Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2019/0734/З |
Дугаар | 221/МА2020/0180 |
Огноо | 2020-03-11 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2020/0180
Д.О-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 883 дугаар шийдвэртэй, Д.О-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 883 дугаар шийдвэрээр:
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/122 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.О-г урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 3 сар 6 хоногийн хугацааны цалин 2.923.935 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-ын давж заалдах гомдолдоо: “ ...Нийслэлийн Засаг дарга нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д зааснаар “...нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж зааснаар Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/56 дугаар тушаалаар байгуулагдсан комиссын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2019/01 тоот дүгнэлт, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/1007 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Нийслэлийн Боловсролын газрын гаргасан санал, комиссын дүгнэлттэй маргаан үүсгээгүй буюу гаргасан зөрчил /Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг/ үгүйсгээгүй.
Анхан шатны шүүх нэг тушаалаар чөлөө олгогдсон М.С, Б.Н нартай тэгш биш хандсан онгоцны захиалгын улмаас 1 өдрийн өмнө ниссэн хүндэтгэн үзэх шалтгааныг авч үзээгүй, нэхэмжлэгч “эрх бүхий албан тушаалтнаас чөлөө авалгүй 2019 оны 05 дугаар сарын 03, 06, 07-ны өдөр ажил тасалсан байх хэдий ч зөрчлийн шинж байдалд тохироогүй” гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.
Зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар, санаатай болон болон болгоомжгүй хэлбэр, бусдад үзүүлэх сөрөг нөлөөлөл, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал, зөрчлийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал зэргээр харилцан адилгүй байсан зэргийг шүүх үнэлж дүгнээгүй нэг тушаалаар чөлөө олгогдсон бол адил арга хэмжээ авах ёстой гэсэн байдлаар хандсан байдлаар хандсан нь хуулийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, маргаагүй асуудал буюу бусдад этгээдэд ногдуулсан сахилгын шийтгэлтэй харьцуулах байдлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа зөрчлийн шинж байдлыг харгалзан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл бичгээр гарсан шийдвэрт хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зөрүүтэй бичигдсэн байна.
Эрхлэгчийг түр эзгүйд болсон хууль бус төлбөр хураамж авсан асуудал нь нэхэмжлэгчийн ажил тасалсан үйлдэлтэй шууд холбоотой. Цэцэрлэгийн эрхлэгч хяналт тавиагүйгээс болж сургалтын байгууллагын нэр хүндэд нөлөөлөх цэцэрлэгийг хүүхдүүдийг мөнгө өгөөгүй гэж гарыг өргүүлсэн ноцтой зөрчил гарсан. Гэтэл шүүх ноцтой зөрчил гэж үзэхээргүй, зөрчлийн шинж байдалд тохироогүй гэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.
Хандив санхүүгийн тусламж хүссэн тухайгаа нэхэмжлэгч нь үгүйсгээгүй бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эрхлэгч нь нийтийн албан тушаалтан болохын хувьд дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар Нийслэлийн Засаг дарга, Авлигатай тэмцэх газраас зөвшөөрөл авсан эсэх талаарх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий шүүх нотлох баримтыг цуглуулаагүй гэж үзэж байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д зааснаар албан тушаалтан нь биечлэн, эсхүл бусад этгээдээр зуучлуулан хандив хүсэх, хандив цуглуулахад оролцох, хүлээн авахыг хориглоно гэж заасныг үнэлж дүгнээгүй.
Номын сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Номын сангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь уншлага үйлчилгээний чанарыг сайжруулах, хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэхэд олон нийтийн дэмжлэгийг авах, тэдний зүгээс номын сангийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах зорилгоор соёл, боловсрол, хүүхэд, залуучуудын болон олон нийтийн байгууллага, иргэдийн төлөөлөл бүхий орон тооны бус номын сангийн зөвлөл ажиллуулж болно” гэж зааснаар 66 дугаар цэцэрлэг нь номын сантай эсэх, орон тооны бус номын сангийн зөвлөл ажиллаж хяналт тавьж байсан эсэх талаар нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх “номын сангийн тухай хуулиар номын санг хандив тусламжаар санхүүжүүлэх зохицуулалт бий тул хэдийгээр зөвшөөрөл аваагүй хандив тусламж номын сангийн зохицуулалтаар бусдаас хүссэн ч энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.14-д заасан ноцтой зөрчил гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 883 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.О-ээс “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/122 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Маргаан бүхий 2019 оны Б/122 дугаар тушаалаар Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 14 дүгээр зүйлийн 14.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар хэсгийн 2.2, 6 дугаар хэсгийн 6.3.2, 6.3.13, 6.3.14, 7 дугаар хэсгийн 7.2-т заасныг тус тус үндэслэн Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.О-ийг хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-д заасан үүргээ зөрчсөн, эрх бүхий албан тушаалтнаас чөлөө авалгүй 2019 оны 05 сарын 03-ны өдрөөс 10-ны өдөр хүртэл ажил тасалсан, хандив, санхүүгийн тусламжийг зохих зөвшөөрөлгүй бусдаас хүссэн, хууль бус төлбөр хураамжтай холбоотой хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг “ноцтой зөрчил” гаргасан нь комиссын дүгнэлтээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь 2019 оны 07 сарын 08-ны өдрөөр чөлөөлжээ.
Анхан шатны шүүхээс холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, маргаан бүхий захирамжаар Д.О-д Хөдөлмөрийн тухай хуульд заасан “хөдөлмөрийн гэрээ цуцлах” арга хэмжээ авсан нь зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Давж заалдах гомдолд “Нэг тушаалаар чөлөө олгогдсон хүмүүст ижил арга хэмжээ авах ёстой гэж үндэслэлгүй дүгнэсэн. Эзгүй хойгуур нь цэцэрлэг дээр нь эцэг, эхээс мөнгө нэхсэн ноцтой зөрчил гарсан байхад ноцтой зөрчил гэж үзэхгүй, зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь дүгнээгүй” гэжээ.
Д.О нь бусад цэцэрлэгийн эрхлэгч М.С, М.Н хамт Баянгол дүүргийн боловсролын хэлтсийн даргын тушаалаар 2019 оны 05 дугаар сарын 08-наас 10-ны өдрүүдэд БНСУ-ын цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах зорилгоор 3 хоногийн чөлөө авсан бөгөөд онгоцны тийзийн улмаас 05 дугаар сарын 03-ны өдрийн онгоцоор явсан, харин 06, 07-ны өдрийн ажлыг тасалсан гэх нөхцөл байдал нь дээрх 2 багштай ижил байхад хариуцагч нь Д.О-ийг эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй гэж үзэж, 05 дугаар сарын 03-10-ны хооронд 6 өдрийн ажил тасалсан гэж арга хэмжээ авсныг “нөгөө 2 багштай тэгш бус хандсан” гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь Д.О-ийн хувьд огт чөлөө аваагүй 6 хоногийн ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчилд хамаарна. Гэтэл өөрийн удирдлагын нэг болох дүүргийн боловсролын хэлтсийн даргаас чөлөө авсан, 06,07-ны өдрийн ажилд ирээгүй гэх нөгөө 2 багштай адил нөхцөл байдал байснаас гадна олгосон чөлөөний хугацаа нь онгоцоор ирж очих хугацааг тооцоогүй зэргээс үзвэл Д.О-ийг зориуд ажил тасалсан “ноцтой зөрчил” гаргасан гэж үзэхээргүй байх тул хариуцагч нь “ялгамжтай” хандсаны улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байна.
Мөн түүнийг түр эзгүйд тус цэцэрлэгийн багш эцэг, эхээс мөнгө нэхэж зөрчил гаргасан нь тухайн багшийн хувьд хууль тогтоомж зөрчсөн ноцтой зөрчилд тооцож болох боловч шууд цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан сахилгын ноцтой зөрчил гэж үзэхээргүй байх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.
Түүнчлэн давж заалдах гомдолд “цэцэрлэгтээ номын сангийн зориулалтаар хандив тусламж хүссэн зөрчлийн тухайд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17.5 –д заасныг үнэлж дүгнээгүй, тухайн цэцэрлэг номын сантай эсэхийг тодруулалгүй Номын сангийн хуулиар шийдвэрлэснийг нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн” гэжээ.
Д.О нь цэцэрлэгтээ номын сантай болох зорилгоор 5 сая төгрөгийн хандив, тусламжийг БНСУ-ын холбогдох байгууллагаас хүссэн, ирснийхээ дараа холбогдох эрх бүхий этгээдэд мэдэгдсэн байх боловч тухайн хандив хүссэн санаа зорилго болон хандивыг аваагүй байдлаас үзвэл ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээргүй байх тул мөн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.