Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 05

 

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН
МАГАДЛАЛ

2016 оны 10 сарын 17 өдөр                                         Дугаар 05                                         Баруун-Урт     


Б.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй, “Боловсрол-Өргөө” 
нэгдсэн дотуур байранд холбогдох 
иргэний хэргийн талаар
    
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Д.Байгалмаа,  Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгч Б.Оюунтуяа, түүний өмгөөлөгч Д.Зулаа, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч Л.Баасан нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 295 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Түвшинжаргалын давж заалдах гомдлоор нэхэмжлэгч Б.Оюунтуяагийн “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрны захирлын Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй хариуцагч “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байранд холбогдох иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрны захирлын анхны сахилгын шийтгэл ногдуулсан тушаал 2015.03.31-ний өдөр гарсан. Энэ тушаалд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж сануулах арга хэмжээ авсан. Гэхдээ энд ямар үүрэг даалгавар өгөөд, түүнийг нь биелүүлээгүй талаар тодорхой заагаагүй. Хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. Би ийм л юм байх гэж бодоод ажилд орж байгаадаа баярлаад гарын үсэг зурсан. Тиймээс анхнаасаа хүчин төгөлдөр бус хөдөлмөрийн гэрээ байсан гэж үзэж байна. 2 дахь сахилгын шийтгэл ногдуулсан 2015.12.07-нд гаргасан тушаал нь хөдөлмөрийн гэрээг цуцлан 6 сарын хугацаагаар сунгаж, сахилгын шийтгэл ногдуулсан гэдэг нь логикийн алдаатай, хууль бус тушаал байсан.   Би энэ талаар тушаал гарснаас хойш гомдол гаргах 30 хоногийн хугацаа дууссаны дараа мэдсэн. 12 дугаар сард миний цалин бүтэн буусан боловч 1, 2, 3 дугаар саруудад 20 хувь суутгуулж, цалин дутуу буусан. 6 сараар сунгасан хөдөлмөрийн гэрээнд би гарын үсэг зураагүй. Би 01 дүгээр сарын 25-нд цалингаа авахад миний цалин буурсан байсан учраас би энэ талаар мэдсэн. 
Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн гэв. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Түвшинжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Оюунтуяа надтай 2015 оны 03 дугаар сарын 14-15 хооронд үдийн хойно гэрээ хийе гэж өөрөө орж ирэхээр , гэрээний хувийг өөрт нь шууд өгсөн. Би өөрийнх нь хажууд гарын үсэг зурж, тамга дарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу хугацаагүй байгуулна гэж заасан байдаг. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-т хөдөлмөрийн гэрээ нь гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж байгаа. Тиймээс энэ хөдөлмөрийн гэрээ нь бичгээр хийсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Мэдэгдэх хуудсан дээр өөрөө гарын үсэг зурсан байгаа. Сахилгын шийтгэлийн хувьд гомдол гаргах хугацаа хангалттай байсан. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ажилчдын цуглаан дээр 2 дахь сахилгын шийтгэлийг танилцуулсан. 
Хичээлийн жилийг дуустал ажилласан учраас амралтын мөнгө олгох тушаал гарсан. Ажлаа хүлээлгэж өгөөгүй, тойрох хуудсаа зураагүй байгаа учраас өөрийнх нь гар дээр мөнгө нь очоогүй бодогдсон байгаа гэв. 
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунтуяаг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Боловсрол-Өргөө нэгдсэн дотуур байрны нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Сүхбаатар аймгийн Боловсрол-Өргөө нэгдсэн дотуур байрнаас нэхэмжлэгч Б.Оюунтуяагийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1162227 /нэг сая нэг зуун жаран хоёр мянга хоёр зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч б.Оюунтуяад олгож, нэхэмжлэгчийн Боловсрол-Өргөө нэгдсэн дотуур байрны захирлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Боловсрол-Өргөө нэгдсэн дотуур байрнаас улсын тэмдэгтийн хураамжинд 32443 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Түвшинжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ажил олгогч “Боловсрол-Өргөө нэгдсэн дотуур байрын захиргаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.2-т буй “Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна.” гэдэг үндэслэл журмын дагуу Б.Оюунтуяатай хоёр жилийн хугацаатай байгуулсан гэрээний хугацааг 6 сар болгон өөрчилж, уг гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтаар нотлогдож байна. 
Шүүхийн шийдвэрийн заалтаас үзэхэд Б.Оюунтуяаг ажлаас халсан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаал хүчинтэй байгаа, түүнийг хууль зөрчсөн хэмээн үзээгүй учраас тул түүнийг өмнөх ажилд эгүүлэн авах, ажилгүй байсан 2 сарын хугацааны цалинг олгох асуудлыг зохицуулах боломж байхгүй байна. 
Хариуцагч нь улсын төсвийн байгууллага бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх журмыг шүүх зөрчсөн юм. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчснөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. 
    Нэхэмжлэгч Б.Оюунтуяа “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрын захирал Ж.Түвшинжаргалын  2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 тоот “ажлаас буруу халсан тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай  гомдлыг шүүхэд ирүүлжээ.
    Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Түвшинжаргал “Нийгмийн ажилтан Б.Оюунтуяаг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн 2 үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.
    Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрын захирлын 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 03 дугаар тушаалаар тус байрын нийгмийн ажилтнаар мөн оны 11 сарын 05-ны өдрөөс томилогдон, 2015 оны 04 сарын 07-ны өдөр 2 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдан ажиллах явцдаа 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/06 тоот тушаалаар “сануулах”, мөн оны 12 дугаар сарын 07-ны өдрийн  Б/08 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай, 20 хувь бууруулах” сахилгын арга хэмжээ тус тус авагдсан байна. Мөн ажил олгогчоос цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулахын зэрэгцээ талууд хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаагаар дахин байгуулжээ.  Ажил олгогчоос Б.Оюунтуяаг 2016 оны 06 сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар “хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, удаа дараа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байсан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. /ХХ-21-25, 36-38,40 /
    Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд: Б.Оюунтуяа  “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрын захирлын өөрт нь сахилгын  шийтгэл ногдуулсан 2015 оны А/06, Б/08 дугаарын тушаалуудыг зөвшөөрөхгүй байгаа талаараа холбогдох байгууллагад тухай бүр гомдол гаргаагүй нь түүнийг дээрх тушаалуудыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүхээс уг тушаалуудад дүгнэлт хийх шаардлагагүй юм.     
    Харин Б.Оюунтуяагийн ажлаас халагдсан тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд:
    Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар хуульд заасан байхад ажил олгогчоос ажилтантай  хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж хууль зөрчсөн гэжээ.
    Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд  хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах”-аар хуульчилжээ.
    “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрны захирал Ж.Түвшинжаргал,  Б.Оюунтуяатай нар нь харилцан тохиролцож, 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хоёр тал гарын үсэг зурсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7, 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалттай нийцэж байна. 
    Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон”-д тооцохоор заажээ.
    Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан 2015 оны 12 сарын 07-ны өдрийн хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ нь 2016 оны 06 дугаар сарын 06-нд дууссан байна. /хх-36-38/ 
    Түүнчлэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан А/06, Б/08 дугаар тушаалуудын хоорондын хугацаа 8 сар гаруй байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэсэнтэй нийцэхгүй байх тул түүнийг сахилгын шийтгэлийг удаа дараа буюу давтан гаргасан гэж үзнэ.
    Иймд “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрын захирлын 2016 оны 06 сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцэж байх тул хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
    Давж заалдах гомдол гаргасан “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байр нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.

    Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 167.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 295 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2,3,4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
    Хоёр. Тогтоох хэсгийн “5” дахь  заалтыг “2” гэж, “6” дахь заалтыг “3” гэж тус тус өөрчилсүгэй.  
    Гурав. Магадлал нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
    Дөрөв. Хариуцагч “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байр нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.  

Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл Улсын Дээд шүүх буюу  Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
    

 

     ДАРГАЛАГЧ                 О.БААТАРСҮХ
ШҮҮГЧИД                          Я.АЛТАННАВЧ
                                          Д.БАЙГАЛМАА