Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 5125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж хаягт байрлах, Хас банк ХХК /РД:2578697/,       

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, Эр хур ХХК-ийн байранд байрлах, Түмэнцагаан ХХК

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 50 байр, 161 тоотод оршин суух, Бат овогт Мэнддаваагийн Саруул /РД:ЧК66060603/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 50 байр, 161 тоотод оршин суух, Боржигон овогт Пэрэнлэйн Түмэнбаяр /РД:ЕП64091716/

             Гэрээний үүрэгт 65.416.107 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан иргэний хэргийг 2016 ны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөгс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Түмэнцагаан ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хас банк ХХК-тай 1480014873 дугаартай зээлийн гэрээ, 1480014873-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 28.8 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 50 дугаар байр 161 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205013051 дугаартай 40 мкв талбайтай орон сууцыг барьцаалсан бөгөөд зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр компанийн захирал М.Саруулийн нөхөр П.Түмэнбаяр гарын үсэг зурсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн  дагуу үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх ёстой боловч хамгийн сүүлд 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хүүний төлбөрт 3.109.000 төгрөгний төлөлт хийж үүнээс хойш төлөлт огт хийгдээгүй. Өнөөдрийн байдлаар гэрээний үүргээ 353 хоног хугацаа хэтрүүлээд байна. Өнгөрсөн хугацаанд банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар санаачлага гаргаагүй. Иймд гэрээг цуцалж Түмэнцагаан ХХК, П.Түмэнбаяр нараас үндсэн зээл 50.000.000 төгрөг, хүү 15.078.397 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 337.710 төгрөг нийт 65.416.107 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Түмэнцагаан ХХК-ийн захирал М.Саруулыг нэхэмжлэлдээ хариуцагчаар татсан боловч компани, хамтран зээлдэгч П.Түмэнбаяр нараас зээлийг нэхэмжилнэ гэв.

 

Хариуцагч Түмэнцагаан ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саруул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банкны 65.000.000 төгрөгний нэхэмжлэлийг Түмэнцагаан ХХК болон П.Түмэнбаяр, М.Саруул хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч “Түмэнцагаан” ХХК, П.Түмэнбаяр нарт холбогдуулан гэрээний үүрэгт 65.416.107 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч Түмэнцагаан ХХК, П.Түмэнбаяр нар нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хас банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдэж, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 50 дугаар байр 161 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205013051 дугаартай 40 мкв талбайтай орон сууцыг барьцаалсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, №1480014873 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, №1480014873-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, зээлийн 50.000.000 төгрөгийг Түмэнцагаан ХХК-ийн дансанд шилжүүлсэн дансны хуулга гэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,156.2-д заасан шаардлагыг хангасан байх тул зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр, гэрээний хувьд талууд маргаагүй байна.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ  зөрчиж 2015 оны 06 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй, нэхэмжлэгчээс зээлээ төлөх тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн боловч хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт зааснаар зээл, түүний хүүг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, зээлийн гэрээний 3.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд маргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгч Хас банк ХХК нь зээлийн гэрээний 3.1.6-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь шаардах эрхтэй байх тул хариуцагч Түмэнцагаан ХХК, П.Түмэнбаяр нараас үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүү 15.078.397 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 337.710 төгрөг нийт 65.416.107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-нд олгож шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч нь барьцааны зүйлээс төлбөр гаргуулах эрхийг хангаж өгөхийг хүссэн шаардлага гаргасан ба зохигчид барьцааны гэрээний хувьд маргаангүй, барьцааны гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж тооцсон тул  энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Түмэнцагаан ХХК-ийн захирал М.Саруул, П.Түмэнбаяр нарт /2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагт шүүх хуралтайг мэдэгдэж шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтанд гарын үсэг зурсан/ энэ өдрийн шүүх хуралдааныг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

            Нэхэмжлэгч нь М.Саруулыг хариуцагчаар татсан боловч түүнд холбогдох шаардлагаас татгалзсан болохыг дурьдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Түмэнцагаан ХХК, П.Түмэнбаяр нараас 65.416.107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485.031 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Түмэнцагаан ХХК, П.Түмэнбаяр нараас 485.031 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар  үүрэг гүйцэтгэгч Түмэнцагаан ХХК, П.Түмэнбаяр нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгийг албадан худалдахыг дурьсугай.

 

4. Нэхэмжлэгч Хас банк ХХК нь М.Саруулд холбогдох шаардлагаас татгалзсан болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

           

         

 

                                    

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА