| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттуулайн Болормаа |
| Хэргийн индекс | 119/2017/0003/З |
| Дугаар | 00012 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 00012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: иргэн **ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох
“Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын 4-д Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр **ийг томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргаж олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг, нэхэмжлэгч **, түүний өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү, гуравдагч этгээд **нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ** нь 2014 оны 5 сард нээлттэй зарлагдсан Орхон аймгийн нутгийн захиргааны байгууллагын дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаал болох Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн Зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өгч, №1-ээр тэнцэж, тус албан тушаалд томилогдон ажилласан. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/26 тоот тушаалаар тус албан тушаалд томилогдож, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 тоот “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэх тухай” тушаалаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын төрийн жинхэнэ албан тушаалд томилж төрийн захиргааны албан хаагчийн тангаргаа өргөсөн. Намайг ажлаас чөлөөлөх тухайгаа урьдчилан мэдэгдээгүй ба аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү нь хамтарч ажиллаж чадахгүй гэж 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ганцаарчилж уулзаад хэлсэн. Хэлэх хүртлээ намайг ажилдаа тэнцэхгүй болсон талаар огт хэлж байгаагүй. Миний бие нь ажилд томилогдсоноос хойш чөлөөлөгдөх хүртэл хугацаанд үүрэгт ажлаа хангалттай сайн гүйцэтгэж, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, ямар нэг арга хэмжээ авагдаж байгаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээгээ “А” /хангалттай/ үнэлгээтэй дүгнүүлж ирсэн. Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтыг өгч, сонгон шалгаруулалтын дагуу орж ажилласан төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж, шууд ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтгүй чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан төрийн албан хаагч нарыг ажлаас чөлөөлж, буцааж томилсон боловч хууль бусаар чөлөөлөгдсөн гэх хүмүүсийг ямар үндэслэлээр захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй, тушаал нь хууль зүйн дагуу гараагүй болох нь тогтоогдож байна. Ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тушаалд зааж өгөөгүй нь хууль зөрчсөн байна. Тиймээс захиргааны хэргийн шүүхэд хандсан. Тиймээс Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын 4-д Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн хэсэгт ** гэж нэмж, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргаж олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “**ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалын холбогдох хэсгийн хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх бөгөөд Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт “Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс”, 3 дахь хэсэгт “...Орхон, Өвөрхангай ... аймгийн Засаг даргын Тамгын газрыг 41 хүртэл орон тоотой байхаар тогтоосугай.” гэж тус тус заасан байна.
Мөн энэхүү тогтоол гарснаар Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоол, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоол зэрэг хүчингүй болсноор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо шинэчлэн батлагдаж, бүтцийн өөрчлөлтөд орсон болно.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоог шинэчлэн тогтоох тухай 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/95 дугаар тушаал нь Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн гарсан байх бөгөөд энэхүү тушаал гарсантай холбогдуулан хэлтэс, албадын мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолт болон бусад зүйлийг шинэчлэн батласан.
... Энэхүү ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөнөөр **ийн хуучин ажил албан тушаалын ажлын байранд тавигдаж байсан шаардлага болон мэргэжил зөрсөн мөн бүтцийн өөрчлөлт орж уг орон тоо хасагдсан болно.
Нэхэмжлэгч нь Төрийн захиргааны дэс түшмэл ангилал, ТЗ-5 зэрэглэлтэй ба Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.” Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 “... төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.” гэж тус тус заасан байх бөгөөд энэхүү заалтуудад урьдчилан мэдэгдэх шаардлагатай тухай дурьдаагүй байна.
Мөн **эд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/95, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг танилцуулахад өөрийн хүсэлтээр ажилд шилжүүлэх, тэтгэмж олгож өгнө үү гэх утга бүхий хүсэлтийг бичгээр өгч хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.“ гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын 09 дүгээр тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталж бүтцэд өөрчлөлт орсон байгаа. Хуучин хөгжлийн бодлогын хэлтэс маань, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болон өөрчлөгдсөн. Үүний хүрээнд нэхэмжлэгч **ийн эрхэлж байсан албан тушаалд зам тээвэр эрчим хүч, харилцаа холбооны бодлого хариуцсан мэргэжилтэн нь бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэж өөрчлөгдсөн. Хэрэгт хавсаргасан байгаа. **э нь мэргэжил, боловсролын хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй болсон. Энэ талаар хэрэгт ажил байдлыг тодорхойлолт дээр байгаа. Мөн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт гэдэг дээр эрчим хүч, харилцаа холбооны салбар хөгжиж ард иргэд ая тухтай амьдрах ажиллах нөхцөл бүрдэнэ гэж орхигдсон. Тухайн ажлын байранд ** наад захын шаардлага хангахгүй учраас ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээд **шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2010 онд төрийн албаны шалгалтыг Булган аймагт өгөөд 2013 онд удирдах албанд шалгалт өгөөд улсад нийт 14 жил ажиллаж байгаа. Энэ ажилд орохоос өмнө Орхон аймгийн Авто тээврийн төвд Авто тээврийн хяналтын Улсын байцаагчаар 8 жил гаран ажилласан. Ажиллах хугацаандаа байнгын ажил үүргээ гүйцэтгэж, маш удаан жил ажилласан учраас мэргэжлийн дагуу аймгийн захиргаанд шилжих хүсэлтийг гаргасан. Үүний дагуу 2017 оны 01 сард төрийн албаны зөвлөлөөс надад Орхон аймгийн Тамгын газарт дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо гарлаа, та ажиллах уу гэсэн. Би тухайн ажлын байрны тодорхойлолттой танилцаж, ажиллахыг зөвшөөрсөн.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” Б/01 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төр албанаас халагдахгүй байх” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан. Мөн Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийг зөрчин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, мөн тус хуулийн 23.4 хэсгийг зөрчсөн хууль бус акт болох нь тогтоогдож байна. Захиргааны байгууллагаас сөрөг агуулгатай акт гаргасан тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу оролцогчийг сонсох, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, мэдэгдэх зэрэг нарийн дараалалтай, үргэлжилсэн шинжтэй ажиллагаануудыг авч хэрэгжүүлэх байсан. Шийдвэрийг гаргах болсон нөхцөл байдлыг тогтоож, холбогдох нотлох баримтыг цуглуулан захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтөлсөн зүйл байхгүй бөгөөд захиргааны байгууллага нотлох үүргээ биелүүлээгүй. Хариуцагч байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтуудыг хэрэгжүүлж захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцох эрхийг хангаагүй, нэхэмжлэгчид нөхцөл байдлын талаар тайлбар болон санал гаргах боломж олгох сонсох ажиллагааг явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх “хуульд үндэслэх”, 4.2.6 дахь “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэсэн тусгай зарчмыг хангаагүй. Хариуцагч байгууллагаас 2017 оны 06-р сарын 08-ны өдөр ирүүлсэн тайлбарт нь иргэд олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс яаралтай томилох хэрэгцээ бий болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсгийг баримтлан сонсох ажиллагаа явуулаагүй гэж тайлбарласан бөгөөд тус хуулийн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай” бол сонсох ажиллагаа явуулахгүй байхаар зохицуулсан байдаг бөгөөд хариуцагч байгууллага ямар гарцаагүй болон хойшлуулшгүй нөхцөл байдал бий болсон талаархи нотлох баримт шүүхэд ирүүлээгүй. Ийм учраас хууль зүйн үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн талаар дараах дүгнэлтийг хийж байна. Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй. Үүнд: Хариуцагч байгууллагаас **ийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй нь төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан хууль бус үйлдэл юм. Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтгүй чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллага шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлнө.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа хуучин зам тээвэр, харилцаа холбоо хариуцсан мэргэжилтэн одоо байгаа дэд бүтэц хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэс нэртэй болсон. Нэр нь өөрчлөгдсөн гэх нөхцөл байдал нь тухайн хэлтэс хэвээрээ байгаа, чиглэл нь хэвээрээ байгаа талаар хэлж байна. Орон тоо хасагдсан гэдгээ орон тоо байхгүй болсон гэж хэлээд байгаа. “Орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны бодлого хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг шинээр томилогдсон дэд бүтцийн асуудал эрхэлсэн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод хэвээр хадгалагдан үлдсэнээс харахад орон тоо хасагдсан гэх хууль зүйн үр дагавар үүсээгүй байна. Улсын дээд шүүх 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан бөгөөд манай тохиолдолд Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс гэж зөвхөн нэршлийг нь өөрчилсөн байдаг бөгөөд шинээр ямар нэгэн хэлтэс тасаг бий болгоогүй юм. Мөн зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны бодлого хариуцсан мэргэжилтнийг өөрчлөн дэд бүтцийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн болгох талаар эсвэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасах талаар ямар нэгэн чиглэл, заавар, зөвлөмж өгөөгүй байдаг бөгөөд хариуцагч байгууллага дээд шатны байгууллага албан тушаалтнаас цомхотгох, нэрийг өөрчлөх чиглэл, заавар, зөвлөмж, үүрэг ирсэн эсэх талаар ямар нэгэн нотлох баримт гаргаагүй, дээд шатны байгууллагаас ямар ч заавар, зөвлөгөө, зөвлөмж, чиглэл, үүрэг ирээгүй байхад мэргэжилтний нэрийг өөрчлөн нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрхи байдлаас дүгнэвэл аймгийн Засаг даргын Тамгын газарт бүтцийн өөрчлөлт орсон гэж үзэх боломжгүй бөгөөд хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс гэж шинэ хэлтэс бий болоогүй зөвхөн нэршил нь өөрчлөгдсөн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан үүрэг хэрэгжүүлээгүй талаар маш их ярьлаа. Төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ. Энэ нь “бүтцийн өөрчлөлт” нэрийн дор төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгаа алдагдуулахгүй байх зорилго төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг захиргаанд ногдуулсан агуулгатай зохицуулалт юм. Ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан үзэхэд зам тээвэр, эрчим харилцаа холбооны бодлого хариуцсан мэргэжилтний нэршил нь өөрчлөгдөж дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн болсон болохоос үндсэн чиг үүрэг, албан тушаалын ангилал зэрэглэл, тавигдах шаардлага, хүчин зүйлс гээд бүгд өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3. төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж нэмэгдэл баталгаагаар хангаж өгсөн байдаг бөгөөд **ийн ажиллаж байсан Зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны бодлого хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг шинээр бий болсон Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод хадгалагдаж үлдсэн бөгөөд чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж үлдсэн тул **ийг дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах ёстой буюу нэхэмжлэгчийг дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллах нэмэгдэл баталгаагаар хариуцагч байгууллага хангах үүрэгтэй байсан эсвэл хариуцагч ажлын хэсэг томилон, дүгнэлт гаргуулан, дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангасан ажилтныг сонгох байсан. Гэтэл 2 мэргэжилтнийг дүгнэсэн болон ямар шалгуураар **ыг сонгож авсан нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байгаа нь хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүй нь харагдаж байна. **дэд бүтцийн асуудал эрхэлсэн мэргэжилтний ажлын байранд ямар үзүүлэлтээр илүү байж тэнцсэн болох талаар болон Төрийн албаны тухай хуулийн 17.1 “Төрийн жинхэнэ албан тушаал сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.” гэх заалтыг хэрэгжүүлсэн талаар хариуцагч байгууллага нотолж чадахгүй байна. ** мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй болсон талаар ямар нэг байдлаар тусгагдсан зүйл байхгүй тавигдах шаардлагын хувьд дээрх 2 албан тушаал нь яг адил байсан. Мэргэжлийн хувьд бага зэрэг өөрчлөгдсөн байсан бөгөөд зам, цахилгаан, харилцаа, холбоо, авто тээврийн инженер эсвэл инженер эдийн засагч болж өөрчлөгдсөн байсан. **автомашины ашиглалт, авто аж ахуй мэргэжлээр механик инженерийн бакалавр зэрэгтэй. ** компьютерын инженер мэргэжилтэй хүмүүс байгаа. Тиймээс захиргааны акт хууль зөрчсөн акт юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу **ийг дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, тухайн ажилд нь томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргаж олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч **ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ** шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын А/95 дугаартай захирамжийн 3 дугаар хавсралтын 4 дүгээрт Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого,төлөвлөлтийн хэлтэс гэсний “Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэсэн хэсэгт “**” гэж нэмэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад “аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын А/95 дугаартай тушаалд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй эс үйлдэхүйг тогтоолгохоор өөрчилж, бусад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн болно.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор аймгуудын Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн 41 орон тоотой байхаар тогтоосон байна.
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Засгийн газрын 09 дугаартай тогтоолын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоог шинэчлэн тогтоох тухай” А/95 дугаартай тушаалыг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалыг тус тус гаргажээ.
Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б/01 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар тус аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн ба 3 дугаар хавсралтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн жинхэнэ албан тушаалд төрийн албан хаагчдыг буцаан томилсон байна.
Дээрхи тушаалын 1 дүгээр хавсралтаар нэхэмжлэгч **ийг “Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс”-ийн “дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд тушаалын 3 дугаар хавсралтаар төрийн албан хаагчдыг буцаан томилохдоо нэхэмжлэгчийг буцаан томилоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Засгийн газрын 9 дугаартай тогтоолоор Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталж хуучин “Хөгжлийн бодлогын хэлтэс”-ийг “Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс” болгон “зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны бодлого хариуцсан мэргэжилтэн” гэдгийг “Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэж бүтэц өөрчлөгдсөн учраас нэхэмжлэгч **ийг Б/01 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлан маргасан.
Гэтэл Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хөгжлийн бодлогын хэлтэс”-ийг “Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс” болгон “зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны бодлого хариуцсан мэрэгжилтэн” гэдгийг “Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн” болгож өөрчлөгдсөний улмаас нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал бүтцийн өөрчлөлтөд орсон гэх нөхцөл байдал үүсээгүй байхад Төрийн албаны тухай хуулийн зохих заалтыг үндэслэлгүйгээр захиргааны акт болох Б/01 дугаартай захирамж гарган шийдвэрлэсэн байна . Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ...”, 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно.” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иймээс захиргааны байгууллагын шийдвэр нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, төрийн албан хаагчийн хувьд хангагдах нэмэлт баталгааг алдагдуулсан байна.
Бүтэц өөрчлөн байгуулагдсан гэх Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс” гэж бүтцийн нэгжид нэхэмжлэгч **ийн ажиллаж байсан албан тушаал, гүйцэтгэж хэрэгжүүлж байсан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан **, гуравдагч этгээд **нарын үр дүнгийн гэрээгээр тогтоогдож байх ба “Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий хувьд тусгай шаардлага, шалгуур нэмэгдээгүй байна гэж шүүх үзлээ.
Мөн Засгийн газрын 9 дугаартай тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг тогтоосны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/95 дугаартай захирамж гарган Засаг даргын Тамгын газрын орон тоог шинэчлэн тогтоосон. Энэ захирамж гарснаас хойш нэхэмжлэгч ** нь үүрэгт ажлаа хийж гүйцэтгэж байжээ.
Нэхэмжлэгч **ийг ажлаас чөлөөлөхөөс өмнө байгууллагын бүтэц орон тоо, зохион байгуулалт, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн, мэргэжлийн хувьд тэнцэхгүй болсон талаархи холбоотой баримт нотолгоо нь маргаж буй Б/01 захирамжийг гарахаас өмнө бүрдсэн байх нөхцөл шаардлага хангагдаагүй байхад хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд нь томилохгүй, орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгч **ийг урьд эрхэлж байсан Орхон аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу **ийн ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг хариуцагчаас гаргуулан хуульд заасан татвар, хураамж, шимтгэлийг суутгуулан нэхэмжлэгчид олгуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар **ийн ажилгүй байсан хугацааны цалинд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасан заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч **ийг Орхон аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан **ийн ажилгүй байсан 2017 оны 01 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг 1 сарын 545948 төгрөгөөр тооцож нийт 3275688 / гурван сая хоёр зуун далан таван мянга зургаан зуун наян найм/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан хуульд заасан татвар, хураамж шимтгэлийг суутгуулан, нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч **ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч **эд олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА