Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/01497

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/01542 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1637 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “О” ХХК болон Б.Б- нарт холбогдох,

10 418 990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь “О” ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу өөрийн худалдан борлуулдаг бараанаас зээлээр нийлүүлсэн. Гэвч “О” ХХК нь зээлээр авсан барааны үнийг төлөөгүй тул гэрээг дуусгавар болгож тооцоо нийлсэн. Тооцоо нийлсэн актаар “О” ХХК нь манай компанид 8 829 770 төгрөгийн өглөгтэй гарсан бөгөөд энэ өглөг дээр хоног тутам 0.1 хувийн алданги бодогдож байна. Энэ мөнгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул үндсэн төлбөр 8 829 770 төгрөг, гэрээний алданги 1 589 220 төгрөг, нийт 10 418 990 төгрөгийг хариуцагч “О” ХХК-иас гаргуулж өгнө үү. Манайх бараагаа хямдралтай үнээр тооцсон. Гэрээг “О” ХХК-тай байгуулсан тул хариуцагч Б.Батчмэгээс татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн нэхэмжилсэн үнийн дүнг бүхэлд нь төлөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнэ нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа гэрээний хавсралт 1, 2 гэсэн материалыг хавсаргасан байсан. Уг хавсралтад “О” ХХК-ийн тамга тэмдэг, гарын үсэг байхгүй, зөвхөн нэхэмжлэгч компанийн өөрсдийнх нь тэмдэг дарагдсан байна. Талуудын хамтран ажиллах гэрээ байгуулах үед нэхэмжлэгч тал хавсралт 1, 2 гэсэн материалыг гаргаж өгөөгүй хирнээ, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гаргаж ирж байгааг ойлгохгүй байна. Тиймээс уг хавсралтыг сүүлд нь өөрсдийн бололцоог ашиглаж, тамга тэмдгээ дараад гаргаж ирсэн гэж ойлгож байна. Бидний хувьд хавсралтад заасан бараа бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/01542 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч “О”' ХХК-иас 8 829 770 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 589 220 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Б.Б-ээс татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-иас 156 226 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1637 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/01542 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “243.1-д” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.6” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Талууд 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 104/15 дугаар бүхий Хамтран ажиллах гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээнд заасны дагуу гэрээний 1, 2 дугаар хавсралттай байх тул гэрээний хавсралт болон бусад баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулах хүсэлтийг хариуцагч талаас гаргасны дагуу нэхэмжлэгч талаас 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хавсралт гэх баримтыг шүүхэд ирүүлсэн. Тус хавсралтын дагуу бусад нэхэмжлэх болон зассан баримтыг хавсаргасан байсан. Хариуцагч талаас энэхүү гэрээний 1, 2 дугаар хавсралтыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэхүү гэрээний хавсралтад хариуцагч тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй, мөн гэрээ 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хийгдсэн байхад 2015 оын 04 дүгээр сарын 20-ны өдрийн хавсралтыг нэхэмжлэгч тал баталгаажуулж, тэмдэг дарсан байгаа нь эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа 2009 оноос эхлэн “О” ХХК-тай хамтран ажиллаж байсан. Урьд хамтран ажиллаж байхдаа гэрээ байгуулж байгаагүй гэсэн байдаг. Мөн нэхэмжлэгчээс ОО YADA-MET-CB4L маркийн 15 ширхэг сандал авсан гэх нэхэмжлэх, ОО SZYN-TAB-DININ, 00 KAM-KIT-KAMDU, PIAS CAB COSTA, 00 PIAS WAR WARDR маркийн гал тогооны тавилгыг Содбаяр хүлээн авсан нь нотлогдож байна гэж шүүх дүгнэжээ. Гэвч эдгээр тавилгыг “О” ХХК-д хүлээлгэн өгсөн гэх баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгч талаас кассын баримт гаргасан байдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй нэхэмжлэгч тал өөрсдийн боломжийг ашиглан нотлох баримт гаргасан гэж үзэж болохоор байна. Мөн “О” ХХК-ийн ажилтан Содбаярт хүлээлгэн өгсөн гэх бөгөөд үүнийгээ нэхэмжлэхээр баталж байна гэж шүүхэд нэхэмжлэх ирүүлсэн байдаг. Гэвч энэхүү нэхэмжлэх хэдний өдрийн хэн гэдэг байгууллагад хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэхийн дээд хэсэг болох нэхэмжилж буй байгууллагын нэр, хүлээн авсан байгууллагын нэр, огноо хэсэг нь огт байхгүй 3 ширхэг нэхэмжлэхийн баримтыг хэрэгт хавсаргасан байдаг. Хариуцагч талаас дээрхи 3 баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй тул хэргийн материалаас хасахыг шүүхээс хүссэн ч хүсэлтийг хангаагүй бөгөөд, дээрхи баримтыг шүүх үнэлж “О” ХХК-иас дээрхи 3 баримтад заасан тавилгын төлбөр болох 6 905 182 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас нэхэмжпэлийн шаардлагаа хуульд заасны дагуу бүрэн нотолж чадаагүй, хэрэгт ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байхад шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна гэж үзэж байх тул мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 44 дүгээр зүйлийн 44.2-т тус тус заасныг шүүхээс хэрэглээгүй нь хууль зөрчсөн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 10 418 990 төгрөг гаргуулахаар “О” ХХК болон Б.Б- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн дагуу “О” ХХК болон Б.Б- нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэжээ.

Б.Б- нь “О” ХХК-ийн захирал бөгөөд нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Б.Б-ийг шүүхээр эрэн сурвалжлуулсан, шүүх энэ талаар шийдвэр гаргаж байснаас гадна энэ хэргийн хариуцагч Б.Б-ийг шүүх албадан ирүүлэх арга хэмжээ авч байсан байна.

Анхан шатны шүүх иргэний хэргийг хуулийн этгээд болон иргэнд холбогдуулан үүсгэсэн тохиолдолд хоёр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах, хоёр хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах үүрэгтэй болно. Гэтэл шүүх нэхэмжлэлийн хувийг зөвхөн Б.Б-т гардуулсан байх ба тэрээр “О” ХХК-ийг төлөөлөх этгээдийг итгэмжлэлээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцжээ. Хариуцагч Б.Б- нь мөн л хэрэг хянан шийдвэрлэх зарим ажиллагаанд оролцсон баримт хэрэгт байх боловч иргэнийхээ хувьд нэхэмжлэлийг гардаж авсан, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлээ “О” ХХК-д холбогдуулан гаргасан, Б.Б-ээс шаардах зүйлгүй гэж тайлбарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн шүүхийн алдааг залруулах үндэслэл болохгүй юм.

Маргаантай харилцааны оролцогч нь хэн болох нь зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай холбоотой бус харин эрх зүйн маргааны зүйл болж байгаа нөхцөлд дээрх зөрчлийг арилгахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Тухайлбал, хэргийн оролцогчид гэрээ хэн байгуулсан, дүгнэсэн, ийнхүү гэрээ, хэлцэл хийх бүрэн эрхтэй этгээд гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар маргаантай байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.-т зааснаар хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж төлөх талаар заажээ.

Нэхэмжлэгч   “Б” ХХК нь 10 418 990 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан атлаа нэхэмжлэлд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төлсөн хураамжийн баримтыг хавсаргажээ. “Б” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид        төлсөн 181 654 төгрөгийг буцаан аваагүй болохыг тодорхойлсон Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт нэхэмжлэлд хавсаргагдсан байна.

“Б” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн дээрх мөнгийг буцаан авах үндэслэлтэй байсан гэх баримт хэрэгт авагдаагүй учир хагас жилийн өмнө төлсөн хураамжийн баримтыг тухайн нэхэмжлэлд хамааралтай гэж үзэх боломжгүй болно.

Нэхэмжлэгч тал тухайн хариуцагчид холбогдуулан адил шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сард шүүхэд гаргаж байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд тайлбарласан боловч шүүх уг нэхэмжлэлийг хэрхэсэн болох нь хэргийн баримтаас харагдахгүй, улмаар энэ хэргийн нэхэмжлэлээр шүүх иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй эсэхийг дүгнэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх зохих дүгнэлтийг хийгээгүй нь буруу байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/01542 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1637 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 157 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН