт нь ах, дүү 2 зодолдсон. Би салгах гэж татахдаа хохирогч нилээд улайрсан байдалтай дайраад байсан учраас наад талаас нь зочроо өгөх маягаар 2 удаа цохьсон гэж тууштайгаар мэдүүлж ирсэн. Өмгөөлөгч Э.Ганбатын хэлснээр Ю.Саясүхийн тогтворгүй мэдүүлгийг шүүх хэрхэн үнэлсэн тодорхойгүй гэж байгаа боловч шийтгэх тогтоолд тодорхой заасан. Гуталны талаар 2016 оны 5 дугаар сард хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцснаас хойш яригдаж, тодорхой ажиллагаа хийж тогтоосон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талийгаач маань энэ хоёр хүний буруутай үйлдлээс амь хохирсон. Хэдийгээр дүү минь хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн амьд явах эрхтэй хүн. Хэрэгт авагдсан баримтаар О.Дарам, Ю.Саясүх нарыг гэм буруу нь тогтоогдож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаагийн өмгөөлөгч Г.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч О.Дарам, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэл нь зөвхөн Ю.Саясүхийн мэдүүлгийг үндэслэн шүүхээс онц хүнд гэмт хэрэгт холбогдуулсан гэж үзсэн байна. Шүүхээс Ю.Саясүхийн мэдүүлэг үнэн зөв болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар болон шинжээч нарын дүгнэлт болон шүүгдэгч О.Дарамын дүүдээ хандах хандлага, амьдралын хэв маягийн талаар гэрч Цэцэгмаа, Чулуунбат, Цэцэгээ нарын мэдүүлэг болон мөн хөрш айлын хүмүүс болох Өлзийжаргал, Батмөнх нарын хэрэг болох оройны үйл явдал, тэдний хоорондын зан байдал зэргийг тодорхойлсон мэдүүлгүүдээс харахад хэрэг болсон газар гурвуулаа байсан. Талийгаачтай хамт байсан 2 этгээдээс О.Дарам нь дүүдээ гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдсон гэж үзэхээр байгаа. Цээжинд учирсан гэмтлийн хувьд өмгөөлөгч Э.Ганбатын хэлснээр шууд хугарал гэж үзэх юм бол хүч үйлчилсэн хэсэгтээ хугарсан гэснийг шинжээч эмч гадны хүчний үйлчлэл хэрхэн үүсэх талаар тодруулж, мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр шугаман хугарал гэж үзсэн. Ю.Саясүх хөнжилөөр бүтээж, талийгаачийг дарж хэсэг хэвтсэн гэдэг. Шүүх энэ үйлдлийг үндэслэн хүндэвтэр гэмтэл учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул ялтан О.Дарам, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Хавтаст хэргээс үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолын 25 дугаар нүүр хэвлэгдээгүй, үүний оронд 26 дугаар нүүрийг хоёр удаа хэвлэж тогтоолд тавигдах хэлбэрийн шаардлагыг зөрчсөн алдаа гаргасны улмаас О.Дарам, Ю.Саясүх нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн дээрх шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхэд давж заалдах шатны шүүх ямар нэгэн дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдалд хүргэв.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Дарам, Ю.Саясүх нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсон тул ялтан О.Дарам, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг энэ удаа хэлэлцээгүй болно.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Дарам, Ю.Саясүх нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол О.Дарам, Ю.Саясүх нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН