Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2018/00402

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: О ХХК

Хариуцагч: Б. Б

Худалдах,худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болон алданги 10418990 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Х

        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь О ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу өөрийн худалдан борлуулдаг бараанаас зээлээр нийлүүлсэн. Гэвч О ХХК нь зээлээр авсан барааны үнийг төлөөгүй тул гэрээг дуусгавар болгож тооцоо нийлсэн. Тооцоо нийлсэн актаар “О” ХХК нь манай компанид 8829770 төгрөгний өглөгтэй гарсан бөгөөд энэ өглөг дээр хоног тутам 0.1 хувийн алданги бодогдож байна. Энэ мөнгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул үндсэн төлбөр 8829770 төгрөг, гэрээний алданги 1589220 төгрөг нийт 10418990 төгрөгийг тус компанид гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх О ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний дагуу зээлээр тавилга өгөөд худалдан борлуулахаар тохиролцсон. Гэрээний дагуу хариуцагч тал төлбөрөө төлөхгүй болохоор зарим бараагаа тооцоо нийлсэн актуудаар буцааж авсан. Тооцоо нийлсэн актаар хариуцагч О ХХК манайд 8829770 төгрөгийн өглөгтэй гарсан. Гэрээний алдангийг 180 хоногоор 0.1 хувиар тооцож 1589220 төгрөг нийт 10418990 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэрээ дүгнэсэн акт дээр Б.Б өөрөө ирээгүй. Дэлгүүрийн менежер Б.С гэрээ дүгнэсэн актыг үйлдэж, тооцоогоо хийсэн. Хариуцагч компани үйл ажиллагаа явуулахгүй болсон болохоор Б.Бийг эрэн сурвалжилж гэрийн хаягаар нь Б.Бт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал Б.Бээс татгалзахгүй, шүүх шийдвэрлэх байх.   

Хариуцагчийн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд Б.С миний бие оролцох боломжгүй байх тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү. Хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийхтэй холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Бид нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 6905182 төгрөгийн агуулахаас авсан барааны үнийг төлөхийг зөвшөөрч байна. Энэхүү барааг агуулахаас хүлээн авч худалдан борлуулсан байна. Манай компанийн санхүүгээр ороогүй байснаас бид энэ барааг аваагүй гэж үзэж байсан ч ажилчидтайгаа холбогдоод авсан болохыг тодруулсан. Харин гэрээний дагуу тооллого хийж дутсан гэх 1924588 төгрөгийг, гэрээний алданги гэх 1589220 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Учир нь гэрээний огноо гэрээний хавсралттай таардаггүйгээс гадна гэрээний хавсралтыг зөвхөн нэхэмжлэгч тал баталгаажуулсныг хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу гаргаж өгсөн. Мөн тооллогын гэх зөвхөн нэхэмжлэгч талын кассын баримтыг мөн хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчээс гаргаж өгдөг. Энэ нь 2015 оны 10 сарын 30-ны өдрийн гэрээ дүгнэсэн актанд тааруулж хийсэн баримт гэж үзэж байна. Гэрээний хавсралтыг 2 тал батлах ёстой байсан. Тооллого хийхдээ 2 тал 2 уулаа байх ёстой байсан ч хариуцагч тал байлцаагүй, тооллого хийсэн баримт нь мөн л зөвхөн нэхэмжлэгч талаас ирсэн баримт байдаг. Мөн 2015 оны 10 сарын 30-ны өдрийн гэрээ дүгнэсэн актыг манай талаас баталгаажуулаагүй. Иргэний хуулийн 232.6 дах хэсэгт заасны дагуу алдангийг гэрээгээр тохироогүй учир төлөхөөс татгалзаж байна. Хариуцагч Б.Бийн хувьд тухай маргаан зөвхөн хуулийн этгээдүүд байгуулагдсан гэрээний маргаан тул Б.Бийг иргэний хувиар оролцуулах шаардлагагүй гэж үзэж байх тул иргэн Б.Бт холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч Б ХХКхариуцагч О ХХК-иас тавилгын үнэ 8829770 төгрөг, алданги 1589220 төгрөг нийт 10418990 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “хамтран ажиллах гэрээ”-г бичгээр хийж, талууд гарын үсэг зурсан байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч Б ХХК нь өөрийн импортоор оруулж ирдэг бараа бүтээгдэхүүнийг хариуцагч О ХХК-д нийлүүлэх, хариуцагч тал хүлээн авсан барааг нэхэмжлэгчийн санал болгосон үнээр борлуулж, үнийг гэрээний хавсралтад дурдсан хугацаанд төлөх үүрэг хүлээжээ. Дээрх гэрээ нь “хамтран ажиллах” нэртэй боловч гэрээний агуулга, зорилго, нийлүүлэх барааны нэр төрөл, түүний үнийг тохиролцсон байдлаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгө болон түүний үнийг тохиролцсон байх бөгөөд бусад нөхцлийг талууд гэрээний чөлөөт байдлын зарчмаар тохиролцох боломжтой.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч тал 37 ширхэг 20819254 төгрөгийн бараа шилжүүлсэнээс 34 ширхэг 18871728 төгрөгийн барааг буцаан авч, тооллого хийхэд дутсан 3 ширхэг барааны үнэ 1924588 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын худалдан авалтын барааны үнэ 6905182 төгрөг шаардсанаас хариуцагч 6905182 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тооллого хийхэд худалдан авагч тал байлцаагүй, гэрээ дүгнэсэн актад эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй буюу худалдан авагч баталгаажуулаагүй үндэслэлээр төлөхөөс татгалзжээ.

Хариуцагч О ХХК-ийг барааны үнийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөөгүй үндэслэлээр Б ХХКгэрээнээс татгалзаж, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр О ХХК-ийн дэлгүүрт тооллого хийхэд 3 ширхэг бараа биетээрээ байхгүй байснаас тэдгээрийн үнэ 1924588 төгрөгийг төлөхөөр тохиролцсон тухай акт үйлдэж, уг актад худалдан авагчийг төлөөлж борлуулалтын менежер Б.С гэх хүн гарын үсэг зурсан байна. Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний эрх, үүргийг дуусгавар болгож буй үйл баримтад маргаагүй бөгөөд дуусгавар болгох үед гүйцэтгээгүй үлдсэн үүргийг худалдан авагчийг байлцуулалгүй баталгаажуулсанд маргаж байна. Нэхэмжлэгчийн тал “гэрээ байгуулахад борлуулалтын менежер Б.С төлөөлж гарын үсэг зурж байсан, гэрээг дүгнэсэн актад мөн Б.С гарын үсэг зурсан, барааг мөн хүлээж авч байсан, эрх бүхий этгээд биш гэдгийг зөвшөөрөхгүй”, уг актаар 1924588 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлага нотлогдсон гэж байна. Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 7.1-д “гэрээт борлуулагчийн тээвэрлэгч буюу бараа хүлээн авч буй хүнийг нийлүүлэгч гэрээт борлуулагчийн төлөөлөгч гэж үзнэ” гэж бараа шилжүүлэх нөхцөл хэсэгт тодорхойлсон байх бөгөөд үүнийг худалдагчаас бараа хүлээн авах, эрсдэл хэнд, хэзээ шилжсэнийг тогтооход хамааралтай гэж үзнэ. Өөрөөр хэлбэл гэрээний дээрх заалтаар борлуулалтын менежер буюу бараа хүлээн авч байсан Б.Сыг О ХХК-ийг төлөөлж гэрээ дүгнэх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй байна. Тухайн үед Б.Сыг гэрээ дүгнэх буюу гэрээ дуусгавар болгох хэлцэл хийх эрхтэй байсныг нэхэмжлэгч тал нотлоогүй болно. Иймд уг актаар хариуцагч 1924588 төгрөгийн бараа дутагдуулсан нь тогтоогдохгүйгээс гадна, талуудыг алданги тохирсон гэж үзэхгүй. Нэхэмжлэгч талын санаачилгаар зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хугацааны өмнө дуусгавар болсон тул уг гэрээгээр алданги шаардах эрхгүй байна. Иймд дутагдуулсан 3 ширхэг барааны үнэ 1924588 төгрөг, алданги 1589220 төгрөг нийт 3513808 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Нэхэмжлэгч “БСБ люкс мебель” ХХК, хариуцагч Б.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байх тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181654 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 6905182 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 125433 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

3. Хариуцагч О ХХК-ийн төлөөлөгч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан байх тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв. Мөн хариуцагч Б.Бт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О ХХК-иас 6905182 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3513808 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 125433 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Т.ГАНДИЙМАА